Үйлдвэрлэгч

Монголд үнэртэй ус анхлан үйлдвэрлэгч Б.Ану-Үжин: Бизнес эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй

Монголчууд бид бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсны нэг нь үнэртэй ус. Тийм ээ, үнэртэй усыг ч бид өөрсдөө үйлдвэрлэдэг болжээ.

Бид "үйлдвэрлэгч" буландаа эх орондоо үнэртний соёлыг дэлгэрүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулаад буй, үнэртэй усыг анхлан үйлдвэрлэгчдийн нэг, “Your truly by Ujin” үнэртэй усыг үүсгэн байгуулагч Ану-Үжинг урьж ярилцлаа.

Товлосон цагт гайхалтай сайхан үнэр сэнгэнүүлсээр нэгэн эмэгтэй орж ирэх нь Б.Ану-Үжин. Тэрээр бидний хүсэлтийг уриалгахан хүлээн авсан бөгөөд нэг цагийн туршид өөрийн зохион бүтээсэн үнэртэн болон өөр олон сонирхолтой зүйлийн талаар ярилцлаа.

-ЭМЭГТЭЙ ХҮН ГОЁ САЙХАН ХАРАГДАХААС ГАДНА САЙХАН ҮНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ-

-Юун түрүүнд та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Ану-Үжин гэдэг. Отгонтэнгэр их сургуулийг олон улсын худалдааны чиглэлээр төгсөөд АНУ-д бизнесийн удирдлага чиглэлээр магистрын зэргээ хамгаалчихаад ирсэн. Америкт сурч байх хугацаандаа “Yours truly by Ujin” үнэртэй усаа бүтээх санаагаа олоод, хоёр жилийн хугацаанд бүтээсэн. Энэ хугацаандаа бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлсээр саяхан 2018 оны 12 сард дөнгөж гар дээрээ авчихаад байж байна.

-Өөрийн тань мэргэжил олон улсын худалдаа юм байна шүү дээ. Маш олон үйлдвэрлэл, худалдаа дундаас яагаад үнэртэй усыг сонгон бүтээх болсон юм бэ?

-Би өөрөө үнэртэй усны хоббитой, үнэртэй ус цуглуулах дуртай хүн. Эмэгтэй хүн гоё сайхан харагдахаас гадна сайхан үнэртэй байх ёстой гэж би боддог л доо. Мөн миний мэргэжил олон улсын худалдаа шүү дээ. Мэргэжил маань импортыг орлож, экспортыг хөгжүүлэх чиглэлтэй учир эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм байна гэж их боддог байлаа.

Монголчууд саван, ванны бөмбөлөг зэрэг бүxий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлчихсэн байна шүү дээ. Тийм ч учраас тэдгээртэй ижил зүйл үйлдвэрлэх бус ямар нэг байдлаар бусдаас онцгой, өөр зүйл үйлдвэрлэе гэж бодсон. Тэгээд л үнэртэй ус үйлдвэрлэхээр шийдсэн дээ. Үүнийхээ дагуу үнэртэй ус хэрхэн бүтэх талаар сургалтад суусан.

-МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНЭХЭЭР ДАЙЧИН-

-Ямар ч бизнесийг эхлүүлэхэд амаргүй байдаг. Ялангуяа анхдагч байна гэдэг тун хэцүү байх аа даа. Танд шантармаар, хэцүү үе байв уу?

-Миний хэлэх дуртай үг бол “Бизнесийг эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй”. Мэдээж хэцүү, шантармаар үе байсан. Үнэртэн гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Өнөөдөр хийчихээд маргааш нь худалдаанд гаргачихдаггүй. Маш их хөгжүүлэлт хэрэгтэй, үнэрээ үргэлж өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Түүнчлэн ямар үнэр ямар эмэгтэйд таалагддаг вэ гэх зэрэг маш их судалгаа шинжилгээ чухал.

Анхны жилийн хугацаанд миний үнэртэй ус яг машины эсвэл ариун цэврийн өрөөний үнэртүүлэгч шиг болоод ер санаанд нийцэхгүй байсан. Үүнээс би шантарч огт болохгүй юм байна, нэгэнт шийдсэн юм чинь зоригтой байх ёстой гэж бодсон. Учир нь Монгол эмэгтэйчүүд маань ямар дайчин билээ дээ.

