Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Гарьд мебель сэтгэл ханамжийг үйлдвэрлэдэг

Бид үйлдвэрлэгч буландаа Гарьд мебель ХХК-ийн үйлдвэрийг зорьсон юм. Тус компани нь 2009 онд захиалгат тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Монголдоо тавилга үйлдвэрлэлийн салбарт анх удаа ханын шкафаар төрөлжин тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар арван жилийн нүүрийг үзэж байна.

Гарьд мебель нь бүтээгдэхүүнийхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан олон улсын ИСО-9001 стандартад нийцсэн Австрийн Egger Солонгос улсын UV, DSP хавтангууд Hettich, DTC брэндийн нугаснууд, шургуулганы зам болон дэлхийн 86 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг HiGold брэндийн шкафны тоноглолуудыг импортлон оруулж ирж үйлдвэрлэлдээ ашигладаг байна.

Биднийг тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Г.Мөнхбат угтан авч байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярилцаж, үйлдвэрээ танилцуулсан юм. Байгууллагын дотоод уур амьсгал ихэд халуун дулаан, эерэг сэтгэгдлийг төрүүлж байлаа. Бүхний л ажилтан нь инээмсэглэж, тус бүрийн ажлаа хийх бөгөөд үүнээс тус байгууллагын ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нь анзаарагдсан юм.

-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-Манай Гарьд мебель нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар хориод ажилтантай. Монголдоо орчин үеийн загвар шийдэл бүxий тавилгыг үйлдвэрлэж Монголын тавилгын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг. Манайх ханын шкафаар голлож үйлдвэрлэлээ явуулдаг. Үүнээс гадна хэрэглэгчийн хүсэлтээр гал тогооны тавилга болон зурагтын тавиур, үүдний өлгүүр зэргийг хийдэг юм.

-Анх энэ салбарт хэрхэн хөл тавьж байв? яагаад тавилга гэж?

-Хүмүүс Орос школтой гэж ярьдаг шүү дээ. Миний хувьд тавилгын чиглэлээр Турк школтой хүн л дээ. Би анх Туркийн хөрөнгө оруулалттай нэгэн компанид ажиллаж байсан юм. Тэр компанидаа туслахаас эхлээд бүxий ажлыг хийж байгаад тавилга хийхэд суралцсан. Манай улсад тавилгын үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй байсан үе. Тавилга хийдэг хувь хүмүүс л байсан юм. Тухайн компани гаднын хөгжингүй орноос орж ирсэн болоод ч тэр юм уу тавилгын салбарт өргөн цар хүрээгээр орж ирж байсан. Туркууд өөрсдөө чанарыг маш ихээр эрхэмлэдэг. Манай улсыг бодвол Хөгжингүй улс учир барьж буй стандарт, дэг журам нь их сүрхий, шаардлага өндөртэй байдаг. Бүхий л зүйл дээр эмх цэгцийг эрхэмлэдэг гэж хэлж болно. Миний хувьд тэдгээр  шаардлага өндөртэй турк мастеруудад загнуулж юм сурсан учир тэдэн шиг шаардлага өндөртэй, эмх цэгцтэй байх зарчмыг баримталж ажилладаг.


-ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАСАН МАТЕРИАЛ АШИГЛАДАГ-

Гарьд мебель нь тавилгын чанарыг эрхэмлэдэг бөгөөд Европын алдарт 58 жилийн түүхтэй Австри улсын Egger брэндийн хавтанг үйлдвэрлэлдээ ашигладаг байна. Тус брэндийн хавтан нь энгийн хавтангаас хоёр дахин нягтаршил сайтай цэвэр модны зоргодос бөгөөд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өнгө үзэмж сайтай гэдгээрээ давуу талтай.

-Тавилгын материалаа хаанаас оруулж ирдэг вэ?

