Ж.Дэлгэрсайхан: Монгол эдийн засгийн хямралд орохоор улс биш, гагцхүү засаглалын, зөв бодлогын хямралд орчихоод байна
Инцфляц хоёр оронтой тоонд хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг сарын дотор 3.8 хувийн өсөлттэй гарах боллоо. Эдийн засгийн хямрал, татварын дарамтын улмаас хаалгаа барих ААН-үүдийн тоо ч өдөр өдрөөр нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд буй. Иймд эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар ярилцсанаа хүргэе.
-Иргэдэд ирж буй ачаалал, өрхийн төсөв санхүүгийн хямрал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэргээс харахад улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрсээр байна. Нөгөө талд чуулганы танхим дахь хэлэлцүүлэг, салбарын яам, албаныхны танилцуулгаас сонсвол боломжийн байгаа гэх. Эдийн засагч хүний хувьд та эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдлын тухайд макро эдийн засгийн зарим тоон үзүүлэлт харьцангуй эерэг гарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан. Засгийн газар 2027 онд эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй байна гэж төсөөлж байна. Эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөл 5.5 орчим байх болов уу гэж тооцоолж байгаа. Оны эхэнд гадаад худалдаа нэлээд эерэг буюу нүүрсний экспорт харьцангуй идэвхэжсэн. Экспорт өнгөрсөн жилээс 60 гаруй хувиар өссөн дүн гарсан. Эдгээрээс харвал эдийн засаг макро түвшинд томоохон цохилтод орчихоогүй байна. 1.4 их наяд төсвийн алдагдалтай явж байгаа ч төсвийн орлого харьцангуй нөхөгдөж, дөрөвдүгээр сард орлогын гүйцэтгэл сайжирчээ. Сангийн яам дээрх үзүүлэлтүүдэд тулгуурлан дүгнэж байгаа болов уу.
Харин би эдийн засгийн засагчийн хувьд бодит эдийн засгийн нөхцөлийг тийм сайн байгаа гэж хэлэхгүй. Иргэдийн амьдралын түвшин, бодит орлогын өсөлт ямар байгаа билээ. Дээрээс нь хүчтэй нэмэгдэж байгаа инфляц, инфляцын бүтэц дэх голлох бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн нуруун дээр дарамт болж байна.
Энэ зөвхөн өнөөдөр үүссэн асуудал биш. Монгол Улсын эдийн засаг 2010 оноос хойш өндөр түвшинтэй өссөн. 2010-2015 онд дунджаар 10 хувиар, түүнээс хойш 5.5-аас дээш хувийн дундаж өсөлттэй явж байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, ядуурал буурсангүй. Иргэдийн нуруун дээр ирж байгаа ачаалал үнэхээр хүнд байгаа. Цаашид ч нэмэгдэж болзошгүй байдалтай байна.
-Макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч байхад иргэдийн данс хасахтай байна. Энэ хоёрын хооронд яагаад ийм их зай гараад байна вэ. Энэ алслалыг ойртуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлбэл зохистой вэ?
-Зээлтэй иргэдийн тоо өсөж, чанаргүй зээлд иргэдийн зээлийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэж байна. Иргэдэд очиж байгаа эдийн засгийн цохилт илт мэдрэгдэж буй. Гол шалтгаан нь эдийн засгийн бүтцийн болон тогтолцооны гажуудалтай холбоотой. Манай улс зөвхөн уул уурхайд суурилсан, эрдсийн бүтээгдэхүүнээс асар өндөр хамааралтай эдийн засагтай явсаар ирлээ. Бид энэ олон жил уул уурхайгаас орж ирсэн хэдэн арван их наядын орлогыг зөв хуваарилж чадсангүй. Дээрээс нь уул уурхайн салбар дахь бодитой эсэх нь тодорхойгүй хулгай, авлига, хээл хахуулийн асуудал.
