Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Үйлчлүүлэгч бүрийн сэтгэл ханадаг “Vibe5809”-ийн арьсан суудлын бүрээс

Бид “Үйлдвэрлэгч” буландаа өрхийн бичил бизнес эрхэлж буй гэр бүлээс эхлээд томоохон групп компаниудыг ч урьдаг. Тэд “Гадаадад болж, бүтээд байгаа зүйлийг бид яагаад хийж чадахгүй гэж. Монголчууд өөрсдөө оролдож үзье л дээ” гэсэн халуун итгэл үнэмшилтэй, мөрөөдөлдөө үнэнч, хөдөлмөрч зан чанартай. Үүгээрээ нэгэнлэг.

Энэ удаагийн “Үйлдвэрлэгч”-ээр бид автомашины суудлын бүрээс, салоны доторлогоо хийдэг “Vibe5809”-ийн онцлов. Тэдний сошиал хуудсыг үзвэл автомашинтай хүн бүр нүд унагамаар. Үйлчлүүлэгчид нь “Цаанаасаа ингэж ирсэн юм шиг л болж, өө сэв алга” гэж үнэлдэг. Хамгийн эрэлттэй суудлын бүрээс үйлдвэрлэдэг ААН-үүдийн нэг нь тэд. Харин “Vibe5809”-ийн ард хоёр залуу бий. Тэднийг Б.Тэмүүжин, Б.Золбаяр гэдэг.

Сошиал хуудас: Vibe5809

-СУУДЛЫН БҮРЭЭСТ ТАТАГДСАН НЬ-

Б.Тэмүүжин уул уурхайн чиглэлээр коллежид сурчээ. Гэвч хүссэн мэргэжил нь байсангүй. Багадаа зурах дуртай хүүхэд байж. Харин үе үе хувцас загвар сонирхоно. Ээж нь оёдолчин хүн аж. Коллеж төгсөөд тэр график дизайны чиглэлээр суралцаж үзжээ. Мөн гадаадын оронд ч оёдлын үйлдвэрт ажилласан байна. Улмаар нэг л өдөр автомашины суудлын бүрээс оёж сурахаар шийджээ.

-Яагаад суудлын бүрээс оёх болов?

Б.Т: Өндөр үнэтэй машинууд өнгөлөг, тансаг суудлын бүрээс, салонтой байдаг. Хүн бүр тийм машин авч, унах бололцоогүй. Харин өөрийнхөө машины салоныг, суудлын бүрээсийг яг тийм болгож өөрчлөөд, тэр гоё мэдрэмжийг мэдрээд, салхи татуулаад давхих сайхан.

Анх эхэлж байхдаа цаг үргэлж л Youtube-ийн бичлэг үздэг байсан. Тэгж өөрөө бүхнийг суралцсан. Болохгүй байвал дахиад л хийнэ. Дуртай учраас, үүнээсээ маш их кайф мэдэрч байсан учраас суудлын бүрээс хийдэг болсон. Хамгийн гол нь чанартай хийх хэрэгтэй. Оромдож болохгүй. Хүмүүс “Яг зураг шигээ болжээ” гэж хэлээд, нүд нь очтоод, сэтгэл хангалуун машинаа хүлээж авахыг нь харах сайхан байдаг.

-Үйлчлүүлэгчдэдээ “Яг зураг шигээ л гарна” гэж амлах уу?

Б.Т: Монголд энэ чиглэлийн зах зээл тун жижиг. Намайг эхэлж байх 2018 оны үед арьсан материалаар суудлын бүрээс хийдэг газар бараг байдаггүй байсан. Би анхдагчдын нэг л дээ. Харин одоо нэлээн олон болсон байна. Манайх материалаараа ялгардаг. Мөн мэдээж хийц. Хүмүүс ирээд “Зураг шигээ болох уу. Яг энэ зураг шиг чинь л болгомоор байна” гэж хэлдэг. Бид “Зураг шигээ л гарна” гэж амладаг. Үүндээ үргэлж хүрэхийн тулд деталь бүрд сэтгэл дэвсэж ажилладаг даа.

