
Сурах юмсан, мэдэх юмсан гэх хүслээр дүүрэн хүүхэд нас... Гэвч хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүйн адилаар зарим нь зүгээр л гадагш гарч тоглохыг хүснэ, зарим нь ном уншихыг телевиз үзэхийг илүүд үзнэ. Гэхдээ тэднийг адилтган жиших аргагүй. Учир нь тэд өсөж том болоод өөрсдийнхөөрөө гэрэлтэнэ.
Эгүүр.мн энэ удаа өөрийгөө таньж, нээхийн хажуугаар үеийнхэндээ эерэгээр нөлөөлж яваа зургаан настай Ү.Эмүжин охиныг онцолж байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрбээр баримлын шавраар үлгэрийн баатрууд хийдэг аж.
УЛААНБААТАРААС ХӨВСГӨЛИЙН ТОСОНЦЭНГЭЛ РҮҮ СЭТГЭЛ ЗӨӨСӨӨР...

Тэрбээр баримлын шавраар жилийн өмнөөс бүтээл хийж эхэлжээ. Түүний ээж Л.Ууганжаргал энэ тухай “Хүүхэд юу чадаж байна. Түүнийг нь хөгжүүлж, дэмжье гэж боддог. Анх охиндоо “Сувдаагийн урлан” youtube хуудаснаас бичлэг үзүүлсэн. Тэр цагаас хойш охин маань сонирхлоороо шавраар юм хийж эхэлсэн. Анхандаа ч би нэг их анзаараагүй. Гэтэл 5-6 сарын дараа үнэхээр цэвэрхэн, хөөрхөн бүтээлүүд хийдэг болчихсон байсан. Нөхөр бид хоёр ч урамшаад хүүхдээ хөгжүүлэхийн тулд хотоос сонголт сайтай, олон өнгийн баримлын шавар их хэмжээгээр нь авч өгдөг болсон. Учир нь сумын дэлгүүрт зарагдаж буй баримлын шаврууд хатчихсан байдаг. Энэ нь хүүхдийн урам зоригийг үгүй хийдэг юм шиг санагддаг. Ер нь бол бүх юмыг нь бэлдээд өгчихвөл хүүхэд янз бүрийн зүйл туршиж үздэг юм билээ” хэмээв.
Ү.Эмүжин охины хамгийн анх хийсэн бүтээл нь тахь. Тэрбээр 150 гаруй бүтээлтэй аж. Аав, ээж нь муухай, сайхан гэж ялгалгүйгээр анх хийж байсан бүтээлүүдийг нь хүртэл хадгалдаг гэнэ. Охины бүтээлийг одоогоор гэрт нь хадгалж байгаа аж. Цаашдаа шилэн хоргонд хийж хадгалахаар төлөвлөж буйгаа түүний ээж Л.Ууганжаргал ярилцлагын үеэр онцолсон юм. Мөн баримлын шавраар хийж буй бүтээл охиных нь өнгөний мэдрэмжийг сайн хөгжүүлж буйг тэрбээр ярилаа.
Хэдхэн хоногийн өмнө тэрбээр сурагчид болон эхчүүдийг урам зориг аваасай хэмээн охиныхоо хийсэн бүтээлүүдийн зургийг цахим хуудаснаа оруулсан юм. Харин тухайн пост нь олонд хүнд хүрч, БШУ-ны сайд хүртэл сайшаагаад буй билээ. Сайд өөрийнх нь бүтээлийг сайшааж пост оруулсныг охин хараад “Хөөх, ямар гоё юм бэ” хэмээжээ.
Охин баримлын шавраар нэг бүтээл хийхэд 4-5 цаг сууж зарцуулдаг аж. Тэрбээр наадмаар монгол хувцастай харваач, морьд бөх хийдэг бол заримдаа үзсэн хүүхэлдэйн киноныхоо баатрыг дуурайлгаж хийдэг гэнэ. Бүтээлүүдээ бичлэгийг нь харж байгаад хийдэг бөгөөд биднийг утсаар ярихад банхар нохой хийж байна хэмээв.
МОНГОЛ БИЧГЭЭР УНШИЖ БИЧИЖ ЧАДДАГ ХОЁРДУГААР АНГИЙН БАРИМАЛЧ ОХИН

Ү.Эмүжин охин баримлын шавраар үлгэрийн баатрууд хийхээс гадна чөлөөт цагаараа хийл, калимба тоглож, бүжиглэж, дуу дуулж, үндэсний бичгээр хичээллэдэг аж. Мөн нэвтрүүлэгчдийг дуурайж мэдээ уншдаг гэнэ. Тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлийн тухай ам нээв.
“Бүтээлүүдээ хийхэд надад өнгө, өнгийн баримлын шавар, савх, шүдний чигчлүүр, ганжин, хавтан хэрэг болдог. Эдгээрийг аав ээж хоёр маань надад авч өгдөг. Баримлын шавар маш гоё, намайг хөгжүүлдэг. Бас ажиллагаа ихтэй. Би бас зураг зурах дуртай. Гэхдээ миний хамгийн дуртай хичээл монгол бичиг” гэлээ. Тэрбээр таван настайдаа монгол бичиг сурч, 2019 оны бичиж “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд оролцож байжээ. Мөн 2020 онд дахин оролцож, нэрэмжит шагнал хүртжээ.

