НИЙГЭМЭгэл бус амьдрал

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, хувийн бизнесээ “цэцэглүүлж” буй ГЭР БҮЛ

“Ганц гартай хүн анх эх орондоо ирчихээд нэг хэсэг архинд "живж” л байлаа. Үнэнийг хэлэхэд гэр орондоо ороход ч хэцүү. Хаалгаа тогшиход гэрийнхэн онгойлгож өгөхгүй байх жишээтэй. Гэхдээ яаж ч хямарсан ах нь ажил хөдөлмөр хийгээд л явдаг. Хүнээс хэзээ ч мөнгө гуйж үзээгүй. Мөнгө гуйж эсвэл хүнийг луйвардаж мөнгө олох л хамгийн муухай. Хамгийн гол нь хүн ажиллаж хөдөлмөрлөөд цалингаа аваад явна гэдэг чинь л болж байгаа юм” хэмээснээ нэг их санаашрав.

Тэртээ 1998 онд 20 гаруйхан насандаа үйлдвэрлэлийн ослоор баруун гараа алдаж, хожим 2012 эхнэртэйгээ танилцсанаас хойш “Бондгор гахай” мөнгөний баримлыг гэр бүлээрээ урлаж буй Дэмбэрэлийн Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр бидэнтэй ярилцсаныхаа дараа сэтгэлдээ тээглэсэн бул хар чулууг аваад уужирсан мэт болсноо хэлсэн юм.


-ХҮҮХЭД НАС-

Хоёрдугаар дөчин мянгатын гудамжинд хүүхдүүд шаагилдан тоглоно. Гэвч түүнд энэ нь нэг их чухал биш. Тэрбээр ах нараасаа илүү гарын дүйтэй, аж ахуйч нэгэн байв. Түүний ээж таван хүү төрүүлж өсгөсний гурав дахь нь Д.Эрдэнэбаяр. Ээж нь хүүхдүүдээ хардаг байсан тул гэрээрээ оёдол, нэхмэл хийдэг байжээ.

Тиймээс ч тэрбээр ээжийнхээ дэргэд суугаад ноосон утсаар малгай, ороолт нэхсээр өдрийг өнгөрүүлдэг байсан аж.

Энэ нь ч түүнд таалагддаг байв. Магадгүй хүүхэд байхын сурсан нэг зан нь барьсан ажлаа тууштай хийх байсан тул ийн няхуур болсон болов уу.

Харин аав нь барилгын инженер байсан тул гэртээ удаан тогтохоос илүү завгүй ажилладаг байжээ. Д.Эрдэнэбаяр амьтанд маш их хайртай. Тиймээс 11 настайдаа аав, ээжээрээ загас авахуулж тэжээж эхэлсэн байна. Дунд сургуулийн долдугаар анги хүртлээ 24-р дунд сургуульд суралцаж, 1991 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийг “Компьютерийн оператор” мэргэжлээр элсэн суралцжээ. Улмаар сургуулиа төгссөний дараа 1994 онд мэргэжлээрээ бус хувиараа хөдөлмөрлөх болов.

Өөрийн гэсэн орлоготой, гэр оронтой болох том зорилго өвөртөлж, 1998 онд Хилийн чинад дахь БНСУ-ыг зорьжээ.


-ОСОЛ-

Харь орны хэл, ёс заншил мэдэхгүй учир эхний хэдэн сар түүний хувьд маш хүнд өнгөрчээ. Ноолуурын үйлдвэрт ажилд оров. Харилцааны ойр зуур үгсийг сурч, ажилдаа ид улайрч байсан үе. Амралтгүй дөрвөн ээлж дарааллан ажиллаж, нойр хоолоо ч умартаж эхлэв.

Гайтай тэр л өдөр түүний амьдралыг орвонгоор нь эргүүлчих нь тэр.

