Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Яс чанар сайтай Дэлгэрцогтын цагаан ЭСГИЙ

Эсгийг үйлдвэрийн аргаар хийдэг хүмүүс бүтээгдэхүүнээ "Уламжлалт аргыг илүү боловсронгуй болгож" гэж тодотгодог ч яг уламжлалт аргаар хийсэн эсгийнээсээ чанарын хувьд дутмаг байдаг. Эсгий хийх уламжлалт аргаа дагаад эсгийний соёл ч яригддаг. Нэг ёсондоо манай үндэстний нэг дархлаа, ялгарал мөн юм. Тиймээс уншигч та энэ удаагийн сурвалжлагаас технологиос гадна монгол уламжлал, ёс заншлыг унших болно

Монголчууд айл гэр болох нь төр ёсны их үйл хэмээн бэлгэддэг. Тиймээс эсгий хийх нь төрийн эд хийж буй учраас билэг ерөөл дүүрэн ёсоор ханддаг заншилтай. Тэгвэл яг энэ уламжлалыг хадгалж, яс чанар сайтай “шүд” шиг цагаан эсгий үйлдвэрлэгч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Ширээс”- хоршоог энэ удаагийн үйлдвэрлэгч буландаа онцолж байна. Уг үйлдвэрийн эсгий сумандаа төдийгүй аймаг орон нутагтаа алдартай бөгөөд захиалга нь тэр даруйдаа дүүрдгийг онцлох нь зүйтэй.

• Брэндийн нэр: Дэлгэрцогтын цагаан эсгий

• Үүсгэн байгуулагч: С.Жаргалсайхан

• Үүсгэн байгуулсан он: 2004 он

• Холбогдох утасны дугаар: 99739932

-ЭСГИЙ ХИЙХЭД ЭМ ХОНИНЫ НООСЫГ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ-

Эсгий хийх соёл хийгээд, уламжлалаа алдахгүйн тулд “Ширээс” хоршоо эрт дээр үеэс өв залгамжлагдсан жаягийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг.

Тодруулбал өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэнэ. Үүнд, тухайн жилийн зун хяргасан эр хонь /ахрын ноос/, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахрын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноос хамаарна. Эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. 2 метр өргөнтэй, 5-6 метр урттай эсгийнд ойролцоогоор 25-30 кг ноос ордог. Эсгий хийх арга ажиллагаа 3 үе шаттай явагддаг бөгөөд эхлээд ноосоо зулна, дараа нь услаад эсгийгээ татах буюу чирч нягтруулдаг /дээр үед азарга, тэмээгээр чирдэг байв/.

Харин одоо зориулалтын тоног төхөөрөмж болон гар хийцийн механик хэрэгслээр ажлаа нугалдаг болов. “Ширээс”- хоршооны үйлдвэртээ ашигладаг машин зарчмын хувьд морь тэмээгээр татсанаас ялгаагүй технологитой. Харин цаг хугацааг хэмнэх хийгээд хүч хөдөлмөрийг хөнгөвчилдгөөрөө онцлог давуу талтай. Эсгийний усалгаанд зөвхөн худгийн усыг хэрэглэнэ.

Нуурын ус нь эсгийг шарлуулдаг учраас хэрэглэдэггүй.

Ингээд тус үйлдвэрийн үүсгэн байгуулагч С.Жаргалсайхантай үйлдвэрлэлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

-Уламжлалт аргаар эсгий үйлдвэрлэдэг гэж сонссон. Үйлдвэрийн эсгийнээс давуу тал, онцлог нь юу вэ?

-Эрт дээр үед мориор /говьд тэмээгээр/ эсгийгээ татдаг байв. Харин манайх яг тэр үйл явцыг алдагдуулахгүйгээр үйлдвэрийн аргад шилжүүлж байгаа юм. Нэг талаараа цаг хугацаа, хүн хүчний асуудлыг шийдэж байна гэсэн үг. Үйлдвэрийн эсгийнээс нягтрал илүү, барьцалдмал чанараараа илүү , өнгө цагаан, өргөн хэмжээтэй байдаг. Урт нь зургаан метр, өргөн нь яг л гараар хийсэн эсгийтэй адил хоёр метрийн урттай болдог гэсэн үг.

