НИЙГЭМСПОРТ

НААДАМ АЙСУЙ: Улсын цол хүртэх хамгийн өндөр магадлалтай 12 хүчтэн

Дэлхийд ганцхан монгол наадамд хэний хүү түрүүлж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоогоо өргүүлэн, хаанахын харваач бусдаасаа мэргэн байх бол хэмээн хүн бүхэн өөр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж суугаа нь мэдээж.

Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх гэж буй. Тэгш ойн жил гээд аймаг бүхэн бөхчүүдийнхээ бэлтгэлийг базааж, түрүү бөх нутгаас минь төрөөсэй гээд дор бүрнээ хичээж байгаа нь мэдээж. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор улсын цол хэн, хэн хүртэх бол. Энэ жилийн наадамд улсын цолтны эгнээнд багтах магадлалтай хүчтэнүүдийг сонирхуулъя. “Eguur.mn” сайт ийм таамаглал дэвшүүлж байна.

МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ

Мөнхтөрийн Лхагвагэрэл “ЦЭРГИЙН АРСЛАН” боллоо

Улсын начин, гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү багшийнхаа үргэлжлэл болж, Завхан аймгаас зангарагтай бөх төрж мэдэхээр байгаа нь цэргийн хурц арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл. Завхан аймгийн Яруу сумын харьяат тэрбээр энэ жил 24 настай.

Үндэсний бөх, чөлөөт бөхийг хослуулан барилддаг М.Лхагвагэрэл 2018 онд аймгийн заан цол хүртэн, дараа жил дахин үзүүрлэж, амжилтаа баталсан.

“Даян” дэвжээний бөх тэрбээр 2020 онд Шинэ үндсэн хуулийн барилдаанд түрүүлж, сайн бөх торниж буйгаа харуулсан. Тэгэхдээ нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулсан юм.

М.Лхагвагэрэл чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин. Өнгөрсөн жил Токиогийн олимпод V байрт шалгарч, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр чөлөөт бөхөөр дэлхийн дэвжээнээс хүнд медаль авсан Монголын анхны тамирчин болсон юм.

М.Лхагвагэрэл Цэргийн наадамд сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, цэргийн хурц арслан болоод буй. Цэргийн наадам, Цагаан сард амжилт гаргасан бөх наадмаар улсын цолд хүртдэг жишиг бий. Энэ өнцгөөс харвал улсын цолд хамгийн ойрхон яваа хүчтэн бол яах аргагүй тэр мөн.

ЭРДЭНЭБИЛЭГИЙН УУГАНБАЯР

Сүүлийн хэдэн жил улсын цолтны таамагт бичигдэж, монгол түмэн дээлийнх нь захыг мушгиж суугаа бөхчүүдийн нэг нь яахын аргагүй Төв аймгийн Баянчандмань сумын харьяат бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр. “Дүнжингарав” дэвжээний бөх түүнийг улсын начин цолоор тогтохгүй гэж үнэлэх хүн олон. Улсын цолтой бөхчүүдтэй хэрхэн барилддаг, ямар амжилт гаргаад буйгаас нь үүнийг бэлхнээ харж болно. Э.Ууганбаяр 2013 онд Дархан-Уул аймгийн наадамд тав даван, аймгийн начин цол хүртжээ. Шууд сумын цолыг алгассан нь тэр.

Дараа нь буюу 2016 онд Төв аймгийн наадмын үзүүр, түрүүнд нутгийнхаа бөх, улсын начин Г.Ганжадыг аймгийн арслан цолтой байхад нь өвдөг шороодуулж, аймгийн арслан болсон. Тэр цагаас хойш түүнийг улсын цолд ойрхон бөхөөр нэрлэн, улсын цолд хэзээ хүрэх бол гэж хүлээж суугаа хүн олон.

Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ

Э.Ууганбаяр 2018 онд аймгийнхаа наадамд дахин түрүүлж, хурц чимэг авсан. Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд үзүүрлэн, улсын наадмын түрүү хүртэх энтэй хүчтэн гэдгээ харуулсан. Нэр бүхий гишүүд дээрх барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол нөхөж олгох санал гаргасан ч дэмжигдээгүй. Хэрвээ дэмжигдсэн бол Э.Ууганбаяр улсын гарьд цол хүртэх байлаа.

Одоо түүнд улсын цол л дутуу байгаа. Бөхийн хорхойтнууд, үндэсний бөхийнхөн Э.Ууганбаярыг унаа холтой, унаган бяртай, барилдаанч, угсраа мэх сайтай гэж үнэлдэг.

