Үйлдвэрлэгч

СУРВАЛЖЛАГА: Гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломжтой “Керамик Арт Студи”

Ихэнх гэр бүлүүд амралтын өдрийг төдийлөн үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаггүй. Үр бүтээлтэй өнгөрүүлэх газар ч тун цөөн байдаг. Иймээс танай гэр бүл болон найз нөхдөөрөө цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж болохуйц “Керамик арт студи” хэмээх нээлттэй урланг сурвалжиллаа. 

Уг урлан нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Анхандаа зөвхөн урт хугацааны сургалтыг хийдэг байжээ. Гэвч хүмүүсийн санал хүсэлтийн дагуу нэг удаагийн сургалтыг явуулах болсноор бүх хүнд нээлттэй урлан болсон байна. Ихэвчлэн хүмүүс өөрийн гараар цор ганц бүтээл урлан, хайртай дотны хүмүүсдээ бэлэглэх юмуу, хадгалах зорилгоор ирдэг. Гэвч сүүлийн үед анги хамт олноороо, эсвэл гэр бүлээрээ ирэх нь их болсон хэмээн ярьж байлаа.

“Керамик арт студи” нь шаазан эдлэлийн нээлттэй урлан болон “Jumping day” баримлын шаврын сургалт, уран зургийн сургалт, кофе шоп зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс керамик урлалын заал нь хамгийн том нь. Бүх насныхан хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжтой. Ингээд Керамик урлалын багш Х.Алтантуяатай ярилцаж, урлантай танилцлаа.

Х.АЛТАНТУЯА: МИНИЙ ХУВЬД ХҮРДЭЭР ХИЙСНЭЭС ИЛҮҮ ГАРААРАА ХИЙСЭН НЬ НАДАД ИЛҮҮ ГОЁ САНАГДДАГ

-Нэг удаагийн сургалтаар хэр их зүйл сурч болох боломжтой вэ?

-Нэг удаагийн багц буюу “Pottery day” үйл ажиллагаа юм л даа. Керамик маань өөрөө олон шат дамжлагатай учраас эхний шатыг энэ сургалтаар олгож байгаа. Керамик урлалыг ер нь цэцэг услаж арчлахтай зүйрлэж болох юм. Манай урлан дэлхийн стандартын дагуу бүх зүйлээ хийдэг, стандартад нийцсэн. Харин үнийн хувьд материалны үнийг оролцуулан бараг маш хямд үнэлгээтэй байгаа. Хүүхэд 30 мянга, том хүн 40 мянган төгрөг бөгөөд сургалтаар хийсэн бүтээлээ 14 хоногийн дараа бэлэн болохоор ирж авна.  

-Олон шат дамжлагын талаараа? 

-Таван шат дамжлагатай. Эхний шатлал нь хэвээ гаргаж бүтээгдэхүүнээ бэлтгэх, үүний дараа эхний шатаалтад орно. Мөн л хоёрдугаар үе нь засвараа хийж янзалж, дараагийн шатаалтад оруулах. Ингэсээр дөрөв дэх үе өнгө оруулах буюу пааландаж сүүлийн өндөр хэмтэй шатаатад оруулснаар эцсийн бүтээгдэхүүн гарна.

ХАМГИЙН ӨНДӨР ХЭМ ШАТААЛТАД ОРСОН ШААЗАНГ Л ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХЭРЭГЛЭЖ БОЛНО

-Гэр бүлээрээ ирэх хүмүүс хэр байна?

-Ихэвчлэн гэр бүлээрээ ирдэг. Хэдий манай керамик урланд таван настай хүүхэд шаазан хийж болох ч нөгөө зааланд гурваас дээш насны хүүхэд сурч болох “Jumping day” хатдаг баримлын шаврын сургалт бий. Тийм болохоор хүмүүс хүүхдээ тэнд сургалтад суулгаад өөрсдөө наашаа орж ирдэг. 

-Танайхаас гарч байгаа шаазан эдлэлээ ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох уу? Шавар нь ямар орцтой, юунд зориулагдсан бэ?

