“Fifty Fifty” хамтлагийн 3 гишүүний гэрээг цуцалжээ

Энэ жилийн эхээр “Fifty Fifty” хамтлаг “Cupid” нэртэй уран бүтээлээ гаргаж, дэлхий даяар хит болсон. Тус хамтлаг “Attrakt” агентлагтай гэрээтэй ажилладаг. Тэгвэл “Attrakt” өнөөдөр Саена, Аран, Сио нарын онцгой гэрээг цуцалснаа мэдэгджээ.
Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн “Fifty Fifty” хамтлаг “Attrakt”-тай хийсэн онцгой гэрээгээ цуцлахыг шаардаж, үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Хамтлагийн гишүүд тус агентлагийг бие, сэтгэл зүйн эрүүл мэндийг хангаагүй, санхүүгийн мэдээлэл өгөлгүй гэрээнийхээ заалтыг зөрчсөн гэж буруутгасан юм. “Fifty Fifty”-н хүсэлтийг орон нутгийн шүүх наймдугаар сард хүлээн аваагүй ч гишүүд хуулийн тэмцлээ үргэлжлүүлсэн.

Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2023.10.16/ тус хамтлагийн Кийна шүүхэд гаргасан гомдлоо буцааж, агентлагтаа эргэн нэгдсэн байна. Саена, Аран, Сио гурвын гэрээг өнгөрсөн пүрэв гарагаас /2023.10.19/ цуцалсан аж.
“Attrakt” энэ шийдвэрээ танилцуулахдаа “Гурван гишүүд гэрээгээ ноцтой зөрчсөнөө залруулаагүй, уучлал гуйгаагүй тул бид ийм арга хэмжээ авсан” гэжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.