Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Эрүүл, цэвэрхэн хэрчсэн гурил хэрхэн үйлдвэрлэгдэж, бидний гарт ирдэг вэ

EGUUR.MN сайт “ҮЙЛДВЭРЛЭГЧ” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Хүнс Сервис” ХХК хэрчсэн гурилаа хэрхэн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг тухай сурвалжлан хүргэж байна.

ХЭРЧСЭН ГУРИЛЫН СТАНДАРТ ҮЙЛДВЭРЭЭ 18 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨР БОСГОСОН ТҮҮХ

-АНХ 20КГ ГУРИЛ ЗУУРЧ БҮТЭН ӨДӨРЖИН ЭЛДЭЖ, ХЭРЧИЖ, ЗАХИАЛАГЧДАДАА ӨГДӨГ БАЙВ-

Жилийн дөрвөн улиралтай манай улс хавар, намрын цагт ядаргаагаа тайлах гурилтай шөл, өвлийн цагт бүхэл мах болон халуун битүү шөл хэрэглэж ирсэн.  Энэхүү үндэсний энэ соёл уламжлалтай холбогдуулаад нөгөө талаар даяарчлагдаж буй завгүй нийгмийн залуу гэр бүлүүдэд зориулан хэрчсэн гурилаа үйлдвэрлэх болсон нэгэн үйлдвэрийн түүхийг танилцуулж байна.

“ХҮНС СЕРВИС” ХХК нь 2003 онд  бууз, банш, хэрчсэн  гурил  гэсэн ГУРВАН төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс үйлдвэрлэлээ эхэлжээ. Анх өдөрт ХОЁР ажилчин 20кг гурилыг өглөө 11.00 цагаас эхэлж зуураад, элдээд, жигнээд, хөргөөд, хэрчээд, савласаар оройны 23.00 цагт дуусаж түүнийгээ борлуулдаг байж.

Үйлдвэрлэл бага багаар өргөжин тэлсээр 2012 оноос Монгол улсын зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу хэрчсэн гурилын үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлж хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн  21 төрлийн хэрчсэн гурил үйлдвэрлэх болжээ.

Ингээд эрүүл  ахуй, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан стандартын орчинд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн болон мэргэшсэн ажилтантай, баталгаажсан технологи, зааврын дагуу Хэрчсэн гурилын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэртэй болох  зорилго тавьсан. 

-БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХЭРЧСЭН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЭЭ БАРИВ-

Энэ дагуу  2018 онд  Жижиг  дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн  боловч  хүссэн  хэмжээний  зээлээ  авч  чадаагүй байна. 2019 онд Итгэлтэй санхүүгийн дэмжигч “ХААН БАНК”-наас олгосон зээл, Сайн бизнесийн түншийн тусламжтайгаар тус компанийн хамт олон хүсэж мөрөөдсөн хэрчсэн гурилын стандартын  үйлдвэрээ  барьж 2020 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулжээ.

Шинэ үйлдвэртээ тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, шинэ техник технологийн ЖИГНЭСЭН болон ХАЙРСАН гурилын хоёр шугамыг ашиглалтад оруулсан байна. Эцэст нь хоногт 10-15 тонн гурилыг боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр болон өргөжсөн нь энэ ажээ.

-“ХҮНС СЕРВИС” ХХК 21 ТӨРЛИЙН ХЭРЧСЭН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА-

“Хүнс Сервис” ХХК нь үндсэн хоёр технологийн шугамаар эрүүл ахуйн шаардлага хангасан нийт 21 төрлийн хэрчсэн гурил үйлдвэрлэж байна. “Алтан тариа”, “Өег” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүдийн чанартай, баталгаатай түүхий эдийг хэрэглэдэг. Тэр байтугай давсаа Увс аймгаас нийлүүлэн авдаг аж.

1. ЖИГНЭСЭН гурилын шугам

  • “БЭЛЭН ГУРИЛ”  болон “ТӨГС ХҮНС” брендүүд маань энгийн, шпагетти, хөх  тариат, гоньд, лууван, дэлгэмэл, бүхэл үр гэсэн 7 нэр төрлөөр үйлдвэрлэгддэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань хүнсний сав баглаа, боодлын стандартын шаардлага хангасан 500 граммын цаасан уут, 300 граммын нийлэг уутанд савлагддаг.
  • ХАЙРСАН гурилын шугам
  • “ИХ МОНГОЛ” шинэхэн бренд нь мөн л стандартын шаардлага хангасан 300 граммын нийлэг уутанд савлагдсан 7 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Үүнд: Энгийн, Шпагетти, Хөх тариат, Гоньдтой, Луувантай, Бүхэл үрийн, Дэлгэмэл гэх төрлүүд орно.