Улсын том цолтнууд амлахаас жийрхдэг тэрбээр сүүлийн хэдэн жил Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг багшийнхаа удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэж байгаа. Наадмын бэлтгэлээ “Дүнжингарав” дэвжээнийхээ бөхчүүдтэй хийж буй Э.Ууганбаяр улсын цолд ойрхон бөх мөнөөс мөн.

ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР

Аймгийн заан Л.Отгонбаатар түрүүлж, цэргийн арслан цол хүртэв

Үндэсний бөх, жүдогоор хослуулан барилдаж, улсын цолны төлөө зүтгэж яваа шилдгүүдийн нэг нь Лхагвасүрэнгийн Отгонбаатар.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин тэрбээр цэргийн арслан цолтой. Ц.Шийрэв багшийн шийртэй шавь нарын нэг Л.Отгонбаатар.

Аймгийн алдарт уяач Н.Лхагвасүрэнгийн хүү тэрбээр бөхийн удамтай. Түүний төрсөн ах нь улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар юм.

Багадаа хөдөө өсөж, эмнэг хангал сурган, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн Л.Отгонбаатар Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн удирдлагад 2007 оноос хичээллэн, өдгөө ч амжилтын төлөө хамтдаа зүтгэж явна. Тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан сүмогийн “Өглөөний хөх луу” тэмцээнд оролцож байхдаа багштайгаа танилцаж, шавь нь болсон түүхтэй. Тус тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа жүдогоор бус, сүмогоор гаргасан гэдэг.

Л.Отгонбаатар түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ - Eguur.MN

Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг Л.Отгонбаатар 2013 онд наадмын сорилго барилдааны нэгийн даваанд улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулан, олны хараанд өртсөн. Тэр жилдээ Архангай аймгийнхаа наадамд зодоглон, Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Оршихоор тав давж, начин цол хүртжээ. Дараа жил нь аймгийн заан болж, 2015 онд цолоо баталсан байна. Улмаар 2020 оны Цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон юм.

Л.Отгонбаатар энэ жил тун өнгөтэй, бэлтгэл сайтай байгаа. Улсын начнаар тогтохгүй дээшээ барилдах нөөц, боломж, ур чадвар, барилдааны арга барил түүнд бүрэн бий.

ЭРДЭНЭХҮҮГИЙН МӨНХЖАРГАЛ

Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” компани, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал энэ жил Цагаан сарын барилдаанд түрүүлж, шуугиулсан. Үндэсний бөх, жүдогоор хослуулан барилддаг, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь тэрбээр аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн анхны бөхөөр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Цагаан сарын барилдаанаас хойш тэр олны хараанд байгаа. “Нөгөө Мөнхжаргал яаж барилдав” гээд нэгнээсээ асуудаг, амжилт гаргаасай гэж дэмжиж, итгэл хүлээлгэж буй хүн олон.

26 настай Э.Мөнхжаргалын аав нь цэргийн начин цолтой. Бага байхдаа аавыгаа даваад, барилдааныг нь үзээд явдаг байсан юм билээ. Үндэсний бөхийн барилдаан үзэх, том цолтнуудыг дэргэдээс нь харахыг бөөн хүслэн явсан нь спортод дурлахын, барилдахын, амьдралаа холбохын эхлэл байлаа.

2010 онд хичээлээсээ ирчихээд сууж байхад нь түүний аав “За, явъя хоёулаа. Жүдогийн бэлтгэл хийлгэнэ” гээд Спортын төв ордонд дагуулж очжээ. Тэгж анх Ц.Шийрэв багштайгаа танилцан, бөхийн спортод хөл тавьсан гэнэ. Э.Мөнхжаргал жүдогоор насанд хүрэгчдийн улсын хошой аварга, өсвөр үе, залуучуудын улсын аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга.

Тэрбээр 2019 онд Дархан-Уул аймгийн наадамд барилдахдаа Э.Төгөлдөрт өвдөг шороодон үзүүрлэж, аймгийн заан болсон.

Улсын наадамд дахин цахиур хагалах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Олны хамгийн их хүлээлтэд байгаа бөхчүүдийн нэг нь Э.Мөнхжаргал яах аргагүй мөн.

УЛАГПАНЫ БЕРЕКЕ

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн бөхчүүд улсын наадамд тун ч одтой наадаж байгаа. Хэдхэн жилийн өмнө улсын цолтонтой болохын мөрөөдөл байсан тэд одоо улсын начнаас дээшээ л харж байгаа нь мэдээж. Булган сумын харьяат бөх Б.Баатарцолын амжилт булган сүүлтэй байж түүнээс хойш Б.Серик, Мустафа нар улсын цолтон болоод буй.

