ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №10: “Краппын сүүлийн бичлэг” абсурд моно драмыг бүрэн эхээр нь нийтлэв

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс”, “Сандлууд”, зохиолч Сара Кэйний “Солиорол 4:48”, Жан Кохтогийн “Хүний дуу хоолой”,  ОХУ-ын залуу зохиолч Дмитрий Богославский “Хүн хүний хайр”, Япон улсын зохиолч Мишима Юки – О |1925 – 1970|-ийн “Шөнийн цахирмаа” моно жүжгийг бүрэн эхээр нь тайлбар, ярилцлага, нэвтрүүлгүүдийн хамт хүргэж байв.

Харин энэ удаа бид абсурд театрын гол төлөөлөгчдийн нэг Самуэл Беккетийн "Краппын сүүлчийн бичлэг" моно жүжгийг та бүхэнд зориулан бүрэн эхээр нь нийтлэв.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:08:45

 КРАППЫН АМЬДРАЛ – ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ АМЬДРАЛ

Бүтэн цагийн турш хэдхэн үг л хэлдэг тун чиг “утгагүй” абсурд жүжгийг үзэж дуусгах тэвчээр үзэгч танд бий болов уу? Гэвч өвгөн Краппын удаан хөдөлгөөн, уйтгартай өрөөнд зочлох нь танд амьдралын утга учрын талаар дахин нэг эргэцүүлэх боломжийг олгож мэдэх юм.

1958 Английн Роял театрт нээлтээ хийсэн энэхүү жүжгээ зохиолч нь Ирландын нэрт жүжигчин Патрик Магид зориулан “Магигийн хүүрнэл” нэртэйгээр бичсэн түүхтэй. 1958 оны аравдугаар сарын 28-нд Патрик Магигийн тоглосноор нээлтээ хийсэн жүжиг сар гаруйн хугацаанд 30 гаруй тоглолтыг амжилттай хийж байжээ.

Хожим Бекет өөрөө театрын найруулагчаар ажиллах болсноосоо хойш жүжигт хэд хэдэн засвар хийн “Краппын сүүлчийн бичлэг” нэртэй болгосон гэдэг. Жүжгээс Крапп хэмээх дүрийн хүүхэд ахуй үе, хорь гаруй настай, 39-тэй, 69-тэй байх үеийг дүрсэлнэ. Уг жүжиг өнөө хүртэл тоглогдсоор байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2012 онд жүжигчин Жерард Мурфи, Ричард Бремер нар Краппын дүрийг бүтээн театрын ертөнцөд ихээхэн дуулиан болсон юм.

Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Самуэл Беккетийн “Краппын сүүлчийн бичлэг” нэртэй ганц жүжигчний монодрам “Black Box” театрт 2014 онд тавигдаж байв. Театрын ертөнцөд алдартай энэхүү бүтээлийг жүжигчин Г.Мөнхжаргал амилуулж, уг жүжгээрээ “Гэгээн Муза” шагнал хүртэж байсан билээ.

ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ХЭСГЭЭС – ЖҮЖИГ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ

|Крапп бичлэгийг зогсооно. Бодол болно. Халааснуудаа уудлан, гадил гаргаж ирээд нүдэндээ ойртуулан харж байснаа буцаагаад хийнэ. Дахиад л халааснуудаа тэмтрэн хайж, дугтуй гаргаж ирээд буцаагаад хийнэ. Цагаа хараад босож харанхуй руу очно. 10 секунд. Дарсны шил, хундагатай харшилдах чимээ. 10 секунд Өмнөх чимээ давтагдана. 10 секунд. Гэрэлд бага зэрэг салгалан, дэнжигнэсээр гарч ирнэ. Ширээ рүү очно. Түлхүүрнүүдээ гаргаж ирээд нүдэндээ ойртуулан харна. Хайсан түлхүүрээ олоод эхний шургуулгыг очиж онгойлгоно. Дотор нь орох шахна. Шинэ хальс гаргаж ирэн нүдэндээ ойртуулан харна. Шургуулгыг цоожлоод түлхүүрээ халаасандаа хийгээд, ширээн дээрээ очоод сууна. Дуу хураагуураас хальс гаргаж аваад толь бичгэн дээр тавина. Тэгээд шургуулганаас авсан хальсаа дуу хураагуурт хийнэ. Халааснаасаа дугтуй гаргаж ирээд ар талыг нь сайтар хараад ширээн дээр тавина. Дуу хураагуураа асаагаад хоолойгоо засан бичлэг хийж эхэлнэ|

