Нийгмийн

Крипто валютын харилцааг зохицуулах анхны хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яам Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авахаар яамны  вэб сайтдаа байршуулжээ.

Монгол Улсын хувьд криптовалют нь албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй, Үндэсний төлбөрийн системийн хуульд тодорхойлсон цахим мөнгө биш бөгөөд криптовалют эзэмшигч болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь аль байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулагч байгууллага нь аль байгууллага байх талаарх зохицуулалт байхгүй байна. Гэвч иргэдийн хувьд криптовалютыг арилжааны хэрэгсэл болгон ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Иймд, криптовалют эзэмшигч болон энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. 

ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА:

Виртуал хөрөнгө эзэмшигч болон үйлчилгээ үзүүлэгч этгээд Монгол Улсад байгаа боловч эрх зүйн зохицуулалтгүй байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомжийг судлахад Иргэний хуульд л биет бус хөрөнгийн тухай зохицуулалт байдаг ч виртуал хөрөнгийн нарийвчилсан зохицуулалт байхгүй мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт л төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх харилцааг зохицуулсан, Татварын ерөнхий хуульд цахим хөрөнгөөс татвар авах зохицуулалт байхгүй боловч эдийн бус хөрөнгө буюу биет бус хөрөнгийг зарж борлуулах, түрээслэхээс олсон орлогод татвар ногдуулахаар байгаа. Авлигын эсрэг хуульд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлэгт виртуал хөрөнгийг бүртгүүлэх шаардлага тавигдаагүй, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч нь аль байгууллагаас тусгай зөвшөөрөл авах болон зохицуулагч байгууллага нь аль байгууллага байх талаарх зохицуулалт байхгүй байна.

Эрх зүйн зохицуулалтгүй байгаа нь өмнө нь дурьдсанчлан тус технологийн шийдлийг буруугаар ашиглаж, үүсэж болох эдийн засгийн хор хөнөөл, учирч болох аюул өндөр байна. Цаашилбал, хариуцлагын тогтолцоогүй, виртуал хөрөнгө эзэмшигч өмч хөрөнгөөрөө хохирох тохиолдолд хэрхэн зохицуулах, төр ямар байдлаар оролцох, маргааныг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй байна.

Иймд, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-н хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс виртуал хөрөнгийн зохицуулалт бүхий хууль тогтоомжийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсрууллаа.

Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай хуулийн төслөөр виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг, тэдгээрт тавигдах нийтлэг болон нэмэлт шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналтын механизмыг бий болгож, тэдгээрийг гүйцэтгэх субьектын эрх үүргийг төсөлд тусгасан.

Түүнчлэн виртуал хөрөнгө, түүнийг зарж борлуулсан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлснээс олсон орлогоос татвар оногдуулах, харин тухайн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгэн адил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бий болгож, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хуулийн төсөлд тусгасан.

Монгол Улс виртуал хөрөнгө түүнтэй холбоотой үйлчилгээг хуульчилсанаар ФАТФын стандартыг биелүүлэх, эдийн засгийн эргэлт нэмэгдэх, гаднын хөрөнгө оруулагч нарыг татах, санхүүгийн хэрэглэгч олон төрлийн төлбөрийн хэрэгслийн сонголттой болж зардал багасах, татвар ногдуулах, хөрөнгийг хадгалж болох боломжууд нэмэгдэж тус хөрөнгө нь хуулиар хамгаалагдах болон даатгагдах боломжтой болох мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл буурах эерэг нөлөөтэй байна.

Монгол Улс нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт “саарал жагсаалт”-аас гарсан боловч ФАТФ-ын 15 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлж, виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан үндэсний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байгаа болно.

Дээрх үндэслэл, шаардлагын хүрээнд ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартад (ФАТФ-ын 40 зөвлөмж) Зөвлөмж 15-д 2018 оны 10 дугаар сард орсон өөрчлөлтөд тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгөд” нэгэн адилаар үйлчлэхээр тогтож, ФАТФ-ын хүлээн зөвшөөрсөн нэр томьёонд “виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” нарыг тодорхойлсон.

 ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15-н хэрэгжилтийг хангах чиглэлд хөгжингүй орнууд өөрсдийн хууль тогтоомжид холбогдох өөрчлөлтийг оруулж виртуал хөрөнгийн зохицуулалттай болж эхэлсэн. Жишээлбэл Европын холбооноос “Мөнгө угаахтай тэмцэх 5 дахь удирдамж” - (The Fifth Money Laundering Directive - 5AMLD) гаргаснаар гишүүн орнууд өөрсдийн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулж виртуал хөрөнгийн зохицуулалтыг тусгах шаардлагатай болсон юм.

ХУУЛИЙН ТӨСЛӨӨС ОНЦЛОХ ЗААЛТУУДЫГ ДУРДВАЛ:

Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө хуулийн этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улс руу энэ хуульд заасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаан болон Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

3.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button