Ярилцлага

Л.Шинэбат: Биеэ тоох ч завгүй “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгээ хөтөлдөг байсан

Багачуудад гадаад орны хүүхэлдэйн киноноос өөр сонирхож үзэх контент ховор байх үед “Лоолойгийн найзууд” гэдэг нэртэй нэвтрүүлэг ТВ9 сувгаар цацагдаж эхэлсэн тэр цаг саяхан мэт. Шинээ, Ариунгуа гэх хоёр өхөөрдөм жаал, хөөрхөн хоёр Лоолойтой хамт цөөн хэдэн жил телевизийн салбарт тодрохдоо том орон зайг бий болгож, хүүхдүүд төдийгүй томчуудын сувгаа тааруулах шалтгаан болж байсан гэхэд хилсдэхгүй.

Хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн золбоолог, жавхаалаг хоёр хөтлөгч өнөөдөр аль хэдийнэ 20 нас гарч, том болцгоож. Манай сайт өнөөдөр тэд юуг зорьж явна, хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг уншигчиддаа, бас “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хуучин үзэгчиддээ харуулахаар ажиллалаа. Өдгөө ЦЕГ-ын Хүүхдийг аюулаас хамгаалах хэлтсийн мэргэжилтэн болсон Б.Ариунгуатай хийсэн ярилцлага маань нийтлэгдээд удаагүй байна. Харин энэ удаад БНСУ-д Телевизийн найруулагч болохоор шамдан суралцаж буй Л.Шинэбаттай, танил дотно Шинээтэй алс нутгаас холбогдож цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-ТӨГСӨӨД ШУУД МОНГОЛДОО ИРЭХ ЭСЭХЭЭ ХАРААХАН ШИЙДЭЭГҮЙ БАЙНА-

-БНСУ-ын ямар нэртэй их сургуульд, ямар мэргэжлээр суралцаж байна вэ? Одоо хэдэн жил суралцаад монголдоо эргэж ирэх билээ?

-Юуны өмнө бүх уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэмээр байна. Одоогоор БНСУ-ын Тэгү их сургууль /Daegu University/-д Media Communication чиглэлээр суралцаж байгаа. 3-р курс учраас төгсөхөд нэг жилийн хугацаа л үлдэж.

Монголдоо эргэж очих бодол байгаа ч хэрхэхээ хараахан шийдээгүй л байна. Үргэлжлүүлж магистрын зэрэгт суралцах, эсвэл мэргэжлээрээ ажиллах боломж бий эсэхийг судалж байгаа.

-Монголд ирээд юу хийж бүтээе гэсэн зорилготой байна вэ? Үеийн залуус ихэвчлэн гадагшаа явах, тэндээ шингэж ажиллах хүсэлтэй болсон байна?

-Монголдоо ирээд юу юуны өмнө мэргэжлээрээ ажиллана гэж бодож байна. Медиа чиглэлийн мэргэжил учраас телевизэд юм уу реклам, зар сурталчилгааны салбарт ажиллах байх. Гэхдээ БНСУ-д анх телевизийн найруулагч болох зорилго тээж ирсэн учир тэр үндсэн зорилго маань хэвээр бий.

Уг нь болж өгвөл энд мэргэжлээрээ хоёр, гурван жил ажилласныхаа дараа Монголдоо ирвэл илүү чанартай зүйлс хийж бүтээж чадах юм шиг санагддаг. Яалт ч үгүй Солонгос телевизийн нэвтрүүлгүүдийн чанарыг Монголынхтойгоо харьцуулахад ахиу түвшинд байгаа нь анзаарагдах юм. Тийм учир эндхийн туршлагыг судалж, арга барилаас нь суралцсаны дараа Монголдоо ирж ажиллавал дээр гэж бодогддог. Яахыг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-“Лоолойгийн найзууд хөтөлдөг, Адтай жаалууд-д тоглодог Шинэбат энэ хооронд телевизээр үзэгдэхээ больж, сурч боловсрох асуудлаа эрхэмлэх боллоо. Цэнхэр дэлгэцээс хол байсан энэ хугацаанд хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдөв, бага насны фэнүүдтэйгээ хуваалцах сонин сайхан юутай вэ?

-Мэдээж ЕБС-ын сургуулиа төгссөний дараа дээд боловсролоо хаана, ямар их сургуульд эзэмших вэ? гэдэг асуудалтай тулгарсан.

