Илон Маск америк хүүхэд болгонд “SpaceX”-ийн хоёр хувьцаа өгнө гэж амлав
Илон Маск америк хүүхэд болгонд “SpaceX” компанийн хоёр ширхэг хувьцаа бэлэглэхээр төлөвлөж байна. Тэрбээр “SpaceX”-ийн хиймэл дагуул болон “xAI”-ийн хиймэл оюун ухааны бизнесүүддээ олон нийтийн дэмжлэг авах зорилготой хувьцаа олгоно гэж байгаа юм. Сүүлийн үед АНУ-д технологийн салбарыг олон нийт болон зарим хууль тогтоогч нар хүчтэй шүүмжлэх болсон.
Дэлхийн хамгийн баян хүн болох Маск АНУ-д Талархлын баяр болохын өмнөх өдөр энэ мэдэгдлээ хийжээ. Тэрбээр амласан ёсоор хүүхэд болгонд хоёр хувьцаа өгвөл 18 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэх юм. Маск ингэж мэдэгдэл хийхээс өмнө хэдхэн цагийн өмнө “SpaceX” сансарт мэдээллийн төв байгуулах зорилгоор нэг сая хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг Вашингтоноос авчээ. Энэ зөвшөөрөл олон нийтийн дургүйцлийг хүргэх нь дамжиггүй.
Учир нь гэвэл мэдээллийн төвийн дэд бүтцийн хурдацтай өсөлт байгаль орчинд үзүүлэх нөлөө олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа. Мөн технологийн тэрбумтнуудын эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөлөлд америкчууд санаа зовж буйгаа илэрхийлдэг.
Тэгвэл АНУ болон бусад орны улс төрд оролцдог Маск “SpaceX”-ийн хиймэл оюун ухааны салбар дахь байр суурийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа юм.
Энэ сарын эхээр болсон АНУ-ын завсрын сонгуулиар Ардчилсан нам түүхэн амжилт гаргасан. Ардчилсан намаас томоохон ялалт байгуулсан нэр дэвшигчид мэдээллийн төвүүдийн бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн мөрийн хөтөлбөр танилцуулсан юм. Тэрхүү сонгуулийн үр дүнд хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцаа эрс унасан билээ.
Сингапурын “OCBC” банкны хөрөнгөний зөвлөх үйлчилгээний газрын тэргүүн Чез Анбу Маскийн мэдэгдлийн талаар “’SpaceX’-ийн үйл ажиллагаанд олон нийтийг илүү өргөн хүрээнд татан оролцуулах зорилготой үүнийг хийж байгаа нь тодорхой” гэж хэлсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Хүүхдүүдэд компанийн хувьцааг эзэмшүүлэх нь хиймэл оюун ухаан болон сансар дахь эдийн засгийн үйл ажиллагааны үр өгөөжөөс олон нийт хүртэх боломжийг нэмэгдүүлэх талаар хүчтэй мессежийг өгч байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.