Крапп: Тэр тэнэг новшийн ярихыг сонсоод гучин жилийн өмнөх үедээ эргэж очлоо. Өөрийгөө ийм өөдгүй амьтан байсан гэдэгт итгэхэд бэрх байна. Ямар ч байсан энэ бүхэн одоо дуусаж байгаад Бурханд талархаж байна. |Пауз| Тэр бүсгүйн нүд. |Бодол болно. Тэгснээ хоосон бичлэг хийгээд байгаагаа санан дуу хураагуурыг унтраана. Тэгж тэгж ярьж эхэлнэ| Тэр бүх зүйл, бүх зүйл . . .
|Бичлэг хийхгүй байгаагаа гэнэт санан дуу хураагуурыг асаана| Бүх зүйл, энэ ертөнц дээрх гэрэл гэгээ, харанхуй сүүдэр, өлсгөлөн, өтөл нас . . . |хашгирна| Тийм ээ. |Пауз| Тонил цаашаа. Бурхан минь. Тэрний ухаан санааг байранд нь оруулаад өгөөч. Бурхан минь. |Пауз. Ядарч туйлдсан харагдана| Магадгүй, тэрний зөв ч байж болно доо. |Пауз|

МЗЭ-ИЙН ШАГНАЛТ СУДЛААЧ, ПРОФЕССОР ДЭМЧИГДОРЖИЙН МЯГМАРСҮРЭН “КРАППЫН СҮҮЛЧИЙН БИЧЛЭГ” МОНО ЖҮЖГИЙН ТАЛААР

Жүжигчин Г.Мөнхжаргал, абсурд театрыг үндэслэгчийн нэг, Нобелийн шагналт, ирландын алдарт зохиолч Сэмуэл Беккетын туурвил “Краппын сүүлчийн бичлэг” монодрамын жүжигт харууллаа. Харанхуйн дунд чанга дээрээс тусгасан хурц гэрлийн дор ширээний ард нилээд ядрангуй царайтай, уйтгар гунигт дарагдсан, үс нь цайж бууралтсан өвгөн үзэгчдийн чанга өөдөөс хараад суух бөгөөд энэ нь Г.Мөнхжаргалын бүтээсэн 69 настай Крапп өвгөн. Түүний эргэн түүний тойронд гадаа бороо орох чимээ анираас өөр дуу авиагүй...

Жүжигчин огтхон ч үг дуугарахгүй атлаа гаднахь төрх байдал нь хорвоогийн амьдралаас уйдаж залхсан, ганцаардаж орхигдсон хөөрхийлэлтэй өвгөний дотоод сэтгэлийг өөрийн харц, яламгүй хөдлөх хөдөлгөөн бүрээрээ илэрхийлж, өөрийн эрхгүй үзэгчдийн анхаарлыг татна.

Цонхигор царай, сэгсийсэн буурал үс,сахлаа хусаагүй харагдана. Дүрийг яаж шаглаж урлахын уран чадварыг Л.Мөнхжаргал энд л үзүүлэв. Хараа нь их муу бололтой ширээн дээр байгаа зүйлийг нүдэндээ ойртуулан байж харна. Угаасаа нүдний шилгүй аж. Түүний ялимгүй хөдөлгөөн бүр нэгийг бодогдуулна. Нэг ч үг дуугарахгүй атлаа түүний дотоод сэтгэлийн илрэл үйл хөдлөлөөр нь дамжин үзэгчдэд хүрэх нь гайхалтай. Бие нь сульдаа, арайхийж, хөлөө чирэн ядан явна. Үе үе хахаж цацаж ханиалгана. Юу гээд байгаа нь үл ойлгогдох үгийг аман дотроо бувтнан хариугүй дуугаар ярина. Тэгснээ харанхуй гүн рүү удтал гөлрөн зогсож бодолхийлнэ. Түүнд харанхуйгаас өөр түших тулах хань үгүй аж. Энд абсурд театрын гол үзэл санааг жүжигчин өгүүлнө.

