Ярилцлага

П.Должинсүрэн: Өдөр шөнөгүй юм оёод ч болтугай шатсан байшингаа босгоно

Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны иргэн П.Должинсүрэнгийн байшин өнгөрсөн ням гарагт /2019.07.21/ шатжээ. Ядрах, цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч, бас бусдын төлөө юугаа ч үл хайрлан зүтгэж чаддаг түүнийг Цамбагарав даяар мэдэх аж. Тиймээс ч түүнд туслахсан гэсэн олны хүсэлтээр бид Должинсүрэн гуайнхыг зорьлоо. Биднийг ирэхэд тэрбээр шинэхэн хайрсан гамбир, сүүтэй цайтай угтав.

“Энэ хавийн архичид намайг үзэхээрээ шилтэй архиа нуудаг” хэмээн ярих П.Должинсүрэн гуай нөхөртэйгөө хоёулаа амьдардаг байж. 25 гаруй жил амьдарч буй дөрвөн өрөө модон байшин нь цахилгааны массаас болон шатаж, хоёр буурал өөрсдөө эсэн мэнд гарч чадсандаа баярлан сууна. Бид ийн ярилцав.

-НАМАЙГ АВАРСАН ТЭР ЗАЛУУГ ЗААВАЛ ОЛЖ УУЛЗАНА АА-

-Таны бие зүгээр байгаа юу? Байшин өдрийн цагаар шатсан гэж дуулсан. Яаж эсэн мэнд гарч чадсан бэ?

-Бие хаа зүгээр ээ.

Надаар юм оёулж байсан хүмүүс “Маргааш өглөө 11 цагаас захиалгаа авна” гэсэн учраас шөнөжингөө үүр цайтал оёж дуусаад 5-8 цагийн хооронд гурван цаг унтсан юм. Өглөө хүргэж өгчхөөд 12 цагийн үед гэртээ ирсэн. Өвгөний маань ганц амардаг өдөр байсан учир гамбир хайрчихаад, бид хоёр нэг нэг өрөөнд ороод хэвтэж амарцгаасан. Би утсаа оролдоод хэвтэж байтал шөнө олигтой амарч чадаагүй учир нам унтчихаж. Нэг юм үнэртээд байх шиг санагдаад л хэвтээд байлаа. Гэтэл гэнэт өвгөн, “Гал гарлаа, гал гарж байна!” гэж орилоод намайг сэрээсэн.

Босоод хартал 100 литрийн никель бошигтой ус буцалж байсан. Бид хоёр хоёулаа тэр халууныг мэдэхгүй хөлрөөд унтаж байсан байгаа юм. Сэрээд л гарах гэж сандраад өрөөний хаалгаа таттал өөдөөс шууд гал буудсан. Халуунд цонхыг хагалъя гээд хагарч өгдөггүй юм билээ. Нэг өрөөний цонхны хөшиг шатаад хуйлраад явчихаар нь нөгөө цонх руугаа гүйлдэж, хагалах гэж нэлээд үзсэн. Гэтэл хаанаас гараад ирсэн юм бүү мэд, нэг залуу хүрч ирээд цонхыг улаан гараараа хагалаад намайг гаргасан. Би одоо тэр залуутай уулзаж чадахгүй байна, огт харагдаж үзэгдээгүй хүн байсан.

-Тухайн үед гэртээ хоёулаа л байсан уу?

-Тийм. Би хоёр хүүхэдтэй, тэд маань гимнастикч. Санаа нь зовчихно гэж бодоод хэлэхгүй байж байгаад өчигдөр дуулгалаа. Цалин мөнгө нь буугаагүй байна гэж байна билээ. Өвгөний маань хоёр дүү хэдэн цаасны туслалцаа үзүүлсэн. Өөр би чинь ингээд л ганцаараа юм байна.

Яаж ийгээд шатсан дээврийг нь буулгууллаа. Хорооноос ачааны машин гаргаж өгч энэ хавиарх хогнуудыг ачсан. Хамгийн гол нь амьд гарсандаа л баярлаж сууна.

