Нийгмийн

Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол 75.19 дб буюу аюултай түвшинд хүрчээ

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд дуу чимээний бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүй байдлын түвшинг аль хэдийн давжээ.

Энэ нь иргэдийн сонсголд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна хэт их дуу чимээ өдөр тутмын амьдралд тухгүй байдал үүсгэдэг аж. НҮБ-аас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Сүүлийн үед эл өдрүүдийг тэмдэглэхдээ “Дүлий” биш “Сонсголын бэрхшээлтэй”, “Хараагүй” биш “Харааны бэрхшээлтэй” иргэдийн эрхийг хамгаалах өдөр гэхчлэн уриалан тэмдэглэх болсон нь ч үүнтэй холбоотой юм.

Учир нь техник технологийн дэвшил, хүн амын хэт төвлөрөл зэргээс үүдсэн амьдралын шинэ хэв маяг нь хүний эрүүл мэнд тэр дундаа таван мэдрэхүйд голчлон сөргөөр нөлөөлөх болжээ.

Тодруулбал, энэ тохиолдол насны хувьд залуужиж, хурдан даамжирдаг онцлогтой байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй гэсэн бүртгэлд ороогүй ч хараа, сонсголоо жил бүр тодорхой хувиар алдсаар байгаа гэх ангилалд бараг бүх хүнийг багтааж болохоор байгаа юм. Учир нь дуу чимээ 60 дб-ээс илүү гарахад хүн сонсголоо алдаж эхэлдэг бол Улаанбаатарт 75.19 дб чимээтэй байна.

ДЭМБ-ын гаргасан зөвлөмжид “Орчны дуу чимээ өдрийн цагт 60  дб-ээс  бага, шөнийн цагт 40 дб-ээс бага байвал бохирдолгүй гэж үзнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, түүнээс дээш гарвал бохирдолтой гэж үзнэ гэсэн үг. Тэгвэл нийслэлийн хүн ам хамгийн их хөл холхидог орчнуудад дуу чимээний бохирдол ямар хэмжээнд байгааг доорх үзүүлэлтүүдээс харж болно.

-Түгжрэлийн дуу чимээ 73 дб

-Автобус доторх дуу чимээ 74 дб

-Лоунж доторх дуу чимээ 61 дб

-Сургуулийнхаа гадаа тоглож байгаа хүүхдүүдийн дуу чимээ 70 дб

-Аж үйлдвэрийн дуу чимээ 70 дб

-Хурал цуглааны дуу чимээ 65 дб

-Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн уухай 85 дб гэж гарчээ.

Хамгийн сүүлд 2018 онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол 75.19 дб хүрсэн гэсэн судалгааны дүн мэдээ байна. Сонсголын бэрхшээлтэй хүнийг төрөлхийн, олдмол  гэж ангилдаг бөгөөд олдмол гэдэгт  дуу чимээний бохирдлоос шалтгаалан дүлий болж байгаа хүмүүс багтдаг байна. Дуу чимээний бохирдол 80 дб хүрвэл сонсголын мэдрэмж 17-25 дб-ээр буурч, бусдын хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсож чаддаггүй аж.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x