Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Н.Энхжин: Тухайн хүнд зориулагдсан ганцхан хувь дэвтэр хийдэг

Залуусын дунд нэгнийхээ зургийг хавтсанд нь буулгаж нэрийг нь бичсэн “үнэ цэнэтэй” дэвтрүүд бэлэглэх тохиолдол цөөнгүй болжээ. Бид энэ удаагийн “ҮЙЛДВЭРЛЭГЧ” буландаа дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Зөвхөн түүнд” нэрээр бүтээгдэхүүнүүд нь танигдсан шинийг санаачлагч Н.Энхжинтэй уулзаж ярилцлаа. 

-НЭГ ХУВЬ ХЭВЛЭДЭГ ГАЗАР ОЛДООГҮЙ УЧРААС ӨӨРӨӨ ХИЙЕ ГЭЖ БОДСОН-

-Анх тэмдэглэлийн дэвтэр хийх санааг хаанаас авсан бэ?

-Хүнд ном бэлэглэх санаатай нэг хувь хэвлэдэг газар хайсан боловч олдоогүй юм. Хэвлэлийн газрууд ихэвчлэн олон тоогоор ном хэвлэдэг. Тиймээс өөрөө хийе гэж бодсон. Хэрвээ ийм төрлийн зүйлс хэвлэн хийвэл хүмүүс сонирхох юм байна гэж бодсон.

-“Зөвхөн түүнд” яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Хүмүүс бэлэг бэлэглэхдээ эрэгтэй хүнд цаг, эмэгтэй хүнд цэцэг, түрийвч гэсэн тогтсон ойлголттой байдаг. Тухайн хүнд зориулсан нэг хувь бэлэг тэр бүр байдаггүй учраас “Зөвхөн түүнд” нэртэйгээр нэг хувь дэвтрээ хийж эхэлсэн.

-Гэр бүлийн бизнес үү, эсвэл өөрийн сонирхлоороо хийдэг үү?

-Гэр бүлийн бизнес биш. /инээв. сурв/ Анх сонирхлоороо энэхүү ажлыг эхлүүлж байсан. Одоогоор манайх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ихэвчлэн оюутнуудыг ажилд авдаг. Хэн нэгнийг баярлуулдаг учраас бүгд ажилдаа дуртай. Бие биетэйгээ чөлөөтэй харилцдаг, маш их зүйлийг шинээр мэдэж авдаг.

-Ганцхан тэмдэглэлийн дэвтэр хийдэг үү? Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?

-Буддаг ном, дэвтэр, стикер, пудволк зэрэг зургаа, долоон төрлийн бүтээгдэхүүнтэй. Саяхнаас хуримын урилга, хайрын купон хийж эхэлсэн. Бүтээлч урлан байхыг хүсдэг учраас хүмүүсийн эрж хайсан зүйлсийг боломжоороо хийж өгөхийг хичээдэг.

-ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРҮҮД 5000-43000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙДАГ-

-Ихэвчлэн  дэвтэр хийдэг гэж сонссон. Хуудасны тоо, загвар болон үнийн тухайд?

-Дэвтрийн хавтасны тухайд зөөлөн, хатуу, эсгий, арьсан гэх мэт олон төрлөөр хийдэг. Хүмүүс захиалсан дэвтрийнхээ хуудсыг өөрсдөө тохирч болно. Хамгийн нимгэн нь 30 хуудастай, ихэвчлэн 50 хуудастай дэвтэр  хийдэг. Үнийн хувьд 5000-43000 төгрөгийн хооронд худалдаалагддаг. Хэмжээ, хуудасны тооноосоо шалтгаалаад үнэ нь өөр өөр.

-Албан байгууллагууд захиалга өгдөг үү? Байнгын үйлчлүүлэгчид бий юу?

-“Зөвхөн түүнд” гэдэг утгаараа цөөн тоогоор хэвлэгддэг. Тухайн хүнд зориулагдсан ганцхан хувь дэвтэр хийдэг. Тиймээс жирийн хэвлэлийн байгууллагуудаас үнэтэй. Давуу тал нь 50 ширхэг дэвтэр захиаллаа гэхэд нэг бүрчлэн гараараа хийдэг учраас 50 өөр хүний нэртэй,зурагтай нь хийж өгдөг. Ихэвчлэн хувь хүмүүст үйлчилдэг. Нэг удаа дэвтэр хийлгэсэн хүмүүс дахиад хандах нь элбэг.