Би гэртээ хавь ойрын хүмүүсийг урьж цайлаад л байж байдаг хүн. Цахилгааны шийд цай хоол хийх гэхээр л байн байн уначихдаг, өөрөө дээшлүүлчхээд л аргалж явдаг байв. “Энэ ямар хэцүү юм бэ, унаад байгааг нь болиулж болдоггүй юм уу” гэтэл өвгөн 25 амперийн шийд авчраад тавьчихсан юм. 32 амперийнхийг тавих байсан юм байна гэж сүүлд нэг хүн хэлсэн.

-Таны нөхөр урд цонхоор өөрөө үсэрч. Харин таныг арын цонхоор үл таних залуу гаргасан гэлээ. Та тэр залуутай уулзах гэж хайж үзэв үү?

-Харин тийм ээ. Би одоо тэр залуугийн нэр усыг мэдэж хоцорч чадсангүй. Хүмүүсийг шагнадаг бол тэр залууг л шагнамаар байгаа юм. Арын цонхны дэргэд хүн орж ирэх ямар ч боломж байгаагүй. Дэлгүүр рүү явж байсан л нэг залуу улаан гараараа нүдсээр байгаад цонх хагалж, намайг гаргасан шүү. Гар нь цус болчихсон хороон дээр гүйж явсан сураг байна лээ. Олж уулзана даа, заавал олж уулзана.

-Өвгөнтэйгөө эсэн мэнд байшингийн гадна гарч чаджээ. Гарч ирээд анх бие биеэ хараад их л баярласан байх?

-Өө, гараад бид хоёрт баярлах ч ухаан байгаагүй. Би гарч ирчхээд нэг харсан чинь өвгөн бас гараад ирсэн байж байсан. Бид хоёр гар барилцаад, жигтэйхэн юм болсон. “За, боллоо боллоо” гэж бие биедээ чанга хэлж байв. Хүмүүс сүүлд “Байшингаа шатаачхаад боллоо боллоо гэх, та хоёр чинь хаашаа улс вэ” гэж байсан. /инээв. Сурв/

Манай өвгөн их сайн хүн шүү дээ. Миний хувьд нэг номерийн токарьчин. Одоо хөгшин настай хүнийг ажилд барагтай авдаггүй шүү дээ. Энэ компани нь тэтгэвэрт гарчихсан хүнийг алдахгүй ажиллуулаад л байна. Нэг адилхан ажил даалгахад өвгөн хоёр цагийн дотор, бусад нь хоёр хоногийн дотор хийдэг.

-ХОРВООГИЙН НЭГ Ч ГЭСЭН ХҮНИЙГ ЗАСЪЯ ГЭЖ БОДДОГ-

-Гараараа урлаж хийсэн бүтээлүүд тань хамт шатчихсан уу?

-Би зүгээр суудаггүй, зав л гарвал хатгамал хатгаад юм уу шигтгэмэл хийгээд суудаг. Найман шарга морь, Жанрайсиг бурхнаар хийсэн миний хатгамал хананд өлгөөтэй байсан нь шатчихсан. Одоо хэдхэн шигтгэмэл хуйлаатайгаа үлдсэн байна. Жаазлах санаатай байсан юм. Үүнийг угаавал яадаг бол гэж бодоод л сууна.

Хорооны шинэ жил болоход урлагийн тоглолтод оролцох арван хэдэн хүмүүсийг бүгдийг нь гэртээ авирч, цай хоол хийж өгөнгөө биеийнх нь хэмжээг авч газар дээр нь эсгээд, бүгдэд нь хүссэн өнгөөр нь янз янзын загвартай палатье оёж өгч байлаа. Сүүлд нь надад нэг компот, набор хоёр өгсөн. Үгүй, болоо шүү дээ.

Би хүүхдийн багадсан хоёр цамцыг нийлүүлээд л хувцас болгочихдог. Орос хувцсыг бол “яайлаад” хаяна. Уур хүрч, бухимдаад байвал оёдлын машиныхаа ард суугаад тор ч хамаагүй оёод л хаяхад миний бүх юм мартагддаг юм.

-Таныг хүнд их тусархуу, хийж бүтээх өрнүүн хүсэлтэй хүн гэж ярьдаг юм билээ.

