Ярилцлага

Т.Эрдэнэбаяр: "Тусгай салаа” киноноос хойш мэргэжилдээ үнэнч үлдэж, 10 жил дэлгэцийн ард ажиллалаа

“Тусгай салаа” олон ангит уран сайхны киноны Дэндэвийн дүрийг бүтээж, “Ааваа зорино”, “Гараас тань атгая ээжээ” зэрэг дуугаараа монголчуудад танигдсан жүжигчин Т.Эрдэнэбаяртай ярилцлаа.

ЗОВЛОН ЖАРГАЛ, САЙН МУУГ НЬ ҮЗЭЖ ТУУЛАН ӨДИЙ ХҮРСЭН ТУЛ ДУУ ОРУУЛАГЧ МЭРГЭЖИЛДАА ДУРТАЙ

-Та хэвлэлд ярилцлага өгөлгүй нэлээд уджээ. Энэ хугацаанд орчуулгын кинонд дуу оруулж, дэлгэцийн ард ажиллаж ирсэн байна. Уран сайхны кинонд дүр бүтээхээс илүү таны сэтгэлийг татсан бололтой?

-Би 2003 онд СУИС-ийг УГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчний мэргэжлээр төгсөөд, UBS телевизэд нэг жил орчуулгын киноны жүжигчнээр дадлага хийж байлаа. Үүнээс хойш дандаа энэ мэргэжлээр ажиллах болсон. Зовлон жаргал, сайн мууг нь үзэж туулан өдий хүртэл хийсэн ажил минь учир маш дуртай.

Тухайн үед тусдаа орчуулгын киноны жүжигчний анги гэж байсангүй. Тэгтэл манай ангийн залуу, одоо “80 саяын уналт” нэвтрүүлгийг хөтөлдөг Д.Энхбаяр оюутан байхдаа МҮОНРТ-д дуу оруулагчаар дадлага хийсэн юм. Найзынхаа дуу хоолойг зурагтаар сонсоход болмоор, сонирхмоор, жүжигчин хүний хувьд ирээдүйтэй ажил санагдсан. Ингээд л анхны ажлын гараа маань орчуулгын киноны жүжигчин буюу дуу оруулагчаар эхэлсэн дээ.

-10 жилийн өмнө дотоодын ОАУСК-нууд ид хийгдэж эхэлж байлаа. МҮОНРТ-д дуу оруулагчаар ажиллаж байсан танд “Тусгай салаа” кинонд дүр бүтээх боломж хэрхэн олдсон бэ?

-“Тусгай салаа” ОАУСК-ны зураг авалт 2010 онд хийгдэж байсан гэхээр яг 10 жилийн өмнө болж таарч байна. БНСУ-д гурван жил ажил хийж ирээд 2009 онд МҮОНРТ-д орчуулгын киноны жүжигчнээр ажилд ороод байсан үе л дээ.

Энэ кино Үндэсний телевизийн захиалгаар Батлан хамгаалах яамтай хамтарч хийсэн уран бүтээл. Цэргийн насны залуусыг иргэний үүргээ биелүүлэх, цэрэг армид дур сонирхолтой болгох, цаашлаад эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг нэлээдгүй бодлогын хүрээнд хийсэн төсөл. Тийм ч учраас сайн уран бүтээл болсон байх.

2010 оны хавар. “Тусгай салаа” киноны дүрийн сонгон шалгаруулалт болж, 800 гаруй уран бүтээлч оролцсон гэдэг. Сэтгүүлч Д.Баярсайхан ах манай өрөөнд орж ирээд л “Та нар юу хийгээд коридорт маазралдаад байж байна вэ. Цаана чинь шинэ киноны дүр сонгож авах гээд бужигнаж байна. Ганцхан дүр үлдсэн гэнэ, явж шалгуул” гэдэг юм байна. Бид очиж уулзаад дараа өдрийнх нь 11.00 цагт ирцгээж, Дэндэвийн дүр дээр шалгууллаа. Гурвуулаа байсан юм. Найруулагч “Гурил байсан бол та гурвыг нийлүүлээд нухахад яг миний санасан Дэндэв болох гээд байна. Гурвууланд чинь Дэндэвийн зан чанар байна” гэсэн. Тэгээд ерөнхий продьюсер, тухайн үед МҮОНРТ-ийн захирал хийж байсан Ц.Оюундарь эгчтэй зөвлөлдөөд, “Дотоодынхоо хүнийг авъя” гэдэг үүднээс намайг сонгосон түүхтэй.

