Алдагдалтай төсвийг “үздэггүй” Ерөнхийлөгч 2027 оны төсөвт хориг тавихын наагуур өргөдлөө өгсний учир юу байв

Улсын төсөвт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавих эрх бүхий албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний сэнтийгээсээ буух шийдвэр гаргаснаа өчигдөр (2026.11.17) зарласан. Эл шийдвэр хүчин төгөлдөр болбол ажлын тав хоногт багтаан төсөвт хориг тавих хуулийн хугацаа ингээд замхарна.
Инфляц гаарч, үнийн хөөрөгдөл иргэдийн нуруун дээр бул хар чулуу болон дарсан эгзэгтэй цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нуруугаа харуулаад бууж байхад ард нь 2.3 их наяд төгрөгийн алдагдал бүхий 2027 оны 41.5 их наяд төгрөгийн данхайсан төсөв үлдэх нь.
Уг нь тэрбээр Ерөнхийлөгчийн албыг хашиж байх хугацаандаа бүрэн эрхийнхээ хүрээнд “алдагдалгүй” төсөв батлуулах ёстой хэмээн 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байлаа.
Гэтэл өдгөө онц ноцтой гэмт хэрэгт гүтгэгдсэн, нэр төрөө сэргээлгэнэ хэмээгээд алдагдалтай төсвийг “алгадчихаад” буухаар зэхэж байгаа нь зүйл нийцгүй ч улс төрийн оволзсон цаг хугацаа ойртож буй тул ингэхээс ч өөр аргагүй болсон байж мэднэ.
Нөгөөтээгүүр, Н.Учралын оруулж ирсэн алдагдалтай төсвийг шулуун замаар зүтгүүллээ гэж харж болохоор байна. Ерөнхий сайдыг өвчин зовлонтой байхад нь үнсэж явсан хүн нь У.Хүрэлсүх гэж байгаа. Тэгэхээр МАН доторх эцэг, хүү шиг улс яахин бие биеийнхээ өр лүү өшиглөх билээ. Сонгууль ч ойртож байгаа тул тойрог бүрдээ ахиухан “юм” тавиулаад, олноо өргөгдөх хүсэлтэй гишүүн олон ч байгаа биз.
Ингэж алдагдалтай төсөв баталж, “юм хийх, юм хийсэн, юм хийх гэж байгаа” дүр эсгэх нь манай улстөрчдийн сурсан зан л даа. АН-ын огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэнд “уярсандаа” ч биш. Зохистой цаг нь ийн таарчхаж байгаа учраас бушуухан дараагийн ховсоо бэлтгэхээр “эрхэм хүнд”-тэй суудлаа орхиж явлаа гэх нь бас л үнэмшилтэй байж болохуйц өнцөг.
Монголчуудын гарт орихдоо тулахаар инфляц өрдөнө гэгдээд байгаа 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг ярьдаг шигээ яривал үр ашиггүй 2.3 их наядын алдагдалтай 2027 оны төсвийг хорьчих л хэрэгтэй байв, Ерөнхийлөгч. УИХ-ын гишүүд би энд ийм төсөв тавиуллаа гэж цахим хуудсаар жиргэхээс хойно нь учирч болох уршгийг төдийлөн өндийлгөхгүй дараад явчихна.
Тэгэхээр үг, үйлдэл зөрнө гэдэг ийм л тохуутай. Өмнө нь алдагдлыг “адалж” байсан Ерөнхийлөгч дуулиан дундуур сэмээрхэн шахуу буугаад явчих нь хэр хүдэтгэлтэй юм бол доо.
Р.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.