"Гурван бөхийн шинжилгээний хариу ирээгүй. Цуварч ирж буй нь лабораторийн үйл ажиллагаатай холбоотой"

Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр, нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн билээ.
Бямба гарагт тодруулахад, эл 80 сорьцоос 76-гийнх нь хариу ирсэн. Ирээгүй дөрвөн сорьц бөхийнх гэдгийг Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхболд хэлсэн юм. Уг тодруулгын араас хэд, хэдэн мэдээллийн сайтуудад 6-7 бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл түгсэн юм.
Тэгвэл дөнгөж сая Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допингийн шинжилгээний хариуны талаар хэвлэлүүдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэрээ "80 сорьцыг хамгаалалттайгаар БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Одоогийн байдлаар 77 сорьцын хариу ирчихсэн байгаа. Гурван хариу хараахан ирээгүй байна. Сорьцын хариу бүрэн ирээгүй учир бид ирсэн хариунуудтай танилцаагүй. 80 сорьцын хариу бүрэн ирэхээр олон нийтэд мэдээлэл өгнө. Шинжилгээний хариу цуварч ирж буй нь шинжилгээ хийж буй лабораторийн үйл ажиллагаатай холбоотой байх.
Нэр бүхий гишүүд Биеийн тамир, спортын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, шинжилгээний хариуг түргэн шуурхай гаргадаг байх үүднээс өөрсдийн лабораторитой болохыг хуульчлах ёстой гээд ярьж байгаа. Бид өөрсдийн лабораторитой болчихвол богино хугацаанд энэ асуудлаа шийдээд, олон нийтэд зарлах боломж бүрдэх юм" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн үү. Ямар л зохиол бичээд байнх
түрүүлж ирснийг зарлаж болдоггүй юм уу ямар хороо найруулж бгаа юм бэ