Тухайн үед БНСУ-руу нэг жил хэлний бэлтгэлд явах боломж тохиосон юм. Дараа нь өөрийн чармайж бий болгосон хэлний мэдлэгээрээ Тэгү их сургуулийн тэтгэлгийг хүртэж чадсан. 2014 онд Солонгос явсан юм байна. Өнөөдрийг хүртэл эх орон руугаа ирэн очин суралцаж байх энэ хооронд телевизийн амьдралаас хөндийрлөө.

Өөрчлөлтийн тухайд гэвэл, хувь хүнийхээ хувьд мэдээж тодорхой хэмжээний ахиц гаргасан байх. Учир нь өдий төдий хугацаа өнгөрлөө, тэр чинээгээр юм сурч мэдлээ. Гадны оронд биеэ даан суралцахад хүн маш их төлөвшиж, олон зүйлд суралцдаг юм билээ.

-ХӨТЛӨГЧ БОЛООД ТЕЛЕВИЗИЙН НАЙРУУЛАГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ ЭХЭЛСЭН-

-Хамгийн анх хүүхэд насандаа телевизтэй холбогдох болсон түүхээсээ хуваалцвал? Анх удаа эфирт гараад сандарч, тэвдэж байсан л байх? Тухайн үед ямар хүсэл мөрөөдөлтэй хүүхэд байв, өнөөдөр хэр өөрчлөгдөж вэ?

-Анх Монголын хүүхдийн ордоны Драмын дугуйланд явдаг байсан. Тухайн үед манай дугуйлан дээр нэвтрүүлгийн хөтлөгчийн сонгон шалгаруулалт явагдсан юм. Үүнд би оролцож, шалгарснаар хөтлөгч болох боломж олдсон.

Хамгийн анх эфирт гараад сандарч байснаа нэг их санадаггүй юм аа. Найруулагч маань хүүхдүүдтэй ажиллаж сурсан туршлагатай хүн байсан учир, бид хоёрыг хэрхэн сандруулахгүйгээр эфирт гаргах тал дээр чадварлаг ажилладаг байсан гэж боддог.

Нэвтрүүлэг маань анх “Лоолойгийн найзууд” нэртэй байгаагүй. Агуулга нь арай өөр “Миний цаг” гэдэг нэвтрүүлгийг яг тэр бүрэлдэхүүнээрээ хийдэг байсан. Хэдийгээр зочин урьдаг, хөдөө гадаа явдаг байсан ч “Лоолойгийн найзууд” шиг эфирт удаан сууж, зочидтой ярилцах нь бага байсан санагддаг. “Миний цаг” дээр нэг жил орчим ажиллаж, камертаа дасаад, сандрах тэвдэх нь гайгүй болсны дараа “Лоолойгийн найзууд”-аа хийж эхэлсэн юм байна. Хүмүүсийн хувьд “Лоолойгийн найзууд”-аар маань биднийг илүү таньдаг байх.

Тухайн үед Драмын дугуйланд жүжигчин болох мөрөөдөлтэй орж байсан. Харин нэвтрүүлэг хөтөлж эхэлснийхээ дараа телевизийн найруулагч болох мөрөөдөл бий болсон. Телевизийн өнөр өтгөн баг хамт олныг удирдаж, цаг нартай олон асуудлыг зохицуулдаг хүндтэй, гоё мэргэжил санагдаж байв. Ингээд л “Ерөөс телевизийн найруулагч болъё” гэсэн мөрөөдөл тээж, үүнийхээ дагуу ч өнөөдөр энд суралцаж байна. Иймээс хүүхэд насны маань мөрөөдөл өөрчлөгдөөгүй бололтой.

-Телевизээр гараад, үе тэнгийнхэндээ танигдаад ирэхээр хүүхэд насанд нь ямар мэдрэмж төрж байв? Улам урамших, амбицлах хүсэл төрдөг байв уу? Биеэ тоож байсан удаа бий юу?

-Мэдээж маш гоё байдаг байсан. Гудамжинд явж байхад хүмүүс “Өө, Шинээ байна ш дээ” гээд ч юм уу, “Лоолойгийн найзуудын хөтлөгч байна” гэж таних нь сайхан байдаг, түүгээрээ маш урамшдаг байсан.