”Хорвоод төрөх,үхэх хоёр л үнэн.Бусад нь бүгд хуурамч. Насны эцэст хүн та ганцаараа л үлдэнэ. Өтлөх цаг ирэхэд танд хэн ч туслахгүй ээ. Хорвоод та хаягдсан хүн л болдог. Иймд амьдрал утга учиргүй” гэх үзэл абсурд жүжгийн нэвтрэн гарах санаа болдог. Сэмуэл Беккетын энэ жүжиг абсурд театрын мөн чанрыг тодорхой харуулсан бүтээл юм. Абсурд гэдэг утга учиргүй гэх агуулгатай. Утга учиргүйн театрын жүжгүүд зохиомж, үйл явдал байхгүй, баатрууд нь идэвхгүй нэг байрандаа сууж, унтаж цагийг нөхцөөхийн зэрэгцээ, голдуу бодолд унасан юм уу, эцсийн эцэст амиа хорлож буйгаар төгсөх нь бий.

Хэдүйгээр ийм гутрангуй авч, абсурд жүжгүүд бол нийгэмд шоовдорлогдож хаягдсан, ганцаардмал хүмүүсийн хувь заяанд нийтийн анхаарлыг хандуулж буйгаараа энэрэхүй, хүмүүнлэг үзлийг тунхаглаж байдаг юм. Абсурд театрын онолын үндэс нь экзистенциализмын буюу ахуйн философын нэрт гарсан төлөөлөгч А.Камю, Ж.П.Сартр нарын сургаалд тулгуурласан байдаг. ”Хүн хорвоод ганцаардсан амьтан. Нэн ялангуяа нийгмийн хувьд үнэ цэнэгүй болоод ирэх тэр цагт, түүнд ямар нэгэн ирээдүй үгүй болж, үхэл гарцаагүй ирнэ .Энэ нь хүнийг хүнийх нь хувьд устгадаг бөгөөд амьдрал ямар ч утгагүй зүйл болно” хэмээн ахуйн филосфичид үздэг.

Энэ өнцгөөс харахад жүжигчин Г.Мөнхжаргал насны эцэст нийгмийн үнэ цэнэгүй болж, асарч тойлох хүнгүй ганцаардсан өвгөний дүр төрхийг чадварлаг бүтээв. Биеэ дааж ядан явах ,эсвэл шинээрийхээ цаана арай ядан түүний суух нь өрөвдөлтэй бөгөөд яахын аргагүй ганцаардмал хүний эмэгнэлт амьдралыг харуулав. Жүжигчин гарын хөдөлгөөн бүрээрээ тодорхой санааг өгүүлнө.Г.Мөнхжаргал-Крапп өвгөн гараа салгануулан байж хармаагаа ухан гадил гаргаж иднэ. Тэгснээ хоёр дахь гадилаа идэхгүй амандаа хэсэг зуур үмхээд зогсчихно. Үүгээр юмны амтыг мэдрэхээ больсон бас тэгээд залгихаа ч мартчих хэмжээнд уймраа болсныг жижиг зүйлс/ деталь/-ээр дүрээ шаглан урлав.

Экзистенциалистууд “хүн нийгмийн харилцаан дунд орж,хөдөлмөрлөж өөрийгөө үргэлжлүүлж байхдаа утга учиртай байдаг”-хэмээн үздэг. Өөрөөр хэлвэл, Рене Декартын хэлснээр “Сэтгэж байгаа болохлоор би оршиж байна/”I think,therefore I am” Rene Descartes/ хэмээх гүн гүнзгий санааг ахуйн философичид чухалчидаг. Сэмуэл Беккетын энэ жүжигт Краппын хоёр өөр цаг үеийн амьдрал зэрэгцэн оршиж буйг харуулсан нь нэрт зохиолчийн уран сайхны өвөрмөц шинэ эрэл хайгуул байлаа.

Нэг нь одоо цаг буюу өтөл насны үнэ цэнэгүй үе, нөгөө нь өнгөрсөн үе,тодруулвал, сэтгэн оршиж утга учиртай амьдарч явсан хүүхэд ахуй, залуу насны амьдрал юм. Өнгөрсөн үе нь ажлын өрөөний ширээн дээрх дуу хураагуур /магнитофон/шалан дээрх соронзон бичлэгийн хуурцагтай хайрцагууд, тэмдэглэлийн дэвтэр юм. Эдгээр нь цаг хугацаа орон зайг билигдсэн өвөрмөц уран зүйрлэл/metaphor/болжээ.

