ҮЙЛДВЭРЛЭГЧ

Итали технологи, Монгол түүхий эд хосолсон бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 14-15-нд Ром хотноо болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцлоо.


ХААХОУС-гийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр ноён Ч.Улаан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын орлогч Даниель Густафсон, ХААХОУС-ийн Дэд ерөнхийлөгч Корнелиа Риктер нартай тус тус уулзалт хийж, эдгээр байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Ч.Улаан Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт НҮБ-ын ХХААБ болон ХААХОУС-гаас үзүүлсэн дэмжлэг тусламж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэв. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиров. Түүнчлэн ХААХОУС-гаас 2018-2021 онд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас бүхий л дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Сайд Ч.Улаан Ром хотноо ажиллах үеэрээ Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон төдийгүй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарахаар тохиров. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг ээлжийн дагуу энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар тохиров.

ХААХОУС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр сайд Ч.Улаан айлын   НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын сонгуульд Европын Холбоо, Франц Улсаас нэр дэвшигч Катерин Желан-Ланэель, Гүрж Улсаас нэр дэвшигч Леван Давиташвили нартай тэдний хүсэлтийн дагуу танилцах уулзалт хийв.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close