Биеэ тоох, амбицлах гэдгийг бол мэддэг ч үгүй байсан шиг санагддаг. Олны танил болох тусмаа, “Би биеэ зөв авч явах ёстой, хүнтэй зөв харилцах ёстой” гэсэн бодол илүүтэй төрөх болж, хариуцлагыг илүү мэдэрдэг болсон гэж бодож байна. Өдөр бүр нэвтрүүлэгтэй явдаг байсан болохоор үнэндээ биеэ тоох ч завгүй байсан болов уу.

-ЭРГЭН ТОЙРОНД МИНЬ ЭСЭРГҮҮЦДЭГ, СӨРӨГ ХАНДЛАГА ГАРГАДАГ НЭГ Ч ХҮН БАЙГААГҮЙ-

-Өнөөдрийн өдрөөс эргээд телевизтэй холбогдож байсан хүүхэд насаа харахад, дүгнээд бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ? Хүүхэд насны үйлдлээ хүн төлөвшсөн хойноо дүгнэхэд инээдтэй, хөгтэй, алдаатай оноотой санагддаг шүү дээ?

-Ихэнх хүмүүс, “Өнгөрсөнтэйгөө зууралдаж амьдрах дэмий” гэж ярьдаг даа. Миний хувьд эсрэгээрээ шиг. Учир нь хүүхэд насны маань тэр хэсэг үе маш том дурсамж болж сэтгэлд үлдсэн болохоор ч тэр юм уу байнга дурсаж, бодож явдаг. Цаашид ч улам хичээх, суралцах хүсэл эрмэлзлээ чухам тэр үеийн дурсамжуудаасаа авдаг гэмээр. Надад ерөөс хөгтэй, алдаатай санагддаггүй. Үеийнхээ хүүхдүүдээс илүү амжилттайгаар маш их зүйл сурч хүүхэд насаа өнгөрөөсөн гэж боддог.

Би саяхан нэг фэйсбүүкийн коммент уншсан л даа.
“Энэ хүүхдүүд том болсон хойноо өөрсдийгөө хараад ичдэг болов уу” гэсэн байсан. Надад ерөөс тэгж санагддаггүй, харин ч бахархал төрдөг.

-Охидууд хэр хоргоодог байсан бэ? Ер нь од болсон мэдрэмжид хэр зэрэг автаж байв?

-Мэдээж хүүхдийн нэвтрүүлэг байсан учир тухайн үедээ хүүхдүүдэд нэлээдгүй танил болсон байсан. Гарын үсэг авах тохиолдол олон гардаг байлаа. Гарын үсгээ өгдөг ч байлаа /инээв. Сурв/.

“Од” болсон мэдрэмжид автах... Хөдөө, орон нутгаар явахдаа тийм мэдрэмжийг илүүтэй авдаг байсан болов уу гэж бодож байна. Одоо хорин хэдэн настай манай үеийнхний хувьд олны танил хүнтэй тааруут шууд гүйж очоод, “Би таны фен шүү, гарын үсгийг тань авъя” гэж хэлэх нь арай бага байх л даа. Харин хүүхдүүд  тэр үед санаа зовох зүйлгүй түүнийгээ илэрхийлж, хамт зургаа авахуулдаг байсан. Од болсон мэдрэмж гэхээс илүү, “Манай нэвтрүүлэг үзэгчиддээ сайн хүрч дээ” гэсэн бодол төрдөг байсан санагдана.

Охидууд гэхээс илүү эцэг эхчүүд их хоргоодог байсан /инээв. Сурв/. “Манай хүүхэдтэй хамт зургаа авахуулчих” гээд л.

-Ээж аав, гэр бүл болон ангийнхан гээд ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авдаг байв?

-Манай гэр бүл намайг бүхий л зүйл дээр дэмждэг. Дэмжинэ тусална гэдэг нь, “Чи үүнийг битгий хий, битгий ингэ” гэдэг ойлголт биш, зүгээр л миний юу хүссэнийг хийлгэдэг. “Хиймээр байвал хий, хиймээргүй байвал хийхгүй байж болно” гэхтэй адил, бүх сонголт шийдвэрийг надад өөрт минь үлдээдэг байсан. Мөн мэдээж үнэтэй зөвлөгөө өгдөг.

Одоо харахад, “Гэр бүл маань миний ард байгаа шүү дээ” гэсэн бодлоор урам зориг орж, хурцлагддаг байсан болов уу. Өнөөдөр ч тийм урам зоригоор суралцаж байна.

