Үйлдвэрлэгч

СУРВАЛЖИЛГА: Суудлын тэрэгний тээшинд багтдаг, эвхэгддэг “МОНГОЛ ГЭР”-ийг 30 минутанд барьж байна

Уншигч та бүхнийгээ бид энэ удаа үндэсний уламжлалаа орчин үеийн арга хэлбэрт шилжүүлэн, хадгалж буй “Аянчин” монгол гэрийг бүтээсэн А.Оюунчимэг, Д.Батсуурь нартай уулзуулж байна. Суудлын тэрэгний тээшинд эвхэгдээд багтчихдаг энэ монгол гэрийн хань, унь, тооно, хаалга нь бүгд эвхэгддэг учраас ийм авсаархан бөгөөд хөнгөхөн болдог аж. 2-3 хүн зэрэг барьж эхлэхэд 30 минутын дараа хүссэн газраа босгож болох эвхэгддэг монгол гэрийн хэмжээ нь бага дөрвөн ханаттай тэнцэнэ.

ЭВХЭГДДЭГ МОНГОЛ ГЭР ХЭРХЭН БОСДОГ ВЭ

1.Энэ хоёр цүнхэнд монгол гэрийн бүх эд анги багтсан байгаа

2.Ханаа гаргаж ирэн дугуйлна. Хананы ам нийлэх хэсгүүдийг тэмдэглэсэн ногоон өнгөөр нийлүүлэн давхарлан босгоно

3.Хаалгаа угсарна

4.Ханаа хаалгатай холбож, зориулалтаар шийдэж өгсөн кнопоор тогтооно

5.Тооноо хэлбэрт нь оруулан, тусгай чангалагчаар татахад тооно дугуйрч бат бөх тогтоно

5.Тоононыхоо цамхрааг угсарч, хоёр ширхэг эрвээхий боолтоор багантайгаа холбоно

6.Униа угсарч өлгөнө.

7. Дотуур бүрээс, брезэнтэн бүрээс, гадуур цагаан бүрээсээ нөмөргөнө. Гадуур цагаан бүрээс нь борооны хамгаалалттай учир, бороотой үед дотогш нэвтэрнэ гэж айлтгүй

8.Бүслүүрээ бүслэн, даруулгаараа дарж гадаслана

-ААВЫНХАА ХИЙСЭН ЭВХЭГДДЭГ ЗУУХНААС САНАА АВСАН-

Эвхэгддэг гэрийг бүтээсэн инженер Д.Батсуурь:

-Эвхэгддэг гэр хийх санаагаа хэрхэн олсон түүхээр яриагаа эхэлье

-Монгол гэрийн мод овор хэмжээ ихтэй, морь тэмээнд тэгнэж ачихад зориулагдсан урт хэрэглэлүүдээс бүрддэг шүү дээ. Тиймээс Монгол гэрийнхээ уламжлалт агуулга, хэлбэрийг алдагдахгүйгээр орчин үед нийцүүлэн, ихэнх хүмүүсийн хэрэглэх болсон жижиг суудлын тэрэгний тээшинд багтаахыг хүссэн. Нэлээд олон жилийн өмнө “Хөглөг Алтайн жавхаа” нэртэй баримтат кино гарч, түүгээр аавын минь хийсэн отрын зуух малчид хэрэглэж буй тухай гарлаа. Тэр зуух оторт авч явахад зориулагдсан, эвхчихээр гар цүнх шиг хэмжээтэй болчихдог юм. Ингээд л монгол гэр хийдэг зарим нэг хүнтэй уулзаж сонирхож байгаад, ажлынхаа хажуугаар хоёр сар гаруй хугацаанд нухаж байж гэрээ босгож авсан.

-Та тэгвэл гарын ур дүйг ааваасаа өвлөсөн байх нь ээ?

-Тиймээ. Аав минь Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат “Дархан Даваа” нэрээр нутагтаа алдартай мужаан хүн байсан. Аавынхаа хажууд өсч байгаа болохоор багаасаа л алх дөш, харуул сүхний чимээнд өссөн. Тийм ч болохоор дунд сургуулийн долдугаар ангид байхдаа өөртөө зориулж тусгай нууцлал бүхий шургуулгатай ширээ хийж хүн амьтныг гайхуулж байлаа. Дараа нь хүүтэй болоод хүүдээ зориулж хүний алхааг мэдэрч автоматаар асч унтардаг унтраалга зохион бүтээж байв. Дээр үед шүү дээ. Хүү маань жаахандаа ариун цэврийн өрөө орох тоолондоо аавыгаа дуудаж гэрэл асаалгадаг байснаас ийм санаа олсон байдаг юм. Одоо ч хүү минь өвөө, аавынхаа ажлыг үргэлжлүүлэн яваа.

