Нийгэм ярилцлагаЯрилцлага

Р.Анхням: "Дасгалжуулагч” бол “Ингэж хийвэл хүмүүс сонирхож үзэх байх” гэж хийсэн кино биш

Өчигдөр 2022.11.25/ нээлтээ хийх “Дасгалжуулагч” УСК-д дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямын ярилцлага дөрөв хоногийн өмнө манай сайтад нийтлэгдсэн билээ. Кино нээлтээ хийсэнтэй холбогдуулан түүний ярилцлагыг дахин хүргэж байна.

Энэ бол хүн хүндээ өгдөг итгэлийн тухай кино

-“Дасгалжуулагч”-ийн зохиолыг уншаад юу нь таны сэтгэлийг татсан бэ. Хувь жүжигчнийхээ чансааны хувьд сонголтоо тодорхой өндөр дүүжлүүр шаардлагад нийцүүлдэг болов уу гэж бодож байна л даа. Ажиллахаар шийдсэн шалтгаан тань?

-Энэ кино заавал байх ёстой. Энэ киног хүмүүст заавал үзүүлэх ёстой гэсэн шалтгаан. “Дасгалжуулагч” бол “Ингэж хийвэл хүмүүс сонирхож үзэх байх” гэж хийсэн кино биш. Уран бүтээлчдийн хувьд ч маш их зориг шаардсан. Кино хийхэд багагүй хөрөнгө, мөнгө зардаг. Хүмүүст тохируулж биш, “Хүмүүс заавал үзэх ёстой, үзүүлэх ёстой” гэж хийнэ гэдэг асар их эрсдэл дагуулна. Бид бүгд өндөр эрсдэл үүрч энэ төсөл рүү орсон. Би энэ талаас нь харж, хэрэв миний чадал хүрдэг бол, энэ кинонд заавал дүр бүтээх ёстой гэж бодсон.

-Сэдэв, агуулгын хувьд?

-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухай гэж бодоод байгаа юм. Үүнээс илүү, хүн хүндээ өгдөг итгэлийн тухай, сэтгэлийн тэнхээний тухай кино. Хүн бүр адилгүй, өөр өөр. Нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, нэг нэгэндээ итгэл найдвар өгөх нь амьдралын гэрэл гэгээтэй тал.

Өмнө нь хөлөө алдсан нэг ахтай ярилцаж байлаа. Тэр “Та нар кино хийхээрээ хөлгүй хүнийг хөлтэй болгох гээд тэмцээд байдаг. Хөлтэй болчихвол тэр хүн сайхан амьдрах юм шиг. Тэгвэл ихэнх хүн хөлтэй шүү дээ. Тэд яагаад бүгд сайхан амьдрахгүй байгаа юм” гэсэн. Манай кино ийм утгатай. Энэ нь сэтгэл татсан.

-“Ийм кино байх ёстой” гэж хувь уран бүтээлч итгэл үнэмшлээрээ шатаж ажиллах тэр шалтгаан юунаас төрдөг юм бол?

-Тэгж хийсэн кино урт удаан настай байдаг. Хүмүүсийн сэтгэлд үлддэг. “Байх ёстой” гэж хийж байгаа учраас. Дурсагдаад, амьдраад л байдаг. Ер нь уран бүтээлийн гайхамшиг нь тэр шүү дээ. Маш урт хугацааг дамжин, амьд байсаар байна гэдэг уран бүтээлийн гайхамшигтай шинж чанар.

-Тэгвэл найруулагчийн саналыг анх хэрхэн хүлээж авав?

-Би Э.Ган-Очир найруулагчийг 2012 оноос хойш мэднэ. Баримтат кинон дээр ажиллаж байхаас нь мэдэх юм. Тухайн үед би судалгаа хийж яваад, түүнтэй уулзаж, танилцаж байлаа. Уг уран бүтээлчийнхээ хувьд надад таалагддаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй найруулагч. Өмнө нь “Дурсаж яваарай” гэж кино хийсэн, түүнийг нь үзээд надад их таалагдаж байсан. Энэ кино ч Э.Ган-Очирыг ил тод илэрхийлсэн. Ямар нэг юмыг даган дуурайдаггүй хүн л дээ. Бас маш их уншдаг найруулагч.

-Зохиол анх артхаус талдаа байсан ч явц дунд нэлээд арилжааны шинжтэй болгож өөрчилсөн гэсэн л дээ. Энэ өөрчлөлтүүдэд таны үзэл бодол хэрхэн нөлөөлж байсан бэ?

