Эмзэглэлгүй дуугарч, бодит асуудлаа ярих ёстой байсан хүүхдийн байгууллагын 100 жилийн ой

Монгол Улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр төрийн ордонд болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөл зочноор оролцож үг хэлсэн байна.
Мөн энэ салбарт олон жил ажилласан, одоо ажиллаж байгаа салбарын төлөөллүүд уригдан оролцжээ. Гол цөм байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг УИХ-ын гишүүн асан Баярсайхан удирдаж буй.
100 жилийн ойн нээлтийг яам болон хөгжлийн газар хамтран зохион байгуулсан ч багагүй шүүмжлэл дагуулав. Тодруулбал, нээж Төрийн дуулал дуулах байсан дуучин нь зохион байгуулагчдын алдаанаас болоод дуулж чадаагүй. Атал бурууг өөрт нь тохсон. Мөн баярын хуралд урьсан зочныхоо бүртгэлийг хасаж, дотогш нэвтрүүлээгүй. Нэмээд хүүхдийн тулгамдсан асуудал бус хүүхдийн зуслан барих төдийхөн мөнгөний сэдэлтэй зүйлүүд ярьж, нэгнээ шагнаад өнгөрсөн тухай хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр ажилладаг төлөөллүүд дуугарч байна.
Бид энэ үйл ажиллагаанд хэдэн төгрөг зарцуулсан эсэхийг тодруулахад аль ч газар мэдээлэл өгсөнгүй. Тендер болон шилэн дансных нь мэдээллийг нягталж харвал тайлагнасан зүйл алга байна.
Манайх бол хүүхдэд ээлгүй хот улс. Тэдэнд тулгамдсан бэлгийн болоод үл хайхрах хүчирхийлэл, дагасан хуулийн цоорхой зэргийг энэ чухал өдөр яагаад хөндсөнгүй вэ. Ялангуяа 0-17 насны хүүхдүүдийн эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл сүүлийн таван жил тогтмол өсөж, ялаас мултарсан олон арван хүн байгааг ХЭҮК энэ жилийн тайландаа маш сайн тусгаж, анхаарах нэн чухал байгааг УИХ-ын чуулганы танхимаас дуугарсан. Гэтэл яагаад бүх зүйл сайхан байгаа мэтээр баяр болгож, үргүй зардал гаргав. Энэ мэт шил дарсан олон асуудал хүүхэд хамгааллын салбарт бий. Тиймээс эмзэглэлгүй дуугардаг, асуудлаа ярьдаг баймаар байгаа юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг сараанаг авгай энд тэндгүй л �##�цаганж явах юм доо !