“Vibe5809” суудлын бүрээс хийх зориулалтын арьсан болон сайжруулсан лидрин  материалаа БНХАУ-ын томоохон компаниас, албан ёсны эрхтэй худалдан авч байна. Тус компани Хятаддаа, энэ салбартаа томоохон байр суурь эзэлдэг аж. Материалууд бактер үрждэггүй, амьсгалдаг, чийг татдаггүй, эдэлгээ удаан зэрэг онцлогтой.

Биднийг ирэхэд улаан өнгийн арьсан материалаар суудал, руль бүрсэн байв. Хүрч үзэхэд зөөлөн, бамбалзсан байгаа нь материалын ард зориулалтын зөөлөвч байдгийнх. Чийг татахааргүй, чийгтэй алчуураар арчаад л цэвэрлэчихээр материал байв.


Харин Б.Золбаяр төмөр замын машинист мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ ажиллаж ч үзжээ. Гэхдээ нэг л өөрийгөө олохгүй байх шиг санагддаг байв. Харин автомашины гоё салон, суудлын бүрээс хараад өөрийн эрхгүй татагддагаа анзаарсан байна.

Аажмаар “Яаж хийдэг юм бол” гэж сонирхож эхэлжээ. Б.Тэмүүлэнгийн адил Youtube-ээс маш их бичлэг үздэг. Хуучин ажлаа тарж ирээд л бичлэг үзээд суучихдаг байжээ. Ингээд хамгийн анх материалаа захаас худалдаж аваад, рульний бүрээс хийх гэж оролдсон байна. Тэр олон удаа бүтэлгүйтсэн. Бүтэн сарын турш оролдсон ажлаа задлаад хаях тохиолдол ч таарчээ. Орой, эхнэртээ “Би болилоо. Дахиж ийм юм хийхгүй” гэж хэлнэ. Харин маргааш нь “Өнөөдөр дахиад нэг оролдоод үзчихвэл яг болох гээд, чадчих гээд байна аа” гэсээр рулиэ бариад суучихна.

-Хэнээр ч заалгаагүй гэж үү?

Б.З: Хэнээр ч. Манай гэр бүлд оёдлын болон ойролцоо салбарын хүн байхгүй. Яг өөрийнхөө сонирхлоор, олон дахин туршиж, оролдож үзсээр өнөөдрийн дөр суусан. Бичлэг үзэж, бусад улс орнуудын гоё гоё технологи, хийцүүдийг хараад л, “Яг ингэж хийх сэн, сурах сан. Монголчууд яагаад чадахгүй гэж” хэмээн боддог байсан.

Уншигчид аа, гэхдээ тэд бүхнийг хамт эхлээгүй. Энэ ажлын байранд орж, тохижуулж эхэлснээс хойших яг 30 дахь хоног дээр нь бид уулзав. Өөрөөр хэлбэл Б.Тэмүүлэн, Б.Золбаяр нар тус, тусдаа, Улаанбаатарын хоёр захад өөрсдийн үйлдвэрлэлийг явуулдаг байжээ. Тэд яаж уулзалдав аа.

-ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛД ХАМТРАХЫГ ИЛҮҮД ҮЗЭВ-

Б.Тэмүүлэн 13-р хороололд суудлын бүрээс захиалгаар үйлдвэрлэж эхлээд тодорхой хэмжээнд хөлөө олж, үйлчлүүлэгчид татаад байв. Чанар, хийц нь амнаас ам дамжин танигдаж байсан үе. Энэ үед “NTV” телевизийн сурвалжлах баг түүний ажлын байрнаас мэдээ бэлтгэжээ. Харин энэ мэдээг Драгонд өөрийн үйлдвэрлэлээ явуулж эхлээд байсан Б.Золбаяр үзлээ. Тэгээд шууд утсыг нь хайсан гэнэ.

“Үзэж дуусаад л шууд холбогдох, уулзах ёстой гэж бодсон. Шууд холбогдох утасны дугаарыг нь хайсан”.

-Б.Тэмүүлэнгийн ярьж буйг телевизээр үзээд, яг юу нь итгэл төрүүлж, сэтгэл татсан юм бэ?

