УРЛАГ

Олон улсад өрсөлдөх “Хөхөө” кино нь зохиогчийн эрхийн зөрчилтэй юу

Найруулагч Ж.Жамъянсүрэнгийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл “Хөхөө” уран сайхны киног олон улсын наадмуудад “сойх” гэж буй мэдээ өнгөрсөн оноос дуулдах болов. Энэ хугацаанд хэд хэдэн удаа урьдчилсан үзлэг хийж, цөөнгүй уран бүтээлч, үзэгч, зочдод үзүүлжээ. Хөхөө шувууны домгоос сэдэвлэсэн гэх тус бүтээлийн бэлтгэл ажил зургаан сар, зураг авалт 2018 онд 50 хоногийн турш Ховд аймгийн Үенчийн хавцалд хийгдэж, эвлүүлэг, пост продакшн нь жил гаруй хугацаанд он дамжин үргэлжилсэн байна. Энэ кино монголын үзэгчдэд 2020 онд хүрнэ.

ГЭВЧ...

Уг киноны урьдчилсан үзлэгийн үеэр эхний үзэгчид “Хөхөө” киног ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгаа” зохиолоос сэдэвлэсэн эсвэл санааг нь шууд хуулсан байж болзошгүй гэх дүгнэлтийг тээгээд буцжээ.

Уг киноны хөрөнгө оруулагчаар ӨМӨЗО-ны иргэн ажилласан гэх бөгөөд удаан хүлээлттэй байсан кино нь зохиогчийн эрхийн зөрчилтэй байвал тун өндөр торгуульд унах нь тодорхой. Монголын зах зээлийг алгасаж шууд дэлхийд өрсөлдөх өндөр амбицтай бүтээгдсэн “Хөхөө” кино нь үнэхээр нэрт зохиолчийн зохиолоос санаа авсан, зохиолчийн эрхийн зөрчилтэй бол ОХУ-ын зохиогчийн эрхийн тухай хатуу хуулийн хонгилоор ороод гарах нь тодорхой болж байна.

Гэхдээ ийм эрсдэлд орохгүйн тулд одоо уран бүтээлчид нь нэгэнт бүтээгдсэн киноныхоо хойноос зохиогчийн эрх авах шаардлагатай болж байгаа юм. Зохиол бүтээл, төрөхөөс өмнө зохиогчийн эрхийг авах ёстой ч энэ удаад эсрэгээрээ хэрэгжих гэж байх шиг байна.

Хэрэв үнэхээр зохиогчийн эрхийг уландаа гишгэсэн буюу ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний зохиолыг Монголын хөрсөнд буулган хуулбарласан бол олон улсын тавцанд эх орноо төлөөлөхөд нүүр улайхаар явдал болох аж.  Киноны постер танилцуулга дээр одоогоор зохиогчийн эрхийг албан ёсоор авч ашигласан тухай мэдээлэл алга байна.

Харин найруулагч “Хөхөө” киноныхоо талаар “Манай бүх дүр нэг айлын хүүхдүүд, нэг эцэг эхээс төрсөн хэрнээ өнөөгийн амьдрал тэдэнд хэрхэн нөлөөлж өөр өөр хүмүүс болгосныг харуулна. Хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг философи, эх үрийн хайрын шүтэлцээ, эхнэр нөхрийн хайрын нандин чанарыг харуулна. Жинхэнэ хайр, жинхэнэ мөн чанар хаана илэрдэг вэ? Үхэл, амьдралын зааг дээр илэрдэг. Бид хамгийн агуу хайр эхийн хайр гэж ярьдаг. Тэгвэл түүнээс илүү агуу байж болох ямар хайр байгаа вэ? Тэр бол эхээ хайрлах үрийн хайр. Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд гэдэг боловч үрийн санаа эхэд яагаад байж болохгүй гэж” хэмээн ярьжээ.

Түүний хэлээд буй энэ үйл явдал “Последний срок” дээр яг л тэр янзаараа гардагт л учир байгаа юм.

Харин найруулагч Д.Золбаяр “Энэ кино "урлагийн” буюу арт кино болжээ. Арт кино хийнэ гээд хэн ч ойлгохгүй, ѳѳрѳѳ ч ойлгохгүй кино хийдэг явдал элбэг. Зѳвхѳн манайд ч бус гадаадад бүр элбэг. Чухам ийм хэцүү нэртүүдээс л нийт үзэгчид урлагаас ѳѳрийгѳѳ холтгож марзан зүйл рүү хошуурцгааж байгаа билээ. Ийм эгзэгтэй үед энэ кино гарсан нь ач холбогдолтой. Хамгийн гол нь ямар ч хүнд ойлгомжтой бүтээгдсэн УРЛАГ болжээ. Жүжигчидийн ансамбль сайхан болжээ. Нэн ялангуяа МУГЖ Т.Борхүү, Ц.Цэрэнболд хоёр аргагүй л эх орноо тѳлѳѳлж гадны кинонд тоглодог жүжигчид болох нь нотлогдлоо” гэх зэргээр сайшаангуй өгүүлсэн байв.

Урьдчилсан үзлэгийн үеэр үзэгчид ч жүжигчдийн тоглолт, зураг авалт, шийдлүүдэд сайшаалтай хандсан байдаг ч хамгийн гол сууриа буруу тавьснаас “Хөхөө” киноны цаашдын хувь заяа тодорхойгүй болоод байгаа аж.

Н.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button