А.Ариунзаяа гишүүний хүсэлтээр хойшлогдсон Их суудлын хуралдаан энэ удаад Б.Энхбаяр гишүүний хүсэлтээр дахин хойшлов

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх цэцийн их суудлын хуралдаан дахин хойшлогджээ. Тодруулбал, “… дутуу …” гэсэн нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн, эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан аравдугаар сард хоёр удаа товлогдоод хойшиллоо.
Эхнийх нь энэ сарын 7-нд товлогдсон байсан ч Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, гишүүн А.Ариунзаяагийн хүсэлтээр Цэцийн их суудлын зөвлөлдөөнөөс хуралдааныг хойшлуулж, 23-нд нээлттэй хийхээр шийдвэр гаргасан юм. Гэтэл Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 400 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг итгэмжилсэн төлөөлөгчөөр нэмж томилсон бөгөөд итгэмжилсэн төлөөлөгч Б.Энхбаяр гишүүн уг хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, маргааны материалтай танилцах үндэслэлээр хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ гаргажээ. Иймд Цэцийн их суудлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хуралдааныг дараа товлохоор хойшлуулсан байна.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр оролцоно гэдэг ямар ч асуждлыг замружлна гэсэн л үг дээ
Хоёулаа тааруухан нөхдүүд.Гэхдээ Ариунзаяа нь арай дээрдээ