Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Модон дээр буусан ЛАЗЕР УРЛАЛ

“Лазер арт” нь модоор лазер зүсэлт хийж, бэлэг дурсгал, хүүхдийн тоглоом урладаг газар. Уг компани нь үйл ажиллагаа явуулаад дөрвөн жилийг ардаа орхисон бөгөөд өдгөө орчин үеийн технологиор цор ганц бэлэг дурсгалын зүйлс урлаж буй байгууллага аж. “Лазер арт”-ын захирал Ц.Тайванбаатар нь сонирхлынхоо дагуу интернэт орчинд 3D, autocad гэх мэт программд суралцан өдгөө лазер зүсэлттэй модон бэлэг дурсгал, тоглоомын зүйлс хийж байгаа нэгэн. Бид үйлдвэрлэгч буландаа “Лазер арт”-ыг сурвалжиллаа.

ПЭЙЖ ХУУДАС: Лазер артФэн арт

ХОЛБОГДОХ УТАС: 98980154

Ц.ТАЙВАНБААТАР: БИ ТЭР ЖҮЖИГЧИН ШҮҮ ГОЁ ХИЙГЭЭРЭЙ ГЭДЭГ, БИ ХЭНИЙГ Ч ЯЛГАЛГҮЙ ЦАГ ГАРГАЖ ХИЙДЭГ

-Чухам яагаад энэ чиглэлээр ажиллах болов?

-Би биологич мэргэжилтэй ч, сонирхлынхоо дагуу тэс өөр чиглэлээр бизнес эрхэлж байгаа. Хэдэн жилийн өмнө ХУД-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгосноор лазер зүсэлтийн машин авч гараагаа эхлүүлсэн. Хувь хүнд зориулсан бэлэг дурсгалын бүтээгдэхүүн манай улсад байдаггүй байлаа. Хоёрдугаарт, урд хөршөөс зөвхөн тэр хүнд зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн захиалгаар хийж авчирдаг байсан учраас энэ чиглэлд нутагтаа ажлын байр бий болгоё хэмээн хүч үзсэн. Анх арьсан эдлэл дээр лазер зүсэлт хийе гэж эхэлсэн ч яваандаа модоор хийж эхэлсэн.

-Дөрвөн жил гэдэг багагүй хугацаа үйлчлүүлэгчдэдээ танигдаж, байнгын харилцагчтай болсон уу?

-Байнгын гэхээсээ илүү баяр ёслолыг дагаж, эрэлт хэрэгцээ, худалдан авалт, захиалга ихэсчихдэг. Тийм болохоор янз янз. Гэхдээ том том байгууллагууд удаан хугацаагаар гэрээ байгуулж хамтарч ажиллаж байгаа. Харин захиалагчдыг ажаад байхад олны танил хүмүүс би тэр байна шүү дээ гоё хийж өгөөрэй гэх хандлага харагддаг. Миний хувьд бүх бүтээгдэхүүн зөвхөн тэр хүнд зориулагдаж байгаа болохоор гоё хийхийн тулд цаг гаргадаг. Энэ нь магадгүй заримдаа сул тал юм уу давуу тал болдог байх.

-Бүтээгдэхүүний түүхий эдээ хэрхэн хангаж байна.

-Бэлэг дурсгалын зүйлс хийхэд зориулагдсан дээд зэргийн ямар нэг яргүй цэвэр цагаан мод хэрэглэдэг. Мөн бүтээгдэхүүн бэлэн болохын тулд хэлбэр хэмжээ дүрс, тэгш хэм гэх мэтээр олон туршилт явагдаж бэлэн болдог учир тэр ч утгаараа бүтээгдэхүүний үнэлгээтэй өндөр гарч байгаа.

-Тэгэхээр олон бүтээгдэхүүн гарах бол бусдын жишгээр хямд гарах нь ээ.

-Ер нь бол хүмүүс тэгж ойлгодог. Яг үнэндээ манайхан аливаа зүйлийг тулчихсан байхад гэнэт ихээр захиалга өгдөг. Эсвэл цаг их гарах бүтэгдэхүүний захиалга ихээр ирдэг. Гэвч эсрэгээр нь ажиллах хүч, машин техник дутагдаж байгаа. Иймд бид үнээ нэмж хэлдэг, тийм тохиолдолд их захиалга дээр нэмж дахин захиалга ирдэггүй.

-Бүтээл гарах хугацаа харилцан адилгүй юу?

-Хүний зураг орж байгаа тохиолдол удна шүү. Модон дээр буулгаж байгаа учир маш нарийн хийх ёстой. Харин үг бичүүлэх бол харьцангуй амар. Мөн шинэ шилээр бид хүний нэртэй гацуур модны тоглоом хийдэг. Ер нь их нарийн. Бат бөх чанар, хийц зэргийг хамаараад бас их удна даа. Модны хэлбэрийг өөрчилж бөөрөнхий дүрстэй болгох зэрэгт бас их цаг зарцуулдаг. Буруу зүсэлт хийвэл шууд хугарна шүү дээ.

-ГАРААР ХИЙГЭЭГҮЙ Ч ГЭЛЭЭ ЦОР ГАНЦ БҮТЭЭЛ ИХЭЭР ҮЙЛДВЭРЛЭГДДЭГ-

-Бүтээлүүдээ танилцуулбал?

