“Z” үеийн дуу хоолой“Эгүүр” брэндСурвалжилга, Нийтлэл

“Z” үеийн дуу хоолой №2: Монголоос нисэж, гадны оронд дурлаж, “Gap Year” горилох нь

ЦАГААН САРААР ХАРИУЛАГДАХ ХАРИУЛТ

Өрнийн тооллын дагуу шинэ оноо гаргаад удаагүй байгаа биднийг “Цагаан сар” даллана. Чингээд мэнд мэдэн золголцож, дайлж цайлуулахын сацуу хамаатан саднуудын асуултад хариулж, хувь амьдралаа хуваалцах шаардлагатай тулгарна. 10 жилээ төгссөн, эсвэл энэ жил төгсөх залуус, өнөө “Z” үеийнхэн, “За, мэргэжлээ сонгосон уу? Ямар их сургуульд орох гэж байна?” гэсэн асуултыг залхатлаа сонсоно. Ихэнх нь ингэж тэгэсхийгээд аргалах бол дүн бан сайтай, потенциал гайгүйтэй хэсэг нь ам бардмаар, “Монголд сурахгүй ээ. Тэтгэлэг бүтэхгүй бол энэ жил өнжинө, Gap Year авна” гэж хариулна.

-Gap Year гэж юу юм бэ, хүүхээ?

-Нэг жилийн турш элдэв албанд уягдалгүй өөрийгөө чөлөөлж, хэлний шалгалт, гадаадын тэтгэлэгт бэлдэнэ гэсэн үг.

X үеийн ах, эгч нар үүнийг нь сонсоод, “Одооны хүүхдүүд айхтар болжээ. Зөв өө, зөв” гэж бодоод өнгөрөх. Эндээс “Z” үеийн дуу хоолой цуврал нийтлэлийн хоёр дахь дугаарын сэдэв хөврөх билээ.

"GAP YEAR-ДАХ” ХҮСЭЛД ХОШУУРЦГААХ НЬ

Төрийн өмчит, сургалт сайтайдаа тооцогдох “тоон нэртэй” нэгэн ЕБС өнгөрөгч онд гурван анги төгсгөжээ /2019 он хамгийн бага төгсөгчидтэй жил болсон/. “А” бүлгээс зургаа , “Б” бүлгээс тав, “В” бүлгээс зургаан төгсөгч Gap Year авна гэдгээ илэрхийлж, их сургуульд бүртгүүлсэнгүй. Бүртгүүлсэн зарим нь жилийн чөлөө авч кармаандаа хадгалав. Харин улсын хэмжээнд нийт төгсөгчдийн хэдэн хувь нь Gap Year авахаар шийдэж буй тухай эш татахуйц статистик, албаны тоон мэдээ байхгүй аж.

Өнгөрөгч 2019 оны хувьд Монгол Улсын Их Сургууль хаврын элсэлтдээ урьд жилүүдээс бага оюутан элсүүлсэн тул намрын элсэлтдээ “найдсан” тухай яриа ам дамжин яригдаж байв. Эсрэгээрээ гадны сургуулиудтай хамтран ажилладаг MIU /Mongolian International University/, Royal Academy зэрэг их сургуулиуд элсэлт горилогчдоор дутаагүй. Бүр ЭЕШ өгөхөөс татгалзаж, Gap Year луу шууд зүтгэсэн төгсөгчид ч захаас аваад цөөнгүй. Гартаа бариад харах тоон статистик байхгүй ч, ЕБС-ийн төгсөх анги бүрээс Gap Year-дах 3-5 хүүхэд гарахтай тааралдаж болох бодит нөхцөл нэгэнт бий болсон.

“Z” гэгдэх үеийнхэн жилээс жилд TOEFL, Ielts-ийн шалгалтад бэлтгэх болж, Өмнөд Солонгосоос эхлээд арлын Австралид хүртэл тэтгэлгээр суралцахыг зорих нь ихэсжээ. Шалтгаан нь чухам юунд байна вэ? Эх орноосоо уйдав уу, гадны соёлд дурлав уу? Эндэх боловсролын систем “жулдаж” эсвэл гологдов уу? Эсвэл “Z” үеийнхний гэр бүлээсээ хол, ганцаардмал сэтгэлзүйн байдал зүгээр л гадаадад очоод, эрх дураараа, үглэж дуулах хүнгүй “гоё” амьдрах хүсэлд хөтлөв үү? Мэдээж өөрийн мэдлэг, боловсролд анхаарал тавьж буй “Монголдоо бол болчихсон” залуус дийлэнхий нь эзэллээ гэж бодоход, ЭЕШ-д 500 оноо ч авах сачийгүй хэрнээ Gap Year-д найдаж буй олонх хэсгийг хэрхэн тайлбарлах вэ?