-Надаас биш найруулагчаас л асуувал зохих асуулт бололтой. Харин би дүрийнхээ тухайд санал бодлоо нээлттэй ярилцаж явсан. Найруулагчийн бодчихсон байгаа санаан дээр жүжигчин нөлөөлж, зохиолыг өөрчилж ер болохгүй. Харин дүрийн санааг өөрчлөх боломжтой. Санал бодлоо зөвшилцөж болно. “Би хүүтэйгээ ингэж яримаар байна”, “Би хүүгээ энд нь орхимоор байна” гэх мэт.

Зураг авалтын үеэр найруулагч бид хоёр байнга л зохиолынхоо талаар ярилцдаг байсан. “Би тоглоё” гэсэн цагаасаа л өдөр болгон шахуу найруулагчтайгаа киноны тухай ярилцсан байх. Надад гэхдээ киног арилжааны, арилжааны бус гэж ялгах нь сонин санагддаг. Адилхан л уран бүтээл. Хэрэв уран бүтээл сайн бол арилжааны ч бай, үгүй ч бай урт удаан амьдрах л болно.

Карьераа “доош буулгасан” гэж огт хэлэхгүй

-“Дасгалжуулагч” дээр ажилласнаар хувь хүндээ шинээр нээсэн зүйл бий юу?

-Ер нь ямар ч зохиол дээр ажилласан, жүжигчин хүн шинэ ухаарал авч үлддэг. Би “Дасгалжуулагч” дээр ажиллаад, хүүхдүүдээ дэндүү эрхлүүлдэг юм байна даа гэж бодсон. Бие дааж шийдвэр гаргах, хөлөө олж амьдрах явцад нь тус биш ус болдог ч байж магадгүй юм байна гэж. Хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд маань том өөрчлөлт орсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж гэхээр л үргэлж санаа тавиад, хормой хотоос нь зуурч явдаг гэж ойлгодог. Үгүй шүү дээ. Амьдрал дээр ийм ээжээс бүх характер гарна. Ер нь нялцганаад байх тусам хүүхдийг улам л амьдрах чадваргүй болгодог. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг тэр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өсгөж байгаа ээж хэд дахин илүү ухаан, сэтгэлийн тэнхээ зардаг.

Ярьдаггүй, сонсдоггүй хүүхэдтэй нэгэн ээжийг би мэднэ л дээ. Миний хөндлөнгийн төсөөллөөр бол, үргэлж хүүгээ хөтлөөд явж байдаг болов уу, хүмүүсээс өмгөөлж хамгаалж явдаг болов уу гэж бодсон. Гэтэл тэр ээж хүүхдүүдтэй тогло гээд гадаа гаргачихдаг байсан. Одоо тэр хүү ярьдаг болчихсон, тодорхой хэмжээнд сонсдог болсон. Биеэ даагаад, эхнэр хүүхэдтэй болчихсон, сайхан амьдарч байгаа.

-Ер нь таны илүү сэтгэл дүүрэн яваа нь “Дасгалжуулагч”-ийн хийц үү, агуулга уу?

-Агуулга нь.

-Хийцийн тухайд?

-Хийцийн тухайд найруулагчийн бодол, үзэгчдийн сэтгэгдэл илүү голлох учиртай.

-Би ингэж асуумаар байна л даа. Эхний асуултдаа таныг ажиллах бүтээлдээ өндөр шаардлага тавьдаг болов уу гэж боддог талаараа дурдсан. Хэдийгээр “Дасгалжуулагч”-ийн агуулга өргөн ч, нэг тийм нэр хүндтэй бус төсөл рүү яагаад өөрийнхөө карьерыг “доош буулгаж” орсон юм бэ?

-Хүн ер нь шууд дээрээс эхэлдэггүй шүү дээ. Би өөрийгөө ямар нэг байдлаар дээр гарсан гэж үзээд, дээрээс доош чиглэсэн хандлага гаргадаг хүн биш. Уран бүтээлд ч, энгийн харилцаанд ч. Миний бодлоор, Э.Ган-очир найруулагчийн хаа хүрэх нь тодорхой байгаа. Ийм учраас хамтарсан, цаашид ч хамтарна. Миний уран бүтээл хувийн үзэл бодолтой минь их уялддаг л даа. Би өөрийнхөө үзэл бодолд үнэнч байхыг их хичээдэг. Би тэр найруулагчийг хаана очихыг мэдэж буй байгаа учраас хамтарсан, энэ үүднээс карьераа “доош буулгасан” гэж огт хэлэхгүй.

