Брайан Кокс: Шинжлэх ухаанд хувиршгүй үнэн гэж байхгүй
Интернэт орчин хөгжиж, бичлэг хуваалцдаг платформууд дээр шинжлэх ухааны сонирхолтой баримтуудын талаар мэдээлэл өгдөг контентууд их нийтлэгддэг болсон. Шинжлэх ухааны талаар контент хийдэг хамгийн алдартай эрдэмтдийн нэг нь профессор Брайан Кокс юм.
Тэрбээр Манчестерийн их сургуулийн Физик ба одон орон судлалын сургуулийн эгэл бөөмсийн физикийн профессороор ажилладаг. Кокс “Wonders of the Universe”, “Wonders of the Solar System”, “Human Universe”, “Forces of Nature” зэрэг танин мэдэхүйн сэдэвтэй телевизийн шоу бүтээж байсан. Мөн “ Black Holes: The Key to Understanding the Universe”, “The Quantum Universe” зэрэг ном бичиж байжээ.
Тэрбээр “Human Universe” шоу нь гарч байх үедээ “Vice” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.

VICE: Таны шинэ нэвтрүүлгийн нэг дугаар нь "Бид яагаад энд байгаа юм бэ?" гэсэн нэртэй. Энэ асуултад товчхон хариулбал юу гэх вэ?
Брайан Кокс: "Мөнхийн тэлэлт" гэж нэрлэгддэг нэгэн онол байдаг. Энэ онолыг одоо их сургуулиудад зааж байгаа. Энэ онолоор бол бид хязгааргүй олон ертөнцийн зөвхөн нэгэнд нь амьдардаг байж магадгүй юм. Үүнийг мультиверс буюу олон ертөнц гэж нэрлэдэг. Мультиверсд байгалийн хуулиудын бүх төрлийн хослол тус тусын ертөнцдөө оршин байдаг. Энэ онол үнэн бол болох боломжтой бүх зүйл тэдгээр ертөнцүүдийн хаа нэг газар яг одоо өрнөж байгаа гэсэн үг. Мультиверсийн онолоор бол манай ертөнц оршин тогтнох нь гарцаагүй зүйл болно. Бид яагаад энд байгаа вэ гэдэг асуултад бид энд байх ёстой болохоор гэж хариулна.
Бид яаж оршин тогтнох болсон тухай л тайлбар шиг санагдаж байна. Би таныг яагаад энд байгаа вэ гэх асуултад хувийн бодлоо хэлнэ гэж найдаж байлаа.
Гол зүйл нь юу вэ гэвэл, аливаа зүйл оршин тогтноход ямар ч зорилго байхгүй нь бараг тодорхой. Эцсийн шалтгаан гэж байхгүй. Үүнийг телеологи гэж нэрлэдэг. Энэ нь шинжлэх ухаанаас гадуурх зүйл юм.
Тэгвэл "Одоо бид яах ёстой вэ?" гэсэн асуулт үлдэж байна.
Энэ асуулт бол манай цувралын гүн ухааны гол утга санаа. Ажиглаж болох ертөнцөд 350 тэрбум галактик бий. Манай ертөнц хязгааргүй олон ертөнцийн нэг хэсэг байж магадгүй. Үүн дотор бидний байр суурь маш өчүүхэн. Гэхдээ үүнд өөр нэг тал бий. Биологийн үүднээс харвал амьд организмууд ертөнцөд маш ховор байж магадгүй. Оюун ухаант амьдрал бүр ч ховор байж болно. Энэ хоёр үзэл бодол хоорондоо зөрчилдөж байдаг. Карл Сэйган “Бидэн шиг өчүүхэн амьтдын хувьд энэ хязгааргүй уудам орон зайг зөвхөн хайрын хүчээр л даван туулж болно” гэж хэлж байсан нь энэ асуултад хариулт болж магадгүй. Үнэхээр сайхан хариулт шүү. Энэ нь хүмүүс оршин тогтнож буйгаа илүү үнэлэх ёстой гэсэн үг байх. Хүний амьдрал хязгаартай. Орчлон ертөнцийн өнцгөөс харвал хүний амьдрах хугацаа юу ч биш байж магадгүй. Амьдралын утга учир бол боломж байгаа дээр нь амьдралаас таашаал авч, түүнийг илүү их хайрлах явдал гэдгийг космологийн шинжлэх ухаан бидэнд хэлж байна.
Их сайхан утгатай мессеж байна шүү. Яг л Жон Ленноны дууны үг шиг сонсогдлоо.
Тийм ээ, Ленноных шиг сонсогдож байна. Гэхдээ бас үндэслэлтэй зүйл юм. Бид өөрсдийгөө онцгой гэж үзэх, баяр хөөртэй амьдарч өөртөө анхаарал тавих хэрэгтэй гэдгийг ухамсраараа ойлгож болно.