Эдийн засагчийн хувьд Монгол бол эдийн засгийн хямралд ороод байхаар улс биш гэж хардаг. Бидэнд нөөц боломж хангалттай бий. Гагцхүү засаглалын хямрал, зөв бодлогын хямралд орчихоод байгаа юм.
Тийм учраас Засгийн газар "Чөлөөлье" санаачилга, төсвийн мөчлөг сөрсөн бодлогоо бодитоор хэрэгжүүлж, ард иргэд, ААН-ийн нуруун дээрх татвар, хүнд суртлын ачааллыг бууруулж чадвал энэ нөхцөл байдал засарна. Баялгийн тэгш, зөв хуваарилалт явагдана. Иргэд ажиллаж хөдөлмөрлөх, ААН өсөж өндийх боломж нэмэгдэнэ.
Энэ боломж бол бидний 1990 онд сонгосон, 1992 онд Үндсэн хуулиараа баталгаажуулсан ардчилал, зах зээлийн эдийн засаг гэдэг тогтолцоо. Үүнийг зөвөөр ойлгож, нэгдмэл ойлголттойгоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цаг алдахгүй хэрэгжүүлэхгүй бол тав, арван жилийн дараа ч "Яагаад иргэдийн амьдрал сайжрахгүй байна аа" гэдэг асуулттайгаа сууж байхад гайхах зүйлгүй.
-Иргэд, ААН-үүдийг хамгийн их туйлдуулж байгаа зүйл бол татварын дарамт. Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг өргөн барьсан. Мөн яг одоо УИХ дээр Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан Хувь хүний орлогын албан татвар, НӨАТ-ын тухай нийт дөрвөн өөр хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Сөрөг хүчний зүгээс ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах боломжтой гэсэн. Харин эрх баригчид ингэвэл төсвийн орлого тасалдана гэх юм. Хэдийгээр энэ бүх хууль иргэд, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, ачааллыг бууруулах зорилготой гэж байгаа боловч нэг нэгнээ үгүйсгэсээр олныг төөрөгдүүлж дууслаа. Таны хувьд эдгээр хуулийн талаар байр суурьтай байгаа вэ?
-Миний хувьд татварын чөлөөлөлтийг ерөнхий агуулгаар нь дэмжиж байгаа. Монгол Улсын татварын бодлого үеийн үед төсвийг санхүүжүүлэх, төсвийн орлогыг бүрдүүлэхэд чиглэж ирсэн. Энэ нь таны асуултад дурдагдаж буй төсвийн орлого тасарна гэдэг болгоомжлол болоод талуудыг тийм мэдээллээр хангаж байгаа байдлаас харагдаж байна. Тэгэхээр энэ бодлогыг огцом шинэчлэх ёстой. Татварын бодлого Үндсэн хуулийн үзэл санаатайгаа нэгдэж, иргэд, ААН-ийг таатай амьдрах , ажиллах боломжоор хангасан, олон суурьтай эдийн засагтай болох ёстой. Өргөн барьсан хуулийн тухайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргасан. Татварын шинэчлэл, чөлөөлөлтийг бид зөв гэж үзэж байгаа.
НӨАТ-аас болоод төсвийн орлого 1.5-2.2 их наядаар буурч болзошгүй боловч эргээд ААН, иргэдэд үзүүлэх нөлөөлөл нь эргэлзээтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Буцаан олголтыг таван хувь болгосноор иргэдийн орлого тэр хэрээр нэмэгдэх юм шиг харагдаж болно. Гэхдээ НӨАТ-ын бүтэц болон бусад зүйлийг нарийвчлан ажиглах ёстой.
ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл тэглэх нь бага орлоготой иргэнд бага ч болов мөнгө үлдээхүйц өөрчлөлт мөн. Харин ХХОАТ-ыг нэг хувь болгоно гэдэг өнгөц харахад эерэг зүйл боловч өргөн барьсан хуулийн төсөл дээр эдийн засгийн нөлөөллийг нь илүү тооцох шаардлагатай байсан юм болов уу гэж харагдсан.