Тухайн үед Монголд анхлан үнэртэй усыг үйлдвэрлэсэн Цацрал гэх эмэгтэйг үнэртэй ус бүтээж байгааг мэдээгүй. Тиймээс өөрийгөө анхдагч байх магадлалтай гэж бодоод нэг жилийн хугацаанд бараг л өдөр бүр маш шаргуу ажилласан.

-Таны нэр Ану-Үжин. Бүтээгдэхүүнээ өөрийн нэрээр нэрлэсэн юм аа даа?

-Тийм ээ, тэгж ойлгож болно. Үнэртэй усны маань нэр өөрөө хоёр утгатай. Эхнийх нь миний нэрний хоёр дахь үе болох Үжин. Харин хоёр дахь утга нь Монгол хатдыг эрт дээр үед Өүлэн үжин, Бөртэ үжин гэх мэтээр Үжин хэмээн тодотгодог байсан шүү дээ. Үүнээс үүдэн Ану биш, Ану-Үжин ч биш Үжин хэмээгээд, Монгол хатнаас зөвхөн танд зориулав гэх утгыг агуулж ийн нэрлэсэн юм.

-Одоогоор зөвхөн эмэгтэй үнэртэнг үйлдвэрлэсэн юм билээ. Эрэгтэй усны тухайд?

-Эрэгтэй үнэртэн хэзээ гаргах вэ гэж худалдан авагчид маань их асууж байгаа. Одоогийн байдлаар энэ гаргасан үнэртэй усаа Монголд хэрхэн үйлдвэрлэх гарцыг хайж байгаа учраас эрэгтэй үнэртэн үйлдвэрлэх ажлаа хараахан эхлүүлээгүй. Цаашдаа Юнисэкс үнэртэн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.

-Үнэртэй ус худалдан авахад тавигддаг нэгэн чухал шаардлага бол үнэрээ удаан барих явдал шүү дээ, Yours truly by Ujin усны хувьд?

-Миний үнэртэн Eau de parfum  учир үнэрээ 5-6 цаг барина. Түүнчлэн дэлхийн жишиг стандартад нийцсэн учир нэг цацсан байхад нэг өдөртөө, бүр маргааш нь ч үнэрээ хадгалж л байдаг.

-Худалдан авагчдын сэтгэл ханамжийн үнэлгээ ямар байгаа вэ, шинэ бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээн авч байна?

-Худалдан авагчид маань маш өндөр сэтгэгдэлтэй байдаг. Үүнд би их олзуурхаж байгаа. Хамгийн эхний бүтээгдэхүүн маань хүмүүст ингэж сайн хүрч байгаа нь эргүүлээд надад урам зориг өгч байна. Би анх зах зээлд гарахдаа их эмээж байсан.. Учир нь үйлчлүүлэгчид Chanel, Burberry зэрэг брендийн ус хэрэглэх маш их дуртай учир зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүн гараад ирэхээр хэрхэн хүлээж авах бол гээд л маш их айж байсан.

Тийм ч учраас Limited Edition буюу цөөн тоогоор үйлдвэрлэсэн боловч одоо бараг үйлдвэрлэсэн тоо маань дуусаж байна шүү дээ. Тиймээс дараа дараагийн захиалгадаа орчихсон явж байгаа. Үүнээс цаашдаа илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна хэмээн үзээд зөвхөн үнэртэй усаар зогсохгүй биеийн тос, саван, лаа зэргийг үнэртэй устайгаа холбон дараагийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой байгаа даа.

-АМЕРИК СТАНДАРТЫН ДАГУУ ҮНЭРТНЭЭ ҮЙЛДВЭРЛЭДЭГ-

-Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэсэн шүү дээ. Тийм ч учраас бүтээгдэхүүн нь дэлхийн стандартад нийцсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тийм шүү, Америк орон чанар стандартын хувьд маш хатуу, өндөр шаардлагатай байдаг. Миний сонгосон үйлдвэр ч тус шаардлагын дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Эхний шатанд би бүтээгдэхүүнээ өөрийн биеэр зохион бүтээсний дараа шинжилгээнд явуулж, PDA сертификатаа авсны үндсэн дээр тухайн үйлдвэртэй гэрээ хийж, бүтээгдэхүүний нууц жороо өгөөд үйлдвэрлүүлдэг юм.