Б.З: Чанар. Би хараад л мэлэрсэн. Маш чанартай, өөгүй, яг гадаадад хийдэг хийц харагдсан. Яг үүний төлөө л олон сар хөдөлмөрлөсөн шүү дээ. Мөн өөрийн итгэл үнэмшилтэй, хөдөлмөрч, тууштай байгаа нь яг ижилхэн зорилготой нэгэн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн.

-Тэгээд залгасан уу?

Б.З: Шууд ярьсан.

Тэд энэ тухайгаа яриад инээлдэв. Б.Золбаяр “Хамтаръя” гэж ханджээ. Саналыг Б.Тэмүүлэн шууд хүлээж аваагүй байна. Хэсэг хугацаанд утсаар ярьдаг, туршлага солилцдог, мэддэг чаддагаа хуваалцдаг харилцаа үргэлжилжээ.

-Хамтрах саналыг нь яагаад хүлээж авахаар болов?

Б.Т: NTV”-ийн мэдээ цацагдсанаас хойш “Арьсан материалаар суудлын бүрээс хийж болох юм байна, эрэлт ихтэй юм байна” гэдгийг олон хүн олж харсан байх. Маш богино хугацаанд арьсан суудлын бүрээс хийдэг газрууд гарч ирсэн. Зарим нь манай зургийг аваад, өөрсдөө хийсэн мэтээр сурталчилдаг болсон. Тэгэхээр энэ жижиг зах зээлд хамтаръя, нийлье, тэгээд үзүүлээд өгье гэж бодсон.

Ингээд тэд хоёул болжээ.

-Хамтарч эхэлснээс хойш үл ойлголцох, муудах үе таарсан уу?

Б.Т: Үгүй шүү.

Б.З: Тийм юм болоогүй. Ижилхэн зорилготой учраас бүх зүрх сэтгэлээ ажилдаа зориулж байгаа. Санаа нийлээд л, ажил руугаа дайраад ордог.

Тэд нийгмийн залуу үеийн төлөөлөл. Эзэмшсэн мэргэжил үл харгалзан, яг зүрх сэтгэл нь татагдсан зүйлдээ үнэнчээр хөдөлмөрлөжээ. Хэнээр ч заалгалгүй, бүх технологио өөрсдөө боловсруулж, Youtube-ээс бичлэг үзэж 3-4 жилийн ард гарсан тэд одоо хэдий нь чанараараа ялгарч байна.

-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС-

Үйлдвэрлэлийн хамгийн эхний шат, захиалга авах. Үйлчлүүлэгчид ирж, каталогитой танилцан, хүссэн өнгө, материалаа сонгодог байна.

Дараа нь, захиалгыг гүйцэтгэж эхэлнэ. Үүний тулд эсгүүрээ хянамгай гаргана. Оёно. Энэ үйл явц дунджаар 2-3 хоног үргэлжилдэг байна.

Хамгийн сүүлд, үйлчлүүлэгч захиалгаа авахаар ирнэ. Энэ үед 4-5 цагийг зарцуулж, бүрээсээ автомашинд нь суулгаж өгдөг. Бүх төрлийн автомашинд зориулан хийх боломжтой. Харин углаа бүрээсийг зөвхөн "Prius" маркийн автомашины 30, 40, 41 загваруудад хийж байна.

-Захиалга хэр их байна вэ?

Б.Т: Углаа бүрээсний хувьд аравдугаар сар хүртэл захиалга дүүрчихсэн байгаа.

-Удлаа, хүлээлгэлээ гэж уурладаг уу?

Б.Т: Тэгэх нь бий. Гол нь, захиалга их байлаа гээд чанараа алдаж болохгүй. Захиалга бүр дээр хамгийн сайнаараа хичээдэг. Тийм учраас бүрээсээ машинд суулгахдаа хүртэл 4-5 цагийг зарцуулдаг. Өөрсдийн олж мэдсэн зарим технологиудаа ч ашиглана.

-Сэтгэл ханамжгүй үлдсэн үйлчлүүлэгч бий юу?

Б.Т: Одоогоор таараагүй л байна. Зорьж ирсэн хүн бүрийн захиалгыг яг санасанд нь хүртэл гүйцэтгэхийг хичээдэг. Хүмүүс мөнгө олох гэж чармайж байгаа. Тэр мөнгөө зарцуулж байхад бид хүндэтгэлгүй хандаж болохгүй. Хүний хөдөлмөрлөж олсон мөнгийг наад зах нь хүндэтгэх хэрэгтэй.