-Тавилгын материалын хувьд сүүлийн үед Австри улсын Egger хавтангаар тавилгаа хийж байгаа. Тус хувтанг Дойч ивээл компани албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг. Тус компаниас материалаа худалдан авч тавилгаа хийдэг. Түүнчлэн тавилганд гүйдэг хаалганы зам, хаалганы бариул, рам зэрэг маш олон нэр төрлийн детайл ордог.  Тэр бүгдийг бид өөрсдөө Солонгос, Хятад, Герман зэрэг улсуудаас импортоор оруулж ирж, тавилгадаа ашигладаг.

-Худалдан авагчийн сэтгэл ханамжийн талаар?

-Арван жилийн турш эрээнтэй, бараантай харгуйг туулсаар өнөөдрийг хүрлээ. 10 жилийн туршлагыг үндсэн дээр хэрэглэгчиддээ нэлээд сайн танигдсан. Бид мөнгө олохоос урьтаж хэрэглэгчиддээ сэтгэл ханамжийг үйлдвэрлэнэ гэх зорилго тавьж ажилладаг. Бизнес учир ашиг орлого чухал ч гэсэн түүнээс илүүтэйгээр хэрэглэгчдийн маань сэтгэл ханамж өндөр байгаасай хэмээн хүсдэг юм.


-БИД ДАВТАГДАШГҮЙ ТАВИЛГА ҮЙЛДВЭРЛЭДЭГ-

-Тавилга үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага бий. Тэднээс юугаараа ялгаатай вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн ханын шкафаар дагнаж үйлдвэрлэлээ явуулдаг учир дэлхийн тавилгын хөгжилтэй хөл нийлүүлэн шинэлэг загвар бүхий шкафыг хэрэглэгчиддээ санал болгохыг зорьдог. Хамгийн гол нь Монголын зах зээл дээр тэр бүр байгаад байдаггүй тавилгыг үйлдвэрлэхийг эрэлхийлдгээрээ давуу талтай.

Бусад тавилгын үйлдвэрлэлийн хувьд нэгэнтэйгээ ижил тавилга үйлдвэрлэж, бусдынхаа үнийг унагаах хандлага ажиглагддаг. Манайх бусдаас арай өөр. Бусад үйлдвэрийн тавилгыг дуурайж хийх сонирхол бидэнд үнэхээр байдаггүй. Өөрсдийнхөө хүсэл сонирхлоос гадна худалдан авагчдын сэтгэгдлийг сонсож давтагдашгүй тавилга хийхийг зорьдог.

-Манайхан шинээр байр авч, тусдаа гарахаараа гэрийн тавилгаа сонгохоор урд хөршийг зорих нь олонтаа. Учир нь Манай тавилга чанар муутай гэдэг юм билээ л дээ?

-Одоогоос 4-5 жилийн өмнө Гарьд мебель ч энэ асуудалтай тулгарч байсан. Тухайн үед бизнесээ эхлүүлээд удаагүй байсан учир тэр болгон Европын орнуудаас материалаа татаж чаддаггүй байлаа. Хятад улсаас л ямар ч цензургүй, лабораторийн шинжилгээгүй материалыг оруулж ирж тавилгаа үйлдвэрлэдэг байсан юм л даа. Харин одоо Egger брэндийн хавтанг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр монголын тавилгын салбарт шинэ өнгө, чанарыг нэмж, өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна.  Европ стандарт гэдэг шаардлага өндөр. Тиймээс Эко, чанартай, орчин үеийн шийдэл бүхий тавилга үйлдвэрлэж байгаа хэмээн хэлж чадна.

Манай улс одоо ч тавилгын чанарыг тодорхойлох лаборатори тал дээрээ хараахан хөгжөөгүй л байна. Манай залуус өөрсдөө тавилгын үйлдвэрлэл ихээр хийх болж, гадаад дотоодоор ч их явдаг болж. Үүнийгээ дагаад олон төрлийн шинэлэг тавилгыг импортоор оруулж ирэх болсон байна. Тиймээс чанарыг эрхэмлэхгүй бол зэх зээлд өрсөлдөхөд хэцүү болсон цаг шүү дээ. Тиймээс бид импортын тавилгатай чанараараа л өрсөлдөнө.