Б.УРНАА: АЛДАХ ЭРХИЙГ НЬ ӨГЧИХДӨГ УЧИР ЗАЛУУС МААНЬ ГАДААДАД ХҮССЭНЭЭРЭЭ СУРАЛЦАЖ, ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЖ ЧАДДАГ БОЛОВ УУ

Б.Урнаа 2000 оны дөрөвдүгээр сард төрсөн. СЭЗИС-ийн хоёрдугаар түвшний оюутан. Дотоодын суралцагч Z үеийн төлөөлөл болж, уг асуудалд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн юм.

Манай үеийнхний дийлэнх нь 10 жилээ төгсөхдөө хоёрдогч хэлийг эзэмшиж, гадаад оронд суралцах тухай боддог. Энэ нь нэг талаараа зөв. Нөгөө талаараа буруу ч байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг жилд хэдэн мянган “дипломтой мэргэжилтэн” төгсөж гардаг хэрнээ тухайн салбартаа урагштай, тууштай ажилладаг нь цөөн. Нөгөө талд гадаадад сураад ирсэн хүмүүсийг ажилд авах хандлага нь илүүтэй байдаг.

Яагаад вэ гэвэл тэнд /гадаадад/ ямар нэгэн ялгаварлалгүйгээр, зөвхөн “хувь хүн” гэдэг утгаар нь шүүж суралцуулдаг. Алдах эрхийг нь нээлттэй өгчихдөг болохоор залуус маань тэнд хангалттай, хүссэнээрээ суралцаж, туршлага хуримтлуулж чаддаг болов уу.

Чингээд “тэнд” суралцаж буй олон залуус дараа нь хаашаа явдаг вэ гэсэн асуулт гарч ирнэ дээ. Хариулт, зарим нь тэндээ үлдэнэ, зарим нь Монголдоо буцаж ирээд ажиллана. Гэвч хамгийн гол нь, дэлхийд мэдлэг, чадвараараа өрсөлдөж буй олон олон залуусыгаа татах зүйл манайд байдаггүй мэт. Өөрсдийнхөө хүслээр ирээд хийж, бүтээх гэсэн нэгнийг дэмжих ТББ ч байхгүй, мөртлөө шинэ соёлыг тээж ирээд биднээсээ өргөнөөр сэтгэж эхлүүт нь нөгөө л баригдмал, тав, 10 жилийн өмнөх нийгэм нь угтана. Ингээд л хаанаас нь эхлэхээ мэдэхгүй залуус ирж, зарим нь буцаж, зарим нь нэг хувийн компанид ажиллаад л үлддэг байх даа.

“ЗАЛУУСТ ӨӨР ЛҮҮГЭЭ ӨНГИЙХ БОЛОМЖ ОЛГОЛГҮЙГЭЭР ГАДААД ЕРТӨНЦИЙГ ДҮГНЭХИЙГ ШААРДДАГ”

“Манай үеийнхэн” гэхээс өмнө эхлээд нийгэм дэх нийтлэг ташаа ойлголтын талаар ярих нь зүйтэй байх. Энэ нийгэм, тэр чигтээ шүүмжлэлт нийгэм. Тархинд нь хүн хүний харах өнцөг өөр, түүнд тусах тусгалууд ч өөр гэдгийг ойлгохгүйгээр шүүмжлэх сэтгэлгээ  маш гүн шигдчихсэн мэт. Өөрөөр хэлбэл хувь хүмүүст өсч, өндийх зай завсар өгөлгүйгээр дээрээс нь гишгэлдэг гэсэн үг. Тиймээс яг энэ нийгэмд хүн болж төлөвших хийгээд хүн чанараа гээхгүй хадгалж явна гэдэг өөрөө их хэцүү харагддаг. Юм хийж байхад хажууд нэг хүн хараад байхад ямар төвөгтэй байдаг билээ. Манай нийгэмд ганц зүйлийг хийж бүтээе гэвэл өөрийг чинь мянган нүд, амтайгаа цуг харна гээд бод доо.

Нэмээд хэлэхэд боловсролын систем маань хүн болохыг заадаггүй зөвхөн боловсрол гэдэг зүйлийг эзэмших ёстой гэдгийг тулгадаг. Гэтэл мэдлэг, боловсрол гэдэг начир дээрээ тэс ондоо зүйл. Сурагчид, оюутнуудад өөр лүүгээ өнгийх боломж өгөлгүйгээр гадаад ертөнцийг дүгнэхийг заадаг. Энэ бол нэг ёсондоо дээр дурьдсан шүүмжлэлийг доромжлолтой андуурдаг нийгмийн сэтгэлгээний суурийг багаас нь тавьж байгаагийн нэг илрэл шиг.

