Ч.Хүрэлбаатар: Валютын нөөц $3 тэрбум давсан нь 4-5 сарын импортыг хангах боломж бүрдүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.04.05/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр "Манай улсын гадаад валютын нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрч унасан байсан. Тэгвэл, энэ оны гуравдугаар сарын эцсийн байдлаар 3 тэрбум 338 сая ам.доллар болж нэмэгдээд байна.
Өнгөрсөн зургаан сарын хугацаанд, нүүрсийг олборлохоос эхлээд хилээр гарах бүх үйл явцыг цахимжуулсан. 863 гэрээ бүртгэгдэж, түүний дагуу Монгол Улсын нүүрс экспортлогдож байна.
Хоёрдугаарт, эхний гурван сарын хугацаанд нийт 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10 саяар нэмэгдсэн гэсэн үг. Цар тахлын өмнө буюу хамгийн их нүүрс экспортолж байсан 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн дүн. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрсний хулгайтай тэмцэх ЗГ-ын ажиллагааны үр дүн.
Гуравт, нүүрсийг биржээр худалдаж байгаа. Өрсөлдөөн бий болгохоос гадна хил нөхцөлөөр худалдаж байгаа онцлогтой. Хуулийн дагуу уул уурхайн бүх бүтээгдэхүүн долдугаар сарын 1-нээс эхлэн биржээр зарагдах учиртай. Наана нь туршилт маягаар хийгдэж буй биржийн арилжаа амжилттай байна. ЭТТ, ТТ, Энержи ресурс 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Үнийн хувьд 100 ам.доллар байсан нь 180 орчим ам.доллараар зарагдаж байна.
Хоёр захирал сууж байгаад гэрээ зурдаггүй, өрсөлдөөн бий болгох нь чухал гэдгийг Монгол Улсад ямар хэрэгтэйг энэ бүхэн харуулж байна.
Төрийн өмчит уул уурхайн ААН-үүдэд валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлд үүрэг өгсөн байгаа, 100 хувь биелсэн.
Зургаан сарын дараа эргээд харахад, биржээр зарагдсан нүүрсийг хилээр саадгүй гаргах гарцыг хэвшүүлэх нь цаашид анхаарах асуудал байна. Тээврийн бүх гэрээг цахимжуулж, бүртгэлжүүлэх хэрэгтэй байгаа. Урьд нь бүртгэлгүй, төлж буй татвар нь тодорхой бус явж ирсэн тээврийн салбарыг бүрэн цахимжуулах ажлыг хийнэ.
Мөн зөвхөн нүүрснээс гадна зэс, төмрийн хүдэр, жонш руу цаашид орно гэсэн төлөвлөгөөтэй байна.
Эхний гурван сарын байдлаар инфляцын түвшин 10.6 хувь болж буулаа. 2022 оны зургадугаар сард 13.2 хувь байсан, аажим ч гэлээ бууж байгаа нь бодлогын арга хэмжээ зөв явсныг харуулж байна" гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гадаад валютын нөөц ийн нэмэгдсэн нь хангалттай хэмжээ мөн үү?
-2.5 тэрбум ам.доллар байснаа бодвол мэдээж сайн. Гурван сарынхаа импортыг хангахаар байвал сайн гэж үзнэ. Ингэж харвал, 4-5 сарын импортыг хангах хэмжээнд байгаа учир боломжийн. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирэхэд, БНХАУ-ын эдийн засаг 2023 онд хамгийн багадаа 5 хувиар өснө гэж байна. Энэ манай эдийн засгийг 7 хувиар нэмэгдүүлэх боломж гэж харж байна. Иймд 2023 онд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна.
-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт хэр байгаа вэ?
-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хэд хэдэн шийдвэр гаргасан. Зөвхөн самнасан ноолуур гаргадаг байсныг болиулсан. Х.Баттулга ХХААХҮ-ийн сайд байхдаа арьс, шир экспортлохыг болиулсан байсан. Үүнийг буцаагаад хүчингүй болгосон. Ер нь өнгөрсөн хугацаанд арьс, ширийн экспортыг хориглосон шийдвэр аливаа зүйлийг хааж, боосноор хөгждөггүй гэдгийг харууллаа. Амьдралаас тасархай, бусад оронд хэрэгждэггүй популист маягийн шийдвэр улс орноо хөгжүүлдэггүй. Хорьж, хааж хөгждөггүй гэдгийг л дахин хэлмээр байна. Аль болох хориг, дарамт багатай байх нь чухал. Том ярьж, айлгах маягаар салбар хэзээ ч хөгжихгүй. Яагаад байн байн хэлээд байна гэхээр, буруу бодлогыг дахин давтахгүйн тулд тодорхой хэмжээнд дархлаа бий облгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дахиад л гоё юм ярьж гарч ирээд, эдийн засгийг унагаад байна. Бид боломжийг 100 хувь ашиглахгүй бол нэг дороо хий эргээд байх эрсдэлтэй, гаргасан алдааг хэзээ ч давтаж болохгүй.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.