-Худалдан авагчид танай бараа бүтээгдэхүүнийг хаанаас үзэж, сонголт хийх боломжтой вэ?

-Гермес худалдааны төвд манай дэлгүүр ажилладаг.

-Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Чанартай материалаар тавилгаа үйлдвэрлэдэг учир дунджаас арай дээгүүр үнэтэй гэж хэлж болно.


-МОНГОЛ ЗАЛУУС ТОГТВОРТОЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ-

-Энэ салбарт ажиллахад олон асуудал тулгардаг байх л даа. Энэ талаар яриач?

-Мэдээж үйлдвэрлэл гэдэг утгаараа хүний хүч хөдөлмөр маш их шаарддаг учир олон асуудалтай нүүр тулдаг. Тухайлбал хүний нөөцийн асуудал ихээр тулгамддаг. Учир нь модны мужаан гэж байх боловч хавтан чиглэлээр их дээд сургуульд боловсон хүчин бэлтгэдэггүй. Сүүлийн үед МСҮТ-үүдээр цөөн хүмүүсийг сургах болсон талаар сонссон ч манай салбарт ажиллах хүний нөөц дутмаг байдаг. Түүнчлэн манай монгол залуус тогтвор суурьшилтай ажиллах тал дээр учир дутагдалтай. Аль өндөр цалин өгч буйруу нь явчих гээд байдаг талтай. Гэсэн хэрнээ олгож буй цалингийн хэмжээнд ажиллаж чаддаггүй. Залуустаа хандаж хэлэхэд нэг зүйлдээ тууштай байгаасай.

-Энэ салбарт тавилга маань солигдчихсон байна гээд л асуудал үүсдэг талтай. Хариуцлагатай үйлчилгээ их чухал санагддаг л даа?

-Үйл ажиллагаагаа явуулж эхлээд л шууд супер компани болохгүй шүү дээ. Анх хэрэглэгч эсвэл бидний талаас буруу ойлголцсоноос юм уу эсвэл хэт их ачааллаас үүдээд андуурал гарах тохиолдол цөөн байсан. Одоо бид хүний нөөцөө идэвхжүүлж, нэг хүнд ногдох ачааллыг бууруулснаар дээрх асуудал ахин үүсэхгүй байх нөхцөл бүрдсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд тийм асуудал Гарьд мебельд үүсээгүй ээ.


-ГАНЦХАН НУГАС ЭВДРЭХЭД БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНД УНАДАГ-

-Манайх ч үндэсний үйлдвэрлэлийн тавилгыг хэрэглэж байсан. Гэвч зам нь эвдрээд л нугас нь салж унах зэрэг их л учир дутагдалтай байсан юм л даа. Гарьд Мебелийн хувьд эдэлгээ хэр вэ?

-Бид өөрсдөө дөрвөн жилийн өмнөөс бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд хэрэглэдэг болсон. Хаалганы нугас дээр жишээ дурдвал  бид анх байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаанд бараа бүтээгдэxүүнээ ихэвчлэн зуун айлаас авдаг байсан л даа. Нэг газраас дажгүй гэсэн нугасыг авахаар өнөөх газар нь тэр нугасаа оруулж ирэхээ больчихдог, тэгэхээр өөр өөр газраас төстэй нугас авах шаардлага гардаг. Ингэснээр хаанаас авсан нугаснаас нь алдаа дутагдал, эвдрэл гараад байгааг мэдэх боломжгүй байдаг байсан. Ганцхан нугас эвдрэхэд байгууллагын нэр хүнд унадаг байхгүй юу. Тиймээс жижиг материалаа хүртэл өөрсдөө импортоор оруулж ирж байгаа. Европын DТС брендийн нугасыг тавилгада байнга ашиглах болсон. Үүнийг хэрэглэж эхэлснээс хойш айлуудаас нугас эвдэрлээ гэх асуудал үүсэхээ байсан. Сүүлийн үеийн манай сонгон ашиглаж буй материалууд бүгд маш чанартай.

