Н.Цэгмид: Цагийн тариаг сахиурын нүдэн дээр найруулаагүй, урьдчилан бэлдсэн сувилагчид хариуцлага тооцно

ЭХЭМҮТ II буюу Яармагийн 300 ортой хүүхдийн эмнэлэгт өчигдөр орой /2023.11.23/-ны 22 цагийн тариа андуурч хийгдсэн байж болзошгүй гэж сахиур эцэг эхчүүд гомдол гаргасан. Учир нь тухайн цагт тариа хийлгэсэн хүүхдүүдийн биед хариу урвал үзүүлсэн юм байна.
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЭХЭМҮТ-2 эмнэлгээс мэдээлэл хийлээ.
Тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан захирал Н.Цэгмид "Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.
Дөрвөн сартайгаас 12 насны хэвтээд 4-5 хоносон хүүхдүүдэд хариу урвал илэрсэн. Манай эмнэлэгт 400 орчим хүүхэд хатгаа оноштой хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдэд тариа адилхан хийгдэж байгаа. Бусад хүүхдүүдээс ямар нэгэн хариу урвал илрээгүй. Биднийг шөнө ирэх үед хүүхдүүд халуурч чичирхийлсэн байдалтай байсан. 2-3 цагийн дотор хүүхдийн эрчимт эмчилгээний бүх эмч нарыг дуудсан. Үүний дараагаар хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж эхэлсэн.
Бусад хүүхдүүдэд хийж байгаа тариатай серийн дугаар ижил учир тарианд ямар нэгэн асуудал байхгүй гэж бодож байна. Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно.
Уг тариануудыг 0.9 процентийн натри хлоридоор найруулах ёстой. Тухайн тариаг хийсэн сувилагч улсад 20 гаруй жил ажилласан. Монгол улсын стандартын дагуу сувилагч хүүхдэд тариа хийхдээ эцэг эхийн дэргэд задлаж, шалгаж хийдэг. Зарим эцэг эхчүүдийн хувьд бидний дэргэд задлаж хийсэн гэсэн. Зарим нь найруулчихсан орж ирсэн гэж хэлсэн учраас стандарт зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна.
Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Тариануудын дуусах хугацаа ирэх оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан байна.
Бид тухайн хүүхдүүдийг насанд хүртэл хянана гэдгээ эцэг эхчүүдэд амлаад байна. Хоёр цагт авсан шинжилгээний хариугаар аминд халтай байдал байхгүй гэж үзээд, тариаг өөрчлөн эмчилгээгээ үргэлжлүүлж байна. Мөн манай эмнэлэг 121 сувилагчтай. Эдгээр сувилагч хэвтэн эмчлүүлж байгаа 400 орчим хүүхдэд үйлчилж байгаа бөгөөд их ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.
Т.НАНДИН-ЭРДЭНЭ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгдэг. Коронагийн үед хүнд өвчтэй хүн байхад маяглаад бэлэн найруулсан тариатай орж ирж тариад тэрийгээ гүйцэд шаха лгүй, би чамайг яаж ч чадна гэсэн шиг нүдэнд харагдахаар газар ил тавиад гарахаас гадна хүнд өвчтэй хүнээ ухаангүй шахам байхад элдвээр загначихаад гараад явдаг байсан.