Хэдий хуучирсан ч, сэтгэл эмзэглүүлсэн дурсамжаа тэрбээр ийн сөхлөө. “Ээлж солихгүй, амралтгүй ажиллаж байх үедээ гологдол бүтээгдэхүүн авахаар машин руу савх мод шидчихээд, савх модоороо дээшээ өргөөгүйгээс модтойгоо хамт гарынхаа бугуйг хүртэл авчихсан.

Ноолуурын үйлдвэр учраас машин нь нарийвчлалтай. Гарын ясыг маань машинд наагаад жаахан л мах цухуйсан байсан. Бугуй хүртэл машинд хавчуулаад, яс нь бяцарсан учир дахин сэргээгдэх боломжгүй болсон байсан. Эмнэлэгт очоод тохойныхоо араар гараа тайруулсан. Ямартай ч тухайн эх оронд нь эмчлүүлсэн болохоор тэнгэр муудахад ч миний гар өвддөггүй. Тиймээс Монголд биш Солонгост эмчлүүлсэндээ л их баярладаг. Одоо бодоход их сайн эмчилсэн байгаа юм. Үйлдвэрийн эзэн бүх зардал мөнгө дааж эмчлүүлсэн дээ хөөрхий” хэмээн санаа алдав.

Ажиллаж хөдөлмөрлөж, амьдралаа босгохоор харь орныг зорьсон залуу удалгүй өрөөсөн гартай, халаасандаа хэдэн төгрөгтэй нутагтаа ирэв.

Тухайн үед нас залуу, аливаа зүйлийн зөв бурууг ч ухаарах сөхөөгүй байсан тул үйлдвэрлэлийн ослын хэргийн материалд цагаан дээр хараар “гомдолгүй” хэмээх үгсийг сийлжээ. Онгоцны буудлаас гэр рүүгээ харих зам дэндүү хол, хэцүү байсныг дурсав. Тэрбээр энэ тухайгаа “Ганц гартай хүн анх эх орондоо ирчихээд нэг хэсэг архинд "живж” л байлаа.Үнэнийг хэлэхэд гэр орондоо ороход ч хэцүү. Хаалгаа тогшиход гэрийнхэн онгойлгож өгөхгүй байх жишээтэй хэцүү цаг хугацаа өнгөрсөн” гэв. Гэртээ ирсэн эхний хоёр сар амьтан хүнээс нуугдаж, гэрийн мухарт шигдсэн гэх.

Яг л зах хязгааргүй намагт хэзээ ч гарч чадахгүйгээр гүн шигдсэн мэт санагдаж, өөрийгөө бүрэн тусгаарлах нь тэр.

Өрөөсөн гараа харах бүртээ гутарч, найз нөхдөөсөө харилцаагаа тасалжээ. Цамцныхаа товчийг товчилж, гутлаа ч үдэж чадахгүй ер нь л бүрэн хүнээс хамааралтай болсон мэт санагдаж, дотроо тийчлэх нь даанч хэцүү. Гэвч дуусашгүй зовлон гэж байхгүй тул өөрийгөө намгаас татаж, бага багаар сэхэл авав. Даанч түүний харуулал эцсийнх байсангүй. 40 гаруйхан настай ижийгээ алдаж, сэтгэлийн шаналал үргэлжлэв. Түүнээс төд удалгүй 2011 онд эцгээ алдаж, бүрэн өнчрөх нь тэр. Ингээд Сүхбаатар дүүргийн 12-р хороо, Долоон буудалд байр түрээслээд гарчээ. Нэг өдөр түүнийг гудамжны ойролцоо алхаж явахад нь ээжээсээ төөрсөн 10 гаруй настай хүү уйлж суув. Д.Эрдэнэбаяр хүүг аргадаж, гэрт нь хүргэж өгсөн нь хань Д.Эрдэнэтуяа, хүү н.Батсуурьтайгаа анх учирсан тохиол байлаа.


