Монголын хамгийн хурдан амьтан монгол бөхөн

Дэлхийн хамгийн хурдан амьтан бол үчимбэр гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл Монголын хамгийн хурдан амьтан юу гэдгийг уншигч та хэр сайн мэдэх вэ. Манай улсад монгол бөхөнг гүйцэх амьтан үгүй гэдгийг мэдэх үү. Монгол бөхөн хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган, бөхийж цагт 80-90 км замыг туулах чадалтай. Түүнээс хурдан амьтан Монголд үгүй.
Үүний сацуу 65 сая жилийн өмнө үлэг гүрвэл амьдарч байсныг бид мэднэ. Тэгвэл мөстлөгийн үеийг даван, өнөө хүртэл амьдарч буй хуруу дарам амьтдын нэг нь монгол бөхөн гэдгийг хэр сайн мэдэх билээ.
МОНГОЛ БӨХӨН 1200 ГАРУЙГААР ӨСЧЭЭ
Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөн сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл, халдварт өвчний улмаас хорогдож 2018 оны арванхоёр дугаар сарын тооллогоор 3800 орчим тоо толгой үлдээд байсан юм. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч 2020 оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5074 орчим монгол бөхөн тоологджээ.
МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ

-Монгол
бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар
зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл
амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох
хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан
амьтдын нэг юм.
-Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр
зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч
байхгүй нэн ховор амьтан.
-Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал
амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт
байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
-Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын
говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.
-Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан
давхин зайлдаг.
-Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад
илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний
улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний
хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын
ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай дулаан агаараар
хангадаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.