Балетчин Б.Саруулд Гавьяат жүжигчин цол хүртээнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч Б.Саруулд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.
Тэрбээр БНСУ-ын “Wise ballet theater”-т А.Аданы “Жизель” балетыг Өмнөд Солонгосын тус театр, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын бүжигчид хамтран 24 хүний бүрэлдэхүүнтэй тавьж байсан.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Баясгалангийн Саруулыг П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй.
Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2007 онд төгссөнөөс хойш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж байгаа билээ. Түүнийг Зууны манлай бүжигчин Ю.Оюун багш, дараа нь Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багш дааж аван бүхий л зүйлийг зааж сургасан гэдэг.
Г.САНСАРМАА