Та цуврал дээрээ манай галактикт хүмүүс ганцаараа байж магадгүй гэж хэлсэн. Одоогоор мэдэгдэж буй цорын ганц оюун ухаант иргэншил нь бид гэсэн.
Би залуу байхдаа харь гаригийнхантай уулзахыг үргэлж хүсдэг байлаа. Гэхдээ одоогийн баримтууд юу хэлж байгаа вэ гэхээр манай галактикт соёл иргэншил маш ховор байж магадгүйг харуулдаг. Одоогийн баримтуудаас харвал галактиктаа бид ганцаараа л байгаа бололтой. Тэгж бодохоор надад аймшигтай санагддаг.

Надад бас жаахан гунигтай санагдаж байна. Галактикт ганцаараа байна гэдэг манай соёл иргэншлийн хувьд юу гэсэн үг вэ?
Амьдрал маш ховор гэдийг бид үнэхээр ойлгож эхэлбэл, маш азтай гэдгээ ухаарна. Тиймээс бид өөрөөр биеэ авч явах ёстой. Бид өөрсдийгөө илүү хайрлаж хамгаалах хэрэгтэй. Одоогоор хүн төрөлхтөн өөрсдийнхөө оршин тогтнолд уужуу тайван, алсын хараатай хандаж чадахгүй байна. Бид ихэвчлэн маш ойрын зүйлийг л харж шийдвэр гаргадаг.
Хэрвээ бид нарны аймаг дотроо эртний бичил биетүүд шиг энгийн амьдрал илрүүлбэл яах вэ?
Нарны аймаг дотор хоёр өөр гариг дээр амьдрал бие даан үүссэн байвал энэ нь гайхалтай нээлт болно. Цаашлаад өөр олон амьдрал байгаа гэсэн итгэл төрүүлнэ. Сүүлийн үеийн хэмжилтүүд манай галактикт дэлхий шиг 20 тэрбум гариг байж магадгүйг харуулсан. Гэхдээ дэлхий дээрх амьдрал үүсэж, оршин тогтносон түүхийг харвал амьдрал маш удаан хугацаанд соёл иргэншил үүсгээгүй.
Сар руу ниссэн нь хуурамч байсан гэх мэт хуйвалдааны онолуудын талаар та ямар бодолтой байдаг вэ?
Хэрвээ хүн төрөлхтөн саран дээр буугаагүй гэж итгэхээр тийм тэнэг бол, зам хөндлөн гарахдаа ч алдаа гаргахаар тийм л хүн байна гэсэн үг. Энд байгалийн шалгарлын хууль үйлчилж байна. Гэхдээ хуйвалдааны онолууд нь шинжлэх ухаанд итгэхгүй байх шалтгаан болж эхэлбэл асуудал үүснэ. Жишээ нь вакцинжуулалт, хоол тэжээл эсвэл уур амьсгалын өөрчлөлтөд итгэхгүй байх нь аюултай. Эдгээр нь нухацтай хандах ёстой чухал асуудлууд юм.
Та вакцин эсэргүүцэгчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Эбола вирусийг жишээ болгон авч үзье. Хэрвээ Лондонд Эбола дэгдээд, вакцин нь бэлэн байвал тариулахыг эсэргүүцэх хүн олдохгүй л болов уу. Вирусийн халдварыг устгахыг хүсэж байвал зөвхөн вакцин л тус болно. Хамгийн сайн жишээ бол салхин цэцэг өвчин. 20-р зуунд энэ өвчнөөр 500 сая орчим хүн нас барсан. 1979 онд вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ өвчин байхгүй болсон. Одоо салхин цэцэг гэж байхгүй. Тийм болохоор энэ бол боловсролын асуудал юм. Гэртээ суугаад "Миний хүүхдэд вакцин хэрэггүй" гэж хэлж болохгүй. Салхин цэцэг өвчний түүхийг л харах хэрэгтэй.
Шинжлэх ухааныг их зантай хүмүүсийн хийдэг зүйл эсвэл зүгээр л нэг өөр үзэл бодол гэж хардаг хүмүүс байсаар байгаа шүү дээ.
Шинжлэх ухаан бол хүмүүст сургаал айлддаг шашны байгууллага биш. Шинжлэх ухаан бол тодорхойгүй байж чаддаг учраас л амжилтад хүрдэг цорын ганц салбар юм. Энэ салбар өөртөө эргэлзэж, өөрийгөө сорьдог. Шинжлэх ухаанд хувиршгүй үнэн гэж байхгүй. Энэ л шинжлэх ухааны амжилтын нууц юм. Шинжлэх ухаан дэлхий ертөнц хэрхэн ажилладаг вэ гэдгийг тайлбарлаж буй тогтолцоо. Байгаль ертөнцийг ойлгох гэсэн бидний хамгийн сайн оролдлого. Шинжлэх ухаан өнөөдрийг хүртэл юу олж илрүүлснийг л хар л даа.