Тэдний амжилтыг үргэлжлүүлнэ, улсын цол хүртэнэ хэмээн жил бүрийн таамагт багтдаг хүчтэн бол Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат бөх, аймгийн хурц арслан У.Береке. Тэрбээр 2013 онд аймгийнхаа наадамд барилдан тав давж, аймгийн начин, хоёр жилийн дараа аймгийн харцага цол хүртжээ. 2016 онд тухайн үед аймгийн арслан байсан, одоогийн улсын начин Б.Серикийг наймын даваанд өвдөг шороодуулан, аймгийн арслан болжээ. Улмаар дараа жил нь амжилтаа баталж, аймгийн хурц арслан цол авсан юм.

Уран барилдаантай, чацтай, нуруулаг, уян нь түүний онцлог. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор түүнийг улсын цолтны эгнээнд багтаад, бүр ахиулахыг үгүйсгэх хүн үгүй болов уу.

ӨРНӨХБАЯРЫН СҮХБАТ

Аймгийн хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Аралтай, бяртай, улсын том цолтнуудын жийрхдэг, амлахгүй, тунахгүй байхыг хүсдэг бөхчүүдийн нэг нь Ө.Сүхбат. Булган аймгийн Могод сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн наадамд тав даван, аймгийн начин цол хүртжээ. Улмаар 2014 онд Д.Мягмардоржоор, дараа жил Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж, аймгийн хурц арслан болсон юм.

 Улсын цолд тун ойрхон очоод буй Ө.Сүхбат тавын даваанд барилдаад үзсэн тэнхээтэй хүчтэн. Улсын наадамд дөрөв давна, улсын начин болохын төлөө барилдана гэдэг хэн хүссэн аавын хүүгийн хүрэх амжилт биш. Тэрбээр 2016 онд дөрөв даваад, улсын начин цолны даваанд улсын гарьд Б.Гончигдамбад унасан юм. Өнөө жил улсын цол авах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг тэр яах аргагүй мөн. Энэ жил Ө.Сүхбат арслан бэлтгэл сайтай, тун өнгөтэй байгаа сурагтай.

НАМСРАЙН БАТТҮВШИН

Хоймор нутгаас улсын цолны таамагт жил бүр тогтмол багтаж яваа хүчтэн бол аймгийн хурц арслан Н.Баттүвшин.

Уйлган голын гурван аваргын нутаг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат тэрбээр 2008 онд Г.Батнямд өвдөг шороодон, шууд аймгийн заан болсон. Дараа нь 2014 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм. Тэр жил Хөвсгөл аймгийн наадамд 512 бөх барилдсан шалтгаанаар шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нэг ухраасан. Тиймээс Н.Баттүвшингийн аймгийн хурц арслан чимгийг хураагаад байсан юм.

Бүр сүүлд буюу 2019 онд тухайн наадмыг хүчинтэйд тооцон, түүнд хурц арслан чимэг эргүүлэн олгосон билээ. Хурц чимэг авснаасаа хойш Н.Баттүвшин арслан өнгөтэй байгаа. Цол дагаж бяр гэдгийг амжилтаараа харуулж яваа.

Тэрбээр 2020 онд улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд улсын начин Б.Эрдэнэхүүд өвдөг шороодсон юм. Бяртай гэж тоймгүй гэж бөхийн хүрээнийхэн Н.Баттүвшин арсланг ярьдаг, толгой сэгсэрдэг. Алдарт Д.Дамдин аваргын төрсөн сумаас улсын цолтон мэндлэх цаг ойрхон ирсэн гэж бөхийн хорхойтнууд хүлээдэг.

ГАНЗОРИГИЙН ЖАМБАЛДОРЖ

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх Г.Жамбалдорж 2018 онд Бүх цэргийн наадамд түрүүлэн, шуугиулж байлаа. Өмнө тус барилдаанд хоёр удаа зодоглохдоо доогуур даваанд унасан түүнийг тэгж цахиур хагална гэж таамагласан хүн ховор. Өөрөө хүртэл цол авах юм сан л гэж бодсоноос түрүүлнэ гэж зориогүй гэнэ лээ.

Аймгийн хурц арслан цолтой 14 хүчтэн зодоглож, өмнөхөөсөө хавьгүй чансаатай болсон 2018 оны Бүх цэргийн наадамд Г.Жамбалдорж түрүүлэхдээ үзүүр, түрүүнд Б.Түмэндэмбэрэлийг өвдөг шороодуулсан. Цэргийн наадамд гурван ч удаа үзүүрлээд байсан Б.Түмэндэмбэрэлийг шахаж татаад давснаар цэргийн арслан цол хүртсэн юм.