Дуу хураагуур, соронзон бичлэгийн хуурцаг тэмдэглэлийн дэвтэрт түүний туулж өнгөруулсан сайхан үе,амьдралын өнгөрсөн цаг бий. Харин түүнд ирээдүй алга....Энд зөвхөн нам гүм орчин, харанхуйгаас өөр хань алга. Хурц гэрэлд сүүдэртэн нь харагдах эртний хуучирсан эд хогшил, тоос шороонд дарагдсан номууд, хананд өлгөөстэй байгаа нарны халхавч энэ бүгд одоо цаг. Сандал дээрээ очих гэж арай ядан хөлөө чирэн явж, ширээний цаана лаглайн суугаад ,хүндээр санаа алдан цагаа харах, тэгснээ хармаагаа уудлан халааснаасаа хэлхээ түлхүүр гарган нүдэндээ ойртуулж хараад нэгийг нь сонгоод босож урд байгаа шургуулга руугаа бөгшүүлэн ханиагаад аахилан яваа өвгөн Крапп яг одоо цагийн билигдэл юм.

Уймраа,тэгээд хэнд ч хэрэггүй болоод ганцаарахнаа энэ хорвоод орхигдсон хүнийг Г.Мөнхжаргал нэг ч үг дуугархгүй атлаа хөдлөл үйл бүрээрээ үзэгчдийн анхаарлыг огтхон ч сарниулж, уйдаахгүйгээр түүний дотоод ертөнцийг нээсэн юм. Бараг 40 гаруй минутын турш Г.Мөнхжаргал ган хийх үг дугараагүй ч үйл хөдөлгөөн, зарим үед гөлрөн бодолхийлэх түүний дуугүй байдал, пауз, зогсоц хүртэл гүнзгий утга агуулгатай болдгийг Л.Мөнхжаргал гаднах төрх,биеийн үйлдэл /пантомима/-ээрээ урлан жүжигчний хувилахуйн ховор уран чадварыг гайхалтай харуулав.

Нүд хүний сэтгэлийн толь гэдэг. Ялангуяа ирээдүйдээ ямар ч итгэлгүй, гал цог нь буурсан хүний харцаараа түүний.сэтгэлийн гүн дэхь ганцаардлыг Л.Мөнхжаргал утга төгс илэрхийллээ. Энд гэрлийн шийдвэрлэл жүжгийн агуулга санаа,баатрын дотоод сэтгэлийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдууштай. Орон зай, хугацааны хувьд гэрэл нь амиа тээн яваа өвгөний оршин буй одоо цагийг өгүүлж байна. Гэрэл унтрахад мэдээж өвгөний амьдрал төгсч, нөгөө ертөнцид очих учиртай. Иймд ганц хурц гэрэл жүжгийн турш түүний хөдлөл бүрийг даган тусч нь баатрын амьдралаас залхаж ядарсан зан төрхийг товойлогон харуулж байна.

Энэ гэрэлд харагдах өвгөн, түүний ажлын өрөөний эргэн тойронд гагцхүү хав харанхуй дүнсийж нөмөрнө. Энэ харанхуй ахуй бол Краппын ганцаардлын билигдэл юм. Түүнд ирээдүй байхгүй бөгөөд харанхуйн цаана өвгөнийг үхэл л хүлээж байгаа... Гэрлээс гадна дуу авиа хүртэл энд уран шигтгээ/деталь/ болж баатрын дотоод ертөнцийг нээх чухал эх сурвалж болжээ. Гадаа бороо шиврэн орж буй чимээ нь Крапп өвгөний сэтгэлийн ганцаардал, уйтгар гунигтай амьдралын өнгийг улам тодосгож байна. С.Беккетын жүжгийн нэвтрэн гарах гол санаа нь ганцаардлын эмгэнэл юм.

Үүнийг тод томруун гаргахад найруулагч Мягмарын Боролдой туйлын мэдрэмжтэй ажиллажээ. Ийм авъяаслаг найруулагч шинээр гарч ирсэнд талархууштай.Энд тэрбээр,зураачийн хамт эд хогшил,эд хэрэгсэл бүгдийг жүжгийн агуулга санаатай цаад утгаараа шууд холбогдох тайз заслыг бодож, ончтой шийдэл олжээ.

...Өвгөн Краппын ажлын өрөөний новширсон эмх цэгцгүй байдал, хайш яйш өрөөстэй, тоосонд дарагдсан ном, соронзон бичлэгийн хайрцагууд зэрэг нь ганцаардмал хүний амьдралын хэв маягийг тодосгож чаджээ.

