Цаашид иргэд 2-3 аппликэйшнээс давхар зээл авах боломжгүй болно
Цагдаагийн ерөнхий газрын ЭЦА, МБА хамтран цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Хянамгай байя" аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.
Аяны талаарх хэвлэлийн хурлын үеэр Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос дараах мэдээллийг өгсөн юм. Эндээс тодруулбал, "Финтек зээлийн асуудал манай СЗХ-ны хяналт зохицуулалтын хүрээнд хамаардаг. Сүүлийн жилүүдэд технологийн асар хурдацтай хөгжлийн нөлөөгөөр санхүүгийн цахим залилан, луйвар өсөх хандлага Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд ажиглагдаж байгаа учир хууль тогтоомжийн хүрээнд тодорхой нарийвчилсан журмыг батлан мөрдүүлж, тодорхой шаардлагуудыг ч тавьж байгаа.
2024 оны II улирлын байдлаар 549 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас финтек зээлийн бүтээгдэхүүн бүртгүүлэх зөвшөөрөлд бүртгэгдсэн 56 этгээд бий. Тэд ББСБ-ын салбарын нийт зээлдэгчийн 89 орчим хувийг эзэлдэг.
Цаашид СЗХ нь ЦЕГ-тай хамтын ажиллагаагаа улам нягтруулж, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, цахимаар санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, гарч болзошгүй үр дагаврыг бууруулах, хариуцлага ногдуулах чиглэлээр ажиллана.
Технологи ашигласан бүтээгдэхүүн учраас технологиор дамжаад аль болох эрсдэлийг бууруулах, зээлийн скоринг хийх ёстой. Өөрөөр хэлбэл нэг аппликэйшнээс зээл авахад ХУР ДАН системээр холбогдох мэдээллийг иргэний үүргийн дагуу өгөх ёстой. Түүнийг нь үндэслэж зээлийн хэмжээ тогтоогддог. Энд харилцагчийн нууцлал буюу өөрийн нууцлалыг хамгаалах, санхүүгийн хариуцлагын асуудал маш чухал.
Нэг аппликэйшнээс зээл аваад удалгүй нөгөөгөөс зээл авах тохиолдол нэлээд гардаг. Нэг, хоёр магадгүй гурав дахь аппликэйшнээс зээл авдаг асуудлыг аль болох хаах, энэ эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох зээлийн сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа. Нэг зээлийг мэдээллийн санд бүртгээгүй байхад дараагийн зээлээ авах тохиолдол бий. Аль болох үүнийг хаахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.