-Уучлаарай, энэ асуулт киног доогуур үнэлсэн хэрэг биш юм шүү.  

-Ойлгож байна аа. Киног доогуур үнэлж буй хэрэг биш байх. Уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгсөн гэхээс илүү хувь жүжигчний маань үүднээс харж тавьсан асуулт гэж бодож байна.

Туршиж үзэж байж л хүн ойлгодог байх

-Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байхыг хичээдэг нь таны биеэ авч яваа байдлаас ч харагддаг. Харин энэ хувь хүний төлөвшил үү, эсвэл уран бүтээлчийн амьдралаас улбаатай зүйл үү. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч бус нэгэн байсан ч ийм хандлагатай байх байсан уу?

-Уран бүтээлч амьдралыг сонгоогүй байсан ч би үзэл бодолдоо үнэнч нэгэн байх байсан. Гэхдээ би уран бүтээлч учраас энэ маань илүү тод харагддаг болов уу. Уран бүтээлч болсноороо, хийсэн ажлаасаа олж авсан ухаарлууд маань намайг илүү тууштай болгосон байж магадгүй.

-Танд нөлөөлсөн нөлөөллүүд юу байв?

-Ерөнхийдөө манай гэр бүлийн хүмүүжил л дээ. Манайхан тийм ойворгон хүмүүс биш. Өвөө, эмээ маань “Эрдэмтэй хүн даруу гэдэг юм шүү. Ойворгон хүмүүс яг нэг хэмжээндээ очоод зогсдог юм” гэж хэлдэг байсан. Хэрэв би нэг уран бүтээлдээ сэтгэл ханачихвал тэр байрандаа л зогсох нь л дээ. “Даруу байх тусмаа хүн илүү хөгжиж байдаг учраас битгий онгирч байгаарай. Ер нь онгироо зан осолтой байдаг шүү”. Манай гэрийн хүмүүжил ийм. Би бас анхнаасаа ийм даруу байсан уу гэвэл үгүй. Бүр тийм онгироо ч байгаагүй л дээ. Гэхдээ оюутан явсан, сургуулиа төгссөн цаг хугацаанаас хойш гадаад төрхөө ч олон дахин өөрчилсөн гэх мэт зүйлс бий. Туршиж үзэж гэмээ нь хүн өөрийгөө ойлгодог юм шиг санагддаг. Хэрэлдэж үзэх, зодолдож үзэх хэрэгтэй /Инээв/. Туршиж үзэлгүй, тунгаан бодсоор байгаад ойлгодог хүн ховор байх. Би бол хана мөргөж байж л ойлгодог хүн.

-Ингээд “Өөрийгөө олох” тухай сэдэв рүү яриа хэлбийхэд хариултууд дандаа л ижил байдаг. “Болоогүй ээ, үхэн үхтлээ л хайна” гэж. Гэхдээ таны хариулт өөр байх юм шиг. Учир нь, нэг тийм төлөвшлөө олчихсон хүн шиг харагддаг?

-Энэ их хэцүү байх аа. Хүн ер нь өөрийгөө олдог юм уу. Цаг хором бүрд хүний бодол санаа өөрчлөгдөж, хувьсаж байгаа. Одоо хоёул ярилцаж суухад ч миний бодол түмэн янзаар өөрчлөгдөж байгаа. Харин аливаад хандах хандлагууд нь төлөвшиж тогтох гэдэг зүйл байдаг шиг байгаа юм.

-Энэ нь өөрийгөө олох гэдгээс тусдаа?