-Тэгж яриад л байдаг юм. Манайх энэ газарт 1996 онд буусан. Тэгэхэд 90 гаруй настай, хүүхэдгүй хөгшин эмээ байсныг би хажуудаа авч асарсаар, ганцаараа ажил явдлыг нь хийлгүүлж байсан.

Бас 10 жилийн өмнө архинд ороод гудамжинд гарчихсан ор танихгүй н.Мандах гэдэг 50-аад настай эрийг, “Архи ууж байхаар амьдарсан шиг амьдар. Би чамайг өөд нь татъя, ажил төрөл хийлгэе” гээд авчирч байв. Овоо сайхан байж байснаа гурван жилийн дараа эргээд яваад өгсөн. Хоёр жилийн өмнө дахиад гудамжинд согтуу хэвтэж байхтай нь таараад дахиад л авч ирсэн.

-Таны ах, дүү хамаатан садан биш хүн үү?

-Надтай ямар ч хамааралгүй л хүн. Архи уудаг ч гэсэн сайхан сэтгэлтэй. Дахиж авчраад, бөөс хуурснаас нь салгаад, хоол цайг нь зөөгөөд өвөлжүүлсэн чинь энэ хавар дахиад л яваад өгсөн. Сэтгэл зовоод Хархорин хавиар хайж явтал хөлдөөчихсөн юм уу яасан юм, хөлгүй болчихсон байна билээ. “Хорвоогийн нэг ч гэсэн хүнийг засъя” гээд ямар ч бүртгэлгүй байхад нь хороондоо хүртэл бүртгүүлж өгсөн юм шүү дээ. Төрсөн дүүг нь олоод, “Ахыг чинь бараг таван жил өөд нь татлаа, авахгүй юмуу” гэж хандсан тоогоогүй. Одоо энэ найман сард асрамжийн газар луу явах сураг дуулдсан.

Дараа нь бас нэг архинд орсон эмэгтэйд туслах гэж их хичээсэн. Эндээ авчраад, “Хайран залуу насаа битгий архи ууж дэмий бар” гэж хэлээд цоошлохдоо цоожилж, архинд явуулахгүй гэж блокноос хүртэл гинжилж үзсэн. Архинд дуртай хүн чинь блокоо тэврээд яваад өгдөг юм билээ. Байдаг траншей, вокзалын газруудаар эрж хайж яваад дахиад л авч ирээд орны хөлтэй гинжлэхээр орны хөл хуга татаад л яваад өгдөг байсан. Намайг эгч ээ гэдэг байв. Нэг өдөр энд байхдаа дөрвөн мөч нь татаж, “100 грамм олоод өгчихөөч” гэхэд нь хатуурхаад тоогоогүй. Тэгтэл амьсгаа хураасан байсан. Биеийг нь хав халуун байхад би өөрөө өргөлцөөд мооргийн машины тээшин дээр тавилцаж байв. Оршуулах ёслолыг нь хийх болоход ах дүү байхгүй, би дассан юм гээд ганцаараа зүтгэж байж, өөрөөсөө 150 мянган төгрөг гаргаж хайрцаг хийлгэн, оршуулж байлаа. Архичин хүн бүр муу хүн биш байхгүй юу. Архи уудаг өвчин л тусчихаж байгаа юм.

Хавь ойрын айлд нөхөр нь эхнэрээ зодож байгаа сонсдвол би гүйгээд л очдог. Энэ дэнжийн архичид намайг үзэхээрээ архиа нуучихдаг юм. Тэрний буянгаар л амьд гарлаа гэж бодож байна.

-Одоо та хажуу амбаартаа амьдарч байна уу? Хүмүүс эрвийх дэрвийхээрээ тусламж үзүүлж байгаа гэж сонссон.

-Нэг санахад л, “Тэр минь алга болчхож дээ” хэмээн эд зүйлсээ үгүйлсээр байна. Гол харлаад л байна. Тэглээ гээд яахав дээ, хүний өмнөөс байшингаа шатаачихсан биш. Бүгд л арван цаас олох гээд дор дороо зүтгэж байгаа хүмүүс. Харин оёдлын машинтай болчихвол өдөр шөнөгүй юм оёсоор, олсон мөнгөө хураасаар ганц тоосго, шуудай цементээр нь цуглуулж байгаад байшингаа босгож дөнгөх байгаа гэж бодоод л сууж байна. Эндхийн айлууд маань хөнжил, аяга шаазан, цахилгаан тогоо гээд л жижиг сажиг юм авчирч өгч тусалж л байна.