Г.Жамбалдорж тэгж түрүүлэхдээ аймгийн арслан цолтой долоо (Хурц арслан О.Гантулга, У.Береке, Б.Эрдэнэхүү (одоогийн улсын начин), Б.Суманчулуун, арслан П.Эрхэмжаргал, Б.Тайван, Д.Бадамгарав)-н хүчтэнг өвдөг шороодуулсан нь хэр чансаатай цол авсныг нь илтгэнэ.

Нутгийнхаа хүчтэн, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Нацагдорж агсны шавь, чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг байсан тэрбээр улсын гарьд Б.Гончигдамбаас үлгэрлэж явдаг.

Г.Жамбалдорж улсын цолд ойрхон, улсын цол хүртэх зангарагтай бөх гэдгээ 2020 оны наадмаар баталсан. Тэрбээр дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг өвдөг шороодуулсан, улсын начны буюу тавын даваанд тухайн үед аймгийн арслан цолтой байсан, одоогийн улсын харцага болсон Б.Зоригтбаатарт унасан юм. Г.Жамбалдорж өнөө жил дутуугаа гүйцээхээр “Хонгор нутаг” дэвжээнийхээ бөхчүүдийн хамт бэлтгэлээ чамбайруулж байна.

БУЛГАН-ЭРДЭНИЙН ТҮМЭНДЭМБЭРЭЛ

ҮНДЭСНИЙ БӨХ: Ч.Мөнхтогтох начингийн нэрэмжит барилдааны топ арав

Г.Жамбалдоржид өвдөг шороодон, цэргийн заан болсон хүчтэн бол Б.Түмэндэмбэрэл. Булган аймгийн Орхон сумын харьяат тэрбээр уран хурц, дайчин барилдаанаараа шагшигдаж, өнөө цагийн үндэсний бөхийн спортыг чимэж яваа бөх. Улсын цолтнуудын хэнтэй нь ч өгөө аваатай барилддаг тэр шилдгүүдийн “аранга”.

Б.Түмэндэмбэрэл аймгийн наадамд хоёр удаа үзүүрлэсэн. Бөхийн хорхойтнуудыг нэлээд хүлээлгэсний эцэст буюу 2018 онд Налайх дүүргийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон юм. Тэгэхдээ үзүүр түрүүнд тухайн үед аймгийн харцага цолтой байсан, одоогийн улсын харцага Б.Зоригтбаатарыг давсан.

Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан боллоо

“Хилчин” спорт хороо, “Булган хан” дэвжээний бөх түүний багш нь улсын заан Д.Баасандорж. Багадаа уул уурхайн инженер болохыг мөрөөддөг байсан тэрбээр аймгийн хурц арслан А.Ганболдын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийн барилдаанаас мөнгөн медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ.

ҮНДЭСНИЙ БӨХ: Булган аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

Б.Түмэндэмбэрэлд заан цол ээлтэй. Аймгийн заан цолоо баталснаас гадна цэргийн заан, даншгийн заан цолтой. Үүний сацуу 2012 онд сумын заан цол хүртэж байсан юм. Түүнийг зарим хүн “Зааны набор” гэх нь бий.

Б.Түмэндэмбэрэл улсын цолны босгыг нэг алхчихвал харцага, заанаар тогтохгүй гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг. Улсын цолд олон жилийн өмнө ойртож очсон бөхчүүдийн нэг нь тэр.

ЭНХБАТЫН СУМЪЯАБАТ

Э.СУМЪЯАБАТ АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

Б.Түмэндэмбэрэл арслантай нэг аймаг, нэг сумын, дотны найз нь аймгийн арслан Б.Сумъяабат. Булган аймгийн Орхон сумын харьяат тэрбээр улсын цолны таамагт олон жил нэрлэгдэж байгаа. Сүүлийн хоёр жил тун өнгөтэй, бэлтгэл сайтай байсан ч хатуу учраатай таараад буй.

Монгол бөх

Ардын хувсгалын 98 жилийн ойд гурав давсан ч улсын аварга С.Мөнхбатад, өнгөрсөн жил мөн дөрвийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагвад унасан. Улсын арслан Р.Пүрэвдагваас допинг илэрсэн тул түүнийг дөрөв давсанд тооцоод буй. Гэхдээ хэрвээ Р.Пүрэвдагваас өөр бөхтэй барилдсан, өөр хүчтэнтэй учраа таарсан бол гэх харамсал түүнд төрж байгаа нь мэдээж. Улсын цол хүртээд, бүр цааш нь ахиулах байсныг ч үгүйсгэх аргагүй. Допингийн улмаас амжилтаараа хохирсон бөхчүүдийн нэг нь тэр гэдгийг эндээс харж болно.

