Тойм, анализ

Л.Оюун-Эрдэнийн хоёр "дагалдагч"

Өнгөрөгч даваа гаригт МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар сонгуулийн томсгосон тойргийн асуудлыг хэлэлцэж, дэмжигдсэн. Дэмжигдсэн ч гэж, МАН угаас босоо удирдлагатай намын онцлогоор Удирдах зөвлөлдөө Л.Оюун-Эрдэнэ нь өөрийн саналаа оруулж дэмжүүлээд, тэр агуулгаа бүлэг рүүгээ шидсэн л хэлбэр юм.

Үүнээс өмнө төрийн гурван өндөрлөг буюу У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга нь тохиролцож, томсгосон тойргийн агуулгыг шуурхайлахаар болоод байв. Шуурхайлах гэдгээр тодотгож буй учир нь, МАН-ын залуу даргын хувьд томсгосон тойргоор сонгуульдах бодол саяхан л санаанд нь ороод ирчихсэн юм биш.

Хуулийн хугацаа нь, ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тойргоо жижиг эсвэл томоор хуваахаа шийддэг бүрэн эрхтэй. Энэ хугацааг тулгаж, санаагаа хэлсэнд л асуудлын гол "заль" нь байв. Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн автор бүхий 2050 хөтөлбөртөө аймгуудыг бүсчлэн хөгжүүлэхээс өөр гарц байхгүйг тусгаж өгсөн байдаг. Үүнээс хойш гарсан "Шинэ сэргэлтийн бодлого" тэргүүтэй баримт бичгүүдэд ч энэ филисофио яг таг тусгаж явсаар байв.

Тэрбээр Баруун бүсийн гол хөгжлийн цэгийг Ховд аймгаар томьёолж, ажлын албанд нь хамаг чухал нюансуудыг нь зангидаж байсан Э.Болормааг тус аймгийн Засаг даргаар илгээгээд нэлээд удав. Завхан аймаг руу ч төвөөс, намын шууд дэмжлэгээр залуу засаг дарга илгээсэн. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ бүр эртнээс томсгосон тойргоор сонгуульдахаар бэлдэнгээ Архангай, Өмнөговь, Говь-Алтай, Булган тэргүүтэй тойргуудын хэрэг төвөгт орооцолдсон намынхаа гишүүдийг ч "цэвэрлэсэн" харагддаг.

Ингэж нам дотроо бэлтгэлээ хангах зуураа тэр АН-ын даргаар Л.Гантөмөрийг томилуулахад оролцож, "Ер нь Х.Нямбаатар бид хоёрын үгэнд сайн орно шүү" гэж захиад, дэргэд нь генсекээр өөрийн найз Э.Одбаярыг суулгасан. Л.Гантөмөр өнөөдөр МАН-тай өрсөлдөхүйц нэг системийн нам удирдаж байгаа гэхээсээ илүү "Х.Нямбаатар тэгж хэлүүлсэн шүү" гэж намынхан руугаа ярьдаг нэг нэгж субьект болтлоо дүр нь бүдгэрчхээд байна.

Гэвч АН-ынхан сонгуулийн цикл ингэж ойртчихоод байхад намын даргаа сольж бужигнахгүй гэдгээ эрх биш мэднэ.

Харин ХҮН-ынхан хувьд хэзээнээсээ МАН-ын, ялангуяа Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нарын үгийг чуулганд, олон нийтэд хэлж явдаг, эрх баригчдын халаасны намаараа ил далд нэгэнт алдаршжээ. Тэд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохын тулд Х.Баттулгын эсрэг ҮХЦ-д гомдол гаргаж, ялж өгөөд хэсэгтээ л "тансагласан".

МАН-ынхан гэхдээ Т.Доржхандыг хэзээ үг хэлүүлж, хэзээ орилуулахаа бас дуугүй болгохоо ямагт мэдсээр л энэ хүрэв.

Ингэж бэлтгэгдсэн Т.Доржханд өчигдөрхөн Л.Оюун-Эрдэнэтэй уулзан, томсгосон тойргийг хэлбэрэлтгүй дэмжихээ амлаж, гарын үсэг зурснаа нийтэд зарлалаа. Түүнтэй хамт мэдээж АН-ын дарга Л.Гантөмөр байлцлаа.

Улс төрийн намууд дэмжигдэх боломжийн судалгаагаар нийт санал өгөгчдийн 30 хувь хүртэлх нь "Магадгүй" хариулт өгсөн. Энэ нь намуудад айдас өгсөн. Дээрээс нь, 18-25 насныхны хамгийн органик санал тэдэнд лав онц дүнд тавихгүй маш тодорхой байв. Сонгуулийн санал өгөгчдийн эзлэх жинд гүн батаар байр сууриа олсоор байгаа энэ насныханд богино хугацааны нөлөөллийн эффектийг альч нам нь өгч чадахааргүй байв.

Тиймээс "Томсгосон тойргоор ба саналын хуудсын эхэн хэсэгт бичигдэх МАН-ын дэслэлд, удаан танигдсан гишүүдтэй нөөцдөө итгэж сонгуульдацгаая" гэх Л.Оюун-Эрдэнийн ятгалгыг түүнд бүр нэг дургүй нь хүрсээр яваа У.Хүрэлсүх ч зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан гэх логик эндээс харагдана. Тэр нэгэнт намаа ч, АН-ыг ч, ХҮН-ыг ч бэлдээд, хамгийн сүүлд Ерөнхийлөгчтэй агуулгаа ярьсан гэхээр сайн ч илтгэл болоо биз ээ.

Ингээд тэд томсгосон тойргоор сонгуульдахаар болов. Олон намын систем хөгжүүлнэ гэдэг атлаа УИХ-ын гишүүдийн тоог 128 болгож, тэднийг жаахан хөөргөөд л эцэст нь эрх баригчид яг л өөрийн хүслээр тоглолтоо зурав.

Намууд ч гишүүдийн тоо олшрох агуулгад хөөрч, төөрч будилаад, гэнэтийн тоглолтод нь ямар ч хариу риакц үзүүлж амжсангүй. Бүр чиг дэмжиж буйгаа илэрхийлэн, АН, ХҮН-ын дарга нар Л.Оюун-Эрдэнэтэй хачин жигтэй нэг зураг даруулж, түүнийгээ нийтэд цацлаа.

Өнөөдөр харин томсгосон тойрог яг хэрхэн явагдахыг эрх баригчид танилцуулна. Нэгэнт Л.Оюун-Эрдэнэд "дагаар орсон" Л.Гантөмөр, Т.Доржханд нар "Улс орноо бодоод..." гэхчлэн томсгосон тойргийг дэмжсэн байр суурь илэрхийлцгээнэ.

Томсгосон тойрог руу тогтолцооны хувьд шилжиж байгаа нь маш зөв. Жалга довноос бүс нутаг руу үсрэх гэж байна. Гэхдээ энд улс төрийн намуудын ямар ч мэтгэлцээн өрнөөгүй нь өмхий биш гэж үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2023 09:05

ХЭХЭ. ЁСТОЙ ОНООД ХЭЛЖЭЭ

хүннү
хүннү
12 сар 21, 2023 10:03

Монголын ирээдүй улам бүрхэн харагдах боллоо.

тогтох
тогтох
12 сар 21, 2023 10:12

Томсгосон тойрог зөв л бол заав�##� мэтгэлцэж хэрүүл хийх юу байна тиймээс өмхий самхай гэх үг чинь арайч шүү заав�##� намууд хэрэлдэж байх �##�багүй

Холбоотой мэдээ

Back to top button