-Харин тийм. Арай өөр. Хүмүүстэй хэрхэн харилцах, аливаад ямар байр суурь баримтлах. Энэ нь уншсан мэдсэн, үзсэн харснаасаа шалтгаалан тогтдог байх. Гэхдээ бас энэ хэрээр өөрийгөө ойлгохоо больж эхэлдэг. Заримдаа огт юм мэдэхгүй байх ёстой ч юм шиг, зөнгөөрөө явж байх нь дээр ч юм шиг. Би бол өөрийгөө их чагнадаг, өөрөө өөртэйгөө ярьдаг төрлийн хүн. Дотроо их бясалгаж боддог. Би энэ нөхцөл байдалд ийм хариу үйлдэл үзүүлж, ийм бодол бодож чадаж байгаа юм бол ер нь ямар хүн юм бэ гэж. Тэгээд байх тусам төлөвшиж эхэлдэг шиг. Ялангуяа “Би муухай, муу хүн юм биш үү” гэдгээ харах тусам засарч эхэлдэг ч юм уу. Гэхдээ би бүх зүйл дээр өөрийгөө буруутгадаггүй. “Овоо ш дээ, хөөрхий амьтан. Би овоо өөрчлөгдчихсөн байна шүү дээ” гэж бодох нь бий. Тэгж урамшуулдаг. Хэтийдтэл өөрийгөө буруутгалгүй, хүлээн зөвшөөрдөг гэх үү. Харин яг би хэн юм бэ гэдгээ одоо ч бодож олоогүй байна.

Би мөрөөдөгч, өөдрөг нэгэн

-Түрүүнд дурдагдсан, “Ханачихвал үүнээсээ илүү гарахгүй зогсоно” гэдэг агуулга  нь таныг цаашид илүү ихийг хийнэ гэж өөртөө хүлээлт үүсгэсэн, үүндээ бэлэн байгаа гэж ойлгогдож байна. Ер нь хэр их адгаж байна?

-Би адгадаггүй, гэхдээ зогсдоггүй. Адгахаар болохоо байчихдаг, миний юм. Бүх юм өөрийн цаг хугацаатай гэж боддог. Өөрийнхөө зөнд итгэдэг. Өдөр бүр өөрийнхөө чадахгүй зүйлийг хийж үзэх юм сан гэж боддог. Өнөөдөр 50 хувьтай хийсэн бол маргааш 51 болтол хийж чадах нь уу гэж оролдож үздэг. Харин яаран сандран хийдэггүй.

-Ажиж, мэдэрч суудаг?

-Тийм. Хийхээсээ өмнө түрүүлээд ойлгочихсон байх хэрэгтэй гэж боддог. Ойлгомжгүй юм руу орно гэдэг аймшигтай. Хүн ойлгоогүй, мэдээгүй зүйл рүүгээ орохоос айдаг шүү дээ. Харин айдастай бол хийж чадахгүй. Нүүр тулж чадахгүй.

-Алдахаас айж байна гэсэн үг үү?

-Тийм биш, ойлгомжгүй зүйл рүү орохоос айж байна гэсэн үг. Алдаа миний дасгалжуулагч. Алдлаа гээд яах юм, юугаа алдах юм. Юугаа ч алдахгүй. Хоёулаа буруу юм ярилцлаа, тэгээд яах юм. Би дараа нь “Ингэж ярих хэрэггүй байж” гэж бодно. Эсвэл чи “Ингэж асуух дэмий байж” гэж бодно. Тэгэхээр энэ эсрэгээрээ оноо болчихдог.

-Ирээдүйд хийж бүтээх тухай хөндөхөд, таны жүжигчний карьер тогтвортой байх эсэх асуудал хөндөгдөж байна л даа. Арай өргөн хүрээний ажил руу орчхож мэдэхээр?

-Яаж ч магадгүй.

-Хэлж мэдэхгүй байна?

-Хэлж мэдэхгүй ч биш. Зүгээр л яаж ч магадгүй. Мэдэж байгаа ч байж магадгүй.

-Тэгэхээр нэг бодолтой л байгаа байх нь.

-/Инээв/.

-Тэгвэл асуултыг ийм болгоё. Нийгэмд ямар мессеж өгөхийг хүсэх вэ. Өөрөөр хэлбэл уран бүтээлчийн эмзэглэлүүд юу байна вэ?

-Бид нэг нэгнээ шалтгаангүйгээр хайрлаж чаддаг болох шаардлагатай мэт санагддаг шүү. Нийтээрээ хэт хувиа хичээмтгий болчихсон юм шиг. “Хүнийг шалтгаангүйгээр хайрлаач” гэвэл маш олон хүн гайхаж харна. “Юу гэж тэгдэг юм. Ямар нэг хариу байх ёстой биз дээ. Би хайрлавал эргээд намайг хайрлах ёстой. Би үүний тулд энэ хүнийг хайрлах ёстой” гэж бодно. Хэрэв бид нэг нэгнээ шалтгаангүйгээр хайрлаад эхэлбэл амьдрал гайхамшигтай сайхан болно, гайхамшигтай сайхан өөрчлөгдөнө. Би тэгж л боддог. Зүгээр л хүндлэх хэрэгтэй. Бусдын талаар эерүү, зөөлөн бодол бодох хэрэгтэй. Нэг л хүн бусдыг шалтгаангүйгээр хайрлаад эхэлбэл аяндаа бүх хүмүүсийн харилцаа зөөлрөх юм. Хайр бол хамгийн үнэгүй байдаг зүйл шүү дээ.