-Шаталсан татварын тухайд хэр оновчтой зохицуулалт вэ. Тухайлбал, 6-10 тэрбумын орлоготой ААН-д 15 хувийн татвар тооцох шатлалыг шинээр оруулсан байна билээ?
ААН-үүдийн тухайд НӨАТ-ыг шууд гааль дээрээс авдгаа больж, гүйцэтгэл, борлуулалттай уялдуулахаар тусгасан нь НӨАТ-аас үүссэн далд дарамтыг бууруулахад чиглэсэн алхам мөн. Дээрээс нь татварын шатлалыг өөрчилж байгаа нь тун зүгээр. Өнөөг хүртэл зургаан тэрбум хүртэлх орлогод 10 хувийн татвар гээд хязгаарлачихсан, түүнээс давбал шууд 25 хувь руу үсэрдэг тогтолцоог харьцангуй өөрчилж байгаа зохицуулалтууд байна.
Ерөөс татварын ачааллыг боломжит хэмжээнд нь бууруулах ёстой. Учир нь, Монгол Улсын татварын орчныг харвал хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад хувь хэмжээ нь тийм ч өндөр биш. Гэхдээ хүмүүсийнх нь цалинтай харьцуулбал үнэхээр том дарамт. ААН-үүдийн орлогыг зах зээлийн нөхцөл байдал, авлига, хүнд суртал, авлига гээд бизнесийн орчинд нь харьцуулбал маш хүнд. Хэрвээ иргэдийн орлого 2000-3000 ам.доллар байсан бол өнөөдрийн татварын хэмжээ тийм ч хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Даанч тийм биш.
Тэгэхээр Татварын багц хуулийн төслийг агуулгын хувьд зөв гэж харж байна гэсэн үг үү. Засгийн газрын хэлж байгаачлан татварын реформ болж чадах болов уу?
-Энэ хуулийг агуулгын хувьд зөв гэж харж байна. Гэхдээ үүнийг татварын реформ мөн үү гэвэл үгүй. Татварын реформ бол сэтгэлгээний буюу бодлогын шинэчлэл. Нэгдүгээрт, төсвийг санхүүжүүлдэг татварын тогтолцооноос татгалзаж, иргэдийн амьжиргааг дэмжсэн, ААН-үүдээ өргөтгөх боломж олгох. Тэр хэрээр эдийн засаг тэлж, хүн бүр жигд, шударга татвар төлдөг эерэг нөхцөлийг бий болгож, төсвийн орлого сууриараа нэмэгдэх татварын бодлого байх ёстой. Эргээд тэндээс орж ирсэн орлогоор төсөв нь санхүүжээд, төрийн бодлогоо зөв хэрэгжүүлдэг энэ дараалал.
-Эдийн засаг хүндэрч, төсөв "савлаж" байгааг эрх баригчид, улстөрчид геополитикийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа. Нөгөө талд олон улсын нөхцөл байдлаас илүүтэй дотоодын улс төр, төр засгийн тогтворгүй байдалтай холбоотой юм биш үү гэдэг агуулга хөндөгдөх боллоо. Тухайлбал, 2025 оны зургаадугаар сараас хойш гурав дахь Засгийн газар ажиллаж байна. Энэ талаар таны байр суурь?
-Энийг их холоос ярих ёстой юм. Өнөөдрийн тухайд гэж харвал олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж байгаа нь үнэн. Ормузын хоолой хаагдсанаар нефтийн үнэ өсөж, улмаар инфляцад нөлөөлчихсөн. Гэхдээ эерэг зүйлс ч бий. Тухайлбал, нүүрсэн дээр харьцангуй сэргэлт ажиглагдаж байна. Хамгийн гол нь бид нэг зүйлийг огт хардаггүй. Яагаад гадаад орчны нөлөөлөлд ийм эмзэг, импортын болон экспортын эрдсийн бүтээгдэхүүнээс ийм хүчтэй хамааралтай болчихсон юм бэ. Ийм биш байж болох байсан уу гэдэг дээр дүгнэлт өгөхгүй байна. Аль эрт нефтийн үйлдвэр байгуулаад түүхий эдийг нь шийдчихсэн бол, эрчим хүчний хараат биш болчихсон байсан бол бид ийм нөлөөлөлд орохгүй байх байсан.Тиймээс таны асуултын нэг хэсэг нь үнэн.