Зураг авалт тавдугаар сараас наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилсэн. Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр байрлаж, яг цэргийн амьдралаар амьдарч Дэндэвийн дүрийг бүтээсэн дээ.

ДЭНДЭВ НАДТАЙ ТӨСТЭЙ ДҮР БАЙСАН УЧРААС ИЛҮҮ САЙН АМИЛУУЛЖ ЧАДСАН БОЛОВ УУ

-Уран сайхны кинонд дүр бүтээсэн анхны удаа тань байж. Анхны юм гэдэг сэтгэлд тод хоногшин үлддэг шүү дээ. 10 жилийн дараа эргээд бодоход ямар санагддаг вэ?

-Мэдээж анхны зүйл алдаа, оноотой. Эргээд харахад алдсан зүйл их л байдаг. “Үүн дээр тэгдэг байж, энэ хэсэгт ингэж жүжиглэдэг байж” гэх бодол олон төрнө. Өөрийгөө дүгнэж л байгаа хэрэг.

-Мэргэжлийн үүднээс нь эргэн дүгнэдэг юм байна.

-Тийм. Ер уран бүтээлч хүн бүр тэгж хардаг байх.

-Хувь хүний сэтгэлд үлдсэн дурсамж талаас нь гэвэл?

-Чиний хэлснээр анхны удаад хийж буй зүйл сэтгэлд том дурсамж болон хоногшдог. Миний хувьд дүр бүтээсэн анхны дэлгэцийн уран бүтээл байсан. Их сайхан санагддаг даа. Киног яаж хийдэг вэ, хувь жүжигчнээс ямар ур чадвар шаарддаг вэ гэхчлэн зүйлсийг сурч байгаа юм. Ёстой л багш нарынхаа зааж, сургаж байсан бүхнийг жинхэнэ утгаар нь ойлгох, эргэн санах хэрэг гарсан. Бас олон ч сайхан уран бүтээлчидтай танилцсан.

-Дэндэв бол хөдөөнөөс цэрэгт татагдан алба хааж буй залуугийн дүр. Та ч бас нутаг усныхантайгаа байнга холбоотой байдаг, ирж очдог хүн шиг санагдсан. Ер нь Дэндэв тантай хэр төстэй дүр вэ?

-Ер нь ойролцоо гэж болно шүү. Бусдаас нэг их илүү тоглосондоо энэ дүрийг бүтээчхээгүй гэж боддог. Надад ойр байсан тулдаа амилуулж чадсан болов уу. Бас нөгөөтээгүүр өөр ямар ч жүжигчин байсан миний дайтай тоглочих байсан байх гэж санаж явдаг.

Гэхдээ зураг авалтын үеэр шантарч, хойш сууж байгаагүй. Цэргүүдийн адил гүйгээд л, амьсгаадаад л явж байхад “Цэргийн алба нэр төртэй, хүндтэй үүрэг мөртлөө эр хүний шандсыг шалгадаг юм байна. Шантарч болохгүй” гэх бодол төрж байв. Шүд зуух, гүрийх зүйл их таарсан ч “Надаас энэ дайны зүйл гарах ёстой” хэмээн өөрийгөө шахаж, хичээж ажилласан.


-Кино телевизээр цацагдаж байх үед таныг бодит амьдрал дээрээ ч Дэндэв шиг гэж төсөөлөх хүмүүс олон байсан шүү.

-Яах вэ, зан характерийн хувьд төстэй зүйлүүд бий байх. Би Төв аймгийн Цээл суманд төрсөн. Гурван настайдаа Улаанбаатар хотод шилжин суурьшсан, хотын сургууль, цэцэрлэгээр хүмүүжсэн. Гэхдээ зун болгон хөдөө, эмээ өвөө дээрээ очиж, мал хариулдаг хүү байлаа. Энэ маань эргээд эгэл малчин залуугийн дүрийг бүтээхэд нэмэр болсон. Адуу мал яриад л сууж байгаа Дэндэв надтай их төстэй. Би морь унах дуртай хүүхэд байлаа шүү дээ. Ер нь монгол хүн бүр морио дээдэлж, шүтэж явдаг. Тэр ч утгаараа юм уу, морины тухай ярих их дуртай. Гунигласан үедээ морь унаад хээр талаар сэнгэнэтэл давхимаар ч санагдах нь бий.