Ангийн хүүхдүүдийн тухайд, мөн л маш их дэмждэг, тусалдаг байв. “Хичээлийнхээ хажуугаар манай ангийн хүүхэд нэвтрүүлэг хөтөлдөг” гэсэн өнцгөөс хандана, ямар нэг байдлаар гадуурхана гэж үгүй. Харин цаг зав муутай байсан учир хичээлээс чөлөө авах, хоцрогдох асуудлууд гардаг байсан нь бага зэрэг сул талтай байсан.

Ер нь найз нөхөд, телевизийн хамт олон, “Адтай жаалууд” кинонд хамт тоглосон хүүхдүүд гээд миний эргэн тойрны хүмүүс үргэлж дэмжиж, урам зориг өгдөг байсан. Хийж буй ажлыг маань эсэргүүцдэг, сөрөг хандлага гаргадаг нэг ч хүн байгаагүй гэж хэлнэ.

-ТУХАЙН ҮЕД ҮСЭЭ ЯАГААД ТИЙМ УРТ УРГУУЛСАН ЮМ БОЛ, САХЛАА ЯАГААД АВЧ БОЛООГҮЙ ЮМ БОЛ ГЭЖ БОДДОГ-

-Магадгүй эфирийн ажлаа тодорхой хэмжээгээр үргэлжлүүлсээр байж болох байсан байх. Яагаад хүмүүсийн нүднээс нэг хэсэг холдъё гэж шийдсэн бэ?

-Солонгост суралцах болсноос л үүдэлтэй гэж болно. “Шинээгийн урилга” гэдэг нэвтрүүлэг хөтөлдөг байснаа зогсоож, мөн “Ханхүү нь аль нь вэ?” киноны зураг авалтаа дуусгаад л Солонгост сурахаар явсан даа. Тийм болохоор эфирийн ажлаа үргэлжлүүлсээр байх боломж байгаагүй. 2014 онд одоогийнхтой харьцуулахад цахим ертөнцийн хэрэглээ тийм ч идэвхтэй байгаагүй шүү дээ. Өнөөдөр бол маш олон влоггерууд, хувийн контент бүтээгчид бий болсон байна.

Ер нь Youtube суваг нээж, солонгос оюутнуудын амьдралын талаар ч юм уу, эсвэл солонгос хэл сурах арга барилын талаар контент бэлтгэх бодол бий. Гэхдээ энд ихэнх оюутнуудын хувьд цаг зав маш багатай байх юм. Сургалтын төлбөрөө өөрсдөө төлөхийн тулд ажил хийх нь олонтаа, би ч бас ажил хийдэг. Тийм учраас цаг завын тухайд арай л болж өгөхгүй байна. Хоёрдугаарт гэвэл өөрийнхөө эвлүүлэг хийх чадварыг бага зэрэг голж байгаа. Зав гараад, давгүй эвлүүлэг хийдэг болчихвол та нартайгаа удахгүй уулзана аа гэж бодож байна /инээв. Сурв/.

Асуултад холбогдуулж хэлэхэд, хүмүүсийн нүднээс холдъё гэж шийдсэн зүйл бол байхгүй гэж болно.

-Бусад үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад чамгүй ондоо хүүхэд насны дурсамжийг амьдралдаа бий болгосон. Үүнийгээ хувь хүнийхээ үүднээс өнөөдөр юу гэж үнэлж, дүгнэж явдаг вэ? Үүн дээр буруутаж байж дээ, энэ дээр алдаж, эндүүрч байж дээ гэсэн зүйлс байдаг уу, хуваалцаач?

-Одоо би хүүхэд насаа эргэн дүгнээд, маш том дурсамж бүтээж дээ гэдгээ ойлгодог. Бас маш их зүйл сурах боломжтой байж гэж боддог. Яг чиглэлээр нь суралцаад явж байхдаа тухайн үед илүү их юм сурах боломж байсныг олж хардаг л даа.

Хэзээ ч мартахгүй маш том дурсамж болон үлдэж. Буруутсан, алдсан зүйлс нь бага гэж бодож байна. Харин тухайн үед үсээ яагаад тийм урт ургуулсан юм бол, сахлаа яагаад авч болоогүй юм бол гэж боддог /инээв. Сурв/.