Би Засгийн газрын тогтвортой, тогтворгүй гэдэг дээр юм яримааргүй байна. Хамгийн чухал нь Монгол Улсын хөгжлийн бодлого шинжлэх ухаанч, тогтвортой, бодитой, хэрэгждэг байх ёстой. Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн хөгжлийн бодлогуудын юу нь хэрэгжээд, иргэдийн амьдрал яаж нэмэр болсон юм бэ гэдгийг анхаарч, дүгнэх ёстой.
Тэр ч утгаараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн хүрээнд яг энэ асуудлыг яриад байгаа юм. Нефтийн үнэ жаахан өсөхөд Монголын эдийн засагт маш хүчтэй доргилт өгч байна. Инфляц 10 хүрэхэд, махны үнэ 35 мянга болоход иргэдэд маш хүнд цохилт болж байна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд бодлогын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Хэн ч солигдсон байсан өмнөх Засгийн газраа үгүйсгэдэггүй, сайныг нь үргэлжлүүлээд явдаг, тохиромжтой сайн бодлоготой байх ёстой.
-Нефть, эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг болох тухай таны ярианд ч дурдагдлаа. Яг үүнтэй холбоотой Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулсан. Эцэст нь Н.Алтаншагай гишүүний өргөн барьсан хувилбараас "Сэлбэ дэд төв"-ийг хассанаар Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор өргөн барилаа. Эндээс юуг тодруулах гээд байна вэ гэхээр, том төслүүдийн зээлийн зарцуулалтыг улс төсвөөс гадуур авч үзэх нь хэр зөв шийдэл юм бэ. Наанаа төсвийн алдагдлыг бууруулж байгаа шийдэл мэт боловч цаана нь улс хоёр төсөвтэй болох эрсдэлтэй гэдгийг зарим улстөрч ярьж байна?
-Бодлогын орон зайгүй болчихсоныг илтгэж байгаа хэрэг. Маш их хэмжээний гадаад зээл авах боломж байна, авчихсан зээлүүд ч байна. Сангийн яамнаас мэдээлж буйгаар 10 гаруй их наядын зээл байна. Гэтэл энийгээ яагаад төсөвтөө шингээх орон зайгүй болчихсон гэдэг асуудал хөндөгдөнө.
Сүүлийн 10 гаруй жил бид төсвөө хэтэрхий их тэлж, алдагдлаа нэмсээр ирсэн. Түүнийхээ гороор урсгал зардал, төсвийн нийт зарлага асар өндөр түвшинд хүрчихсэн, тэрийгээ буулгаж чадахгүй. Урсгал зардлаа санхүүжүүлэх гэхээр орлого нь цаашдаа дутаж магадгүй. Дээрээс нь хөрөнгийн зардлаа нэмж болдоггүй ийм л байдалтай байна. Гарцаагүй нөхцөл байдалд орчихоод, түүнээ залруулахын тулд харьцангуй буруу зам сонгох гээд байгаа нь л гол асуудал.
Түүнээс биш Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ач холбогдлыг би хувьдаа үгүйсгээгүй. Нефтийн үйлдвэр олон эргэлзээтэй асуудалтай. Жишээ нь, хариуцаж байгаа хүн нь ашиглалтад орох гэсэн чинь түүхий эд нь асуудалтай байна гээд яриад сууж байна шүү дээ. Тэгэхээр мега төслүүдийг их зөв төлөвлөдөг байх хэрэгтэй. Төсөв дотор байнга энэ төслүүдийг аваад явах боломж нь угаасаа хязгаарлагдчихсан. Тиймээс цаашид төсвийн бодлогоо зөв болгож, хөгжлийн бодлогын орон зайг гаргая, урсгал зардлаа хязгаарлая гэдэг агуулгыг би болон манай зөвлөлөөс дэвшүүлж байгаа.
