Нийгэм мэдээ

НБОГ-ын мэргэжилтэн Д.Банди: Ойрын өдрүүдэд могой машины мотор орчимд байрлаж хот руу орж ирж байна

Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозогсоол зэрэгт могой ичих цаг ойртож байгаа хэдий ч ойр ойрхон ажиглагдаж дуудлага мэдээлэл бүртгэгдсээр байна. Бид энэ талаар Нийслэлийн Байгаль Орчны Газар /НБОГ/-ын зэрлэг амьтан хариуцсан мэргэжилтэн Д.Бандиас тодруулж ярилцлаа.

-Амралтын өдөр 3, 4 хороолол орчим орж ирсэн могойг маш урт хар бараан өнгөтэй бамбай хоншоорт биш байх зэргээр иргэд бичиж байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Би тухайн дуудлагад өөрийн биеэр очсон. Нас бие гүйцсэн, 79 см урттай бамбай хоншоорт могой байсан. Анх дуудлага өгсөн иргэний бичлэгийн онцлогоос шалтгаалж маш урт харагдаж байсан учраас иргэд илүүтэй асууж байгаа болов уу.

-Ер нь дуудлага мэдээлэл бүрт л бамбай хоншоорт гэдэг. Өөр төрлийн могой нийслэлд орж ирдэг үү?

-2019 оноос хойшх судалгаа мэдээллээс онцлоход 99 хувь нь бамбай хоншоорт хортой могой, нэг хувь нь рашааны гэх хоргүй байгаа бүртгэгдсэн байна.

-Намрын дунд сар гарчихлаа. Могой суурьшлын бүс рүү ингэж орж ирж байгаа нь хэвийн үзэгдэл үү, эсвэл нөлөөлж буй хүчин зүйл байна уу?

-Могой ичих цаг арай л болоогүй байна. Зуны улиралд бол могой үерийн усаар орж ирдэг, зуслангийн бүсэд угаасаа амьдардаг. Харин ойрын үеийн дуудлагын онцлог бол ихэнхдээ граш, авто зогсоолоос илэрч байгаа. Би дөнгөж сая нэг дуудлагаар яваад ирсэн нь зургаадугаар сургуулийн хажуу талын авто зогсоолоос оллоо. "Хүннү 2222" хорооллын грашаас бас хоёр могой гарч ирлээ. Энэ ямар учиртай вэ гэхээр сүүлийн дуудлагуудыг ажиглахад дандаа хөдөө орон нутгаас тээврийн хэрэгслээр дамжиж ирээд байгаа юм. Могой өөрөө хүйтэн цустай амьтан. Ойрын үед сэрүүхэн байгаа учраас дулаанд нь татагдаж машины мотор орчимд байрлаж байгаад хот руу орж ирээд байна.

-Бамбай хоншоорт хортой могой гэлээ. Хүн хатгаж хохироосон тохиолдол олон уу?

-Энэ жилийн тухайд 7-8 сард могойд хатгуулсан хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хоёулаа Тэрэлж орчимд хатгуулсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.

-Та иргэдэд хандаж анхааруулах зүйл юу байна вэ?

-Нэгдүгээрт, иргэд хөдөө орон нутгаас ирэхдээ тээврийн хэрэгслээ шалгаарай. Тэр тусмаа мотор орчмоо сайтар нэг нягтлачихад гэмгүй. Хоёрдугаарт, иргэд могойг хаа нэгтээ харвал шууд л дуудлага өг. Манайхан дуудлага өгөхөөсөө өмнө сүү дусаадаг ч юмуу янз бүрийн зан үйлтэй холбоотой үйлдэл хийгээд нөгөө могой нь дайжчихдаг. Тиймээс та нийслэл хотын хаа ч гэсэн могой харвал шууд л мэргэжлийн байгууллагад дуудлага өгөөрэй гэж анхааруулмаар байна.

-Танд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Одод
Одод
2024-09-12 22:49

1 том ногоон хорхой гэрт нисэж орж ирээд б.аа.жоом.чихний хар шиг хэмжээтэй.царцаа шиг дуутай нисээд хүүхэд айгаад барихаар юм хатгаа бх шиг бх юм..

Холбоотой мэдээ

Back to top button