-ХАНЬТАЙГАА УЧИРСАН НЬ-

Хүүг гэрт нь оруулж өгөхөд Д.Эрдэнэтуяа бүсгүй гэртээ цагаан өнгийн баримлууд хийж, эгнүүлэн өрсөн харагджээ. Багын гарын уртай, нямбай хүүхэд байсан учир цагаан баримлууд анхаарлыг нь татах нь тэр. Тэрбээр энэ тухайгаа:

“Хүүгээ гэрт нь оруулж өгөхөд цагаан өнгийн баримлууд байсан. Би ч шохоорхоод ойртоод харахад гахай байдаг юм даа. Түүнээс хойш эхнэрийнхээ гэрээр ойр ойрхон орж гардаг боллоо. Хийж байгаа зүйлийг нь ч тогтож хардаг. Сүүлдээ хийлцдэг болов. Ингээд л нэг мэдэхэд ханьтайгаа нэг гэрт орж, хамт амьдраад 10 гаруй жил болсон байна.

Хүү, гахай хоёр маань нь л намайг ханьтай маань учруулсан” хэмээн инээмсэглэв.

Д.Эрдэнэбаярыг ийн ярихад түүний хань дэргэд нь чимээгүй хэр нь тун тогтуун төрхөөр ширтэж байлаа. Тэд үг хэлээр бус үйлдлээрээ, харцаараа гээд илэрхийлж болох бүхий л хэлэмжээрээ хайраа илэрхийлж байгаа нь мэдрэгдэв.

Түүний гэргийг Одончимэгийн Эрдэнэтуяа гэдэг. 1972 онд айлын бага охин болж мэндэлжээ. Төрөлхийн тагнай цоорхой, сонсголын бэрхшээлтэй, калийн дутагдалтай төрж, түүнийгээ мэдэхгүй явсаар том болсон хойноо эмчлүүлсэн ч, бүрэн эмчлэгдээгүй байна. Сонсголын аппарат зүүж, тогтмол эмчийн хяналтад эмчилгээ хийлгэдэг болохыг дурдав. Тиймээс ч тэрбээр хүмүүстэй ярилцах дургүй. Дургүй гэхээс илүү олны харц, хэл амнаас эмээдэг гэж хэлж болохоор.

Түүнд хэл ярианы бэрхшээл заяасан ч, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, ах дүүс, эцэг эхийн хайрыг харамгүй зориулжээ.

Ах, эгч нартайгаа харилцаа сайн, хийж буй ажлыг нь мөн сайн дэмжиж, түшиг болсоор иржээ. Ханийгаа ярьж байх зуур нь хажуунаас нь дулаахан мишээж, яриаг нь дэмжинэ. Харин хүү н.Батсуурь нь өдгөө өрхийн тэргүүн, том эр болсон. Өдгөө 20 настай ганц хүү нь ханийнхаа хамт аав ээжийнхээ ажилд тусалж, хамтдаа амьдардаг. Харин өвөө нь ихэнх цагт гэртээ байж ач хүүгээ харж, ажилд нь тусална.


-ГАХАЙ ХИЙЖ СУРСАН НЬ-

Ханьтайгаа танилцаж, ханилан сууснаасаа хойш дэргэдээс нь суралцаж, хажууд нь дэмжиж явсаар өөрөө гахай хийж сурчээ. О.Эрдэнэтуяагийн төрсөн ах бурхан болохоосоо өмнө охин дүүдээ өөрийн гахай хийх техникийг өвлүүлсэн нь, цаашдын амьдралд нь том хөшүүрэг болно гэж итгэснийх байх. Тэр хүлээлт, хүсэл ч талаар болсонгүй. Хэдийгээр хайртай ахыгаа алдсан ч, хоногшуулж үлдээсэн техник жорынх нь дагуу уран бүтээлийг нь үргэлжлүүлж, нөгөөтэйгүүр хоногийн хоолоо тасалсангүй. Д.Эрдэнэбаяр энэ тухай дурсахдаа “Ханийн маань аав, ах нар нь үйлэнд уран, үгэнд цэцэн ёстой л адтай хүмүүс байдаг. Тиймдээ ч гэр бүлээрээ гахай урлах ажлыг хийж чадна. Тэд маань бүгд энэ хавиар тойроод амьдардаг. Тиймээс захиалга ороод ирэх үед тал бүрээсээ цуглаад л хамжаад дуусгачихдаг. Би өөрөө өнчирч үлдсэн, ах нартайгаа харилцаа хөндий учир ханийн маань гэр бүл надад маш их өмөг түшиг болдог. Би тэдэндээ амьдралаараа өртэй юм шүү дээ” гэв.