-Бололгүй яахав. Манайх солонгос хүнсний даалан болон хүнсний шавар хэрэглэдэг. Хүнсний гээд байгаа учир нь 1260 C-д шатаж хамгийн бат бөх болдог. Тиймээс цай хоол унд идэхдээ шаазан эдлэлээ хэрэглэж болно. Харин тэрнээс бага буюу 1220С гэх мэт хэмд шатаад ирэхээрээ гоёлын шаазан эдлэл болчихдог. Тиймээс шаазан авахдаа заавал ёроолд нь байгаа зориулалт бичилт тэмдэглэгээг харж байж аваарай. 

-УРД ҮЙЛДВЭРЛЭГДЭЖ БАЙГАА ЗАРИМ ШААЗАНГУУД ТАХИЛД ЗОРИУЛСАН УЧИР ХҮНСЭНД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ-

-Зориулалтын тэмдэглэгээ гэхээр ямар тэмдэглэгээнүүд байх уу?

-Ихэвчлэн халбага сэрээ байдаг. Эсвэл cooking гэх мэт англи тэмдэглэгээтэй тайлбар наалттай байх ёстой. Манай монголчууд тахилын идээ будаагаа мөнгөн юмуу модон аяганд хийдэг болохоор шаазан аяганы талаар сайн мэдээлэл байдаггүй. Урд үйлдвэрлэгдэж байгаа зарим шаазангууд тахилд зориулсан хүнсэнд хэрэглэж болохгүй шаазан байдаг. Хэрвээ гарал үүсэл тодорхойгүй аваад хэрэггүй байх. Зарим тохиолдолд олноор хямд материалаар үйлдвэрлэсэн таньд хортой бодистой аяга таваг байдаг. Тиймээс заавал найдвартай газраас авч байгаарай. 

-Эргээд керамик эдлэл хийх талаар яриандаа орцгооё. Миний төсөөллөөр бол хүрд шавраа тавьж байгаад л хийгээд байдаг шүү дээ. Ер нь ямар нөхцөлд хүрдийг ашиглаж болох вэ?

-Хүрдийг 12-оос дээш насныхан ашиглаж боломжтой. Түүнээс бага насныханд хүрдийг ашиглах чац дутдаг. Нэг удаагийн багцаар ирсэн суралцагчид хүсвэл хүрдийг ашиглаж болно.

-Хүрдээр хийсэн гараар хийсэнд ялгаа бий юу?

-Тухайн хүний мэдрэмж гарийн ур дүйгээс л шалтгаална даа. Том, жижиг гарны ялгаа ч гэж байхгүй. Бүх суралцагчид маань сэтгэл гаргаж хийдэг болохоор муухай сайхан гэж надад лав тэр нь гоё гэж хэлэхээр юм байдаггүй. Харин яг миний хувьд хүрдээр хийснээс илүү гараараа хийсэн нь надад илүү гоё санагддаг

-Керамик урланд хэдэн настай хүүхэд ирж болох вэ? 

-Таваас дээш насны хүүхэд болно. Таваас доош насны хүүхдүүдийн гарны хүч шавраар юм хийж дийлэхгүй. Гэхдээ яахав гарынх нь хэвийг аваад бэлэг дурсгалын зүйл хийж болно. 

-Танайх тэмдэглэлт баяруудаар эвэнт зохиож бэлгийн карт гаргасан байсан. Энэ талаар? 

-Шинэ жил, валентин, март гэх мэт баяруудаар эвэнт зохион байгуулдаг. Тэд маань хос аяга тавга, гоёл чимэглэл, дурсгалын зүйлс хийдэг. Үүнээс гадна төрсөн өдрөө тэмдэглэх, гэр бүл, найз нөхөдөө  дагуулж ирэх эсвэл ажлын хамт олон ангиараа ирдэг. Байгууллагаараа сардаа нэг болдог үйл ажиллагаагаа танайд хийхээр ирлээ ч гээд хамт олноороо ирдэг. Зарим тохиолдолд бид 10-аас дээш хүмүүс ирэх захиалга өгвөл 18 цагаас хойш ажилладаг. Харин бэлгийн картын хувьд байнга байна. Та өөрөө хийгээд бэлэглэж амжихгүй бол яагаад тэр хүндээ ийм эрх өгч болохгүй гэж.

