УЛС ТӨР

Төрийн сүлдийг өөрчлөх нь ЗӨВ, БУРУУ: 1960 оны морийг сэргээж, хямралын үед өндөр зардал гаргана

ҮХНӨ-ийн хүрээнд Монгол Улсын төрийн сүлдийг өөрчлөх агуулга хөндөгдөж буй нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна. Тунхаг бичигт "Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж, шинэчлэх" гэж тусгагдаад буй юм.

Одоогийн төрийн сүлдний бэлгэдэл:

Эдүгээ манай улс 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэж буй Төрийн сүлдтэй. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг юм. Төрийн сүлд, туг далбаа, тамга, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлж өгдөгөөрөө онцлогтой.

Хуульд зааснаар Төрийн сүлд нь:

Монгол улсын төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна.

Тайлбар: 1992 оноос хойших Төрийн сүлд

Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.

ТӨРИЙН СҮЛД ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ, БУРУУ

1992 онд баталсан Төрийн сүлдийг дахин өөрчлөх нь зөв эсвэл буруу талаар энэ талд мэргэшсэн, тухайн үед нөлөө бүхий ажиллаж байсан эрхмүүдийн байр суурийг тодрууллаа.

Ж.Гомбожав: Төрийн сүлдийг хууль зөрчин өөрчлөх гэж байна

Ардын Их Хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай 2010 оны хуулинд төрийн бэлэг тэмдгийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Төрийн сүлд төрийн бэлэг тэмдэг болсон таван зүйлийн нэг нь. Тэгэхээр үндсэн хуулийн таван билэг тэмдгээс төрийн сүлдийг өөрчилнө гэхээр би бодохдоо морийг авч хаяад, соёмбо болгох юм болов уу гэж харсан. Соёмбод монголчууд дургүй биш. Гэхдээ морь монгол хүн хоёр бол салшгүй холбоотой. Соёмбо 1686 онд монголд шашны нөлөөгөөр орж ирсэн.  Анхдугаар богд Занабазар Энэтхэгээс үүсэлтэй бичгийг зохиоход соёмбыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гэтэл морь гэдэг чинь монгол хүн дэлхий дээр амьдарсан 8000 жилтэй холбоотой шүү дээ. Тийм учраас гадныхны түлхээс байдаг юмуу, эсвэл гадаадынхны тавиулууд их хурлаар дүүрчхэв үү, морийг л авч хаях нь гэж би хардаад байгаа юм. Тэр байтугай өөрсдөдөө байдаггүй юмыг сүлдээ болгочихсон улс зөндөө л байна. Манай хойд хөрш хоёр толгойтой бүргэдтэй байж л байна. Тэгэхээр миний хувьд төрийн сүлд өөрчлөхад бус хууль зөрчиж үйлдэх гэж байгаад л ач холбогдол өгч байна. Хуулиараа бол шинэ үндсэн хууль гаргаж байж өөрчлөх ёстой.

Н.Чадраабал:  Төрийн сүлдийг ард түмэн саналаар өөрчлөх хэрэгтэй  

Монгол Улсын гавьяат хуульч “Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн

Төрийн сүлд өөрчлөх асуудал нь ард түмэндээ үндсэн хуулийн юуг яаж өөрчлөх талаар сурталчилж, таниулаагүй гишүүд бусдыг нь юу ч ойлгохгүй юм чинь, ганц ч гэсэн мэддэг  зүйлийг нь ярья л санаа.  Төрийн сүлдийг өөрчлөх үү гэхээр монгол хүн юм чинь бүтэн толгойтой хүн, морьтой болох сонирхол байдаг. Тэгээд үүнийг харин өөрчилж болмоор юм гээд харилцан яриа үүсэх нь тэдний сэтгэлд нийцээд байгаа юм. Энд чинь заавал ээлжит бус чуулган хуралдуулж, онц ач холбогдол өгөөд байх зүйл биш шүү дээ. Энэ төрийн сүлд 30 жил ард түмнээр зогсохгүй дэлхийд хүртэл танилцуулсан. Өөрчлөхдөө тулбал дээдсүүдийн эрх ашиг албаны суудлыг нь баталгаажуулах биш ард  түмний эрх ашигт нийцсэн ач холбогдолтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, ийм ийм агуулгаар ингэж дээшлүүлж байна гэсэн саналыг аваад, ард түмэн өөрчилье гэвэл өөрчлөх хэрэгтэй. 30 жил ийм сүлдтэй явсан ард түмэн бүү хэл дэлхийн олон оронд танигдсан билэг тэмдгээ өөрчлөх нэрийдлээр ард түмнийг хошгируулж  цаад үндсэн эрх эшгийг хохироосон, зөвхөн өөрсдийнхөө суудал сандлыг эрх мэдлээ хуваарилсан өөрчлөлт хийж болохгүй. Сүлдийг өөрчилснөөр ач холбогдол байхгүй. Зүгээр хүмүүсийн сэтгэлд арай ойр ойлгогдох юм нь л сүлд байна шүү дээ.


