Үйлдвэрлэгч

Монгол эрдэмтэд “Бионүүрс” үйлдвэрлэж эхэлжээ

Хүрээлэн буй орчин, байгаль экологийн тэнцвэрт байдал цаг минутаар хэмжигдэн хувирч өөрчлөгдсөөр байна. Тэр дундаа цөлжилт болоод уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хүн төрөлхтний амьдралд урьд байгаагүй тэмцлийн хэлбэрүүдийг бий болгож эхлэв. Өдрөөс өдөрт шинэ сорилтуудтай тулгарч буй хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд хөрсний үржил шимийг сайжруулах, уур амьсгалын хүчтэй өөрчлөлтүүдийг тогтоон барихад чиглэсэн судалгаа шинжилгээг түлхүү хийх болсны нэгэн жишээ бол “Бионүүрс” органик бүтээгдэхүүн юм.

“Бионүүрс” гэдэг өөрөө цоо шинэ зүйл биш, харин олон зуун жилийн өмнө амьдарч байсан хүн төрөлхтөн байгаль, экологийн асуудлуудад шийдэл эрж хайдаг байсны нэг баталгаа билээ. Голландын хөрс судлаач Вим Сомброек 1950 онд Амазоны хөндийгөөс хүний хөдөлмөрийн үр дүнд бий болсон хар хөрсийг олж илрүүлэн, түүнийгээ Terra preta soil хэмээн нэрлэсэн байна. Цаашлаад Эквадор, Перу, Бенин, Либери, Баруун Африк, Өмнөх Африкийн нутгуудад мөн адил шинж чанар бүхий хар хөрс байдгийг мэддэг болжээ.

Дээр дурдсан нутгууд үржил шимгүй хүрэн саарал хөрстэй боловч, үржил шим сайтай, хар хөрстэй хэсэг газрууд ч мөн тааралдаж байгааг геологичид анзаарсан нь тэр аж. Улмаар мөнөөх хар хөрсийг шинжилж нүүрсний найрлагатай байгааг олж тогтоосон байна. Түүнчлэн Амазоны сав газрын ойролцоогоос бионүүрс гарган авахад ашигласан байх магадлалтай шатсан шавар, тоосготой адил зүйлс олдсон нь эртний хүмүүс хөрсний үржил шимийг хадгалахын тулд тодорхой газруудад бионүүрсийг бүтээж хольдог байсан тухай дүгнэлтэд тийнхүү хүргэсэн байдаг.

Орчин үед бионүүрсийг ургамал, амьтны гаралтай органик түүхий эдийг пиролизын аргаар хүчилтөрөгчгүй орчинд шатааж гарган авч байна. Энэ нь өөртөө ус агаарыг шингээх чадвартай, нүх сүв бүхий сэвсгэр бүтэцтэй нүүрсийг хэлдэг. Харин ургамал, амьтны гаралтай түүхий эдээр ой модны хаягдал, хатсан ургамлын үлдэгдэл зэрэг болоод мал амьтны өтөг бууцыг хүртэл дурьдаж болно.

Бионүүрс нь хөрсний үржил шимийг тогтоон барьдаг, мөн ус, агаарыг цэвэршүүлдэг үйлчилгээтэй болохыг дэлхийн эрдэмтэд судлан тогтоосон. НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр жил тутам зохион байгуулдаг чуулга уулзалтад бионүүрсийг цаг агаарын өөрчөлтийг бууруулан, түүнд дасан зохицоход ашиглах үндсэн технологиудын нэгт багтаах тухай санал дэвшүүлсэн нь үүний нотолгоо юм.

Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд мэдэгдэхүйц өртөж, хөрсний элэгдэл, цөлжилт газар авах болоод буй. Тийм ч учраас бионүүрсийг хөдөө аж ахуйн болоод өдөр тутмын өргөн хэрэглээнд нэвтрүүлэх, үүний тухай ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Үүний тулд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Инноваци, Бизнес хөгжлийн төв Бионүүрс судлалын төвийг байгуулан, анхны туршилт судалгаануудыг 2009 оноос хийж эхэлжээ. 

Ингээд төрөл бүрийн органик түүхий эдээс бионүүрс гаргаж авах технологийг боловсруулан, үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн байна. Уг судалгаа үйлдвэрлэлийн ажилд АНУ-ын Хавайн их сургуулийн доктор, профессор Карл Фрогнер, АНУ-ын Бостон хот дахь Биокарбон судлалын хүрээлэнгийн захирал, инженер Хью Махлахлин зэрэг эрдэмтэд туслалцаа үзүүлжээ. 

ХААИС-ийн эрдэмтэд Шинжлэх Ухаан Технологийн Сангийн санхүүжилтээр “Бионүүрсний үйлдвэр байгуулах” нэрийн  дор инновацийн төсөл хэрэгжүүсний үр дүнд, Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг хоногт 1.5-2 тонн бионүүрс үйлдвэрлэх чадалтай үйлдвэр байгуулжээ. Улмаар бионүүрсэн үнэр шингээгч, бионүүрсэн түлш, бионүүрсэн бортого, мөн “BIOCHAR” нэртэй экологийн бордоо зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн хувь айл өрхүүд, аж ахуй эрхлэгчдэд зориулсан бионүүрс гарган авах зуухыг 7 хувилбараар зохион бүтээж, шинэ бүтээлийн патент эзэмшсэн аж.

Бионүүрсээр хийсэн бордоог хөрстэй холиход хөрсний бүтэц болон үржил шим, ус тогтоох чадвар нэмэгддэг учир ургамлын ургалтыг дэмждэг. Цаашлаад бионүүрсийг тусгай барьцалдуулагч материал ашиглан утаагүй шахмал түлш ч үйлдвэрлэх боломжтой юм байна. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-24 13:42

ok sain bna

Холбоотой мэдээ

Back to top button