ШСХ-ны шүүгч бус гишүүний томилгооны сонсгол үргэлжилж байна

Хууль зүйн байнгын хороо Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж байна. Өчигдрийн (2021.11.15) тухайд хурал 14 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол хийхээр төлөвлөснийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр мөн 2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон талаар, мөн Улсын Их Хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж, томилохоор заасны дагуу сонсгол хийж буй талаар танилцууллаа. Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэх ба гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох юм.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад ийн томилгооны сонсголоор орж ирсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.