Хоёрдугаарт, дараагийн цаг нь тулчихсан ийм төслүүдээ Хөгжлийн банк гэх мэт бусад бүтцээрээ дамжуулан төсвийн тогтолцоогоо эвдэлгүйгээр, олон улсын хөрөнгө оруулагчдад хоёр, гурван төсөвтэй мэт харагдахгүйгээр хийх ёстой. Хөгжлийн банкийг энэ агуулгаар гаргаж ирсэн ч буруу ашигласнаас болоод одоо хүртэл санхүүгийн хүнд байдал орчихоод сууж байна.
-Манай улс эдийн засгаа солонгоруулах тухай нэлээд олон жил ярьж, тодорхой оролдлогууд хийж байгаа. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын өсөлт багагүй нөлөөлсөн харагддаг. Гэтэл энэ хавар махны үнэ зогсолтгүй өссөөр. Үүнийг махаа их хэмжээгээр экспортолж байгаатай холбоотой, эл шийдвэрээ эргэж хэрэгтэй гэдэг асуудал ч нийгэмд яригдаж байна. Ер нь манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай улс эдийн засгаа солонгоруулахад хэр хугацаа зарцуулдаг юм бол. Бид яг одоо зөв замаар явж байна уу?
-Олон улсын сайн туршлагуудыг судалж болно. Гэхдээ шинжлэх ухааны онол арга зүйг маш сайн судалж мэддэг байх ёстой. Тэдгээрт суурилсан өөрийн гэсэн сонгосон зам, зорилгоо зөв хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох нь л чухал.
Махны үнэд төр оролцохгүй гэж байгаа байр суурь харьцангуй зөв. Гэхдээ төр оролцохгүй байх тэр нөхцөлөө яг бүрдүүлж чадсан уу. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тогтолцоогоо болоод ямар ч үнэтэй байсан мах аваад хэрэглэчих чадалтай иргэдийг 30 гаруй жилийн хугацаанд бүрдүүлж чадсан уу гэдэг талаас нь авч үзвэл эргэлзээтэй.
Тэгэхээр эдийн засгийг солонгоруулна гэж яваа энэ зам харьцангуй буруу байгаа нь бодит нөхцөл байдлаар батлагдсан гэж ойлгож байгаа. Түүх сөхвөл, 1998 оноос хойш эдийн засгаа солонгоруулах тухай ярьж байгаа. Тэр үед Монгол Улсын экспортод уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хувь 68 орчим байсан. Гэтэл өнөөдөр 90 гаруй хувь байна. Гадаад худалдааны хувьд эдийн засаг солонгорох байтугай улам уул уурхайгаас хамааралтай болчихсон. Түүнээс гадна эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь асар өндөр. Тэгэхээр эдийн засгийн суурь бүтцээ 1990-ээд оноос ч илүү алдчихсан явж байна. Хийж чаддаг байсан зүйлээ чадахаа байчихсан салбарууд бий.
Зөв болгохын тулд юун түрүүнд уул уурхайн орлогыг зөв зарцуулах ёстой. Энэ нь баялгийн санд төвлөрүүлээд, эргэн болгонд тэгш хуваарилах тухай ойлголт биш. Төрийн бодлого, төсвөөр дамжиж зөв газраа шингэж байх учиртай. Дээрээс нь авлига, хулгай луйврын асуудлаа цэгцлэх шаардлагатай.
-Манай улсын гадаад өр ямар нөхцөл байдалтай байна вэ. Зарим улстөрчийн ярианд дефолт зарлах хэмжээний эрсдэл үүссэн байж болзошгүй агуулга дурдагдах боллоо?