-Энэ үзэл бодол танд хэзээнээс тогтож эхлэв?

-Магадгүй хүүхэдтэй болсноос хойш.

-Эх үр хоёрын хайр тийм шинжтэй байдгаас улбаатай юм болов уу?

-Тийм ч байж магадгүй. Хүмүүсийг хөндлөнгийн нүдээр харахад л тийм зүйл бодогдоод байдаг. Яагаад ийм харгис болчхов оо. Бүр дэндүү харгис. Яагаад бүгдийг яллаад, өөрөө буруутан байсан ч хамаагүй, илүү их буруутан нь энэ юм гэж хайгаад байгаа юм бэ.

-Харин салбарын хүрээнд эмзэглэдэг асуудал бий юу?

-Яг үнэндээ салбарын эмзэглэл яримааргүй байна аа.

-Эмзэглэл байгаа нь тодорхой ч ярихгүй юм шиг санагдсан.

-Буруушаах тусам сайжирна гэж байдаггүй. Аливаа зүйл өөрөө засагдаад явдаг. Кино салбар хөгжиж байгаа. Хөгжихдөө маш хурдан хөгжиж байгаа. Юм хийж байгаа бол алдаа гарна. Түүнийг заавал онцолж, давтаж ярих шаардлагагүй.

-Жамаараа л?

-Жамаараа явж байгаа. Хүүхэд эхлээд балчир зан л гаргадаг. Явсаар явсаар нас биед хүрнэ, арай учиртай болно гэдэг шиг. Дөнгөж бичиг үсэг сурч байгаа хүүхдийг би “Над шиг бичиж чадахгүй байна” гэж загнаад байж болохгүй шүү дээ.

-Тэгвэл салбарын хөгжил дэх оролцоо ямар байх юм бэ. Ярьж, дуугарах нь бол хэлбэр төдий, төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна уу?

-Тийм. Оролцох гэж байгаа бол яг дотор нь ороод оролцоод л явах ёстой. Хийгээд л, дагуулаад л. Хөндлөнгөөс харж шүүмжлээд, өөрөө гадна нь, тусдаа байгаа юм шиг яваад байх утгагүй. Яагаад гэвэл би дотор нь байж байгаа, амьдарч байгаа.

-“Дасгалжуулагч”-д тоглосон нь энэ оролцооны жинхэнэ илэрхийлэл юм шиг?

-Би бас тэгж бодож байна.

-Таны мөрөөдлийн тухай асуумаар байна. Бодохоор аз жаргалтай болчихдог мөрөөдлүүд бий юу?

-Мөрөөдөл үү. Жижиг, том олон мөрөөдөл байна.

-Ингээд л болох гэж үү?

-Мөрөөдлөө ярих сонин шүү дээ /Инээв/. Шал дэмий байхгүй юу. Миний мөрөөдөл яривал магадгүй их урт, бас олон янз.

-Тэгвэл хэр мөрөөдөгч вэ?

-Маш их мөрөөдөгч. Маш их өөдрөг хүн. Ер нь болохгүй, бүтэхгүй юм байхгүй л гэж боддог. Аргыг нь олбол болж л таараа гэж боддог хүн.

-Ийм хандлагад хүний амьдралын хэмнэл нөлөөлдөг. Та хэр дэг журамтай өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн бэ?

-Дэг журамтай шүү. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Оройтож унтахгүй байхыг хичээдэг. Өглөө эрт босдог. Бага иддэг, хөдөлгөөн их хийдэг. Тэгээд хүмүүстэй их ярилцдаг. Амаа их том ангайж инээдэг. Тийм төрлийн хүн. Энэ бүх амьдралын хэв маяг хүний сэтгэл зүйд шуудаар нөлөөлдөг. Би сэтгэлээр унадаггүй хүн бол биш шүү дээ. Гэхдээ тэр бүгдийг зарим хүмүүсээс арай хөнгөн давж гардаг. Хүлээн зөвшөөрдөг. Муудалцсан хүнээсээ түрүүлж очоод уучлалт гуйчихдаг, өөрөө өөрийгөө тайвшруулдаг. Дотроо их юм хадгалж явах дургүй. Асуудлуудыг хурдан, хурдан шийддэг. Асуудлууд тодорхой байгаасай гэж хүсдэг. “Ирж явна” гэхгүй, “Тэнд явж байна. 40 минутын дараа ирэх юм шиг байна” гэвэл амар байдаг. Би эрт босдог, бага иддэг, амаа том ангайж инээдэг, түрүүлж уучлалт гуйдаг хүн