ХӨШИГНИЙ АРД: 1960 оны төрийн сүлдний морины зургийг авч ашиглах хувилбар

УИХ-ын ахмад гишүүд, ҮХНӨ-д оролцож буй ахмадуудын хувьд 1960 оны төрийн сүлдний биет морьтой зургийг дахин хэрэглэх сонирхолтой байгаа аж.  

1960 оны төрийн сүлд нь дээрх зурагт харуулсанчлан "Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдийн магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна" гэж хуульчлагдсан байдаг.

ТӨРИЙН СҮЛД ӨӨРЧЛӨХӨД ЗАРДАЛ АСАР ӨНДӨР ГАРНА

Төрийн сүлдийг өөрчилбөл, дараах зүйлсээ өөрчлөхөд зориулан, улсаас төсөв гаргах шаардлага үүсэх юм. Үүнд,

  1. Төрийн тамганд
  2. Хилийн багананд
  3. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын хайрцаг дээр
  4. УИХ-ын чуулган, ЗГ, ҮАБЗ, ҮХЦ болон Төрийн ордны соёмбот танхим, Ерөнхийлөгчийн өргөө, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ҮХЦ-ийн даргын албан тасалгаанд
  5. ИТХ-ын танхимд,
  6. Бүх шатны шүүхийн шүүх хуралдааны болон иргэдийн төрөлт, гэрлэлтийг бүртгэх танхимд,
  7. Бүх шатны Засаг даргын албан тасалгаанд
  8. УДШ, УЕПГ, Яам, Засгийн газрын агентлаг, ИТХ-ын тэргүүлэгчид, Гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын газрын хаягт,
  9. Төрийн бүх шатны байгууллагын хэвлэмэл хуудаст,
  10. Галт тэрэгний зүтгүүр, суудлын вагоны хажуу талд байрших учиртай.

Манай улс Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Төрийн дууллаа /2006/ засан найруулж байв. Энэ үед Төрийн сүлд өөрчлөх уралдаан зарлаж, маш олон санаа гарч, үүн дээрээ нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй удаатай. Мөнхүү дээрх бүх хэсэгт Төрийн сүлд солигдох нь асар их зардал гарна гэж тооцсноор хойшлуулж байсан түүхтэй.

Улс орны эдийн засгийн байдал хүнд өнөө үед Төрийн сүлдээ өөрчлөх нь Н.Энхбаярын үеэс ч хүнд тусах нь тодорхой юм. Яг хэдий хэмжээний зардал гарах талаар албаныхан ч тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байна.


1991 ОНЫ ПРОТОКОЛ: Хэн хэн ямар байр суурь илэрхийлж байв

1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр Төрийн сүлд өөрчлөх асуудал маш олон маргаан дагуулж байсан. Тухайн үед одоогийн Төрийн сүлдийг ямар агуулгаар дэмжсэн талаарх 1992 оны протоколын зарим хэсгээс хүргэж байна.