Ах нарынх нь тухай лавшруулан асуувал санааширч, “Ах нартайгаа холбоо тасраад их удаж байна. Цагаан сараар л жилдээ нэг удаа уулздаг. Бусдаар нэг их уулзаж учраад байдаггүй юм” гэлээ.

Ажвал цээжнийх нь мухарт тэднийгээ гэх итгэл, хайр одоо ч бөхөөгүй хэвээр.

Магад ойрхон хагацсан ижий аавынх нь үхэл, тэдэнд ийн амьдын хагацал үзүүлсэн болов уу. Д.Эрдэнэбаяр одоо эхнэр, хадам ах нараараа заалгахааргүй сүрхий баримал ч болжээ. Биднийг очиход гахай бүрийн нарийн хийц, технологийг тайлбарлах нь хэзээд хийж буй ажилдаа сэтгэл ханамжтай басхүү мэргэшсэн харагдав. Тэрбээр будгаа хийхээс эхлээд бүхий л зүйлсэд оролцоотой ажилладаг байна. Гахай бүрийн хийх технологи тэр бүү хэл нүүрэн дээрх зураг, сормуусны хэлбэр, тоо нь хүртэл учиртай аж.

Энэ нь ижил төрлийн бүтээл үйлдвэрлэгчдээс өнгө будаг, загвар, чанараар ялгарах тул тоолгүй орхиж үл болно. Гахай хийхэд хамгийн гол зүйл нь хэв гэнэ. Хэвэнд бэлтгэсэн зуурмагаа хийж, барьцалдаад ирмэгц хэвнээс нь гаргаж, өнгөлж, янзална. Ингэж янзалсныхаа дараа гахайгаа хатаахын тулд байраа галлаж, гахай бүрийг пийшин дээр нямбайлан өрж хатаана.

Хатах процесс дунджаар 2-3 өдөр болдог бол будаг лакны ажиллагаа нэг хоног болдог байна. Нэг гахайг 2-3 хүн дөрвөн өдөрт хийж дуусган, хэрэглэгчийн гарт түгээдэг аж. Тэд материалаа 100 айлаас, эсвэл ойрхон барилгын материалын дэлгүүрээс авдаг. Хөл хорионы улмаас бүтээгдэхүүн хомстож нэг шуудай гипсний үнэ дахин нугларсан байгаад тэд эмзэглэхгүй байж чадсангүй. Тэр ч аргагүй. Учир нь бүтээгдэхүүний үнээ сүүлийн 10 жилийн хугацаанд барьж, үнээ нэмж чадахгүй байтал бараа үйлчилгээний мөнгө нь цагийн зүүний аясаар нэмэгдэх нь тоогүй. Анхандаа ганц нэгхэн шуудай гипсээр үйлдвэрлэлээ явуулдаг байсан бол худалдан авагчдын тоо өсөхийн хэрээр хэрэглэдэг байсан гипс нь хоёр, дөрөв, зургаа, арав, хорь болж нэмэгджээ.

Харин өнгө будгаа тэд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн төмрийн будгаар буддаг.

Өнгө, сонголтоо өдрөөс өдөрт сайжруулж байгаа аж. Будаг хийхдээ ганц давхарлах бус жинхэнэ өнгийг тод гаргахын тулд дор хаяж 2-3 давхарладаг байна. Мөн үнэр, тоос тоосонцроос шалтгаалж олон тооны гахайг гэрийн нөхцөлд хийхэд бэрхшээл учирсан тул багахан үйлдвэрийн байртай болох зорилгыг тавьж эхэлжээ. Ингэхдээ тэд банкнаас зээл авах, бусдад өр тавихыг хүссэнгүй. Бүтээгдэхүүний дээж болох “Бондгор гахай”-ндаа бага багаар хуримтлуулсаар нэг л өдөр гипсний хагарах чимээ сонстох нь тэр.