Z-Generation гэж нэрлээд байгаа энэ үеийнхэн дунд миний хэлэх гээд буй зүйлийг анзаарчихсан, хаана, хэрхэн хөгжихөө мэддэг болсон залуус цөөнгүй бий. Магадгүй аль хэзээний “би”-гээ таниад мэдчихсэн болохоор арван жилээ төгсөөд, их сургуульд орох, ажил дээр гараад, эхнэр/нөхөр болох, үр хүүхдээ төрүүлж, өсгөх гэх мэт өнөө л нэгэн хэвэнд цутгачихсан мэт нэг эхлэл, төгсгөл, таслалтай амьдралыг туулах ухаанаа олчихсон гэсэн үг юм л даа. 


Г.АНХ-УЧРАЛ: МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЛТТАЙ БАЙГАА ӨНӨӨ ҮЕД ЗАЛУУС ӨӨРСДИЙН ӨССӨН ГОРТИГ ДОТРОО, ӨМНӨХ ҮЕИЙНХНИЙ АЛДАА, ДУТУУД БАРИГДАЖ АМЬДРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

Харин Г.Анх-Учрал 2002 оны наймдугаар сард төрсөн. ЕБС-иа төгсөөд Gap Year авах сонголтыг хийсэн Z үеийн төлөөлөл. Одоо тэрбээр Бүгд Найрамдах Кипр улсын "European University of Lefke” Их сургуульд Програм хангамжийн чиглэлээр суралцаж буй. Байр суурийг нь сонслоо.

Монгол хүн ч гэсэн дэлхийн хүн. Үүнийг л ойлгочих хэрэгтэй. Нөгөө талаар бид бас нүүдэлчин соёлтой ард түмэн. Үргэлж шинийг эрэлхийлж, улам сайн руу тэмүүлдэг чанар бидэнд бий. Одоогийн залуус гадаадад сурах хүсэл эрмэлзэлтэй, үүнийгээ дагаад шаардлагатай гэсэн шалгалт даваануудад бэлдэж, өөрсдийгөө сорьцгоох болсон нь үнэн. Монголын боловсролын чанар ямар хэмжээнд байгааг бүгд мэднэ шүү дээ. Мэдээллээр хангалттай байгаа өнөө цаг үед хүүхэд залуус өөрсдийн өссөн гортигон дотроо, өмнөх үеийнхний алдаа, дутуунд баригдаж амьдрахыг хүсэхгүй байна.

Намайг “Gap Year” авсан жил дотоодын их дээд сургуульд орсон танил найзууд маань бүгд сэтгэл дундуур байгаа тухайгаа ярьцгаасан. Тэр үед унтарч байсан гадаадад сурах хүсэл минь дахин сэргэсэн. Орчин нөхцөлдөө уусаж, дасал болсон зүйлсдээ сэтгэл ханах ёсгүй гэдгээ санасан.

Гадаадад сурлаа гээд буруудах зүйл үгүй. Харин ч иргэд нь, тэр дундаа сурч боловсрох насны хүүхэд залуус бид дэлхийн бусад улс орнуудын дэвшилттэй, амжилттай туршлагуудтай биечлэн танилцаж, сурч эзэмшиж ирээд эх орондоо нутагшуулахыг оролдох нь гацаанаас гарах замаа эрэлхийлж байгаа Монгол улсын хувьд илүү оновчтой шийдэл байж болно.

“Gen Z” гэх манай үе дөнгөж одоо л амьдралын зах зухад хөл тавьж эхэлж байна. Сонголтод нь дүгнэлт өгөх дэндүү эртдэнэ. Бид дөнгөж л зорилгынхоо эхний алхмыг хийгээд байна. Дахиад дор хаяж 10 жилийн дараа л гадаадад суралцсан залуусын шийдвэр зөв байж уу буруу байж уу гэдэг нь харагдаж эхлэх байх. Хамгийн гол нь тухайн хүний хандлагаас л бүх зүйл хамаарна шүү дээ. Хилийн чанадад үлдээд хувийн амьдралаа хөөх нь ч байна, эргэж ирээд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд хичээх нь ч байна.  Мэдээж хоёр дахь хандлагын үүднээс гадаадад сурах замыг сонгох залуус нь илүү олон байгаасай гэж би хувьдаа боддог.

