Нийгмийн

ФОТО: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн бичсэн “Түүхээ сөхвөл” шинэ номын нээлт боллоо

Өнөөдөр /2019.12.12/ Интерномын их дэлгүүрт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” шинэ номын нээлт боллоо. Өөрийн туулсан амьдрал, алдаа, оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, залуус дүү нартаа сургамж болгох, өөрийн амьдралаар төлөөлүүлэн эх орныхоо түүхийн жимийг тэмдэглэн үлдээсэн уг номын редактораар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ажиллажээ.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, сайд асан Б.Жигжид, Монгол улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич Л.Дашням, УГЗ зохиолч Л.Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нарын олон хүндэт зочид ирсэн байв.

Уг номын талаар редактор Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Ж.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тохой нийлүүлнэ гэдэг шиг, ширээ залгаж суудаг. Ширээнийхээ нөхрөөр номынхоо үг үсгийг харуулъя гэсэн юм болов уу гэж ойлгосон, тиймээс ч үзэг бариулж, үзэг дүрүүлэх учир шалтгаан минь боллоо. Редакторын хувьд 60 хувийн авьяас, 40 хувийн хөдөлмөрөөр бүтсэн ном гэж хэлэх байна.  Өөрөө өөрийнхөө түүхийг өөрөө бичиж, өөрөө ном болгосон нь их онцлог юм болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зургийн тайлбар: Ширээ залган суудаг гишүүд

Харин номын зохиогч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

2013 ОНООС ХОЙШ ХОЛЫН ЗАМД БАГА БАГААР БИЧСЭЭР ДУУСГАСАН

-Таны ном юуны тухай өгүүлж байгаа вэ?

-Түүхээ сөхвөл гэж ном маань өөртөө тохиолдож байсан хөгжилтэй, бодууштай, сургамжтай тэмдэглэлүүдээс бүрдсэн. Ийм явдлуудаа би өмнө нь тэмдэглээд л явдаг байлаа. Анх эдгээр түүхүүдээ өөрийн фэйсбүүк хуудаснаа тэмдэглэж эхэллээ. Гэтэл найз нарын минь сонирхлыг их татаж, их олон лаяк цуглуулж, тэднээс ахиад өөр түүх бичээч гэх хүсэлтүүд их ирэх болсон. Үүнийгээ би бага багаар санаж, баяжуулан тэмдэглэж явдаг байснаа нэгтгээд нэг ийм ном болгосон юм. Ихэвчлэн 1990-ээд оны үед зах зээлийн ороо бусгаа үед хийж байсан наймаа, сурч байсан үе гээд дурсамжуудаасаа сэтгэлд буусныг нь тэмдэглэн үлдээлээ.

-Та номоо хэр удаан хугацаанд бичсэн бэ?

-2013 оноос анх бичиж, бага багаар цуглуулсаар ийм нэг ном болж байна.

-Бичих ур чадварын хувьд танд хүндрэлтэй зүйлс тохиолдов уу?

-Зүгээр л тэмдэглэл юм шүү дээ. Ихэвчлэн машинд, онгоцонд бичиж тэмдэглэсэн. Булган руу байнга л ирж очно, тэр бүрд л замын тэмдэглэл маягаар бичиж явсан.

-Та ахиад өөр ном гаргах уу?

-Үгүй байхаа.

-Та номынхоо зах зухаас уншигчдад маань сонирхуулахгүй юу?

-Өөрт сургамжтай, ажиллаж байсан үеийн нэг түүхээ сөхье. Тухайн үед Авто тээврийн газарт ажиллаж байхад албан бичиг утга санааны болон үг үсгийн маш их алдаатай орж ирдэг байлаа. Үүнийг засахын тулд “ЗАРЛАЛ” бичсэн. Арван жилийн сургуульдаа онц, сайн сурсан хүүхдийг ажилд авна гэж бичихээр нөгөө дарга, цэрэг нар бүгдээрээ л анкет барьж гүйгээд, “ийм ч сайн хүүхэд байна, тийм ч мундаг хүүхэд байна” гээд ирлээ. Түүнийг нь бүгдийг цуглуулаад хажуудаа тавиад байхаар нөгөө хүмүүс маань “Та энэ хүүхдүүдээр яах гэж байгаа юм бэ” гэж асууж байна. “Үгүй яахав дээ, хажуудаа суулгая, та нарын алдаатай бичгийг засуулах санаатай” гэж хэлснээс хойш тэд инээдэм ханиадам болж, ичиж зовсондоо алдаа маш их багассан түүх бий.

“Түүхээ сөхвөл” ном залуусын дунд их эрэлттэй байгаа гэв. Учир нь залууст сургамжлах, цэцэрхэхээсээ илүүтэй өөр тохиолдсон бодот явдлуудаар жишээлэн алдаа оноог хэлсэн аж.

Энэ тухай уг номын уншигч Д.Пүрэв-Очир:

ЗАЛУУС БИДНИЙГ АЛДААНААС НЬ ЗУГТАЖ, ОНООНООС НЬ СУРАЛЦАХАД ЭНЭ НОМ ТУСЛАХ БОЛОВ УУ

2016 оны хавраас би цахим орчинд Ж.Бат-Эрдэнэ гишүүний өнгөрсөн амьдрал, түүхийн талаар олж уншиж эхэлсэн. Оюутан байхдаа Орост ямаршуухан явж байсан, залуу насандаа найзуудтайгаа бизнес эрхлэхээр хэрхэн шамдаж байсан гээд олон түүхүүдээс нь би энэ хүнийг ямархуу хүн бэ гэдгийг олж мэдэж, таньсан гэж хэлж болно. Энэ түүхүүд он цаг дамжиж явсаар ном болж гарч байгаад баяртай байна. Залуус бидэнд энгийн амьдралтай нэг хүү нүдэн дээр минь хэрхэн амжилтад хүрсэн тухай, эр хүн гэдэг ямар зан храктертай байх вэ гэдгийг илэрхийлж гаргасан ном юм болов уу гэж уншигчийн хувьд тодорхойлж байна. Энэ номоос миний сэтгэлээс огт гардаггүй хэсэг бол аавынхаа талаар бичсэн хэсэг. Өөрийн минь аавтайгаа хамт өнгөрүүлсэн тэр дурсамжтай давхцаж байсан болохоор тэр юм болов уу. Улстөрч гэдэг тухайн улс орныхоо өнгө, хөгжлийг тодорхойлох хуулийн төлөө явж байгаа. Гэхдээ улстөрч гэхээсээ илүүтэй өөрийн туулсан амьдралын алдаа, оноог энэ номоороо илэрхийлж, залуус биднийг алдаанаас нь зугтаж, онооноос нь суралцах давуу талыг бий болгож өгч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн амьдрал, ажил, алдаа оноог ярилцсан "ХОЁР СЭТГҮҮЛЧ - НЭГ ЗОЧИН” ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button