Ялангуяа жүжигчин Г.Мөнхжаргал дүрээ бүтээхийн тулд үнэхээр их эрэл хайгуул хийсэн байна. Өнгөрсөн сайхан цаг үеийнхээ дурсамжаа хадгалсан хуурцаг бүхий хайрцгууд түүний хувьд хамгийн нандин зүйл гэдгийг сонирхолтой харуулав. Өтөл насандаа дарагдсан өвгөн эрхэм үнэт энэ зүйлсээ унагчихгүйг хичээн дааж ядан явах нь өрөвдмөөр.

Уулыг цас,хүнийг нас дарах гэдгийг гүнзгий утгаар харуулах аж. Энэ эрхэм зүйлээ олох гэж хичнээн ч удаа шургуулгаа онгичов доо...

Хайрцаг 3...4...2...9...Бурхан минь 7...гэснээ буцааж тавиад тэмдэглэлийн дэвтрээ руугаа ахин нягталж харснаа аан 5...Бяцхан муу чөтгөр...гээд будилж будилж арайхийж хайсан соронзон бичлэгийн хуурцагтай хайрцгаа олж байна. Энд хоёр өөр Краппын,хоёр өөр амьдрал нэгэн агшинд зэрэгцэн үзэгчийн нүдний өмнө өрнөнө... дуу хураагуураа залгахад хүүхэд ахуйн хамгийн гэгээлэг үе,тэх тусмаа, залуу насны анхны хайр сэтгэлийн оргилуун сайхан мөч, гал цогтой явсан үеийг илтгэх сэргэлэн дуу хоолой соронзон бичлэгээс сонсдоно.

Түүний амьдралын хамгийн мартагдашгүй зүйл нь хайртай бүсгүйтэйгээ нуурны усан дээр завьтай хөвж, загас наадуулан өнгөрүүлсэн жаргалтай мөч байлаа. Чухам энэхэн үеээ дурсах бичлэгээ дуу хураагуурынхаа дэргэд суугаа бөвийсөн өвгөн гараа чихнийхээ ард барин хичээн сонсох нь нэн өрөвдөлтэй. Энэ сайхан цаг үеээ дурсан баярлах авч түүнд тэнхээ алга. Хүч муутайхан, хоолойгоор цахиртуулан байж бөг бөг инээх нь харанхуйн дунд дуулдана.Соронзон бичлэгийн энэ хэсгээ өвгөн дахин дахин сонсоно.

Энд хоёр цаг үе, зэрэгцэн оршином: улиран өнгөрсөн эрч хүчтэй явах залуу насандаа амталсан тэрхүү мартагдашгүй сексийн амьдрал, нөгөө нь цайж бууралтсан үстэй, сахлаа ч хусаж ч чадахгүй,арчаагүй яваа, бас хүч тамир нь сул,үе үе бөгшүүлэн ханиасан өтөл наснандаа дарагдсан ганц бие өвгөн Крапп... Энэ хоёр өөр цаг үеийг харьцуулснаар Сэмуэл Беккет амьдрал гэж юу вэ? Амьд явахын утга учир юунд оршино вэ? гэх асуудлыг өөрийн эрхгүй дэвшүүлэх мэт....Жүжгийг “Краппын сүүлчийн бичлэг” гэж нэрлэсэн нь учиртай... өвгөн хамгийн сүүлчийн бичлэгээ соронзон хальсанд буулгахдаа өөрийн болчимгүйгээсээ болж хэзээд ч олдошгүй нандин хайр сэтгэлээ тухайн үед ухаараагүйдээ харамсаж байна... Тэгээд ч тэрбээр өөрийгөө “тэнэг новш”, ”өөдгүй новш” гэж зүхээд... Би ер нь түүнтэй хамт аз жаргалтай байж болох байсан уу? |Пауз| Чадах байсан уу? |Пауз| Миний амьдралын хамгийн сайхан он жилүүд хэдийнэ өнгөрсөн бололтой. Аз жаргалтай байх боломж байсан. ...”

УРАН БҮТЭЭЛЧИД:

Крапп – Г.Мөнхжаргал

Найруулагч – М.Боролдой

Зураач – С.Мягмар

Орчуулагч – Б.Цацрал

Техникч – Ч.Билгүүн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button