Энэтхэгт баригдаж байсан гүүр нурж 26 хүн нас баржээ

Энэтхэгт баригдаж байсан төмөр замын гүүр лхагва гарагт (2023.08.23) нурсны улмаас 26 ажилчин нас барж, хоёр цагдаагийн ажилтан гэмтсэн байна. Тус ослыг Энэтхэгийн төмөр замын удирдах алба шалгаж эхэлжээ.
Осол зүүн хойд бүсэд оршдог Мизорам мужийн Сайранг хотод болсон байна. Гүүр нурах үед 40 орчим хүн ажиллаж байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн ч цагдаагийн байгууллага 28 ажилчин байсан хэмээн ялгаатай мэдэгдэл хийжээ. Тус гүүр нь Мизорам мужийг Энэтхэгийн бусад хэсэгтэй холбох аялал жуулчлал, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих төмөр замын нэг хэсэг байсан аж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэл хийхдээ осолд өртсөн хүмүүст боломжтой бүх тусламжийг үзүүлж байгаа гэжээ. Тус улсын засгийн газар тээврийн дэд бүтцээ орчин үеийн түвшинд хүргэх зорилгоор өндөр хурдны галт тэрэгнүүд ажиллагаанд оруулж эхэлсэн юм. Гэвч ингэхдээ аюулгүй байдал, хуучирсан дэд бүтцийг шинэчилж, сайжруулахад хангалттай сайн ажил хийгээгүй гэж зарим хүн шүүмжилж буй.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.