-ОЛНООР ЗАХИАЛГА АВАХААС БУСАД ТОХИОЛДОЛД ЗАХИАЛГА, БОРЛУУЛАЛТ ХИЙДЭГГҮЙ-

-Танай заал танхимд хэр олон хүн нэгэн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох вэ?

-Яг нэг удаадаа бол 30 хүн нэг дор суралцах боломжтой. Нэг удаагийн сургалт 2-3 цагийн хооронд болдог болохоор нөгөө зааланд байгаа кофе шоп болон амралтын өрөөнд хүлээж байж болно. Бид даваа гарагаас бусад өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл ажилладаг. Тиймээс заал дүүрсэн тохиолдолд ээжлээд л суралцаж болно. 

-Бусад сургалтуудын талаар танилцуулаач?

- Нэг сарын болон 14 хоногийн хугацаатай сургалтууд бий. Үүнээс удаан хугацаагаар дахин суралцахыг хүсвэл дараа дараагийн нарийн зүйлсээ сураад явж болно. Төлбөрийн хувьд хүүхэд, том хүн гэдгээсээ шалтгаалан 100-125 мянга, 200-250 мянган төгрөгний төлбөртэй. 

-Танайх өөрсдөө шаазан эдлэл хийж борлуулдаг уу?

-Жижиглэнгээр зарж борлуулсан зүйл байхгүй. Зарим тохиолдолд олон тооны захиалга авдаг. Цөөн тооны захиалга авлаа гэж бодоход нэг захиалга гаргахын тулд гурвыг хийж сайн ганц болсноо өгдөг. Иймээс материал ч тэр, цаг хугацаа ч тэр их ордог болохоор аль болох авдаггүй. Гэхдээ хүмүүс өөрийн гараараа хийж өгсөн цор ганц зүйл дурсгалтай учир өөрсдөө хийдэг. 

Керамик урлангийн зааланд олон арван бүтээлүүд байсан бөгөөд бүгд л дахин давтагдашгүй сонин содон байсан юм. Харин нөгөө зааланд “Jumping day”хатдаг баримлын шаврын сургалт болон кофэ шоп байлаа. “Jumping day” хатдаг баримлын шаврын сургалт нь албан ёсны эрхтэйгээр цаанаас ирсэн сургалтын стандартын дагуу заадаг байна.

-ЗӨВХӨН ШАВРААР БУС БАРИМЛЫН ШАВРААР Ч БАС ЦОР ГАНЦ ЗҮЙЛТЭЙ БОЛЖ БОЛНО-

Насны ангилалын хувьд 3-5, 5-аас ээш болон 3D хатдаг баримлын шавран сургалт байдаг бөгөөд нэг удаагийн болон сарын сургалттай. Ихэвчлэн хүүхдүүд суудаг бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөх төвшинд тааруулж нэг цаг үргэлжилдэг байна. Үнийн хувьд нэг удаагийн сургалт нь 20 мянган төгрөг бөгөөд мөн л хийсэн бүтээлээ авч явдаг гэлээ.

 Мөн солонгосын “Арт” брэндийн хүний биед сөрөг нөлөөгүй хатдаг баримлын шаврыг ашгладаг учраас хүүхэд санамсаргүй байдлаар долоож идсэн ч сөрөг нөлөөгүй гэдгийг онцолж байсан юм. 

Зарим тохиолдолд энэ чиглэлээр багшлахыг хүссэн хүмүүс ирж сургалтад хамрагддаг бөгөөд 3D анимэйшн хүүхэлдэйн киноны үзүүлэнгүүдийг дээрх баримлын шавраар хийдэг хэмээн дурьдсан юм. 

Мөн өсвөр насныханд зориулсан уран зургийн сарын сургалт болдог. Ихэвчлэн урлагийн сургууль зураачаар суралцах хүсэлтэй хүүхдүүд ирж суралцдаг ажээ. “Керамик арт студи” нээлттэй урлангаар дахин давтагдашгүй бүтээл туурвиж, гэр бүлээрээ цагийг зөв боловсон өнгөрүүлэх нь л энэ урлангийн хамгийн том давуу тал юм. 

ЯРИЛЦСАН: Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-17 12:07

Утасны дугаар нь байна уу

Холбоотой мэдээ

Back to top button