-Гадаад өрийн нөхцөл байдал 2017, 2018 оны үетэй харьцуулахад харьцангуй сайжирсан. Тэр үед гадаад өрийн таазаа аль хэдийн давчихаад, хуульд өөрчлөлт оруулах замаар хойшлуулаад явж байсан. 2025 оны гүйцэтгэлээр Засгийн газрын өрийн ДБН-д эзлэх хувь хэмжээ 40 гаруй хувь байна. Өрийн нөхцөл байдал дажгүй байгаа. Хэрэв гадаад зээлийн ашиглалт нэмэгдвэл 50 руу дөхнө гэсэн төсөөлөл бий. Сүүлийн жилүүдэд өрийн менежментийг сайн хийсэн. Нөгөө талд ДНБ өссөн.
Гэхдээ энд Төрийн өмчит компаниудын өрийн асуудлыг анхаарах ёстой. 30 гаруй их наяд байгаа гэж ярьж байна үүнийг цэгцлэх ёстой. Зээл авч ашиглаж болно. Гэхдээ энэ өрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар үр өгөөжөө үлдээсэн бэ гэдгийг тооцох ёстой. Сүүлийн 10 гаруй жилд зөвхөн төсвийн тодотголоор 10 гаруй их наядын өр буюу алдагдал нэмсэн байдаг. Эргээд харахад үр өгөөжийн хувьд чамлалтай үр дүнгүүд харагдаж байна.
-Төсвийн энэ олон тодотголын цаана анхнаасаа хэт эергээр төсөөлөл оруулж ирээд, түүнээ усыг нь шавхахгүй баталчихдаг үзэгдэл байна гэж харж болох уу?
-Сүүлийн 13 жилийн турш 2018, 2019 онд л төсвийг тодотгоогүй санагдаж байна. Бусад жилд 1-2 удаа тодотгосон. Энэ бол сайн төлөвлөлт хийж чадахгүй байгаагийн илрэл. Төсөв тодотгох онцгой шаардлага байна. Жишээ нь, өнөөдрийн нөхцөл байдлыг түүнд хамруулж болох юм. Гэхдээ ийм нөхцөл байдал байнга давтагдах юм шиг байн байн тодотгох хууль эрх зүйн орон зайг гаргана гэдэг нь сайн зүйл биш. Дээр дурдсан төсвийн тодотголын хүрээнд 10 их наядын алдагдал нэмсэн хэрнээ долоон их наядын зарлага гаргасан. Үүний 400 тэрбум төгрөгийг л хөрөнгө оруулалтын зардалд хуваарилсан байдаг. Эндээс зардлын бүтцийнхээ хувьд ч, мөчлөг сөрсөн бодлогын тухайд ч зөв явсан уу гэдэг асуудал яах аргагүй хөндөгдөнө. Цаашид илүү сайн төлөвлөлт хийж, төсвийг аль болох тодотгохгүй байх зарчим баримтлах нь зүйтэй. Дээрээс нь, төсвийн хүрээний мэдэгдлийг зөв тооцож батлах, ягштал мөрдөх гээд олон асуудал хөндөгдөнө.
-Хүнсний инфляцын түвшин 14 хүрчихлээ. Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт суларч байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол?
-Эдийн засгийн өсөлтийн хувьд энэ жилдээ 5 орчим хувьтай гарах болов уу. Оны эхнээс харьцангуй өндөр энерцитэйгээр яваад буурдаг жил шиг ажиглагдаж байна. Эрдсийн бүтээгдэхүүний экспортын идэвхжилтэй холбоотойгоор эхний хагас жил эдийн засгийн өсөлт макро түвшинд харьцангуй өндөр харагдах байх.
Бидний яриад байгаа хоёр дахь өнцөг болох иргэд, ААН-үүд дээр яаж ирэх вэ гэвэл нөхцөл байдал одоогийнхоос сайжрахгүй шинжтэй. Инфляц он дуустал 10-тай ойролцоо түвшинд хадгалагдахуйц байдал харагдаж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Оны төгсгөлд ч эдийн засаг өнөөгийнхөөс өндийж, үнийн цохилт буурахгүй болов уу.