-Гурван хүүтэй хүн болохоор ч тэр үү анх хүүхдийн машины тавиур хийж байлаа. Ингээд л ер нь хүүхдийн тоглоом хийдэг болчихсон. Ихэвчлэн хөвгүүдийн тоглоом хийдэг байсан ч сүүлдээ охидын хүүхэлдэйн байшин гэх мэт бүтээлийн төрлийг олшруулж эхэлсэн. Одоо бол маш олон янзаар гарч байгаа. Баяр ёслолд зориулаад төрөл бүрээр хийгдэж байна. Гараар хийгээгүй ч гэлээ цор ганц бүтээл ихээр үйлдвэрлэгддэг.

-Хүнд хэцүү тулгамддаг зүйл бий юу?

-Зарим хүмүүсийн сүсэг бишрэл байна. Хэд хэдэн тохиолдолд тэр хүнд зориулж нэр усыг нь оруулж захиалгаар бүтээснийг сүсэг бишрэлээсээ болж авахгүй байна буцаачих уу гэж ирж байсан. Энэ тохиолдолд дахин ашиглах боломжгүй ч буцаан авч үзүүлэн болгодог.

-Эсгий урлал харагдаж байна. Мөн л лазер зүсэлтээр хийж байна уу?

-Тэгэлгүй яахав. Зориулалтын эсгий бүтээгдэхүүнээр лазер зүсэлтээр хийн, бүтээгдэхүүн гаргаж байгаа. Модыг бодвол үйлдвэрлэлийн үйл явц нь илүү амар нааж бэлэн болдог. Харин мод бол ямар нэг төмөр нугас гэх мэт зүйлээр холбож болохгүй учир бүх холболтыг угсарч хийхээр зурж төлөвлөдөг.

-Бүтээгдэхүүний хаягдал түхий эдээ ашигладаг уу?

-Зарим тохиолдолд хадгалж байгаад ашиглана. Зарим тохиолдолд бол цуглуулж байгаад хүмүүсийн түлээнд өгдөг.

-Нэг бүтээл сонирхолтой санагдлаа. АСА аваргын эсгий наамал байх шиг байна. Энэ талаараа?

-Миний хувьд АСА аваргыг их хүндэлдэг учраас өөртөө зориулан хийж өлгөсөн нь энэ. Хийц нь ч их гоё нарийн гарсан гэж боддог. Миний хувьд үнэ цэнэтэй бүтээл. Гэхдээ энэ бүтээлийг АСА аварга хараагүй мэдээгүй байгаа л даа. Ер нь эсгий бүтээлээ модонтойгоо адил аль болох цор ганцаар хувилбараар хийж байгаа.

-Өөрийн сошиал хуудаснаас өөрөөр борлуулах суваг бий юу?

-Бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд санал тавьж үзсэн. Гэхдээ тэд нар удаан хугацаанд хамтарч ажилласан гар урлаачидтай байдаг болохоор ер нь авах их дургүй юм шиг санагдсан. Манай бүтээлүүд ч гэсэн тэдгээрийг бодвол онцлог чанар бий шүү. Жишээ нь гэхэд ханын зургуудыг хийж буй аргачлал. Модыг хэлбэрт оруулж хийх гэх мэт.

-Томоохон бүтээлүүд ээ дурдвал?

-Интерьерийн хэд хэдэн бүтээлүүд бий. Тухайлбал, хүүхдийн 100-д байрлах “Vinyl Music Lounge“-ийн нэг ханыг пянзны хэлбэртэй акустик хавтангаар дүүргэж байлаа. Харин хамгийн их хөдөлмөр зарсан бүтээл гэвэл Их Монголын эзэн гүрний газрын зурагтай покерын ширээ хийж байсан.

-“ЛАЗЕР АРТ” УРЛАНГАА УРАН ЗУРАГ СОНИРХОГЧДОД НЭЭЛТТЭЙ БАЙЛГАДАГ-

“Лазер арт” нийтдээ дөрвөн ажилчинтай бөгөөд Ц.Тайванбаатар эхнэрийн хамт уг ажлыг эрхэлж бүтээгдэхүүнээ гаргадаг. Ажилчиддаа сая төгрөгийн цалин өгдөг бөгөөд ачааллын үед нэмэлтээр цалинжуулдаг байна. Туслах хоёр ажилтан нь тэтгэвэрт гарсан хүмүүс бөгөөд хүнд хүчир ажил хийлгэдэггүй зөвхөн угсрах, наах ажил хийлгэдэг талаараа ярьж байв.

Вивасити хотхонд байрлах уг урланд уран зургийн хоббитнууд ихээр цуглаж зураг зурдаг аж. Тэрээр зураачдаас мөнгө төгрөг авдаггүй, зөвхөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байх дүрмийг сахихыг чухалчилдаг. Тэдний зурсан зургаас янз бүрийн өнгөний хоршил, санаа сэдлийг харж чаддаг хэмээн ярьж байсан юм. Мөн өөрөө ч бас хааяа даа зураг зурдаг аж.

Вивасити хотхон хол учир манай захиалагчид ихэвчлэн гэрээс ирж захиалгаа авдаг. Урлангийн түрээсийн асуудал, байршил зэргээс хамаараад “Лазер арт” удахгүй “Шангриламолл”-д нээгдэх гэж байгаа аж.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин тэнэгүүд хууртжээ
Зочин тэнэгүүд хууртжээ
2022-03-18 11:41

ийм урланг Тогоо гэдэг багш сайн хийдэг байлаа

Холбоотой мэдээ

Back to top button