Ерөөлтэй юм шиг их сонин шатсан байгаа юм. Яг миний бичиг баримтууд огт шаталгүй үлдчихсэн байсан.

-ОЁДЛЫН ЦЕХ АЖИЛЛУУЛЖ БАЙНА ХЭМЭЭН ЗҮҮДЭЛЖ ХОНОДОГ-

-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би 1975 онд оёдолчны ТЭМС төгссөн. Миний ганц хийх дуртай ажил, хобби бол оёдол. Юм оёж л байвал болоод явчихдаг хүн. Байшиндаа биш оёдлын машиндаа харамсч жаахан уйлсан. Одоо ч амьд гарсан хүн, энд суугаад юм оёход бэлэн л байна.

-Та юун түрүүнд оёдлын машинтай л болж авмаар байгаа юм байна, тийм үү?

-Харин тийм. Оёдлын цехтэй болоод энэ хавийн ажилгүй хүмүүсийг авчирч юм хийлгэвэл гэж боддог. Үгүй нээрэн, ярилцлага өгч байгаа дээрээ далимдуулаад ярихад, гуравхан сая хүнийг яагаад ядуу амьдруулаад байдаг юм бол гэж би гайхдаг юм. Бельги, Франц, Швейцарь гээд европын орнуудаар би аялсан. Олон улсын циркийн шугамаар Швейцарийн бүх хотыг хоёр ч удаа тойрсон.

Тэнд автобусны билетгүй зорчиж байгаад баригдаж, саатуулагдаж байгаа цагаачидтай хоёр хонож билээ. Тэр олон мянган цагаачдын нутаг буцах мөнгө, хоол ундыг хүртэл хангаж чадаж байгаа нь агуу шүү дээ.

-Та ер нь юуг мөрөөддөг юм бэ?

-Миний мөрөөдөл үү? Би ерөөсөө оёдлын цехтэй болохыг мөрөөддөг. Миний оёдлын цехийн гадаа ирэхэд тар тур гээд л даавуу шажигнаад, газарт хайч унах нь сонсогдож байна гэж би шөнө зүүдэлдэг /уйлав. Сурв/. Уйлдаггүй хүн чинь яагаад уйлчихав аа.

Өмнө нь “Хувцас засвар” гэсэн хаягтай юм оёдог л байлаа. Өвгөн, “Чи хүмүүсийн хувцсыг оёод мөнгө авдаг юм уу даа?” гэж асуудаг. Яахав дээ, хүмүүс ганц кофе, цайны сүү барьж ирээд л юмаа оёулдаг юм. Гоё хоол хийхээрээ намайг дуудчихна. Би хоолонд маруухан хүн.

Мөрөөдлийнхөө тухай нулимс унаган ярьсан П.Должинсүрэн гуай тун удалгүй хөгжил хөөртэй залгаж, хашаандаа тарьсан мод, шаталгүй үлдсэн гар урлалын бүтээлүүдээ бидэнд сонирхууллаа. Хашааны буланд нэгэнт шатаж хайлсан оёдлын машинуудаа овоолж тавьсан нь үзэгдэнэ.

Түүнийг байшингаа барьж босгоод зогсохгүй, мөрөөдлөө биелүүлж оёдлын цехтэй болно хэмээн итгэхэд сэтгэл дүүрэн байв. Мөн П.Должинсүрэнд зориулсан хандивын аян эхлээд байгааг уншигч танд сонордуулах нь зүйтэй болов уу.

Хандивын данс: Хаан банк 5025975451, Самданнямын Мөнхчулуун

Д.ЦЭРЭНЧИМЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2019-07-27 16:20

odoo handiwiin ayn urnvvleh ystoi yu ?

Ш
Ш
2019-07-27 20:00

Туслах юм сан эгчид

StevSlarie
StevSlarie
2020-01-12 13:38

Acheter Viagra Sans Ordonnance Canada Cialis Generico Visa Electron [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cialis Reviews Klebsiella Amoxici

Холбоотой мэдээ

Back to top button