-Нэг эсгийг үйлдвэрлэхэд хэдий хэрийн хугацаа шаарддаг вэ?

-Машинд оруулсан хугацаа бол хоёр цаг 10 минут орчим болдог. Харин түүнээс өмнө бэлтгэл ажлууд нь их цаг хугацаа авна. Ахрын ноосоо өнгө өнгөөр нь ялгах, сэмлэх, зулах гэх мэт ажилд багагүй цаг хугацааг зарцуулдаг.

-Ноосоо боловсруулахдаа гар аргаар саваадаж байна уу. Аль эсвэл машинаар сэмлэж байна уу?

-Сэмлэх машинаар сэмлэдэг. Боож нягтруулсны дараа 24 цагийн дараа ноосоо задалж зулах болон эсгий хийхэд бэлэн болгодог гэж ойлгож болно.

-СУМЫНХАА 4-5 АЙЛ ӨРХИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАДАГ-

-Суманд үйлдвэр эрхэлж байгаа нь анхаарал татаж байна. Зарим суманд үйлдвэр байхгүйгээс болж олон иргэд ажилгүй байх тохиолдол байдаг. Танайх хэдэн айл өрхийг ажлын байраар хангаж байна?

-Манайх эд ажлын үедээ 4-5 айл өрхийг ажлын байраар хангадаг. Цалингаа цаг тухайд нь олгож, урамшуулсаар өдийг хүрлээ. Анх 2004 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэглэгчдэд нэр хүндээ алдаагүй яваагийн гол утга учир нь манай хамт олны дэм тус гэж би ойлгодог.

-Үйлдвэрлэлийн хүчин чадал болон жилд дунджаар хэдэн эсгий үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг вэ?

-100 гаран ширхэг эсгий үйлдвэрлэдэг. Ерөнхийдөө 600 гаруй метр эсгий болдог. Эсгийний зузаан зургаан см орчим зулаад 1.5 см зузаантай болж гарч ирдэг.

-ӨВӨЛ ХИЙСЭН ЭСГИЙ ТҮҮХИЙРДЭГ-

-Уламжлалаа авч үзвэл зөвхөн зундаа эсгий хийдэг. Тэгэхээр танайх жилийн дөрвөн улирал үйлдвэрлэл явуулж байна уу. Аль эсвэл бусад үйлдвэрийн адил жилийн дөрвөн улиралд зүтгэдэг үү?

-Зундаа л хийдэг. Ноосны зунгаг халуунд илүү задардаг юм л даа. Нягтардаг ч гэж хэлж болох байх. Уламжлал нь тэр байхгүй юу. Одоо зарим үйлдвэрүүд зунгагаа угааж эсгийгээ хийж байгаа нь нимгэн, зарим газраа гэрэлтдэг, сийрэг болгодог байж магадгүй гэж би бодоод байгаа юм. Өвөл сэрүүн орохоор хийсэн эсгий түүхийрч, болцгүй болдог учиртай.

-Үйлдвэрийн аргаар эсгий хийвэл илүү их орлого олж, жилийн дөрвөн улиралд эргэлдүүлэх боломжтой биш гэж үү?

-Мэдээж тийм. Гэхдээ хамгийн гол зүйл нь эрт дээр үеэс уламжилж ирсэн арга технологийг цааш цаашдаа мартуулахгүй байх нь хамгийн гол эрхэм зорилго шүү дээ. Тэртээ тэргүй өөр өөрийн арга техник, хүчин чадалтай үйлдвэр байхад бид тэдэнтэй өрсөлдөхийн тулд илүү чанартай, гол нь уламжлалт арга технологио үеийн үед мартуулахгүй байх нь чухал. Эхний үйл ажиллагаанууд ялгаагүй л дээ. Ганц өөр зүйл нь манайх гурван барваны голд цохиж эсгийгээ боловсруулдаг. Тэр нь морь тэмээгээр татсанаас ялгаагүй гэсэн үг. Харин үйлдвэрүүд том торхон барван дотор боосон эсгийгээ 5-6 ширхгийг хийдэг. Тус торх нь ганцхан тийш эргэдэг. Ингэхээр эсгийнүүд бие, биеэ нүдэж зарим газраа нимгэн болдог талтай. Харин манайх жигд хатуу болдгоороо л олны анхаарлыг татаад байгаа юм.