273 тойргийн депутат Н.Жанцан: Депутатуудын саналыг зураач Ойдов бол чадан ядан тусгасан

"Монгол улсын үндсэн хуулийн эх сурвалж" боть 12 хуудас 503 /1992 оны 01 сарын 10-ны Улсын бага хурлын протоколоос/

"Бид хэд хоногийн өмнө Ойдовын бүтээл сүлдийг нэлээд хэлэлцсэн. Ер нь сүлдүүдээ хэлэлцээд Ойдовын зохиосон сүлдийг хэд хоногийн өмнө сонгон авч тэгээд депутатууд санал шүүмжлэлээ нэлээд нухацтай хэлсэн гэж бодож байгаа. Ингээд энэ депутатуудын саналыг зураач Ойдов бол чадан ядан тусгасан. Энд таван сумыг олон хүн шүүмжилсэн учраас таван сумыг авсан. Бадамлянхуа цэцгийг өнгөтэй байгааг шүүмжилсэн бол Бадамлянхуй цэцгийг сүүн цагаан өнгөтэй болгосон. Соёмбыг тэг хэлбэрт нь дөхүүлж хийсэн. Мөн байгаль дэлхийгээ хийсэн. Тэгээд энэ сүлдийг хавтгай байна гэдэг шүүмжлэлийг хүлээн авч товойлгож хийх ийм элементүүдийг энд тусгасан байгаа".

52 дугаар тойргийн депутат Э.Бат-Үүл: Ойдов зураачийн төслийг үнэхээр хүлээн авч чадахгүй байгаа

"Би үнэхээр Ойдов зураачийн төслийг үнэхээр хүлээж авч чадахгүй байгаа. Тэгэхдээ би бойкот хийж байгаа депутатуудаас хүсэх юм байна. Үнэхээр цаашаа явмаар байна. Саналаа өгье. Тэгэхдээ би татгалзсан дээр л өгч байгаа. Бойкот хийхгүй байгаа шүү дээ. Хоёр, гурван удаа баталсан гэж би ойлгоод байсан. Тэгээд цөөнх үгээ хэлээд байсан, тэгээд явж өгсөнгүй шүү дээ.

/ "Монгол улсын үндсэн хуулийн эх сурвалж" боть 12 нүүр 509 Улсын бага хурлын протокол 1992.01.10 /

22 дугаар тойргийн депутат Л.Дашням: Дарга яагаад энийг сайжруулаад баталчихья гээд байгааг ойлгохгүй байна

Энэ баталсан юмныхаа тайлбар бол туган дээр ч, сүлдэн дээр ч үнэндээ ядуу байна. Үнэндээ их ядуу тийм тайлбар байна. Ажиллах ёстой байх нэгдүгээрт. Хоёрдугаарт гэвэл тайлбар дээр бүх оролцож байгаа депутатууд өөрийнхөө оюун ухааныг яаж тайлбарлах вэ? Хэрэв баталж байгаа юмбол, хэрэв бэлэг дэмбэрэлтэй гэж бодож байгаа юм бол. Хэрэв үнэ цэнтэй юм гэж бодож байгаа юм бол тэрийгээ илэрхийлсэн үгээ хэлэх ёстой. Тэр бүгдээс тайлбар гарах ёстой байх гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн энийг эцсийн биш байх гэж бодож байна. Дарга яагаад энийг бол ерөөсөө сайжруулья тэгээд баталчихья гэдэг энэ ямар зарчим гаргаж ирээд байгаа юм бэ? Тэрийг би хувь депутатын хувьд ерөөсөө ойлгохгүй байна.

/ "Монгол улсын үндсэн хуулийн эх сурвалж" боть 12 нүүр 534-535 Улсын бага хурлын протокол 1992.01.10 /

1992 оны 01 сарын 10-ны өдөр Төрийн сүлдний тайлбарыг 271 депутатын зөвшөөрсөн саналаар батлав

Г.Зуунай: Би хэд хэдэн бичигдсэн далбаануудад тааруулж, тодорхойлолт хийсэн л дээ, тэгэхээр энэ сүлдэн дээр ийм 2 өгүүлбэр байгаа, энийг би унших юм байжээ. Төрийн сүлд нь цагаан өнгийн бадамлянхуа, цэцгэн суурьтай, түмэн наст хээгээр хөвөөлсөн хөх цэнхэр тойрог дотор монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, цог хийморийг илтгэх жигүүрт хүлэг, эрдэнийн соёмбыг хослуулан алтлаг өнгөөр зурсан байна. Тойргийн оройн хэсэгт улаан, ногоон, хөх өнгийн чандмань эрдэнийг, суурийн хэсэгт эх газрыг ногоон өнгийн үүлэн хээгээр төлөөлүүлэн зурж, мөнх орших бэлгэдэл хоролыг хадгаар ороож дүрсэлсэн байна.

