УЛС ТӨР

З.Энхболд: Өнөөдөр ажлаа өгч байна, Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай хэвээрээ байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа бөгөөд сонгуулийн ажилдаа бэлтгэхээр болсноо мэдэгдлээ. Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байгаа бөгөөд судалгаа хийсний дараа дэвших тойрог нь тодорхой болох аж.

З.Энхболдын оронд Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээр нь хүмүүс таних Ө.Шижир ажиллах юм байна.

Тэрээр, “Би өргөдлөө өгөөд ажлаа өгч байна. Сонгууль гурван сарын дараа болно. Кампанит ажилдаа орно. Гурван сарын дараа УИХ-ын ээлжит сонгуулийн компанит эхэлнэ. Ерөнхийлөгч миний хүсэлтийг хүлээж авна гэж амласан учир өнөөдрөөс ажлаа өгнө гэж итгэж байна. Янз бүрийн цуурхал гараад байгаа. Эдгээр нь бүгд үндэслэлгүй.

Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та хаанаас нэр дэвших вэ?

-Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Судалгаа хийнэ. Би Ардчилсан намд ямар нэгэн албан тушаалд очихгүй ээ. Энэ сарын нэгнээс С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцоно. Миний оронд маргаашаас хөлбөмбөгийн холбооны Ө.Шижир ирж ажиллана.

-Таныг С.Эрдэнийг өмөөрч ерөнхийлөгчтэй ам зөрсөн гэсэн мэдээлэл байна?

-Би хэнтэй ч санал зөрөөгүй. Би Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай хэвээрээ байгаа. Өмнөх сонгуулиар би онгоцтой улс тойрсоор байгаад сонгуульд ялагдсан. Одоо амиа бодмоор байна. Аль нэг тойрог сонгож ажилламаар байна. Уг нь ажлаа өгөхгүй хийж болох ч энд байхаар хэл аманд ороод байгаа учир Ерөнхийлөгч намайг сонгуулиа бод гэсэн. Би бүх хүнтэй хэвийн харилцаатай байгаа. Миний тухай бичиж байгаа бол надаас заавал асуудаг байх сэтгүүл зүйн зарчмаа баримтлаарай.  

-Таныг Өвөрхангай аймгаас бэлтгэсэн “Цензургүй сурвалжилга”-ыг захиалж хийлгэсэн гэж үзэж байна?

-Би тэр нэвтрүүлгийг зөв гэж бодож байгаа учраас хуваалцсан. Тэнд ИТХ-ын гишүүн болохгүй л бол тендер олддоггүй балай систем үйлчилж байна. Тиймээс бусад аймгууд ч гэсэн ийм нэвтрүүлэг хийх хэрэгтэй. Сэтгүүлч нар ил болгох хэрэгтэй. Г.Батхүү агсан бид хэд Я.Содбаатар нар шиг ЖДҮ-ийн зээл авч байгаагүй. Тийм ёс зүйгүй байгаагүй юм.

Таг

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button