Морин хуурын болон монгол тэмээний өдрийг нийтээр тэмдэглэх хууль санаачилагчид
Өнөөдрийн байдлаар манай улс нийтээр тэмдэглэх баярын ес, тэмдэглэлт 16 өдөртэй. Тэгвэл Н.Батсүмбэрэл тэргүүтэй зургаан гишүүн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд,
- “5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
- 5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24” өдрүүдийг тус тус тусгуулахаар хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьжээ.
Сүүлийн жилүүдэд улс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд ямар нэг өдрийг тусгайлан тэмдэглэж, баяр наадам зохион байгуулан, төсөв зарцуулдаг жишиг улам бүр түгээмэл болжээ гэхэд буруудахгүй. Энэ онд гэхэд л “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулсан. Төсвийн мөнгөөр томоохон арга хэмжээ зохион байгуулах нь эрх баригчдын хувьд төсөв хөрөнгө зарцуулах бас нэгэн боломж болдог гэх хардлага төрөхөөр.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Р.Батболд, Д.Жаргалсайхан, Б.Найдалаа, У.Отгонбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Р.Сэддорж, Л.Энхнасан нарын гишүүд “Морин хуурын өдөр”, “Монгол тэмээний өдөр”-ийг тэмдэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
Тэдний тайлбарлаж буйгаар, эдгээр өдрийг тэмдэглэх зорилго нь хойч үедээ үндэсний өв соёлоо таниулах, олон нийтэд сурталчлан таниулах аж. Гэвч ийм зорилгод хүрэхийн тулд заавал хуулиар тусгай өдөр тогтоож, төсвөөс мөнгө гарган өргөн хүрээний арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай юу?
Саяхан л төв талбайд мянган морин хуурч нэгэн зэрэг тоглож, говийн бүсэд жил бүр “Мянган тэмээний баяр” зохион байгуулж, тэмээний боодог хүртэл хийж, олны анхаарлыг татаж байлаа. Өдөр тутмын амьдрал, ахуй соёлтой салшгүй холбоотой энэ амьтан, үндэсний хөгжмийн зэмсгийг сурталчлахад тусгай баяр л дутаад байсан гэж үү?
Адууны өдөрт 4.5 тэрбум төгрөгийн төсөв зарцуулсны 1.2 тэрбум төгрөгийг морьтны соёлын хүрээ байгуулахад, 600 сая төгрөгийг тайз, гэрэлтүүлэг зэрэгт зарцуулсан байна.
Тэмээ адуунаас юугаараа дутгав. Тэмээний өдрийг ч бас хэдэн тэрбум төгрөгийн төсөвтэй, нижгэр наадам болгон тэмдэглэх магадлалтай л байна. Харин Морин хуурын өдрөөр яах бол? Бөх барилдуулж, тайз засаж, шоу тоглолт зохион байгуулах уу, эсвэл бүр музей барих санаачилга гарах ч магадлалтай юм.
2021 онд Үндэсний бичиг соёл, номын өдрүүд болон Нийслэлийн өдрийг хуульд тусгасан. Түүнээс хойш эдгээр өдрийг тэмдэглэснээр иргэдийн амьдрал, соёлын хэрэглээ, мэдлэг боловсролд ямар бодит өөрчлөлт гарсан, үр дүнг нь хэмжиж, төсөв зарцуулсан өгөөжийг нь үнэлсэн тайлан бий юу. Шинэ өдөр нэмэхээсээ өмнө өмнөх өдрүүдийн үр нөлөөг дүгнэх нь зүйтэй ажээ.
Тэмдэглэлт өдрүүдийг эрдэм шинжилгээний хурал, судалгааны бүтээл, оюутан залуусын дундах тэмцээн уралдаан, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сургалт, хөтөлбөрөөр дамжуулан бага зардлаар тэмдэглэж болно. Ингэхдээ эрдэмтэн, судлаач, уран бүтээлч, оюутнуудаа дэмжиж, бодит үр дүн гаргах боломжтой. Харин өдөр тутам маллаж, ашиг шимийг нь хүртэж, уламжлалт ахуйдаа хэрэглэж ирсэн амьтныг алдаршуулах нэрээр заавал шоу, тоглолт зохион байгуулж, их хэмжээний төсөв зарцуулах шаардлага байхгүй.
Хуулийн төслийн үндэслэлд Казахстан улсад домбра хөгжмийн өдөр, Энэтхэгт тэмээний өдөр тэмдэглэдэг, Саудын Араб, Катар зэрэг улсад тэмээний гоо сайхны фестиваль зохион байгуулдаг тухай дурджээ. Гэвч бусад улс ийм арга хэмжээ зохион байгуулдаг нь Монгол Улс заавал ижил арга хэмжээ авч, төсвөөс мөнгө зарцуулах ёстой гэсэн үндэслэл болохгүй.
Морин хуурын хэрэглээ 1990 онтой харьцуулахад хэд дахин нэмэгдсэн, тэмээний ашиг шимийг илүү хүртэж, үржүүлгийг нь нэмэгдүүлж байгаа бол энэ нь баяр тэмдэглэсний үр дүн юу, эсвэл соёл, эдийн засаг, мал аж ахуйн өөрчлөлтийн үр дүн юу гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Өв соёлоо хамгаалах, мал аж ахуйгаа дэмжих нь чухал. Харин үүнийг хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга нь заавал шинэ баяр бий болгох мөн үү гэдэг асуулт хэвээр байна.
Бидний сонгосон гишүүд иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхийн оронд баяр нэмэх санаачилга гаргаад явж байх юм. Эхлээд адуу, дараа нь тэмээ. Удахгүй таван хошуу мал тус бүр өөрийн баяртай болохыг ч үгүйсгэх аргагүй. Баярын тоо нэмэгдэхийн хэрээр төсвийн зарцуулалт дагаж нэмэгдэх үү, эсвэл өмнөх арга хэмжээнүүдийн үр дүнг бодитоор үнэлж, цаашид юунд мөнгө зарцуулахаа тооцох уу?
Б.ОЮУНСАЙТАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.