Түүний аав Х.Үүрцайх жолооч мэргэжилтэй. Хувиараа тавилга хийдэг гарын уртай хүн. Харин ээж Л.Ууганжаргал нь англи хэлний багш. Боловсролын салбарт тасралтгүй 16 жил ажиллаж байгаа гэнэ. Англи хэлний багш хэдий ч Монгол бичгийн каллиграфийн дугуйлан хичээллүүлдэг аж. Тэрбээр 2017 оноос хойш энэхүү дугуйланг хичээллүүлж буй бөгөөд 1-11 дүгээр ангийн 10 гаруй сурагч бүртгэлтэй байдаг гэв. Тэр ч утгаараа охин монгол бичгийг ээжээрээ заалгаж, чөлөөтэй уншиж, бичиж сурчээ. Түүнээс ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд ямар мэргэжилтэй хүн болох вэ? хэмээн асуухад “Эгч шиг ээ л хүн болно” хэмээв.
Тэрбээр дээрээ нэг эгчтэй, айлын отгон хүүхэд юм. Түүний эгчийг Ү.Энхжин гэдэг бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн арван нэгдүгээр ангид суралцдаг аж. “Эгч шигээ хүн болно” гэж хэлсний учир нь эгч нь уран бичлэгээр хичээллэдэг юм байна. Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 4-нд эгч нь “Багш шавийн барилдлага” нэртэй гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа ажээ. Гэр бүлээрээ үндэсний бичиг соёлтой ойр болоод ч тэр үү Ү.Эмүжин охин монгол бичгийн багш болно гэж ярьдаг гэнэ. Мөн түүний эгч монгол хэл уран зохиолын багш болохоор төлөвлөж буй аж.
ХУВААЖ ИДЭХ ЧИХЭР...

Охины ээж Л.Ууганжаргал баримлын дугуйлан хичээллүүлэхээр төлөвлөж буй гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Ганц хүүхэд хөгжих биш олон хүүхэд хөгжиж, өөрийнхөө юунд дуртайг, таньж мэдэх чухал. Тиймээс баримлын шавраар юм хийх хүсэл сонирхолтой хүүхдүүдийг бүртгээд дугуйлан байгуулъя гэж бодож байгаа. Цар тахал намжихаар эхлүүлье гэж бодоод л байна. Сургуулийн захиргаа, захирал маань ч миний саналыг дэмжих байх. Гэхдээ баримлын шавраас эхлээд бүгдийг нь өөрсдөө бэлтгэх шаардлагатай тул ээж, аав нь сайн дэмжих хүүхдийг элсүүлнэ” хэмээв. Түүний энэ үг амттай чихрийг олуулаа хувааж иднэ гэж буйтай адилхан сонсогдож байгаа биз.
Тэрбээр үргэлжлүүлэн охиных нь хийсэн бүтээлүүдээр сургуулийнх нь захиргаа үзэсгэлэн гаргахаар зорьж буйг ярилаа.
“Охин маань хөгжих шатандаа явж байгаа. Цаашдаа их юм сурна. Өчигдөр манай сургуулийн захирал охины маань болон миний оруулсан постыг хараад үзэсгэлэн гаргаж, сургуулийн сурагчдад харуулж, үлгэр дуурайлал үзүүлье гэж байна лээ. Ойрын хугацаанд үзэсгэлэн гаргана гэсэн” гэв.
Мөн тэрбээр ярилцлагын төгсгөлд эцэг, эхчүүдэд хандан “Цахим сүлжээг зарим нь буруутгадаг. Гэвч бид цахим сүлжээнээс яг хэрэгтэй мэдээллээ олж хараад суралцах боломжтой. Тиймээс танхимаар хичээллэхгүй байгаа энэ цаг үеийг ашиглаад хүүхдэдээ нэг ч болтугай хэрэгтэй, урам зориг өгөх, хөгжүүлэх зүйл зааж өгөөрэй. Бүр болж өгвөл өөрсдөө хамт хийж үлгэрлээрэй” хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт охин минь
ЭНЭ ОХИН ЭНЭ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ, АВЪЯАС ТЭВЧЭЭРТЭЙГЭЭ ХҮНИЙ ДЭЭД НЬ БОЛЖ ГЯЛАЛЗАХ ЮМ БАЙНА. ТЭГЭЭСЭЙ !!! ИЙМ САЙН ОХИД ТӨРҮҮЛЖ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЭЦЭГ ЭХ ХОЁР ЗАЛУУСТ БАЯРЛАЛАА . ХАР ЦАГААН ХЭЛ АМ ХОЛУУР БАЙЖ ТА НАР МААНЬ МӨНХИЙН ЖАРГАЛТАЙ ЭЛБЭГ ХАНГАЛУУН ЖАРГААРАЙ
Сайн байна амжилт хүсэе ёстой сайн охин байна