Канад Улсын "Towards Sustainable Mining" стандартыг Монголд нэвтрүүллээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь хариуцлагатай уул уурхайгаар тэргүүлэгч Канад Улсын Уул Уурхайн Ассоциацийн “Towards Sustainable Mining-TSM” буюу Тогтвортой уул уурхайн стандартыг нэвтрүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.
Канадын Уул Уурхайн Холбооноос тус стандартыг 20 жилийн турш хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд TSM нь зөвхөн Канад төдийгүй олон улсын хэмжээнд нөлөөгөө өргөжүүлж, дэлхийн олон орны уул уурхайн холбоод болон компаниуд энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Энэ нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайн сайн жишгийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Towards sustainable mining буюу Тогтвортой Уул Уурхайн Чигт (TSM) стандарт нь уурхайн үйл ажиллагааг байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) үндсэн зургаан шалгуур үзүүлэлтээр хэмждэг.
Үүнд:
- Аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн менежмент: Ажилчдын аюулгүй байдлыг хангах, осол эндэгдлийг бууруулах.
- Уугуул иргэд ба орон нутгийн иргэдтэй харилцах харилцаа: Орон нутгийн иргэдийн эрхийг хүндэтгэх, эргэх холбоотой, урт хугацаанд хамтран ажиллах.
- Уурхайн хаалт ба нөхөн сэргээлт: Уурхайн хаалтын төлөвлөлт, нөхөн сэргээлтийг хариуцлагатай, төлөвлөлттэйгээр хийх.
- Эрчим хүчний зохистой хэрэглээ ба хүлэмжийн хийн менежмент: Эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хянах.
- Усны менежмент: Усны зохистой хэрэглээ, хаягдлын менежмент болон усны эх үүсвэрийг хамгаалах.
- Хаягдлын менежмент: Уул уурхайн хаягдлыг зөв зохистойгоор удирдах, эрсдэлээс сэргийлэх.
Монгол Улсаас “Энержи Ресурс” компани уг стандартыг анх удаа хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа өөрийн ба хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TSM стандартыг нэвтрүүлэх нь Монголын уул уурхайн салбарт жишиг, хэмжүүрүүдийг бий болгох, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх, улмаар хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.