-Америкийн зах зээлд худалдаалагддаг уу, тийм бол танигдаж эхэлсэн болов уу?

-Сан Франциско, Оакланд зэрэг хотуудад миний бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа. Намайг монголд ирсэн хойно бүтээгдэхүүн маань бэлэн болсон учир Америкийн дэлгүүрүүдтэй холбогдоход бага зэргийн хүндрэлтэй байгаа л даа. Гэхдээ монгол хүмүүстэйгээ хамтран ажиллаж, дэлгүүрүүдэд нь худалдаалж байгаа.

Америкт маш олон гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэд шинэ бараа бүтээгдэхүүнийг маш элгэмсэгээр хүлээн авдаг. Тиймээс монгол хүн, Америкт үйлдвэрлэсэн үнэртэй ус гэхээр маш эерэг хандлагатай байна байх гэж найдаж байгаа. Одоогоор мэйлээр холбоо тогтоож, ярилцах шатандаа явж байна.

-Тэгвэл Манай улсад хаана, хаана худалдаалагдаж байгаа вэ?

-Ценртал тауэрт Чакранда Фарфумс нэртэй дэлгүүрт зарагдаж байгаад болиод, саяхнаас Гранд плазагийн нэг давхарт шинэ салбараа нээсэн. Худалдан авагчид маань үйлчлүүлээд сурчихсан учир Ценртал тауэрийг зориод байгаа л даа. Энэ завшааныг ашиглан бид байршлаа солисон талаар дуулгамаар байна.

-Зах зээлд үйлдвэрлэл эрхлэхэд олон асуудалтай тулгардаг байх л даа. Энэ талаар яривал?

-Миний Старт-ап бизнес Америкийн зах зээлд эхэлсэн учир жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг хараахан мэдрээгүй л явна. Гэхдээ Төр засгийн бодлого нь жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесээ дэмжиж, тэдэн рүү чиглэж чаддаг байх юм бол бид улам хөгжинө гэж боддог. Түүнчлэн төрөөс туслалцаа дэмжлэг xүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тэр талын мэдээлэл маш дутмаг байдаг. Тийм ч учраас төр засгаас ЖДҮ-дэд мэдээлэл хүргэх сургалт зоxион байгуулаасай гэж хүсдэг дээ.

-Цаашдын алсын хараа, нөөц бололцоогоо дурдвал? Өмнө нь биеийн тос, саван зэргийг гаргах xүсэлтэй байгаа гэсэн шүү дээ.

-Одоогоор хоёр даxь үнэртэй усныхаа санааг боловсруулаад, хөгжүүлэлт хийгээд явж байна. Өмнө нь дурдсанчлан юнисекс буюу эрэгтэй, эмэгтэй аль аль нь хэрэглэх боломжтой үнэртэнг зохион бүтээх ажилдаа орчиxсон байна. Зөвхөн эрэгтэй ус үйлдвэрлэе гэхээр би өөрөө эмэгтэй хүний мэдрэмж дээр тулгуурлан анхны усаа үйлдвэрлэсэн учир надад бага зэрэг хол санагдаад байгаа юм.

Тиймээс эрсдэлээ үнэлээд, эхний ээлжид эрэгтэй эмэгтэй аль аль нь хэрэглэж болохуйц үнэртэй ус зоxион бүтээчихээд, түүнийг маань хир олон эрчүүд худалдан авч байгаа талаар судалгаа хийсний үндсэн дээр эрчүүддээ зориулан үнэртэй ус үйлдвэрлэе гэсэн бодолтой байгаа.

Дараагийн зорилго маань бүтээгдэхүүнээ зөвхөн Америкт үйлдвэрлэх бус эх орондоо хэрхэн оруулж ирэх вэ, Монголд үнэртэй ус үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хаанаас авах боломжтой зэргийг эрэлхийлж, заx зээлийн судалгаагаа хийгээд явж байна даа. Үнэртэй ус гэдэг нь удаан хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр хийгддэг учир дараагийн бүтээгдэхүүнээ гаргахад доод тал нь найман сар шаардлагатай. Талх нарийн боов шиг өнөөдөр үйлдвэрлээд маргааш нь худалдаалах боломжгүй учраас тэр.