-Танай үйлдвэрээс эсгий худалдаж авсан иргэдийн сэтгэл ханамж хэр өндөр байдаг вэ. Эсгийний нас гэж бас байдаг шүү дээ?

-Эсгийний насыг тэд, эдэн жил гэж мэдэхгүй байна. Харин хэрэглэгчдийн хувьд танайхаас авсан эсгий урагдсан, цоорсон гэсэн гомдлыг 18 жил ажиллахдаа сонсож байгаагүй. Захиалга өндөртэй, олдохгүй байсаар дуусдаг гэдгийг нутгийн иргэд хэлж чадна. Манай сумын иргэдээс гадна өөр орон нутгаас ч захиалга их ирдэг.

-ТУС ҮЙЛДВЭРИЙН ЭСГИЙ НЭГ МЕТР НЬ 35 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

-Нэг эсгийг хэдэн төгрөгөөр худалдаалдаг вэ?

- Нэг метр эсгийг 35 мянган төгрөгөөр худалдаалдаг.

-Эсгий хийх үйл явцыг дагаад асар том соёл яригддаг шүү дээ?

-Дээхэн үедээ эсгий хийхдээ багахан хэмжээний наадам зохиодог байж. Бид тийм хэмжээнд хийдэггүй. Гэхдээ долоон сарын эхээр эсгий хийж эхлэхдээ ёс журам, соёлыг алдуулахгүйн тулд тодорхой хэмжээнд цайлцгаадаг. Лам урьж ирэн сан тавиулна. Харин хийлгэж байгаа зарим иргэд маань ёслол төгөлдөр байлгахын тулд мах чанаж, айраг цагаагаа бэлдэж ирдэг тохиолдол байгаа.

-Танд үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилго байгаа юу. Үйлдвэрлэл явуулахад тулгамддаг ямар асуудал байна?

-Манай сум цөөн хүн амтай учраас хүн, хүчний асуудал үүсэх гээд байдаг талтай. Бусдаар хүнд байдалд орсон зүйл одоогоор байхгүй. Үйлдвэрээ өргөжүүлэх тал дээр бодол байгаа. Одоо мөн л уламжлалт арга, технологио хадгалсан арьс шир боловсруулахаар оролдлого хийж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-13 12:48

Сайн байна уу? Энэ эсгийг худ�##�даж авб�##� ямар хүмүүстэй холбоо барих вэ? Утасны дугаарыг нь явуулаач

Zochin
Zochin
2022-08-14 21:33
Reply to  Зочин

99739932 гээд утас нь байна уншиж байгаа юум бол сайн тогтож анзаарагатай байгаач

зочин
зочин
2022-09-01 09:01

Дээр үед березент гялгар цаас байхгүй байхад дан цагаан эсгийн дээвэр туургатай гэрт борооны ус гоождоггүй байсан. Энд технологиор эсгийгээ хийвэл улам их амжилт олно доо Жарг�##�сайхан аа Амжилт хүсъе

Зочин
Зочин
2022-09-05 11:56

Сайхан ярилцлага болжэээ. Эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-09-05 11:57

Эгүүр дандааа хувь үйлдвэрлэгчидийг дэмжиж тэднийгэээ онцолж гаргадагт үнэхээр баярладаг шүү. Байгааа байгаа боломжоороо нэгэндэээ тус�##�на гэдэг үнэхээр сайхан хэрэг шүү

Зочин
Зочин
2022-09-05 12:08

Чин сэтгэлээсээ ямар ч ажлыг хийх нь ийм гайхамшигтай

Зочин
Зочин
2022-09-05 12:08

Гайх�##�тай юмааа таньд эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-09-05 12:09

Эднийх үнэхээр чанартай хөөрхөн шүү

Зочин
Зочин
2022-09-05 12:09

Байнгийн хөдөлмөрлөж сэтгэл зориулж байдаг гайх�##�тай хүндэээ манай ах

Иргэн
Иргэн
2022-09-06 09:58

Эсгий эерэг энерги сайн шингээдэг тул эмчилгээний чанартай гэж байгаа. Нуруу өвдөг өвддөг хүмүүс эсгийгээр орооход өвчин илаарших магадл�##� байгаа гэсэн шүү Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button