Коронавирусийн хоёр жилийн араас үргэлжилсэн хил гаалийн саатал одоо ч тэдэнд дарамт болж байна. 2021 оны намар захиалсан материалаа хэдхэн долоо хоногийн өмнө хүлээж авчээ. Иймд аливаа ажлаа төлөвлөхөд хүндрэлтэй байгааг онцолж байв. Материалын нөөц бий ч, илүү олон төрлийн бараа татах, захиалах шаардлагатай.

Тэд нэг захиалгаас орж ирсэн орлогоо хоёр тэнцүү хувааж авдаг. Ингээд бараа материал татах болоход хоёр талаасаа зарцуулна. Хоногийн 10-аас ч илүү цагийг энэ ажилдаа зориулна. Яг хүссэн зүйлээ хийж, кайф авч байгаа учраас ядрах, залхах мэдрэмж байхгүй хэмээнэ.

-ИРЭЭДҮЙН АМБИЦ-

Аравдугаар сар хүртэл захиалга дүүрсэн. Тэгсэн мөртлөө хоёулхнаа. Дахиад хүн нэмж ажиллуулахыг, массын үйлдвэрлэл эрхлэхийг зорих болов уу.

-Хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй л байгаа даа?

Б.Т: Мэдээж л дээ. Хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая гэж томоохон компаниудаас санал тавьж л байсан. Ярьж буй зүйл нь ерөөсөө санаанд багтахгүй юм билээ. Юу гэмээр юм дээ, мөнгөний боол болчих юм шиг санагдаад. Тэгээд одоогоор хоёулаа хичээж л байна.

-Санхүүжилт хэрэгтэй байгаа зүйл юу вэ?

Б.Т: Үйлдвэрлэлийн байраа илүү тухтай, том болгомоор байгаа. Бид олон хүн ажиллуулж, масс үйлдвэрлэл эрхэлнэ гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажлын байр бий болгоё гэж бодож байна. Хөдөлмөрийн зах зээлд тэд хүчтэй байр суурь эзэлж чаддаггүй. Яг одоо, энэ үйлдвэрлэлийн байрандаа энэ бодлоо ажил хэрэг болгоё гэхээр тохиромжгүй зүйл цөөнгүй байна. Адаглаад эгц уруу газар луу бууж, хаалгаар орох шаардлагатай болно. Зай, талбай бага. Гүйцэд тохижуулж амжаагүй байгаа гэх мэт.

-Массын үйлдвэрлэлд яагаад хөл тавихгүй гэж. Бүгд л илүү их амжилтыг хүсдэг шүү дээ?

Б.Т: Мэдээж хүмүүс илүү ихийг л хүсдэг байх. “Хаан бүрээс” болмооргүй байна. Бас дуртай зүйлээ хийж байхад их мөнгө хүсээд яах юм бэ. Олноор үйлдвэрлэдэг болохын тулд эхлээд бид хоёр өөрсдийн технологидоо стандартаа бий болгож, тогтоож авмаар байгаа. Ингэчихвэл нэг тогтсон стандартаа бариад, арай илүү бүтээмжтэй ажиллах боломжтой. Сурах, судлах зүйл мундахгүй олон байна. Массаар үйлдвэрлээд эхлэхээр чанар, хийц алдагддаг.

-Бүр алс хэтийн зорилго байгаа юу. Үргэлж суудлын бүрээс үйлдвэрлэх юм уу?

Б.Т: Алс хэтдээ бодсон зүйл цөөнгүй байгаа л даа. Бид хоёр яриад л байгаа юм. Энэ чиглэлээ бүр нэг сайн чанарын стандартаар баталгаажуулж аваад, дараа нь оффисын орчны гоёмсог арьсан сандал, суудал зэргийг хийдэг болъё гэсэн санаа бий.

