Нийгмийн

Ченду-2021: “Буцаад 25 настай болсон мэт л санагдаж байна. Тамирчдадаа итгэж байгаа”

Дэлхийн оюутны зуны универсиад наадамд Монголын шигшээ баг  оролцохоор болсон байна.

Энэхүү спортын наадам нь цар тахлын улмаас хоёр жил гаруй хойшилсон  бөгөөд энэ жил БНХАУ-д “Ченду-2021” нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа ажээ. Тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийн 16 улсын шигшээ баг оролцох юм байна.

Харин манай улсын хувьд “В” зонд Румын, Аргентин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улстай тоглоно. 

“Ченду-2021” эхлэхэд найман хоног үлджээ. Тамирчдын бэлтгэл бүрэн хангагдсан бөгөөд долдугаар сарын 22-нд БНХАУ-ыг зорино хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Мөн шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Капитрон” банк ажиллаж, тамирчинд бүрд карт олгосон байна.

Бид Монголын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцыг сурвалжлах үеэрээ Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүнтэй товч ярилцсан юм.

Тэрбээр “Сар гаруйн хугацаанд ерөнхий дасгалжуулагч маань сагсан бөмбөгийн шинэ арга барилыг Монголын залуучуудад зааж өглөө. Систем гэдэг сагсан бөмбөгт илүү түлхүү яригддаг ойлголт. Өөрөөр хэлбэл, сагсан бөмбөгт хамтын ажиллагаа маш чухал. Дотроо хагаралтай эсвэл асуудалтай баг урагшилдаггүй.

Монгол залуучууд хүсэл эрмэлзэлтэй, сагсан бөмбөгт хайртай учраас хоорондоо нягт холбоотой болсон. Энэ нь өөрөө маш том систем юм. Түүнээс гадна сэтгэл зүй маш чухал. Бие бялдрын хувьд ч манай залуучууд дутахааргүй. Багийн бүрэлдэхүүний хувьд дээд тал нь 27 настай, ихэвчлэн 17-25 насныхан байна.

Сагсан бөмбөг бол багийн спорт. Миний хувьд Грек-Монголын хамтын ажиллагааг таатай хүлээж авсан. Буцаад 25 настай болсон юм шиг л санагдаж байна. Энэ залуучуудаас өдөр, цаг минут бүрд эрч хүч авдаг. Цааш цаашдаа илүү ахиц дэвшил гарна гэж бодож байна” гэж байлаа.

Мөн Таеквондогийн Олон улсын хэмжээний мастер, Монгол улсын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Ц.Азбаяртай ярилцлаа.

-Баг тамирчдын хувьд бэлтгэл хэр хангагдсан бэ. Сэтгэгдэл хэр байна?

-Сэтгэгдэл их өндөр байна. Манай багийн бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байгаа.  

-Таеквондо, сагсан бөмбөг хоёрын ялгаа юу вэ. Ер нь спортоор  хичээллэхийн давуу тал?

 -Эрүүл бие махбодитой болно. Ер нь бол Таеквондогоор хичээллэх нь сагсан бөмбөгт ч их сайнаар нөлөөлдөг.

-Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Капитрон банкны зүгээс тамирчин бүрд карт олгосон. Энэ талаарх таны сэтгэгдэл?

-Бэлтгэл хийх бололцоо хийгээд бусад зүйлсээр хангаж, дэмжиж тусалж байгаад нь баярлаж байгаа. Тэмцээндээ амжилттай оролцоод ачийг нь хариулна даа.

Одоогоор Монгол Улсын оюутны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар үндэсний дээд лигийн “Эрдэнэт Майнерс” багийн ерөнхий дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна.

Тэрбээр 38 жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд Грек улсын дээд лигт 17 жил ажиллажээ. Катар улсын шигшээ багийг дасгалжуулаад  Азийн аваргад тавдугаар байр, Кипр улсын багийг дасгалжуулж Европын цомд шилдэг дөрвөн багт шалгаруулсан амжилттай. Мөн туслах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, Б. Анар нар ажиллаж байна.

Ийнхүү ерөнхий дасгалжуулагч болон тамирчдын зохицол, арга барилын тухай лавлахад Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчин Б. Сүхбат:

“Фрагиас Василиус  дасгалжуулагч ирснээр тоглолтын арга барил маань тэс өөр болсон. Өмнө нь монгол дасгалжуулагчид дээр хийдэг байсан бэлтгэл, тоглолтын арга барил 360 градус эргэсэн. Саяхан багаараа хоёр сарын хугацаанд бэлтгэл хийхэд шинэ системд уусаж, өөрийгөө  өөрчлөх нэг сорилт болж чадсан” гэв.

Мөн Монгол Улсын шигшээ багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк оролцож байгаа талаар дээр дурдсан.

Капитрон банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Б.Энхбаясгалан энэ тухайд,

“Капитрон банк нийгмийн хариуцлагын хүрээнд спортыг бодлогоор дэмжин ажиллаж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь энэхүү “Ченду-2021” спортын их наадамд оролцож байгаа Монголын Улсын оюутны шигшээ багийг  дэмжин ерөнхий спонсороор хамтарч ажиллаж буй явдал. Эдгээр залуус нь цаашдаа Монголыг олон улс, тив, дэлхийд төлөөлнө гэж бид харж байна. Тэр утгаараа дэмжлэг үзүүлж, ирээдүйд нь хөрөнгө оруулахыг зорьж байна” гэлээ.

Монгол Улсын оюутны шигшээ багт дуудагдсан тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулбал,

  • Г. Ган-Эрдэнэ
  • Г. Болор-Эрдэнэ
  • О.Тулга
  • Т.Ууганбаяр
  •  С.Биндэръяа
  • Б. Сүхбат
  •  А.Азбаяр
  •  Г.Дөлгөөн
  •  Ц. Санчир
  •  Э. Түшиг
  • Л. Цэдэвсүрэн
  • Д. Дөлгөөнмөрөн нар юм.

Б. Хулан, Ц.Даваасүрэн

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинada
Зочинada
7 сар 21, 2023 11:52

saihan hujaa mngl bn da ene nuhur

Холбоотой мэдээ

Back to top button