-Үйлчлүүлэгчдээ хэрхэн татаж, тэдэнд юуг амлаж ажилладаг вэ?

-Бид масст чиглэсэн реклам сурталчилгаа хийхээс илүүтэй дотоод нөөц бололцоогоо ашиглаж, үйлчлүүлэгчдээ татдаг. Түрүүн хэлсэнчлэн сэтгэл ханамжийн баталгаатай сайхан тавилга хийгээд өгчих юм бол худалдан авалт хийсэн хүний маань гэр бүл, найз нөхөд зэрэг танилын хүрээлэл манайхыг зорьдог. Манайхан худалдан авалт хийхдээ хамгийн түрүүнд ойр дотны хүмүүсээсээ эхэлж судалдаг. Тиймээс бид чанартай сайн тавилга үйлдвэрлэснээр үйлчлүүлэгчид маань улам нэмэгддэг. Үйлчлүүлсэн хүнийхээ аман рекламаар л үйлчлүүлэгчдээ татдаг даа.

-Захиалга хэдий хугацаанд бэлэн болдог вэ?

-Манай захиалга 7-10 хоногийн дотор гардаг. Хэрэв үйлчлүүлэгчдэд яаралтай хугацаанд бэлэн авах шаардлага гарвал тэдний саналыг хүлээн авч, илүү цагаар ажиллаад бүтээгдэхүүнээ аль болох хурдан гаргахыг зорьдог.

-Яаралтай үед нэмэлт төлбөр авдаг хэрэг үү?

-Нэгэнт манайхыг зориод ирж байгаа үйлчлүүлэгчиддээ талархаад аль болох нэмэлт мөнгө гэлгүйгээр сэтгэл зүрхээрээ хурдан гаргаж өгөхийг зорьж ажиллаж байгаа.

-Үйлчлүүлэгчидтэйгээ гэрээ сэлт хийсний үндсэн дээр захиалга авдаг уу?

-Тэгэлгүй яахав. Гэрээ нь найдвартай харилцааны үндэс шүү дээ. Тийм ч учраас гэрээ хийж, түүндээ өнгө загвар хэмжээ зэрэг бүхий л зүйлээ хавсралтаар зааж хариуцлагатай ажилладаг.

-Бүтээгдэxүүндээ баталгаат хугацаа өгдөг үү?

-Бүтээгдэхүүнээсээ хамаараад 1-5 жилийн баталгаат хугацааг өгдөг юм. Заасан хугацаанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл үүсвэл очоод засахыг нь засаад, солихыг нь солиод өгдөг. Импортын тавилгын хувьд ихэвчлэн зургаан сараас нэг жилийн баталгааг өгдөг. Зарим нь баталгаат хугацаа ч байдаггүй. Манайх хэдий баталгаа өгдөг ч зарим цөөн тохиолдлыг эс тооцвол эвдэрчихлээ гэж тэр бүр залгадаггүй. 7,8 жилийн өмнө тавилга авч байсан айлууд маань танайх үнэхээр сайн шүү, одоо ч эвдрээгүй байж байгаа гэдэг. Одоо манай материал сайжраад улам чанартай болсон. Үүнээс үзэхэд, хэрэв худалдан авалт хийж буй айл маань өөрсдөө уйдаад хаячихгүй л бол манай үйлдвэрлэсэн тавилга 20 ч наслах бүрэн боломжтой юм уу даа гэж хараад байгаа.

-Үйл ажиллагаагаа явуулаад арван жилийн нүүрийг үзэж ээ, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө дурдаач?

-Монголдоо үнэ цэнэ бүхий брэнд байгууллага болох зорилт тавин ажилладаг даа. Олон улсын стандартад нийцсэн томоохон компани болоод хөгжихийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-15 19:16

1

Холбоотой мэдээ

Back to top button