БАГАДАА АЛИВАА ЗҮЙЛ ДЭЭР МААЗАРЧ, АЛИАЛАХДАА САЙН ХҮҮХЭД БАЙЛАА

-Тусгай салаа кино гарсны дараа таны дуулсан хоёр ч дуу хит болсон. Дэндэвийн дүр ч, таны дуулах авьяас ч үүнд нөлөөлсөн байх. Ер нь багаасаа дуулдаг хүүхэд байв уу, та?

-Солгой хоолойтой бол биш, дуулвал дуулчихдаг л хүү байсан. Бас ээжийн маань талын хүмүүс сумынхаа найр наадам, урлаг соёлын арга хэмжээнд дуулдаг байсан улс. Ээж маань ч их сайхан дуулдаг.

Сургуулийнхаа урлагийн үзлэгт гоцлол дуучны төрлөөр оролцож түрүүлээд, миний зураг самбарт гарч байсныг санадаг юм. Гэхдээ ер нь жүжигчин хүн дуулж ч чаддаг, юм юмыг хийдэг байх хэрэгтэй. Нугардаг байвал бүр л сайн /инээв. Сурв/.

-Ааваа зорино дуу мэндэлсэн түүхийг хүүрнээч?

-“Тусгай салаа” киноны үндсэн саундтрекийг “Fire” хамтлагийн Д.Даваадалай дуулсан. Тиймээс “Ааваа зорино” бол энэ киноны дуу угтаа биш юм.

Манай ээжийн бага адүү н.Отгонцэнд гэж залуу 2000 онд цэргийн алба хааж байхдаа энэ дууг зохиосон түүхтэй. Халагдаж ирсэн хойноо гэр бүлээрээ цуглах бүртээ энэ дуугаа дуулж, хөөрөлддөг болсон. Намайг БНСУ-д гурван жил ажил хийж байх үед буурал аав маань тэнгэрийн оронд одсон юм. Иймд 2007 онд нутагтаа ирээд “Би яагаад энэ дууг дуулж, олон түмэнд хүргэж болохгүй гэж” хэмээн бодоод студид бичүүлж байсан. Тухайн үедээ ганц нэг ФМ-д өгөөд өнгөрсөн.

Ингээд 2010 онд “Тусгай салаа” кинонд тоглолоо. Кино зохиолд “Дэндэв тангаргын баяраараа Эрдэнэ засгийн унага дууг шуранхайлан дуулна” гээд биччихсэн байсан. Тэгэнгүүт нь би “Манай нагац ахын цэрэгт байхдаа зохиосон дуу бий. Эрдэнэ засгийн оронд дуулж болох уу” гэж санал тавьсан юм. Найруулагч сонсож үзээд зөвшөөрсөн. Ийнхүү 14 дүгээр анги дээр нь байна уу даа “Ааваа зорино”-ыг дуулж, бичлэгэнд орж байлаа.

Буурал аавынхаа дууг киноныхоо нэг ч гэсэн ангид шигтгэж үлдээж дээ гэж одоо бодож явдаг.

-Ер нь урлагтай холбогдох болсон шалтгаан тань юунаас эхтэй вэ?

-Би багадаа ах, дүү хоёроосоо арай өөр, маазарч хөгжилдөхдөө сайн хүүхэд байсан санагддаг. Аливаа зүйл дээр хөөрхөн алиалаад өнгөрдөг. Аав, ээж хоёр маань “Манай энэ сайн жүжигчин болж мэднэ” гэж ярилцдаг байв. Ингээд аавын маань дүү н.Дашзэвэг гэж хүн намайг наймдугаар ангид байхад Хүүхдийн ордоны Драмын дугуйланд авчран, шалгуулж байсан. Аав, ээж хоёр маань их дэмжсэн. Намайг олж харсан болохоор тэр байх. Түүнээс ямар мэргэжил сонгохоо ч бодолцож үзээгүй хүүхэд явлаа шүү дээ. Ерөөс ижий, аав хоёр маань сургаж, зөв чиглүүлж өгсний хүчинд би өдий зэрэгтэй яваа.

-Өөр мэргэжил сонгох талаар бодож байсан удаа бий юу?

-Үгүй шүү. Драмын дугуйланд хичээллэж эхэлснээсээ хойш өөр мэргэжил огт бодож байгаагүй юм байна.

