ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Мах импэкс” ХК хиам, хиаман бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг вэ

Eguur.mn сайт Үйлдвэрлэгч булангийнхаа энэ удаагийн дугаарт Мах импэкс ХК хиам, хиаман бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг сурвалжлан хүргэж байна.

Мах импэксийн ажилтнууд өглөөний 07 цагаас эхлэн хэрэглэгчдэдээ өдөр тутамд шинэ бүтээгдэхүүн хүргэхээр ажиллана. Олонд танигдсан “Улаанбаатар” зайдас, “Франкфуртер” зайдас,“Берлин” зэрэг брендүүдээ хийхээс гадна хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэдний ажлыг хөнгөвчлөхөөр бууз, банш, амталсан мах, утсан гахайн мах зэргийг бэлтгэн хүргэсээр байна.

Мах импэкс ХК мөн тун удахгүй шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэлээ. ISO 9001 стандартаар баталгаажиж, бүх тоног төхөөрөмжүүдээ салбартаа тэргүүлж буй Европын орнуудаас татан авч, HACCP гэх сансрын нисгэгчдийн хүнсийг бэлдэхэд зориулан анх гаргаж байсан өндөр зэрэглэлийн эрүүл аюулгүй тогтолцоогоор хүнсээ үргэлжлүүлэн үйлдвэрлэхэд анхаарч байгаа гэлээ

Ингээд тус компани хиам, зайдсан бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг Хагас боловсруулсан цехийн технологич С.Энхсайхан бидэнд танилцууллаа.

ЗООРИНООС АВЧ ИРСЭН МАХЫГ ГЭСГЭЭХ ЦЭВЭРЛЭХ

Уг зооринд махыг авч ирэхээс өмнө гарал үүсэл, мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан эсэх, эрүүл бэлчээр идээшилсэн эсэх, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэгдэлгүй болохыг шалгана. Ингээд махыг -40 хэм бүхий зоориноос мах бэлтгэлийн хэсэгт авч ирнэ. Хэдий хэр хэмжээний мах авч ирэх вэ гэдгийг мах бэлтгэлийн цехийн технологич тодорхойлох бөгөөд түүнд бууз, хиаман цехийн технологичд захиалга өгснөөр тэрбээр бусад цехийн технологичдийн бүх махыг нэгтгэн захиалгаа өгнө. Захиалгаар ирсэн махыг өлгөнө. Энд шулах хэмд хүртэл нь гэсгээж, гэсгээх явцад нь гадны бохирдлоос цэвэрлэж угаана.

ШУЛАХ, СОРТЛОХ

Тодорхой хэмд хүртэл гэсгээсэн бүхэл махыг шулаач нарын ширээн дээр тавина. Нэг ширээн дээр хоёр шулаач, нэг сортлогч ажиллана. Сортлогч махны булчирхай, шөрмөс, жижиг яс зэргийг ялгах, хянах ажлыг хийж, цэвэр махыг тэрэг рүү хийнэ. Энэ хэсэгт өдөрт 2 тонн орчмыг /ачаалал ихтэй үед/ шулж бэлддэг аж.

АНГИЛАХ, МАШИНДАХ

Шулсан махыг буузанд өгөх хиам руу өгөх эсэхийг ангилан ялгана. Хиам руу өгөх махыг мал бэлтгэлийн цехэд автомат машинаар, нарийн шүүрээр татаж гаргана. Технологичийн захиалсан захиалгын дагуу ямаа, үхэр, хонины махны хэмжээ гарах бөгөөд захиалгын дагуу машиндан зоорь руу шилжүүлнэ.

БЭЛТГЭСЭН МАХ

Бэлэн болсон хиамны мах зоорийн ширээнүүд дээр харагдаж байна.

ЖИНЛЭХ  ХЭСЭГ

Зоорийн хэсгээс ирсэн бэлтгэсэн махыг технологичийн өгсөн жорын дагуу жинлэнэ. Тухайлбал, ямаа үхрийн махны орцтой хиаманд технологич 10 кг ямааны мах, 20 кг үхрийн мах гэсэн бол уг хэсэгт жинлэж дараагийн дамжлагад дамжуулна.