-Захиалгаар бүтээгдэхүүнээ гаргадаг учраас бүгдийн гар аргаар хийдэг үү?

-Дэвтрийн формат тогтоосон. Эхэндээ хүн бүрд өөр загвар гаргаж хийдэг байсан. Одоо энэ төрлийн ажлыг хийгээд удсан болохоор загварын сан үүссэн. Хүмүүс тэр сангаас сонголтоо хийгээд захиална, эсвэл өөрсдийн хүссэн загвараа захиалдаг. Хэвлэхээс бусдыг нь гар аргаар хийдэг.

-Танай бүтээгдэхүүний бусдаас ялгагдах онцлог юу вэ?

-Нисгэгч найздаа бэлэг өгөхийн тулд дэвтэр захиаллаа гэхэд хавтсанд нисгэгчийн зураг, дотор нь өөрийнхөө зургийг хийлгэх гэх мэт тухайн хүнд зориулан хүссэнээрээ захиалж болно.

-МАНАЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ГУРВАН ХҮНИЙ СЭТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ-

-Захиалгаа хэрхэн авдаг вэ? Хүргэлтийн үйлчилгээ бий юу?

-Ихэнхдээ фейсбүүк чатаар захиалгаа авдаг. Зарим хүмүүс урлан дээр ирээд ярилцаж байгаад захиалгаа өгнө. Хүргэлтийн үйлчилгээний хувьд өөрсдөө хүргэдэг байхдаа 3500 төгрөг байсан. Одоо бол хүргэлтийн компанитай хамтраад 5000 төгрөгөөр хүргэж өгдөг.

-Өнгөрсөн сар “Инновацын үзэсгэлэн”-д оролцсон. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-“Дэвтэр захиалж хийлгэж болдог юм байна” гээд их сонирхож байсан. Эсгий болон арьсан хавтастай дэвтрийг их сонирхож байгаа нь ажиглагдсан. Манай үйлчлүүлэгчдийн хувьд 15-25 насны хүмүүс, тэр дундаа 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд их романтик сэтгэлгээтэй санагддаг.

-Танай нүүр хуудсанд хүмүүс “маш сэтгэлээсээ хийдэг” гэсэн сэтгэгдэл их бичсэн байсан. Энийг юутай холбоотой гэж боддог вэ?

-Манай үйл ажиллагаа гурван хүний сэтгэл дээр тогтдог. Чухал хүндээ бэлэг өгөхөөр манайд захиалга өгч буй хүн, тухайн бэлгийг авах хүн, захиалгын дагуу сэтгэлээсээ урладаг бид гээд бүгдэд нь бүтээгдэхүүн маань таалагдаж байвал сайхан. Манайх “Зөвхөн түүнд” гэсэн нэртэй захиалгын аппликейшнтэй. Түүнээс өнгө, хэмжээ, загвараа сонгоод захиалж болдог. Гэхдээ тухайн хүний хүсэж байгаа зүйлийг мэдэхийн тулд ихэвчлэн чатаар захиалгаа авдаг. Энэ нь хүмүүсийн сэтгэлд их хүрдэг.

-Цаашдын төлөвлөгөө бий юу?

-Илүү сайн ажиллаад дэлгүүртэй болно гэж боддог.

-Манай уншигчдад нэмж хэлэх зүйл байна уу?

-Хэн нэгэнд бэлэг өгөх хэрэгцээ хүн бүрд байдаг. Харин тэр үед тогтсон нэг хэвийн бэлэг авах бус эрэг хайгуул хийгээд, сэтгэлээсээ өгч байгаарай.

Пэйж хуудас: Зөвхөн түүнд

Утасны дугаар: 90081808

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 01:43

Generic Propecia 20mg Vente Kamagra En Suisse [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Erfahrungen Mit Cialis Wirkung

Холбоотой мэдээ

Back to top button