ДУУНЫ УРАН БҮТЭЭЛЭЭ ОРХИХГҮЙ

 -“Тусгай салаа” кинонд хамт дүр бүтээсэн жүжигчидтэй одоо ямар холбоотой байдаг вэ. Гол гурван дүр учир биет биетэйгээ дотно найзууд болж амжсан байх.

-Тийм ээ. Төвшөөгийн дүрд тоглодог П.Баттөр тухайн үед Драмын театрын жүжигчин байсан. Харин Сүлдийн дүрийг бүтээсэн А.Алтанхуяг чөлөөТ уран бүтээлч байлаа. Бид одоо ч мэнд усаа мэдэлцээд явдаг, уран бүтээлээр холбогдсон сайхан найзууд.

-Дэндэвийн дүр, “Ааваа зорино” дуу цаашдын уран бүтээл хийх замыг тань бэлдэж өгсөн шиг. П.Баттөр, А.Алтанхуяг нарын тухайд одоо ч дэлгэцийн уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Харин та дэлгэцийн ард үлдэж, даруухнаар энэ салбартаа ажиллаж байна.

-Би хамгийн дуртай, сонирхолтой ажлаа хийж яваа. Тийм ч учраас тууштай хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээн урагшилж байгаа. Олны өмнө гарсан уран бүтээл гэвэл, 2019 оны хавар “Ааваа зорино” нэртэй анхны бие даасан тайлан тоглолтоо UB Palace-д хийсэн. Үүгээр 2010 оноос хойш гаргасан дуун уран бүтээлүүдээ сонирхуулж, дуулсан.

Хөрөнгө мөнгөний асуудлаас болж дуунуудаа дүрсжүүлэх тал дээр “тиймхэн” байна. Түүнээс дууны урын сангаа ор зогсоочхолгүй, ганц нэгээр нэмэгдүүлсээр л байгаа.

-Орчуулгын киноны жүжигчний ажлын юу нь таныг ингэтлээ татдаг юм бэ?

-Энэ мэргэжил бол их ур ухаан, чадвар шаардсан ажил. Алтан үеийн жүжигчдийг харахад үнэхээр гайхалтай шүү. Дээр үеийн орос кинонуудад уйлах үед нь уйлж, дуулах үед нь дуулж дуу оруулж байсан нь өнөөдөр бидэнд үлгэр дууриал болон үлдсэн. “Амьдрал нулимсанд дургүй” гэх мэт кинонуудыг одоо хэр зурагтаар гарч байвал нь шимтэн үзэх дуртай. Тэр бүрээс суралцаж, алтан үеийн жүжигчдийн хэмжээнд очих юмсан гэх хүсэл намайг хөтөлдөг.

Бас маш олон киноны дүр дээр ажилладаг нь сонирхолтой. Гадаадын жүжигчдийг ажиглаж, дүр бүтээж буй байдалтай нь танилцаж байж дуу оруулна шүү дээ. Тэр жүжигчдийн сэтгэл хөдлөлийг монгол хүний дуу хоолойгоор үзэгчдэд хүргэнэ гэдэг их авьяас шаардахаас гадна маш сонирхолтой. Өдөр бүр өөр дүрд тоглоод байгаа ч юм шиг.

-Та цөөнгүй уран бүтээлтэй. Цомог болгон гаргаж байв уу?

-Цомог гаргаагүй. Ихэнхийг нь дүрсжүүлээгүй тул хүмүүс төдийлөн мэддэггүй байх. Гэхдээ дуулаачийн мэргэжлээр сураагүй, мэргэжлийн хүн нь биш учраас дуу гаргахаас эмээдэг гэх юм уу. Яг зориглон ажиллаж төвддөггүй.

-Цаашдын уран бүтээлийн тухайд төлөвлөж буй зүйлс бий юу?

 -Ер нь дууны уран бүтээлээ орхихгүй л дээ. Одоо гаргачихсан байгаа дуунуудаасаа ганц нэгийг нь дүрсжүүлээд, олонд хүргэх бодол байна. Хүмүүс яаж хүлээж авах нь вэ, харна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
haha
haha
2020-02-13 12:06

goy yria boljee

Irgen
Irgen
2020-02-14 00:08

Garaas tani atgaya eejee .. estoi minii gants durtai duu . Sonsohoro uildag duu shuu. Amjilt.

фэн
фэн
2020-02-17 09:11

Сайхан уран бүтээлч амжилт хүсэе

Холбоотой мэдээ

Back to top button