Ямартай ч бид хоёр энд нүүж ирээд нэг сар л болж байна. Стандартаа баталж, сурах, дадах ёстой зүйлсийнхээ ард гарна. Тэгээд компанийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ дээ.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮР НЬ СЭТГЭЛ ХАНАДАГ “VIBE5809”-

Тэдэнтэй уулзахын өмнө сошиал хуудсаар нь зочлоод, үүний ард хоёрхон залуу ажилладаг гэж төсөөлөөгүй. Хандалт маш өндөр, үйлчүүлсэн хүн бүр эерэг сэтгэгдэл ирүүлсэн сошиал хуудсаас нь тэднийг томоохон арьсан бүрээсний үйлдвэр л гэж харахаар.

Гэвч Б.Тэмүүлэн, Б.Золбаяр нар хүсэл зорилгоороо нэгдэн, энэ бүх чанарын үзүүлэлтийн ард хөдөлмөрлөж байна. Нэг материал захисан ч дунджаар нэг сар гаруйн хугацааны дараа ирэх, тааварлашгүй энэ нөхцөл байдал амаргүй хэвээр л.

“Суудлын бүрээсний яг юу нь та хоёрыг ингэтлээ татдаг байна аа?” гэж асуухаар “Мэдэхгүй ээ, одоо энийг хар л даа. Ингээд харахаар нэг л зэвүүн харагдаад, гоё санагдаад байгаа юм” гээд оёсон суудлын бүрээс рүүгээ заах тэдний тэмүүлэл сайхан. Хувьдаа автомашингүй, зараад эндэх ажлын байрны тохижилт зэрэг чиглэлд зарцуулчихсан тэд битүү захиалгатай, асар ачаалалтай ажилласаар.

Тэднийг арьсан бүрээс хийж эхлэхийн өмнө зах зээлд даавуун бүрээс л зонхилдог байв. Массаар үйлдвэрлэсэн даавуун бүрээсний хийц нэгэн ижил, мөн өрсөлдөөн ихтэй байсан нь анхаарал татаагүй гэдгийг Б.Тэмүүлэн онцолж байв. Тэгээд бараг л цоо шинээр тэдний хэн хэн нь эхэлсэн. Өөрсдөө сурсан. Арьсаар суудлын бүрээс хийдэг технологи, арга барил дотоодод хараахан төгөлдөржөөгүй тэр үеэс.

Өнөөдөр тэд өөрсдийн суралцаж, бий болгосон арга барилаа стандартжуулахаар хичээж байна. Мөн “Мөрөөдөл байхад баян болж яах юм бэ. Массын үйлдвэрлэл хийхээр жижиг сажиг зүйлд сэтгэл дутдаг. Жаахан илүү цаг зарцуулаад ажиллачихсан бол гарахгүй байсан алдаа,  дутагдлууд масс үйлдвэрлэлд ажиглагддаг. Үйлчлүүлэгчээ хүндэлдэг, захиалга бүрд сэтгэлээ дэвсэж ажилладаг” гэж ярих нь тэдний нийгэмдээ бүтээж буй баялаг юм.

“Vibe5809”-ийн үнийн хувьд: "Prius"-ний углаа бүрээс 400-500 мянган төгрөг, харин бусад машинд 2-2.6 сая төгрөгөөр үйлчилгээ үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-29 08:06

Сайн хийдэг газар бололтой

Зочин
Зочин
2022-04-29 08:06

Амжилт з##уустаа

Зочин
Зочин
2022-04-29 08:53

Goy hiideg gazar shuu humuusee amjilt ajild ni

Зочин
Зочин
2022-04-29 09:05

Shine mashin shig l bolgoj bsiinshd

Зочин
Зочин
2022-04-29 10:28

Үнэ дагаж чанар... цаашдын ажилд нь амжилт хүсье

amjilt
amjilt
2022-04-29 14:00

Mundg zaluuchuud bn amjilt

zochin
zochin
2022-04-29 17:21

Nudendee galtai nuurendee tsogtoi ajilsag mundga zaluuchuud baina Eruul menddee anxaarxh sain amarch zuv xoolloj baigaarai Ajild ni amjilt amidrald ni sain saixniig xusie

Erdenebayr
Erdenebayr
2022-04-29 20:28

Mundag mundag. Udahgui 41t hiilgenee. Goy bolguulna

Баярхүү
Баярхүү
2022-04-29 20:29

Дэмжээд очоод уулзанаа

Зочин
Зочин
2022-04-29 23:58

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button