Ж.Уртнасан: Сүлдний тайлбарыг зарчмын хувьд баталья. 251 депутат буюу 78 % нь зөвшөөрч байна, 50 хүн татгалзаж, 19 хүн түдгэлзэж байна. 320 депутат санал өглөө.

/ "Монгол улсын үндсэн хуулийн эх сурвалж" боть 12 нүүр 520 Улсын бага хурлын протокол 1992.01.10 /

1992 онд төрийн сүлдийг өөрчлөхдөө тайлбарыг батлах замаар өөрчилсөн нь хурлын протоколоос харагдана. 520 хуудаст баталж байгаа хэдий ч цааш 540 хуудас хүртэл гишүүд тайлбарыг нь батлах учир дутагдалтай зэргээр санал бодлоо хэлсээр байжээ.

Г.Занданшатар: 1992 онд соёмбо, сүлд гэж зөрөлдөн санал хуваагдаж уг асуудал Ардын Их хурал дээр гацсан

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар нэгэн уулзалтын үеэр "1992 оны Үндсэн хууль батлагдахад төрийн сүлдийг шинэчлэх асуудлаар депутатууд санал хуваагдсан. Тухайн үед соёмбыг сүлд болгоё гэсэн санал яригдаж байсан. Гэтэл хөдөөгийн депутатууд буюу малчдын төлөөлөл “Заавал морь байх ёстой. Морио дээдэлдэг ард түмэн. Тэгэхээр 1960 оны сүлдээ хэвээр ашиглах ёстой" гэсэн. Ингээд соёмбо, сүлд гэж зөрөлдөн санал хуваагдаж уг асуудал Ардын Их хурал дээр гацсан. Тэр үед "Сүлд боловсруулах ажлын хэсгийг" Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жанцан, Зуунаа нар ахалж байсан. Ингээд санал хуваагдсан үеэр Ю.Цэдэнбал даргын 1981 он буюу Ардын хувьсгалын 60 жилийн ой, НҮБ-т элссэний 20 жилийн ойд зориулж, Англид хэвлүүлсэн сэтгүүлд морь, соёмбо хоёрыг хоёуланг нь оруулсан бэлгэдэл дүрс байгааг олж харсан. Ингэхдээ энэ дүрс нь эрх чөлөөт Монгол Улсыг бэлгэдсэн байсан гэдэг.

Ингээд "Энэ чинь маргаан дагуулсан хоёр дүрсийг хоёуланг нь оруулсан хамгийн шилдэг хийсвэр бэлгэдлийн морь байна шүү дээ. Үүнийг ашиглаад хийе" гэсэн санал гаргаад хэлэлцүүлж дэмжүүлсэн. Тэр үед хуучинсаг гэх юм уу өв уламжлалаа илүүд үзсэн консерватив хандлагаар "Заавал морь байх ёстой" гэсэн. Социалист реалист хандлага юм. Харин орчин үеийн урлаг илүү абстракт, модернист бэлгэдлийн морь байж болно. Тухайлбал, Оросын сүлд бол гурван толгойтой бүргэдийг дүрсэлдэг. Дэлхий дээр гурван толгойтой бүргэд гэж байхгүй. Утга санаа нь гурван эрх мэдлийг илэрхийлдэг. Ака бууг эрх чөлөөний бэлгэдэл гэж үздэг учраас төрийн сүлдэндээ залсан Африкийн улс ч байна. Энэ бүхэн үндэсний онцлог шинжтэйгээ уялддаг.

Тиймээс хуучин сүлдээ ашиглаж соёмбоо авъя гэсэн хувилбар харагдаж байна.