-Эвхэгддэг гэр салхи, шуурганд хэр тэсвэртэй байх бол?

-Хэрийн салхи, шуурганд хийсч унахгүй гэдгийг бид өөрсдөө туршиж, нотолсон. Гэр өөрөө нийт 50 кг жинтэй, дээр нь даруулгаар дарж гадаслах учраас санаа зовох зүйлгүй.

-Та хана, унь, тооныг хэрхэн эвхэгддэг байдлаар бүтээсэн технологиосоо танилцуулахгүй юу? Нэгэнт зохиогчийн эрхээ авсан тул таны санааг хулгайлж хийх боломжгүй шүү дээ.

-Тиймээ. Зохиогчийн эрхээр эвхэгддэг гэрээ баталгаажуулсан. Унь, хана, тооныг нь цуулбар модоор хийсэн. Тооныг нь задалж эвхээд уутанд хийх боломжтой. Унийг нь угсарчихдаг. Нэг унь хоёр хэсгээс бүрдэхээр хийсэн. Гэрийн модыг эвхэхэд бүх зүйл 1 метрийн урттай болно. Ханыг уламжлалт аргаар босоо чиглэлд амыг нь нийлүүлдэг байсан бол энэ гэрийн ханыг хэвтээ чиглэлээр нийлүүлдэг. Тиймээс хэмжээний хувьд овор багатай болсон. Хаалга нь ч бас эвхэгдэнэ. Ханатай адил эвхэгдэхээр хийсэн л дээ. Харин гэрийн цагаан бүрээсийг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Ноосон даавуун давхар дулаалгатай. Бүгдийг нь угладаг маягаар хийсэн.

-ЭВХЭГДДЭГ ГЭРИЙН ТАВЛИГУУД ХИЙНЭ-

-Монгол гэрийг эвхэгддэг байдлаар шийдэхэд хамгийн хэцүү хэсэг нь аль байв?

-Тооно. Үүнийг холбооны антеннаас санаа авч дугуйлдаг, буцаад хумигддаг байхаар тооцож хийсэн. Ханыг

-Монголчуудын ахуй амьдралын хэрэгцээнд тулгуурлан хийсэн нь мэдээж, дээр үед отор нүүдэлд явахад гэрээ хурааж, барихад амар байсан. Харин орчин үед?

-Аялал жуулчлал, рашаан сувилал, загасчлал, ан ав хийдэг эрчүүд гээд юунд ч хэзээ ч ашиглаж болно. Бид майхны аяны зориулалтаар ашигладаг ч хурц нартай, цас бороотой өдрүүдэд тийм ч тав тухтай байж чаддаггүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, хүмүүс энэ эвхэгддэг монгол гэрийг байрныхаа тагтан дээр ч хадгалчих боломжтой овор хэмжээ багатай. Голын эрэг дээр жижиг суудлын тэрэгтэйгээ очоод Монгол гэрээ барьчихаар ойр хавийн хүмүүс их гайхаж хүлээж авдаг. Тэгж яваад анхны захиалагчаа олсон.

-Нээрэн одоо зөвхөн дотоодын гэлтгүй гадныхан их сонирхож байгаа гэсэн шүү дээ. Ямар ямар улсын иргэд худалдаж авсан бэ?

-“Аянчин” гэр маань Герман, Швейцар, АНУ, Канад, Япон, Солонгос, Унгар, Чех, Голланд, Турк, Итали, Норвеги, Швед, Израил, Францад хүрээд байна. Цаашид “Монгол гэрийнхээ бууриар дэлхийг тамгална” зорилгынхоо хүрээнд өөр олон улсуудад хүргэж, томоохон бренд болгон, жуулчны бааз, дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө бий.

-Цаашдаа та эвхэгддэг гэрээ хөгжүүлэх тал дээр юу хийх бодолтой байгаа вэ?

-Цаашид аавынхаа хийж байсан эвхэгддэг зуух тэргүүтэй, эвхэгддэг тавилгууд хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Та эвхэгддэг гэртээ хэдэн жилийн баталгаа өгөх вэ?

-Насны гэр гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй байх аа. Жилийн дөрвөн улирал бариатай байхгүй болохоор удаан эдлэх боломжтой, Надаар гэр хийлгэсэн хүмүүст би эвдрэл гэмтлийг нь засч сэлбэх баталгаа өгчихнө. Хэрэв ямар нэг юмыг алдаатай хийсэн бол түүн дээрээ туршлагажина шүү дээ.

Эвхэгддэг гэрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖавна уу 

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button