-Үнэртэй усны сонирхолтой байсан учраас түүндээ хөтлөгдөн үнэртэнг үйлдвэрлэх болсон гэсэн шүү дээ. Таны цуглуулгад хэчнээн нэр төрлийн үнэртэн байгаа талаараа сонирхуулаач?

-Одоогоор 50 гаруй үнэртэй устай, энэ нь цуглуулгатай хүмүүсийн хажууд бага тоо л доо. Би төрөл бүрийн үнэртэнг цуглуулах сонирхолтой. Тухайлбал, модлог, жимслэг зэрэг нэр төрөл бүрээс нэг нэгийг авч цуглуулгадаа нэмдэг. Би бренд-д биш үнэрт гол ач холбогдлоо өгдөг учир хүмүүсийн огт мэдэхгүй үнэртэй уснаас эхлүүлээд Шанелийн ус байх жишээтэй.

-Үнэртэй усных нь хуудсыг сонирхоход өмнө нь Ванны бөмбөлөг, саван зэргийг хийдэг байсан юм билээ. Тэр чиглэлээрээ ч мөн үйлдвэрлэл эрхэлдэг байсан уу?

-Ер нь л би бага байхаасаа ээжийнхээ уруулын будгаар нь будчихаад үүнийг яаж хийдэг юм бол гэх зэргээр их сониучирхдаг байсан л даа. Түүнчлэн арван жилд байхаасаа л бялуу, нарийн боов зэрэг гар аргаар юу хийж, урлаж болох арга замыг эрэлхийлдэг байсан минь өнөөдрийн үйлдвэрлэлд минь нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Түүнчлэн ээж маань зураг зурж, шүлэг бичдэг урлагийн авьяастай хүн учир намайг бүхий л талаас минь дэмжсэнээр миний уран сэтгэхүйг сэрээж өгсөн юм болов уу гэж боддог.

Оюутан цагийнхаа хоёр жилийн хугацаанд хатуу саван, ванны бөмбөлөг зэргийг гар аргааг хийж ойрын xүрээндээ худалдаалдаг байсан.. Тухай үед одоогийнх шиг ванны бөмбөлгийг бренд болгож үйлдвэрлэдэггүй байсан учир анхлан гар аргаар хийж худалдаалдаг байсан гэж болох байх.

Өвөө минь их гарын дүйтэй хүн байсан учир өвөөгийнхөө сийлбэрийн хутгыг ашиглан өөрийн гараар хатуу савангаа сарнайн хэлбэртэй болгож, зорж худалдаалдаг байлаа. Одоо бол хивэнд цутгачихдаг болсон шүү дээ.

-Үнэртэй ус бүтээнэ гэдэг хүн бүрийн хийж чадах зүйл биш шүү дээ. Их л нарийн мэдрэмж шаардах учир таныг өндөр мэдрэмжтэй хүн хэмээн бодож байна...

-Мэдрэмж гэдэг зүйлийг хэмжээлж хэлэхэд их xэцүү шүү дээ. Өөрийгөө үнэртэй усанд эсвэл гоо сайхны мэдрэмжтэй гэхэд их хэцүү. Гэхдээ бага байхдаа шүлэг бичих их сонирхолтой хүүхэд байсан юм. Үүнээс өөрийгөө бага ч атугай уран сэтгэмжтэй юм болов уу л гэж боддог.

Анх үнэртэй ус хийнэ гэдэгтээ их итгэлгүй байсан ч уйгагүй хөдөлмөрийн үр дүнд анхны бүтээгдэхүүнээ гаргасан. Тиймээс тодорхой хэмжээний мэдрэмж, сэтгэмж дээр хүний хөдөлмөр, сэтгэл нэмэгдсэнээр аливааг хийдэг байх л даа.

-ХАЛИМНЫ ГЭДСЭН ДОТОР БАЙХ АНХИЛУУН ЗҮЙЛЭЭР Ч ҮНЭРТЭНГ ХИЙДЭГ-

-Үнэртэй усных нь сав баглаа боодол их чамин харагдаж байна. Загварыг нь та өөрөө гаргасан уу?