Одоогийн сүлд буюу эрх чөлөөт Монгол улсыг бэлгэдэж зурсан нь илүү модернист хандлагатай. Манай далавчтай морь нь ардчилал, эрх чөлөөг бэлгэдэж Монгол улс тусгаар тогтнолоо олсныг илэрхийлдэг. Харин соёмбо бол хүн шүү дээ. Гэхдээ эзэнгүй морь гэж харагддаг. Соёмбо нь өөрөө завилж суусан хүн юм. Зардлыг тооцоолж үзээд ард иргэдийн саналыг сонсож шийдвэрлэнэ" хэмээн ярьсан байна.


ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Төрийн сүлд өөрчлөхийг дэмжиж байгаа юу

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монгол улс 30 жил төрийн бэлгэ тэмдгээр хэрэглэж ирсэн одоогийн энэ төрийн сүлдийг ҮХНӨ-ийн хүрээнд Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчилнэ хэмээн тусгаад байна. Хуульчид шинэчилж болно, ингэхдээ хуулийн хүрээнд л хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол иргэд бол дэмжсэн, татгалзсан янз бүрийн байр суурьтай байна. Төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжээд буй энэ цагт Төрийн сүлдийг шинэчилснээр асар их зардал гарах дүр зураг харагдаж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 08:24

Байгааа юмыг байгааагааар нь байлгав#### яааадийн оролдвол бүр л эвдрэхийн шинж шдээ

Зочин
Зочин
2022-06-28 08:24

Huuuchnaaar ni bailgasan deeeereeee

Зочин
Зочин
2022-06-28 08:25

Шинэчлэх билэг тэмдэг нь ямар утга агуулахааас л ш####тга####на даа

Зочин
Зочин
2022-06-28 08:33

Ард нийтийн сана асуулга явуулах хэрэгтэй...МАН ын хэдэн хөгшчүүл өөрчилдөггүй ю м.

Зочин
Зочин
2022-06-28 08:53

Ххучнаао болгоео хичнээн гое байсныг яах гэж сольстйн

Хэн
Хэн
2022-06-28 09:30

Зүгээр л юмыг хэвээр нь байлгаач дээ. яах гэсийн нүдэнд тогтож арай гэж амжиж байхад дахиад солино гээд байхын

Иргэн
Иргэн
2022-06-28 09:38

Өөрчлөх цаг нь болоогүй бна ш дээ

Зочин
Зочин
2022-06-28 09:58

Сүлдээ өөрчлөх хэрэг байна уу дөө

иргэн
иргэн
2022-06-28 10:13

МОДОН МОРЬТОЙ ХОЛ ЯВАХГҮЙ. ТЭР ТУСМАА ХУДАЛ ХООСОН ЭЛДЭВ БЭЛЭГДЭЛ МЭЛЭГДЭЛ ЯРЬДАГ ХҮМҮҮС.

ИРГЭН
ИРГЭН
2022-06-28 10:19

Өөрчлөх нь зөв Гэхдээ ард иргэдээс шинэ сүлдний зохиомжийн сан#### авах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-06-28 10:33

МОРЬНЫХОО ГЭДСЭНД СОЁМБОО ХИЙСЭН СҮЛДИЙГ БАТЛАХ НЬ БУРУУ БАЙСАН .. УИХ ТЭР БАЙТГУАЙ ХУУЛЬ БАТАЛЖ ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙГАА БИЗДЭЭ .УЛСЫН МААНЬ СҮР СҮЛД ХИЙМОР СҮЛДЭНДЭЭ БАЙДАГ ГЭДГИЙГ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ БИДЭНД ЗАХЬСАН ХЭЛЖ ҮЛДЭЭСЭН НБАЙ Ь БИЙ

Зочин
Зочин
2022-06-28 11:21

Их л зард#### гарах байхдаа, уг нь хуучин нь их гоё санагддаг.

Гуталт муур
Гуталт муур
2022-06-28 14:44

Дэмий цагт дэмий л юм хийх юм даа

Зочин
Зочин
2022-06-28 16:15

Энэ бол зүгээр л МАН ын луйварчдын зохиол иргэдийг иймэрхүү зүйл дээр хошгируулаж байгаад ар хударгаар нь

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x