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:03

Ямарч дүрхийг гайх�##�тай орж бүтээдэг уран бүтээлч шүү

Зочин
Зочин
2022-11-22 09:03

Uran buteeld ni tomois tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-22 09:04

Үзэсгэлэнтэй эмэгтэй

Зочин
Зочин
2022-11-22 09:05

Ogloo ert saihan yriltslaga unshlaaa bayrlalaa. Dur buree amiluulj chaddag jujigchindee

Зочин
Зочин
2022-11-22 09:21

Hoorhon shvv

Зочин
Зочин
2022-11-22 10:38

Зөв бодолтой сайхан эмэгтэй шүү

Зочин
Зочин
2022-11-22 10:38

Эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-11-22 10:39

Сайн жүжигчин элдэв маскгүй яг өөрийнхөөрөө

Зочин
Зочин
2022-11-22 10:39

Сайхан бүсгүй шүү. Элдэв хэв маяггүй яг л өөрийнхөөрөө байдаг юм шиг санагддаг. Бүх тоглосон дүрүүдэд нь хайртай.

Зочин
Зочин
2022-11-22 10:39

Монгол Улсын Гавьяат Жүжигчин болоорой. Мундаг жүжигчин шүү.Гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-11-22 10:40

Энгийн нээх гоё дулаахан харагддаг эмэгтэй.

Зочин
Зочин
2022-11-22 10:48

mundag jujigchin shuu. Ene olni tanil humuus Anhnyam egch shig nuuree goy natural budaad, helbergui baimaar bn.

Зочин
Зочин
2022-11-22 10:48

Мундаг жүжигчингийнхээ тоглосон киног шимтэн үзнээ

Зочин
Зочин
2022-11-22 11:30

Мундаг жүжигчин

Зочин
Зочин
2022-11-22 11:48

cool

Del
Del
2022-11-22 14:18

мундаг шүү анхаа

Зочин
Зочин
2022-11-22 14:37

Нөхөр их азтай хүүриймаа чи тэгээд л зогсчооройк

зочин
зочин
2022-11-22 14:40

энэ тэгээд жүжигчин билүү

Зочин
Зочин
2022-11-22 15:07

Mundag jujigchin. Anxnyamiin kinond buteesen duruud ene n ch 1 iimerxuu, ter n ch 1 tiimerxuu gx yumgui, ix taalagddag. Duree sn gargadag jujigchin. Buteesen duruud n ixewchlen xuwi xvn talaasa uuriin gsn bodoltoi, xicheengui, bardam, uuriinxooro busguichuud bdg. Amjilt xusie.

Зочин
Зочин
2022-11-22 20:11

Гоё хүн

Gah2
Gah2
2022-11-26 11:13

Zaar tojigtoi goshnogo

Зочин
Зочин
2022-11-26 17:13

МОНГОЛЫН КИНО УРЛАГ АЛЬ ЭРТ СӨНӨСӨН МОНГОЛ КИНОГ ҮЗДЭГ ХҮН БАЙДАГ ЮМ УУ? ЭСВЭЛ СОЛОНГОС КИНОГ НЭГ Ч ҮГ ҮСЭГ ГЭЭХГҮЙ ХУУЛНА СҮҮЛИЙН ҮЕИЙН МОНГОЛ КИНОНУУД БОЛ НАЙРУУЛГА УТГА АВЦАЛДАА БАЙХГҮЙ ҮНЭН ТЭНЭГ КИНОНУУД ЭНЭ КИНО БАС Л ТЭДНИЙ НЭГ БИЗ КИНО УРЛАГ НЬ ҮНДЭСНИЙ СОЁЛ ҮЗЛИЙГ АГУУЛСАН БАЙХ ЁСТОЙ ДАНДАА ХУУЛААД БАЙХААР ҮНДЭСНИЙ УРЛАГ ҮХЭЖ СӨНӨЖ БАЙНА ЭРГҮҮНҮҮДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button