Дэвид Аттенборо таныг өөрийнхөө залгамжлагч гэж нэрлэсэн. Бас таныг Карл Сэйгантай ч зүйрлэдэг. Таны хувийн зорилго юу вэ?
Хүмүүст шинжлэх ухааныг таниулж, судалгаа шинжилгээг дэмждэг болгохыг хүсдэг. Би өөрийгөө маш азтай гэж боддог. Карл Сэйган өөрийнхөө үзэл санааг түгээх гэж оролдоход бусад эрдэмтэд түүнийг маш их шүүмжилдэг байсан. Харин одоо олон нийтэд мэдээлэл хүргэхэд хамаагүй амар болсон байна. Шинжлэх ухаан одоо олон нийтийн соёлын нэг хэсэг болсон. Тийм ч байх ёстой. Үгүй бол бидэнд юу үлдэх юм бэ. Хөлбөмбөг үү эсвэл X-Factor уу. Олон нийтийн соёлыг ийм зүйлсээр дүүргэхийг бид хүсэхгүй байна. Соёл бол шинэ санаа, мэдлэгээр дүүрэн байх ёстой. Миний хийж байгаа зүйл бол энэ. Би тодорхой санааг харуулдаг шинжлэх ухааны нэвтрүүлгүүдэд дуртай. Карл Сэйганы "Cosmoc" эсвэл Жеймс Бөркийн "Connections" шиг нэвтрүүлгүүд хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан. Бид илүү зоригтой санаа толилуулдаг нэвтрүүлгүүдийг үзэх хэрэгтэй. Хэлж байгаа баримт, тайлбарууд мэтгэлцэхэд нээлттэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэтэл ихэнх нэвтрүүлгүүд хэтэрхий болгоомжилсон, эелдэг байхыг л хичээдэг болж.
Эх сурвалж: Vice














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Minii bodloor humuus ingej tomoor bodoj surval gazar deerh jijig heruul margaan bagasna bh
Шинжлэх ухааныг ийм энгийн үгээр тайлбарлаж чадна гэдэг их авьяас шүү ер нь бол физик гэдэг чинь аймар хэцүү юм шиг санагддаг хэрнээ амьдралтай холбохоор ойлгомжтой болчих юм
Орчлон ертөнцөд зорилго байхгүй гэдэг санаа надад нэг талаар гунигтай нөгөө талаар чөлөөтэй санагдсан хэн ч чамд ингэх ёстой тэгэх ёстой гэж тулгахгүй
Энэ ярилцлагыг уншаад хүн гэдэг чинь үнэхээр өчүүхэн мөртлөө хариуцлага ихтэй амьтан юм байна гэж бодогдлоо орчлонгийн хэмжээнд бол бид юу ч биш хэрнээ өөрсдийгөө дэндүү чухал гээд сүйтгээд байх шиг санагддаг
Hunii amidral yag ymar uchirtai ve geheer hariult bhgui gj helj bga ni zarim hund harsh sanagdah bh gehdee bodood uzheer unende l bid uuruu l utga uguh estoi yum shig sanagdsan
Zarimdaa harig garigiinhan zaaval bh yostoi gj itgehiig husdeg gehdee barimt bhgui bol zugeer l husel bh ni oilgomjtoi yum shig
Вакцины тухай ярьсан хэсэг дээр бол их зөв ярьжээ хүмүүс интернэтээс нэг юм уншаад л мэргэжлийн хүн шиг аашлахаа болих хэрэгтэй санагддаг
Bi ene hunii nevtruulguudiig uzheej baigaagui gehdee ene yariltslagiig unshaad zaaval uzeh yostoi yum bna gej bodloo
Zarim humuus shinjleh uhaaniig shashintai adilhan haritsuuldag ni buruu shuu ene bol zugeer l bodit baidliig shalgaj uzdeg arga
Галактикт ганцаараа байж магадгүй гэдэг нь аймаар мөртлөө сонирхолтой санаа юм тэгвэл бид өөрсдийгөө улам л хайрлах ёстой болох нь
Шинжлэх ухаандаа л итгэнэ гээд зүтгээд байдаг айхтар догма гарууд их болсон. Гэтэл 40 жилийн өмнө зөв гэж байсан шинжлэх ухааны үзлийг одоо үгүйсгэсэн шинжлэх ухааны юм нь гарчих жишээний
Бас бодууштай л юм
салхин цэцэг бус цагаан цэцэг өвчин,салхин цэцэг бол одоо ч байгаа