НАЙРЛАГА ХИЙХ

Технологичийн өгсөн зааврын дагуу жинлэж нийлүүлсэн маханд нэмэлт уураг, амтлагчуудаа найруулан зуурна. Найрагч нь мөн хиамны онцлог, нэр төрлөөс шалтгаалан автомат төхөөрөмжийн хугацааг тааруулах, хянах үүрэг гүйцэтгэнэ. Найрагч зөвхөн товчлуур дээр л дарах үүрэгтэй бөгөөд жор,орц, нормыг жорчин ажилтан тохируулан, хэмжээд технологичид хүлээлгэж өгнө. Энд бүх орц, нормын дагуу мах болон найрлага нэгэн бие болж холигдсон байна.

САВЛАГДАХ

Бэлдсэн найрлагыг өргөж тогоо руу хийнэ. Тухайлбал, яг энэ хэсэгт Чанар нэртэй хиам савлагдаж байна. Чанар хиамны гаднах уут буюу үйлдвэрийнхний хэллэгээр бүрхэвч нь автомат төхөөрөмжид суужээ.

Төхөөрөмжинд 460 граммаар хиамыг савлахдаа 35 см-ийн суналттай савлана гэх тохиргоог мөн урьдчилан хийсэн байна.

ОН САР ӨДӨР ХЭВЛЭХ

Клипс буюу төмөр хавчуураар хиамны дээд, доод хоёр захыг хавчиж гаргана. Ингэхдээ дээд талд нь үйлдвэрлэсэн он сар өдөр, доод талд нь дуусах он сар өдрийг хэвлэж өгсөн байна.

ХЯНАХ ХЭСЭГ

Хэдийгээр савлагаа автоматаар явж буй ч савлагдаж гарч ирснийх нь дараа технологичид ахин граммлаж, суналт буюу хиамныхаа диаметр, уут савлагаа боодлыг байх ёстой хэмжээндээ байгаа эсэхийг шалгана.

ДУЛААНЫ БОЛОВСРУУЛАЛТ

Ингээд бэлэн болж, савлагдсан хиамны бэлдэцийг тоо ёсоор нь өрж, дулааны боловсруулалтын хэсэгт шилжүүлнэ. Харагдаж буй уг томоохон камеруудад хоёр рам буюу 240 кг хиамыг нэгэн дор өндөр температурт дулаан боловсруулалтын аргаар болгож гаргана.

ХӨРГӨХ

Камераас гарч ирсэн хиамнуудыг автомат усаар шүршиж хөргөнө.

САВЛАГАА

Усанд ороод бэлэн болсон хиам, зайдсыг уг хэсэгт вакумжуулан савлана. Бүрхэвчтэй хиамнуудыг вакумжуулж, савлахгүй тул шууд зоорийн хэсэг рүү шилжүүлнэ. Энд гар аргаар ажиллах бөгөөд нэг бүрчлэн жинлэж, шошгыг нь нааж, худалдаанд гарахад бэлэн болгоно. Харин вакумжуулах ажиллагааг тусгай аппаратын тусламжтайгаар хийх аж.

ХАДГАЛАХ ХЭСЭГ

Үйлдвэрийн дор байрлах хадгалалтын зоорь руу хөрж, болсон бүтээгдэхүүнүүдийг зөөнө. Энд түгээлтийн машин ирэх хүртэл тодорхой сэрүүн нөхцөлд хадгална. Дунджаар -5 хэмтэй хөргүүрт хадгалж буй нь.

АЧИХ, ТҮГЭЭХ

Захиалагчид руу гаргахаас өмнө бүтээгдэхүүнүүдийг жинлэн, түгээлтийн машинууд руу зөөнө. Түгээлт мөн л өглөө эрт эхэлж, үдээс хойш зөвхөн буцаалтын машинууд л үйлдвэр дээр ирэх аж. 

ХУДАЛДААНЫ ЛАНГУУН ДЭЭР

Ийнхүү үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд худалдан авагчдын гар дээр очиход бэлэн болж, дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж эхэллээ.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Бусад үйлдвэрийнхээс ялангуяа хувийн жижиг үйлдвэрийн хиамнуудаас үнэхээр амт чанараар ялгардаг шүү би зөвхөн мах импексийн хиам л иддэг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close