“ХҮНЭЭС ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЖ, БОЛОВСОРЧ БАЙХЫГ ДЭЛХИЙН ХӨГЖИЛ ШААРДАЖ БАЙНА”

Аав, ээжийн үеийнхэн бол Монгол Улсын улс төр, эдийн засаг сууриараа хувьсан өөрчлөгдөж байх цагт өсөж өндийсөн хүмүүс. Амьдралд тэд алдаж оносон зүйлс их, арвин баялаг туршлагатай. Гэвч цаг үе өөрчлөгдсөн, бидний хоорондох амьдралын хэв маяг, үзэл бодлын хооронд нэлээдгүй ялгаа бий.

Зөвхөн хувь хүний амьдралын тухайд л гэхэд, тэдний үе Монголдоо сурч төгсөөд, ажилд ороод л асуудалгүй амьдарчихдаг байсан бол одоо энэ хангалтгүй болсон. Хүнээс үргэлж, тасралтгүй хөгжиж, боловсорч байхыг дэлхийн хөгжил шаардаад байна.

Гадаадад сурч, эсвэл сурахаар төлөвлөж, бэлдэж буй хүмүүст хэлэхэд, алсын хараатай байж, зорилгоо тодорхойлон, ирээдүйд юу хийхээ төлөвлөх хэрэгтэй. Зүгээр л гадаадад амьдарч үзэх, гайгүй дээд сургуулиар “овоглох” гэсэн хөнгөн бодлоор хандвал төгсчхөөд мөн л яахаа мэдэхгүй буцаж ирээд л, нэг албан өрөөнд хадагдана. Хуучны өнөөх л хүрээндээ эргэлдэж, өмнөх үеийнхний эргүүлгэнд татагдаж, дотоод, гадаадад сурсны ялгаа гарахгүй болов уу.


ДАЯАРШЛААС ЗУГТАЖ ҮЛ ЧАДАХ НЬ

Даяршлаас зугтаж үл чадах өнөө цагт, залуус гадны орныг зорьж, өндөр боловсрол эзэмшихийг хүсэх нь цаг дагасан жам ёсны гэмээр асуудал болсон нь эндээс харагдаж байна. Нөгөө талаас бидэнд хоёрдогч, гуравдагч оронд дээд боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүдийн мэдлэг боловсрол ус агаар мэт хэрэгтэй байгаа нь мэдээж. Энэ дүр зургаараа Z үеийнхний Gap Year авч, гадаадын тэтгэлэгт бэлдэх нь буруутгах шалтгаангүй, зөв үйлдэл шиг харагдана.

Харин залуусын хувьд заавал энэ замыг сонгодог нь гарцаагүй хэдэн учиртай. Энэ удаагийн дугаарт онцолсон хоёр зочин маань эх орны хөгжлийг голж муучилсангүй, бурууг тохсонгүй. Дүгнэвэл,

  1. Боловсролын систем хангалтгүй. Дэлхийн хэмжээний мэдлэг олгодоггүйгээс гадна хувь хүнийг өөрийн хүсэл, зорилгоор зам мөрөө бүтээх боломжийг хааж, нэгэн хэвд цутгадаг.
  2. Нийгэм, цаг үе өөрчлөгдсөн. Ахуйн асуудлын хүрээнд ч, даяаршлын хүрээнд ч дотооддоо дээд боловсрол эзэмшээд, ажиллаж амьдрах нь шаардлага хангахгүй болжээ.
  3. Монголд сурч хөгжихөд хуучинсаг, баригдмал, шүүмжлэлт олон мянган нүд харж, хянаж, хэв загварт барьж, зориг хүслийг мохоодог.

гэсэн гурван үндсэн шалтгааныг нэрлэх боломжтой харагдаж байна.

Z үеийнхэн Монголоос нисэж, гадны оронд дурлаж, Gap Year горилох нь цаг үе дагасан үзэгдэл шиг. Иймд тэдэнд гагцхүү зорилгоо зөв тодорхойлж, тодорхой зураглан төлөвлөснийхөө дараа гадны орныг зорих шийдвэр гаргахыг эцэг эх, багш нар зөвлөх нь илүү чухал болжээ.


"Z” үеийн дуу хоолой цуврал нийтлэлийн өмнөх дугаарыг энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-03-07 13:07

Mongoliin ireedui bolson oxid zaluuchuud delxiin tomooxon uls ornuudiin ix deed surguulid suraltsaj ajillaj amidarch baigaa ni tednii amidraldaa xiij bui tomooxon alxam ba oyunii tom xerenge oruulalt yum.

Холбоотой мэдээ

Back to top button