Тиймээс иргэдийн орлогыг хамгаалах, ААН-үүдийг эдийн засгийн цохилтод бага өртүүлэх богино хугацааны тактикийн бодлого хэрэгтэй. Мөн Засгийн газар шинээр байгуулагдсан, геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ үед Монгол Улсын эдийн засаг эмзэг байна гэдгээ бүрэн ойлгоод, дахин ийм нөхцөл байдал давтагдахгүй байлгахын тулд урт хугацааны бодлогоо зөв тодорхойлох нь чухал. Ингэж байж иргэд байнга орлогын доройтолд орж, инфляц, ханшийн өөрчлөлтөд нэрвэгдээд байхгүй суурийг тавина гэж боддог.

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л юм ярьжээ эдийн засаг биш бодлого нь асуудалтай болоод удаж байна
Эдийн засагч гэж хэлэхэд ичиж үхмээр мэдлэг боловсролгүй эргүү нөхөр юмаа.
Татвар татвар гээд иргэдээ туйлдуулдгаа болимоор юм
АВИЛГАЧ ЛУЙВАРЧИДЫН ДАРАМТАД БАЙНА , МОНГОЛ УЛС.
Яг үнэн
ЗГ нь эдийн засагчдынхаа үгийг сонсдоггүй юм уу. Дандаа тэнэг бодлого явуулах юм. Газрын тосны үйлдвэр анхнаасаа Хүүкийн гараар орсон юм чинь бүтэхгүй л байх аа даа. Монгол одоо одоо төсөвтэй боллоо. Ингэж болдог юм уу
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Сандал суудлаа булаалдаад 2 жил боллор шүү дээ. Үнэхээр дорвитой юу хийв.
Монгол улс засаглалын гүнзгий хямралд орсон. Дээр нь төрд он удаан жил хулгай нүүрлэсэн. Эдгээр шалтгааны цаад эзэд нь үе үеийн ерөнхийлөгч, ИХ дарга, ЕСАЙД, ИХ гишүүд юм. Тиймээс дан ганц ерөнхийлөгчийн засаглалд шилжвээс хулгай зэлгий багасах магадлалтай. Улс орноо тийм байдалд хүргэсэн тэдгээр хулгайчид ноён ялаа эдлэх нохой яраа долоох цаг ирнэ, дээд тэнгэр гэсгээх нь лавтай
Удам угсаа гарал муутай хэдэн ерөнхийлөгчид Монгол улсыг самарч байгаа үнэн!!! Сүүлийн дөрвөн ерөнхийлөгч ид одоо болтол хор найруулаж бн!! Үндсэндээ гол хор найруулаж хоёр нь Х, Баттулга У, Хүрэлсүх хоёр энэ цөвүүн цагийн муу муухайн өнгө нь болж бн!!
Засаглалын зөв бодлогын хямралд орчихсон гэдгийг ойлгосонгүй. Яахаараа зөв байхад хямралаас гэж. Буруу бодлогын хямралд орсон гэж бичиж болохгүй юу? Үнэнээсээ асуув.
Зөв бодлогын хямррал гэхээр зөв бодлого явуулж чадахгүй байгааг л хэлж байна ш дээ
Монгол улсын хэмжээнд хүнсний нөөц ба их хэр хэмжээнд байгаа вэ ??? Тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болговол зүгээр ........
Монгол улсын хэмжээнд хүнсний ихийн хэмжээ хэдэн хувь байгаа вэ ????
Нэг непал ажиллагаа явуулах уу. Улс орноо тоногч нүүрсчид эдү чид гээд нэр тодрохоый хэдэн нөхдийн нохой мэт гинжилж хөтөлж олны өмнө нзгэлиыг нь яриулаад дүүжилэх үйл явцыг хий
Монгол улсын хэмжээнд хүнсний их хэдэн хувьтай байгаа вэ ??? Тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг яаралтай 1.500.000 төгрөг болгоорой !!!!!!!