ХЭРЧСЭН ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ-ҮЙЛДВЭРИЙН БАЙРААР ЗОЧИЛЛОО

Биднийг “Хүнс сервис” ХХК-ийн үйлдвэртэй танилцахаар очиход үйлдвэрлэл ид явагдаж, ажил бужигнаж байсан юм. Үйлдвэрлэл ямар дараалалтай, хэрхэн явдгийг Хүнсний технологич Б.Даваасүрэн бидэнд танилцуулсан юм. Монгол инженерүүдийн ур ухаан, орчин үеийн техник технологи, стандарттай уялдуулан бүтээсэн тоног төхөөрөмжөөр Монголчуудын эртнээс өрх гэртээ бэлтгэж, хэрэглэж заншсан цуйвангийн болон шөлтэй хоолны гурилын технологийг алдагдуулахгүйгээр үйлдвэрлэдэг ажээ. Хэрчсэн гурилыг үйлдвэрлэх найман дамжлага нь технологийн нарийн горим, процессоор явагддаг.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/1980633972068493/

                        -НЭГ. ЗУУРАХ-

Хэрчсэн гурил үйлдвэрлэлийн процесс гурилаа зуурахаас эхэлдэг байна. Зургаан давхар шүүлтүүрээр шүүж цэвэршүүлсэн гүний цэнгэг усанд давс, тос, лууван, гоньд гэх мэт түүхий эдүүдээ нэмж хольц бэлтгэдэг. Зуурагч нь жорын дагуу бэлтгэсэн хольцоороо гурилыг зуурагч машины тусламжтайгаар боловсруулалтад оруулж зуурмаг бэлтгэдэг байна. Өөр ямар нэгэн Е кодтой бүтээгдэхүүнүүд нэмэлтээр хэрэглэдэггүй.

-ХОЁР. ЭЛДЭХ-

1-р зуурагч машинд бэлэн болсон зуурмагаа 2-р зуурагч машин руу шилжүүлж 2-3 минут амраана. Амарсан гурилыг 5 дамжлагатайгаар элдэгч булнууд элдэнэ.

-ГУРАВ. ЗУУРМАГТ ДУЛААНЫ БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ-

1. Элдсэн зуурмагийг тослоод таваг дээр  давхарлан жигнүүрт бүтэн 1 цаг жигнэнэ. Ингэж бүрэн боловсруулагдсан бүтээгдэхүүн хийдэг.

2. Элдсэн зуурмагийг хайрах төхөөрөмжөөр дамжуулан хагас боловсруулагдсан бүтээгдэхүүн болдог.

-ДӨРӨВ. ХӨРГӨХ-

Дулааны боловсруулалтаас гарсан гурилыг хөргөлтийн системээр дамжуулан хөргөдөг.

-ТАВ. ХЭРЧИХ-

Хөргөсөн гурилыг бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааран 1,5 мм-ээс 1 см-ийн хэмжээтэй 4 төрлийн хутга бүхий хэрчигч машинаар хэрчинэ.

-ЗУРГАА. ЖИНЛЭХ, САВЛАХ-

Савлагч нь хэрчсэн гурилыг 300 болон 500 граммаар жинлэж уутанд савлана. Ингээд л хүний гар ажиллагаа бага орсон, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн хэрчсэн гурил бэлэн болно.

-ДОЛОО. ХАЙРЦАГЛАХ-

Бэлэн болсон бүтээгдэхүүнээ түгээлтийн хайрцагт хийж хөргүүр рүү зөөнө.

-НАЙМ. ХАДГАЛАХ-

Хайрцагласан бүтээгдэхүүнүүдээ стандартын шаардлага хангасан 6-100С – ийн температуртай хөргүүрт хадгалаад борлуулахад бэлэн болно. Ингэж хийсэн бүтээгдэхүүнээ 21 аймаг, хот, уул уурхай, барилга, зам тээвэр, бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг, хоолны газрууд, хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлж байна.

-ӨНГӨ, ҮНЭР, АМТ ОРУУЛАХ, ХАДГАЛАЛТ УРТАСГАХ ЗЭРЭГ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГГҮЙ-

Хэрчсэн гурил буюу бэлэн бүтээгдэхүүнийг хэр удаан хугацаанд хадгалагддаг тухай хэрэглэгчид хамгийн их сонирхдог асуултын нэг.  

Тэгвэл тус үйлдвэр нь одоо мөрдөгдөж байгаа хэрчсэн гурил хадгалалтын стандартыг хангах үүднээс хадгалалт уртасгах, өнгө, үнэр амт оруулах, бэхжүүлэх, өсгөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Энэ утгаараа жинхэнэ эрүүл бүтээгдэхүүн. Иймд MNS 5760:2019 стандартын дагуу  6-100С-д ГУРАВ хоног буюу 72 цаг хадгалах зориулалттай.

Хүнсний  үйлдвэрийн  чиглэлээр  үйл ажиллагаа  явуулахад  шаардлагатай стандартуудыг хэрэгжүүлэн, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм,  журмыг  үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Мөн зориулалтын  бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эдийн агуулах, дотоод  хяналтын лаборатори ажиллуулж байна.

-КОРОНАВИРУСИЙН УЛМААС ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРСЭН Ч НЭГ Ч АЖИЛТНАА ЦОМХОТГОХГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Нийгмийн хариуцлагын хүрээнд 80 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нь төлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн, ар гэрт нь дэмжлэг  туслалцаа байнга үзүүлдэг. Үйлдвэрийн ажилчид, түгээлт, харуул хамгаалалт, захиргааны хэсэг гэсэн орон тоотой. Мөн Монгол улсын засгийн газрын өргөн хэрэглээний хүнсээ дотоодоосоо 100 хувь хангах хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж нийт Монголчууддаа зориулсан бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байна.

Онцлон мэдээлхэд 2019 оны арваннэгдүгээр сараас  дэлхий дахинаа коронавирусийн цар тахал дэгдсэн. Үүний улмаас Монгол улс гэлтгүй дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн. Томоохон брэндүүд, компаниуд, үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоож ажилчдаа мянга, мянгаар цомхотгосон хэцүү цаг үе тулгарсан билээ. Энэ үед тус компани нэг ч ажилтнаа цомхотгохгүй өдий хүрч яваа таатай мэдээтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button