-Өөрийн тань адил бага насандаа олны танил болохоор, телевиз эфиртэй хүүхэд насныхаа амьдралыг холбохыг зориод буй олон багачууд бий байх. Ямар нөхөрсөг зөвлөгөө, зөвлөмжийг өгөх вэ?

-Хэрвээ өдөр болгон эфирт гардаг нэвтрүүлэгт орох юм бол маш цаг завгүй болно шүү. Ийм учир өдрийн ажлуудаа зохицуулж сурах хэрэгтэй, мөн хичээл сурлагаа орхигдуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Үнэхээр энэ салбарт ажилладаг хүн болохыг хүсэж байгаа бол “Суусан газраасаа шороо атга” гэдэг шиг сурч, хөгжиж болох ямар л талбар байна өөрийгөө сорьж бай гэж хэлнэ.

Хүүхэд насаа нэг л зүйл дээр төвлөрүүлж өнгөрүүлнэ гэвэл харамсалтай санагддаг. Хичээл сурлага, чөлөөт цаг, мөн хувь хүний төлөвшил гээд бүх л талаараа үргэлж хөгжиж, урагшилж байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Одоо ирээдүйд юу хийж бүтээе, ямар хүн болъё гэж зорьж явна вэ?

-Ярилцлагын эхэнд хэлсний дагуу ирээдүйд телевизийн найруулагч болно. Монголдоо ирээд олон сайхан нэвтрүүлэг хийнэ гэж зорьж байна. Голдуу цэнгээнт нэвтрүүлэг талдаа. Солонгосын нэвтрүүлгүүдийн стандартаас суралцах, хэрэв боломж нь олдвол эрхийг нь худалдаж аваад Монголдоо хийх гэх мэт алс хэтийн бодлууд бий.

Хамт ажиллаж, сурдаг байсан найзууд маань бүгдээрээ урлагийн чиглэлээр сурч төгсөөд, зарим нь кино продакшнуудад ажиллаж байгаа. Иймээс хэрвээ боломж таарвал найзуудтайгаа нийлээд нэг шинэ зүйл эхлүүлэх хүсэл байдаг. Энд сурч байгаа учраас хараахан ажил хэрэг болгож амжихгүй л явна.

Хувь хүнийхээ хувьд хэнийг ч гомдоодоггүй, хэнд ч гай болдоггүй сайн хүн болъё гэж боддог. Мөн гэр бүлийнхэндээ илүү хүндэтгэлтэй хандаж, сайн сайхан амьдрахад нь бодит хувь нэмрээ оруулна аа.

-Лоолойгийн найзуудын Шинэбатыг гурван үгээр, мөн өнөөдрийн Шинэбатыг гурван үгээр тодорхойлбол?

-“Лоолойгийн найзууд”-ын Шинэбатыг өнөөдөр дүгнээд илэрхийлбэл, ИТГЭЛ, МӨРӨӨДӨЛ, ДУРСАМЖ. Харин өнөөдрийн Шинэбатыг гурван үгээр илэрхийлэх юм бол, ЗОРИЛГО, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ХУВЬ ХҮН.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-21 09:30

Хөөрхөн мундаг хөтлөгч хүү байсан шүү.

Зочин
Зочин
2019-10-22 14:12
Reply to  Зочин

Элэнцэгийн биеэ тоох юу гэж өөрийгөө бодчихсон амьтан бэ

Зочин
Зочин
2019-10-24 07:25

So ywaad Joohon Gay bolje gsh

zochin
zochin
2019-10-25 21:08
Reply to  Зочин

huniig bitgii gadnaas ni dugnej bai

MatFuse
MatFuse
2020-01-18 23:36

Provera Clinofem No Doctors Consult On Line Store Levitra Plus Acheter Du Cytotec En Ligne Sans Ordonnance [url=http://cialibuy.com]cialis

Kelgreelm
Kelgreelm
2020-01-23 06:11

Buy Prednisone With No Prescription [url=http://cialibuy.com]cialis from canada[/url] Worldwide Secure Zentel Internet Next Day Online Fede

StevSlarie
StevSlarie
2020-01-26 17:00

Ou Trouver Du Misoprostol [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Tempo Effetto Buy Cialis Ou Acheter Lioresal

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 18:42

Cialis Prix Pharmacie Belgique http://buycialisuss.com - Buy Cialis Amoxicillin Treats Sinus Infection Buy Cialis Healthy M#le Internet

Холбоотой мэдээ

Back to top button