-Тийм ээ, би өөрөө гаргасан. Ягаан өнгөтэй нь усны хөвөөн дээр байгаа Бадамлянхуа цэцгийн санагдуулам байгаа биз? Миний Yours truly by Ujin үнэртэй усны гол ноот нь Бадамлянхуа цэцэг учраас ийн хийсэн юм. Түүнчлэн ариун, цэвэр байдлыг илтгэдэг учир Монголчууд маань Бадамлянхуа цэцгийг ихэд эрхэмлэдэг шүү дээ.

-Монголчууд маань үнэртний соёлд улам ихээр нэвтэрч, дэлхийн шинэ нээлт бүхий үнэртэнг хэрэглэх болсон байна билээ. Гэхдээ үнэртэй ус хэрэглэгч бүр үнэртэй усны ноотны талаар төдийлөн сайн мэддэггүй байх, энэ талаар уншигчдад мэдээлэл өгвөл?

-Би ч өөрийгөө үнэртэй усны сонирхогч л гэж тодорхойлно. Учир нь энэ чиглэлийн маш олон эрдэмтэн судлаачид байдаг шүү дээ. Гэхдээ миний бодлоор үнэртэй усны ноот гэдэг нь үнэртэй ус зохион бүтээхэд ордог хамгийн чуxал зүйл л дээ. Өөрөөр хэлбэл, үнэртэй усны амин сүнс юм. Энэ нь тосон, ургамал зэрэг олон хэлбэрээр байдаг. Зарим ноотны хувьд бүр халимны гэдсэн дотор байдаг анхилуун зүйлээр хүртэл хийгддэг. Үнэртэй ус нь тэр чигээрээ зоxион бүтээж буй хүнийхээ онгодоор бүтдэг. Тухайн хүний онгод хаашаа хөтөлнө, тэр нь үнэртэнд ноот хэлбэрээр ордог гэх юм уу даа.

-АШИГ ОЛОХ БУС ҮНЭРТНИЙ СОЁЛЫГ ЭХ ОРОНДОО ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ МИНИЙ ҮНДСЭН ЗОРИЛГО-

-Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Миний үнэртэй усанд сайн чанартай ноот ордог. Гэхдээ би өндөр үнэ тогтоогоогүй. Учир нь манай улсын амьдралын түвшин ямар байгаа билээ, тийм ч учраас судалгаан дээр үндэслэж 80 мянган төгрөгт багтаахаар болсон.

Би ашиг олох зорилгоор бус нийгэмдээ танигдаж, үнэртэй  усны соёлыг түгээж “Монгол хүн үнэртэй ус зохиож чадсан юм шүү” гэдгийг нийгэмд хүргэх зорилгоор энэ үнийг тогтоосон юм. Оюун ухаан, спорт гэхчилэн бүxий л салбарт монгол хүн танигдах болж. Раднаа гуай спортод өндөр амжилт үзүүлж, дэлхийд танигдлаа шүү дээ.

-Бизнес эрхлэгчдийн ард тусалж дэмжих гэр бүл байснаараа салбартаа улам их ололт амжилттай ажиллаж, бизнес нь илүү өргөждөг юм болов уу гэж боддог юм л даа. Өнөөдрийг хүртэл тусалж дэмжиж ирсэн хүмүүстээ талархсанаа илэрхийлбэл...

-Би бизнесийн санаагаа Америкт суралцаж байхдаа олсон гэж дурдсан шүү дээ. Тэнд би ажиллах боломжгүй байсан учир бизнесээ эхлүүлэхэд гэр бүл, хань минь болон хадмууд маань маш их туслалцаа үзүүлж, бүхий л талаар дэмжсэн учир маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлэх нь зөв болов уу.

Түүнчлэн Үнэртэй ус сонирхогчдын группынхэн болон тус групын админ Орчлонд таларxснаа илэрхийлмээр байна. Тэд миний бүтээгдэхүүнийг группдээ ямар ч үнэ төлбөргүйгээр сурталчилж, Your truly by Ujin усыг маань маш их дэмжин, өдөрлөгт хүртэл хамруулсан юм.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-12-03 12:56

Amoxicillin And Dental Infections Cialis Come Usarlo [url=http://cialibuy.com]cialis from canada[/url] Propecia En Ligne Canada Azathioprine

Холбоотой мэдээ

Back to top button