Улс төрийн мэдээ

М.Даваатогтох: "Шувуу" ажиллагааг хэрэгжүүлэх ийм ДӨРВӨН АРГА ЗАМ бий

Т.Бадамжунайг "Чингис хаан" ОУНисэх буудалд газардсан дор АТГ-аас саатуулаад байна. Түүнийг хилээр нууцаар гарснаас нь хойш ийн таван жилийн дараа Монголд авчирч байгаа юм. Т.Бадамжунайг Филиппинд байхад нь, тус улсын иммигрейшний байгууллагатай хамтран ажилласны хүрээнд пасспортыг нь хүчингүй болгож, дансыг нь царцааснаар ийн баривчлан авчирчээ.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Цаашид мөрдөх байгууллага ямар ажиллагаа явуулах вэ?

"Шувуу" ажиллагааг хийх эрх зүйн орчин болон аргачлалын талаар мэдээлэл өгье.

Эхний боломж бол Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд.

Нэгт, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц.

Хоёрт, Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц. Үүнд нэгдэн орсон орнууд ийм чиглэлээр бие биедээ дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод 189 орон нэгдэн орсон байна. Харин Палермогийн конвенцод 191 орон нэгдсэн байдаг. Энэ хэмжээний улсуудтай бид эрх зүйн харилцан туслалцах ГЭРЭЭГҮЙГЭЭР хамтран ажиллах боломжтой гэсэн үг.

Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний хүрээнд хийгдсэн ажиллагааг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зохицуулалт бий.

Хоёр дахь боломж бол, Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцах гэрээ. Тодорхой орнуудтай нэмэгдүүлж хийхээр ЗГ ажиллаж байна.

Гурав дахь нь, захиргааны журмаар буюу оргон зайлсан этгээдүүдийн пасспортын хүчингүй болгох замаар бусад улсаад дамжин өнгөрөх боломжийг үгүй болгох, дамжин өнгөрөхийг оролдоход нь саатуулах юм.

Дөрөвт, иммигрейшний байгууллагуудтай хамтарч ажиллах. Т.Бадамжунайн хувьд Филиппин улсын цагаачлалын товчоотой хамтарч, гүйцэтгэх ажиллагаа явуулах журмаар эх оронд нь авчирлаа.

-Цагаачлал хүсэж байсан гэсэн үг үү?

-Цагаачлалын статус зөрчигдсөн учраас Монголын талд буцааж авчирсан.

-Нөгөө талдаа хүний эрх зөрчиж болохгүй. Өмнө нь ийм ажиллагаа явуулсан хуулийн байгууллагын хүн өөрөө буруутгагдаж байсан удаатай шүү дээ?

-Энэ бол чухал асуудал мөн.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд, хэдий гэмт хэргийн сэдлээр гадаадад оргон зайлсан ч Монгол Улсын иргэн гэдэг үүднээс эрхийг нь хамгаалах үүрэг хүлээдэг. Иймд буцаан авах ажиллагаанд сая бол өмгөөлөгч оролцуулсан. Хоёрт, хэрэв Т.Бадамжунай Филиппин улсын цагаачлалын журмыг зөрчсөнөөр олон сар баривчлагдах байсан. Бодитой эрсдэл байсан. Бид үүнийг эрхийг нь хамгаалах үүднээс зохицуулалт хийж, хурдан хугацаанд эх оронд нь авчирч чадсан гэдгийг хэлмээр байна.

-Яагаад Т.Бадамжунайн пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаасах шаардлагатай байсан юм бол?

-Харин энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан нууцалдаг агуулга юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Филиппины шоронд хоригдох аюуллаас аварч авчирсан юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button