Хуримтлуулсан мөнгөө тоолоход гурван сая гаруй төгрөг цугларчээ.

-ҮЙЛДВЭРИЙН БАЙР-


Ингээд гахайнаас гарсан мөнгөөрөө хямд төсөр үйлдвэрлэлийн байртай болохоор гадуур материал хайж хэсэв. Гэвч санасанд хүрсэн чанартай материалууд маш үнэтэй учир байшин барих нь тэдний хувьд чанга байлаа. Иймд жил тойрон явсаар 2015 онд 40 тоннын контейнэр хоёр сая 300 мянган төгрөгөөр авчээ. Доторлогоогүй байсан учир эхнэр хүүгийн хамт гурвуулаа доторлогоо дээвэр хийсээр зургаан сая гаруй төгрөгт үйлдвэрийн байр босов. Анх удаа бусдын тусламжгүй өөрсдөө хийсэн байр тул мэдээж дутагдал их. Гэвч тусдаа үйлдвэрийн байртай болсон учир бүтээгдэхүүнээ хийх, хатаах, будахад илүү дөхөм болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо хэмжээ өсөж, түүнийг дагаад захиалагчид ч нэмэгдэв.

Дээврээ буруу хийснээ тэр нэг өдрийн хүчтэй борооноор мэдсэнээ хэлэв.

Байрных нь дээвэр тачигнаж, зуух цаашлаад хатаж амжаагүй гипсэн бүтээлүүдэд нь борооны дусаал гоожиж, дээрээс нь нурсан байна.

Угийн өөдрөг, юмсыг болгоно, бүтээнэ гэсэн хандлагатай учир тухайн бэрхшээл нь сорилт болов. Тэрбээр шантарсангүй. Харин ч дээврээ эхнээс нь доторлож, алдаа оноотойгоор хоёр ч удаа засвар хийжээ. Мэргэжлийн хүний нүдээр магад гологдож болох ч, цаг хугацаа хөрөнгө мөнгө, зүрх сэтгэлээ шингээж зассан учир түүний хувьд хамгийн шилдэг нь байв.


-НЭРТЭЙ БОЛСОН НЬ-

Хэлбэр хэмжээ хийцнээсээ шалтгаалаад гипсэн бүтээлүүд нь харилцан адилгүй. Гэвч тэдний анхны бүтээл нь “Бондгор гахай” байсан юм. Залуус том цүнхэнд хорь гаруй гахайгаа хийгээд гар дээрээс борлуулдаг байсан бол байнгын харилцаатай түншүүдтэй болж эхлэв. Томоохон зах, худалдааны төвүүдээс эхлээд орон нутгуудад ч мөн түншүүдтэй болж эхэлжээ. Мөн хэвлэлийнхний хараанд өртөж тэр нэг жил өдөрт л таван хэвлэлд яриа өгдөг болов. Түүнийгээ дагаад борлуулалт нь ч өсөх нь тэр. Ингээд нэг өдөр сэтгүүлч залуу Д.Эрдэнэбаяраас утасны дугаар, Фэйсбүүкийн нэр, бүтээлийн нэр асуужээ. Тухайн үед тэрбээр юу ч саналгүй “Бондгор гахай” хэмээн хэлж, утасны дугаараа ч мөн өгчээ. Интэрнэт орчин хүчээ авч, залуус ч цахим ертөнцөд амьдарч эхлэв.

Нийгмийнхээ хэрэгцээ, шаардлагыг дагаад Фэйсбүүк хаягтай болж, түүндээ “Бондгор гахай” гэдэг нэр өгчээ. Улмаар өнөөх сэтгүүлч нэг өдөр тодоос тос шар өнгөтэй “Бондгор гахай” хэмээх утасны дугаартай олон ширхэг нэрийн хуудсыг өгөхдөө “Та одоо гадуур дотуур хүргэлт, түгээлтэнд явахдаа хүмүүст нэрийн хуудсаа өгч байгаарай. Тэгвэл яавандаа хүмүүст сайн танигдана” хэмээжээ. Зөвлөгөө ч үр дүнгээ өгч эхэлсэн байна. Д.Эрдэнэбаяр уулзсан хүргэсэн хүмүүстэй нэрийн хуудсаа тарааж эхлэв. Ийнхүү тэдний хөлс хүч шингэсэн бүтээл өөрийн нэртэй болжээ.


-ҮНЭНЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД-

“Биднийг үнэлж, бүтээгдэхүүн авдаг хүмүүсийн ихэнх нь бяцхан үйлчлүүлэгчид, хүүхдүүд байдаг юм. Зарим нь бүр гэртээ гахайн хадгаламжийн цуглуулгатай болсон гээч. Тухайн үед хараад сэтгэл маш их догдолсон” хэмээн инээмсэглэв. Нээрээ л өнгө өнгийн, өхөөрдөм гахайнуудыг хүүхдүүд л авдаг гэмээр. Гэвч үгүй ажээ. Томчууд хүртэл тэдний бүтээгдэхүүн бүрийг худалдан авч, гэртээ нэг булан гаргасан байна. Болоогүй ээ, шинэ бүтээгдэхүүн гарвал хэлээрэй хэмээн үргэлж холбоо харилцаатай болсон гэв.

Баян-Өлгий аймгаас бусад бүх аймагт өөрсдийн гахайг түгээж чаджээ.

Зөвхөн гахай гэлтгүй чандага, нохой, луувантай туулай, хулгана, авдартай заан зэрэг хэвүүд байдаг аж.


-БАНКУУДТАЙ ХАМТАРЧ ЭХЭЛЛЭЭ-

Үнэнч харилцагчдаараа дамжуулан хэд хэдэн банктай гэрээ хийж, тусгай гахай хийж эхэлжээ. Тухайн гахайг захиалагчийн загварт нийцүүлэн гаргах бөгөөд өнгө будгийг хүртэл тэдний сонголтоор хийх байв. “Ариг” банкны захиалгаар тэдний логоноос гадна билгэдлийн чанартай өвөрмөц гахайн захиалга ихээр авав. Тухайн гахайг хүмүүст борлуулахгүй зөвхөн тус банк үйлчлүүлэгчиддээ өгөх нөхцөлтэйгээр захиалга өгч эхэлжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр харилцаа холдож, захиалах бараа бүтээгдэхүүний тоо нь хорогдсоор буйг онцлов. Хамгийн сүүлд ширээн дээр тавих жижиг хэмжээтэй гахайг захиалж авчээ. Түүнээс нь хойш багагүй хугацаа өнгөрч, холбоо тасарсныг дуулгав.


-ИРЭЭДҮЙН МӨРӨӨДӨЛ-

Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, үйлдвэрүүд олширсон. Бүгд л өөрсдийн давтагдашгүй өнгө аясыг шингээж, маркетинг хийхээр хичээх аж. Гэвч тэд бүтээл бүртээ сэтгэлээ шингээдэг учир ядаж л чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр хор багатай болов уу. Хүүхдүүд хэрэглэх учир хамгийн сайн, үнэтэй гэсэн бүтээгдэхүүнүүдийг авч, хийдэг байна.

Түүнчлэн Д.Эрдэнэбаяр ирээдүйн мөрөөдлийнхөө төлөө дурсахдаа “Миний ганц хүсч, зорьж явдаг зүйл бол одоо хийж байгаа зүйлээ үйлдвэрийн хэмжээнд аваачих юм. Цаашлаад жижигхэн шаазангийн үйлдвэртэй болохыг л мөрөөдөж байна” хэмээн тэмүүлэлтэйгээр ярилаа.


ФЭЙСБҮҮК: Bondgor Gahai

ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР: 88644353, 91240747

ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕОГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хайр
хайр
2021-05-06 10:27

яиар мундаг гэр бүл вэ

Холбоотой мэдээ

Back to top button