УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Таван компанийг тендерийн "Хар жагсаалт"-д оруулсан

Төрийн ордонд өнөөдөр /2022.08.23/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаж байна. Хуралдаанаар Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр Баян-Өлгий УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асуулаа.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: “Худалдан авалт гэдэг бол олон жил бугшсан асуудал. Ямарсайндаа тендерийг яам зарлахаа болиод, тендерийн  худалдан авах агентлаг руу бүрэн шилжүүлсэн. Тэгсэн ч ахиц дэвшлүүд гарахгүй  байна. Тендер авч мэргэшсэн, цүнхний компаниуд олон байдаг. Сүхбаатар, Баян-Өлгий аймагт хийж буй бүтээн байгуулалтаа сэглээд хаячихдаг компаниуд бий. Бид таван компанийг "Хар жагсаалт"-д оруулсан. Энэ таван компани цаашдаа боловсролын салбарын тендерт оруулахгүй гэсэн үг.

Баян-Өлгий аймаг бол их хүнд юм билээ. Хатуухан хэлэхэд, ИТХ-д байгаа хэдэн нөхөр  л тендер хувааж авдаг юм билээ. Цаашдаа Баян-Өлгийд ийм асуудал үүсэхийг зогсоох ганц арга бол тендерийг нь  худалдан авах агентлаг дээр зарлах.”

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт: “Баян-Өлгий аймагт 2022 онд хэрэгжиж байгаа төсвийн хуульд туссан 26 төсөл арга хэмжээ байна. Үүнээс 18 нь шилжих, найм нь шинээр эхлэх төсөл арга хэмжээ юм. Мөн хуульд тусаагүй өмнөх онуудад хэрэгжиж байсан, тодорхой асуудалтай гурван төсөл арга хэмжээ байна. Эдгээр 29 төсөл арга хэмжээний 21 нь 2020 оноос хойших. Үүний төсөвт өртөг нь 64.1 тэрбум. Эдгээр компаниуд материалын  үнийн өсөлт тооцоолоод ирэх онд нэмж 20.8 тэрбумыг тусгуулах шаардлагатайг тогтоосон.

Харин үлдсэн найман төсөл арга хэмжээ нь 2020 оноос өмнө хэрэгжсэн. Энэ найман төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй компаниуд мөн үнийн өсөлтийг тооцоолоод ирэх онд нэмж 1.5 тэрбумыг тусгуулах асуудал яригдаж байгаа. Энэ найман төсөл арга хэмжээнээс дөрөв  нь  ашиглалтад орсон. Ашиглалтад ороогүй дөрвөн төсөл арга хэмжээний хувьд

  • Цэнгэл сумын 360 хүүхдийн суудалтай бага сургууль  36 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч компани нь “Ган барс”.
  • Цэнгэл сумын дотуур байр 100 хувийн гүйцэтгэлтэй. Үнийн өсөлт яригдаж байна.
  • Өлгий сумын 640 суудалтай сургуулийн барилга 43 хувийн гүйцэтгэлтэй.
  • Өлгий сумын 250 хүүхдийн ортой цэцэрлэг 2019 онд хэрэгжсэн боловч 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч нь “Мурап” компани.

Эдгээр компаниудад барилгын ажлыг дуусгах хяналтыг холбогдох байгууллагуудаас хийж байгаа. 2023 онд санхүүжих, үнийн өсөлт тооцох ийм асуудлууд байна. 2020 оноос өмнө хэрэгжсэн 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээг 100 хувь хэрэгжүүлэх зарчим барьж байгаа.

Компаниуд гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тохиолдолд  БШУЯ-наас  Сангийн яам руу "Хар жагсаалт"-д оруулах хүсэлтийг явуулдаг. 2020, 2021 онд хоёр удаа хүсэлт явуулсан. Компаниуд ковидын үед материалын үнийн өсөлтийн зөрүүгээс шалтгаалж, ажил гүйцэтгэх явцад нөлөөлсөн. Хөл хорио тогтоосны улмаас ажил хийгдэж чадаагүй гэдэг нийтлэг шалтгаанууд байгаа учраас шууд "Хар жагсаалт"-д оруулахад хүндрэлтэй. Гэхдээ 2022 оны гүйцэтгэл дээрээ шаардлагаа тавиад, үнийн өсөлттэй холбоотой  асуудлыг УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг хангуулна.”

Харин үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аубакир санал хэллээ.

Тэрбээр “Ирэх оны улсын төсөвт Баян-Өлгий аймагт нэг ч сургууль, цэцэрлэг шинээр  барих хүсэлт миний зүгээс оруулахгүй. Улсын 60 гаруй тэрбум төгрөг зарцчихсан байгаа юм байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-23 18:40

казакууд үнэн бүтэхгүй хүмүүс шүү үр хүүхдээ сургах гэж багйж идээд байхдаа яахав дээ тендерийг монгол хүмүүс өг

Холбоотой мэдээ

Back to top button