Э.Сумъяабат сумын заан цолтой байхдаа улсын наадамд анх барилдаанд хоёр давж байсан гэдэг. Түүнийг бүрэн унагааж, баталгаатай болгосныхоо дараа л давлаа гэж бодохгүй бол барилдаанч гэж жигтэйхэн. Тэрбээр найз сумын заан, аймгийн арслан цолыг Б.Түмэндэмбэрэлтэй нэг жил хүртэж байсан. Хоёр найз энэ жил улсын цолтон болж ч мэднэ.

МӨНХЖАРГАЛЫН БЯМБАДОРЖ

Баруун аймагтай харьцуулбал говь нутгаас сайн бөх цөөхөн төрдөг гэлцдэг. Говь нутгаа төлөөлж улс, аймгийн цолтнуудын барилдаанд тун сайн өрсөлдөж буй хуруу дарам бөхчүүдийн нэг нь аймгийн арслан М.Бямбадорж. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат тэрбээр 2012 онд аймгийн начин, 2016 онд аймгийн заан болсон. 2018 онд Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ. Тэр жилээ аймгийнхаа наадамд барилдан, үзүүрлэж, чимэг нэмсэн юм.

Тун дайчин, барилдаанчаараа тэр арслан цолтнууд дотроо нэлээд дээгүүр бичигдэнэ. Бөхчүүд их жин нэмэх болсон өнөө цагт түүн шиг бие хаатай, галбиртай бөх ховор. Аймгийн арслан болсноосоо хойш ялимгүй зузаарч, барилдааны хэв маягаа тун ч сайжруулаад буй. Хурсан олныг ханаруулаад, шуугиулаад нэг барилдвал М.Бямбадоржид улсын начин цол энүүхэнд.

ГАНЦОГТЫН БАДРАХ

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтий аймгаас нэгэн сайн бөх торниж, өдөр өдрөөр эр бяр нь тэгширч байгаа нь аймгийн арслан Г.Бадрах. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат тэрбээр 28 настай. Г.Бадрах 2017 онд цэргийн начин, Хэнтий аймгийнхаа наадамд улсын начин Одбаярын хүү Цэцэнцэнгэлд унан, аймгийн заан болсон. Улмаар 2019 онд Хэнтий аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан болох зорилгодоо хүрсэн юм.

Бүх цэргийн наадамд Л.ОТГОНБААТАР түрүүллээ

Г.Бадрах 2019 онд “Босоо” хэмээх Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлж, шуугиулсан. Тэгэхдээ үзүүр, түрүүнд улсын начин Б.Орхонбаярыг давсан юм. Самдан аваргын нэрэмжит анхны барилдаанд нутгийнх нь аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн түүхтэй.

Аралтай, бяртай, хий багатай нь түүний барилдааны онцлог. Улсын цол хүртчихээд зогсож байвал гайхах хүн үгүй биз ээ.





Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2022 09:09

ёстой г�##� гархана дээ үзүүштэй л юм болхоно

Зочин
Зочин
7 сар 7, 2022 09:16

Сайхан уран барилдаан л харахыг хүсэж байна

Зочин
Зочин
7 сар 7, 2022 09:16

Бүгдээрэнд амжилт хүсий. Сайхан наадаарай

Зочин
Зочин
7 сар 7, 2022 10:00

Erkibulan bas bnaa

Зочин
Зочин
7 сар 7, 2022 11:17

Ерекебулан, Довчинсэмбэ нар начин болчихоосой. Олон жил жигд сайн барилдлаа. Аз, од нь түшээсэй. Говьсүмбэрийн Мөнхбаатар, Өвөрхангайн Наранбаатар Сүхбаатарын Өсөхбаяр арслангууд цолоо ахиулах бөхчүүд гарцаагүй мөн . Бас Өвөрхангайн Бямба- Отгон, Завханы Нармандах, Сэлэнгийн Наранбаяр, Увсын Түмэн зэрэг аймгийн арслангаас доош цолтнууд начны босго давж орж ирэх боломжтойчууд л гэх байна даа.

Kolo
Kolo
7 сар 7, 2022 11:51

Byaba otgon aldah baih a

Kolo
Kolo
7 сар 7, 2022 11:52
Reply to  Kolo

Sorry alaad ogoh baihaa

Зочин
Зочин
7 сар 7, 2022 18:35

Хятад, негрүүд наад муусайнуудыг чинь зовлогоор нь тоглоно доо

Зочин
Зочин
7 сар 9, 2022 18:51

Hovdin Taivan tsol avna

Холбоотой мэдээ

Back to top button