Д.Хонгор: БНСУ-аас Улаан-Үүд хотоор дамжин орж ирсэн 13 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна

Өнөөдөр /2020.02.28/ Эрүүл мэндийн яамнаас ОБЕГ, ДЭМБ, ХӨСҮТ-тэй хамтарч шинэ төрлийн коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгор:
"Гуравдугаар сарын 3-ныг хүртэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулж хүндрэлтэй асуудлууд үүсэж байна. Тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг товчоогоор нэвтрүүлэхээр заасан байгаа. Үүнд нь,
- Бие давхар
- Ар гэрийн гачигдалтай
- Эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай хүмүүс багтах юм. Тэдэнд холбогдох бичиг, баримтыг шалгасны үндсэн дээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.
Мөн Өмнөд Солонгос, Япон улсуудын нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцлах шийдвэр УОК гаргасан. Үүний дээр Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Астана-Улаанбаатар, Улаанбаатар- Улаан-Үүд -Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар Зам тээврийн хөгжлийн яам болон холбогдох байгууллагууд хэлэлцэж байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаар үйл ажиллагаа явуулдаг амралт, сувиллын газруудын бэлэн байдлыг хангах чиглэлийг өгөөд байгаа. Мөн хориг тавигдахаас өмнө хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Үүнд холбогдох зардлыг хувь хүн өөрөө төлөх заалт оруулсан байна.
Одоогийн байдлаар Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувиллын газарт хоёрдугаар сарын 23-ны өдөр БНСУ-аас Улаанбаатарт ирсэн 17, өчигдөр БНХАУ-д айлчлал хийгээд ирсэн 11, БНСУ-аас Улаан-Үүд хотоор дамжин орж ирсэн 13 хүнийг тусгаарлан ажиглаж байна” гэлээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.